Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулсан уламжлалт номын айлдвар эхэллээ

9-06-2018, 06:05  |  Хэвлэх

2018 оны 6 дугаар сар 6

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өөрийн өргөөнөөс гарч ирэхэд Зүглаг Хан дуганы өмнөх талбай дүүрэн хүнтэй байлаа. Нийтдээ 9000 орчим хүмүүсийн 900 нь коллежийн оюутан, Эм, зурхайн институтын 112 оюутан, Төвөдийн дамжин өнгөрөх сургуулийн 105 сурагч, 9-12 ангийн хүүхдүүдээс бүрдсэн Төвөдийн дунд сургуулийн 1400 гаруй сурагч, Дарамсала дахь Буддын судлалын төвийн 250 гишүүн, 2000 гаруй гадаадын иргэд, үүн дотор Тайландын 150 хувраг багтсан бөгөөд мөн Төвөдийн сүсэгтнүүд энэ удаагийн номын айлдварт хамрагдсан байв.

Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулсан уламжлалт номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн дунд сургуулийн хүүхдүүдтэй мэндэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.06. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганы зүг морилох зууртаа хүмүүстэй мэндэлж, инээмсэглэн явж байв. Тэрээр Зүглаг Хан дуганд орсон хойноо бурхан шүтээний өмнө мөргөл үйлдээд, мөн хэсэг хуучин нөхөдтэйгээ мэндлээд сэнтийндээ залрав.

Айлдварын өмнө Дарамсала хотын буддын судлалын төвийн эрэгтэй эмэгтэй, энгийн болон лам хуврагууд, мөн төвөд болон гадаадын сурагч оюутнууд хамтдаа номын мэтгэлцээн өрнүүллээ. Эхний бүлэг саруул оюуныг хэрхэн хөгжүүлэх тухай мэтгэлцсэн бол дараагийн бүлэг нь Дармакирти гэгээний учир шалтгааны ухааны номоос эш татан мэтгэлцэв.

“Бид хэдэн жилийн өмнөөс эхлэн Төвөдийн бага залуу хүүхдүүдэд зориулсан номын айлдварыг зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ удаад хол газраас хүрэлцэн ирсэн нэлээдгүй олон хүүхдүүд хамрагдахын зэрэгцээ Тайландын хуврагууд хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг тавтай саатахыг хүсье.”

“Бурхан Багш өдгөөгөөс 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгт төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон юм. Тэрээр гэгээрэлд хүрснийхээ дараа Варанасын Сарнат хотод Хутагтын дөрвөн үнэн, түүний арван зургаан онцлогийг тайлбарлан айлдсан нь буддын үндсэн сургаал болсон билээ. Дараа нь илүү боловсорсон шавь нарт илүү гүн сургаалыг Тас Цогцолсон уулнаа айлдсан юм.”

Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулсан уламжлалт номын айлдвар эхэллээ
Буддын судлалын төвийн оюутнууд номын мэтгэлцээн өрнүүлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.06. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Энд хүрэлцэн ирсэн Тайландын хуврагууд биднийг бодвол Бурхан Багшийн ахмад шавь нар билээ. Тайландын хуврагууд сүм хийдийн дэг жаяг, винайн сургаалыг пали хэлээр уламжлан хадгалж ирсэн байна. Харин Төвөдүүд бид өнө удаан жил санскрит уламжлалыг хадгалсан юм. Бидний дунд байх бага зэргийн ялгааг эс тооцвол винайн үндсэн сургаалыг дагах тал дээр адилхан.”

“Энд Тайландын хуврагууд болон зарим сүсэгтнүүд хүрэлцэн ирсэнд би их баяртай байна. Хуучин цагт бид маш бага харилцаа холбоотой байлаа. 1960 онд би өөрийн хэдэн хуврагуудыг Тайландад явуулж теравада уламжлалын сахил санваарыг судлуулсан юм. Гэвч тухайн үед бид нэг нэгнийхээ хэлийг мэдэхгүйн улмаас энэ үйл хэрэг маань төдийлөн үр дүнтэй болж чадаагүй. Үүнийг өдгөө ахин үргэлжлүүлэх боломжтой. Юуны түрүүнд бид харилцан нэг нэгнийхээ хэлийг сурах хэрэгтэй байна.”

“Мөн нэмээд түүхэн талаасаа бурханы шашны уламжлалгүй улс орны хүмүүс буддизмыг сонирхон судалж, энд хүрэлцэн ирсэн байна.”

Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулсан уламжлалт номын айлдвар эхэллээ
Энэ удаагийн номын айлдварт 9000 гаруй хүмүүс хамрагдав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.06. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Энэтхэгт дэлгэрсэн олон шашны талаар дурдлаа. Энэтхэгийн уугуул шашин болох самхяа, жейн, буддын шашин, мөн бусад улс орноос дэлгэрсэн жүүд, христ, муслимын шашны тухай тайлбарлав. Эдгээр бүх шашин энэрэн нигүүлсэхүйг онцлон номлодог гэлээ. Өнгөрсөн цаг хугацаанд эдгээр шашин хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчилсэн бөгөөд ирээдүйд ч мөн адил үйлчлэх ёстой гэлээ. Дээрхийн Гэгээнтэн энэ үеэр өөрсдийн сүсэг бишрэлээ алдалгүй бусдын сүсэг бишрэл, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, энэ нь боломжтой зүйл гэдгийг Энэтхэг орон өнө удаан жилийн түүхээрээ бидэнд харуулсан юм гэлээ.

Эдгээр шашинд гүн ухааны, үзэл онолын олон ялгаа байдгийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдлаа. Жишээлбэл зарим нь бүтээгч Эзэн тэнгэр байна гэдгийг хүлээн зөвшөөрч, зарим нь үгүй болохыг тайлбарлав. Самхяагийн нэг урсгал, мөн жейн, буддын шашинд Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй боловч тэдгээрээс зөвхөн бурханы шашин нь бусдаас хамааралгүй “би” хэмээгч байх боломжгүй гэж үздэг гэлээ. Буддын гүн ухааны бүх түвшинд бусдаас үл хамаарсан дан ганц, мөнхийн “би” гэгч байх боломжгүй болохыг тайлбарлав.

Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулсан уламжлалт номын айлдвар эхэллээ
Төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын эхний өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.06. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанар энэрэнгүй хэмээсээр атал өнөөгийн хүмүүс нэг нэгнээ алж устгах зэрэг хүчирхийлэл үйлдсээр байна. Үүний нэг шалтгаан нь орчин үеийн боловсролын систем дотоод сэтгэлийн үнэ цэнийг хөгжүүлэхээс илүүтэй гадаад материаллаг хөгжилд хэт анхаарал хандуулж буй явдал гэж би үздэг.”

“Төвөд оронд бурханы шашны Наландагийн уламжлалыг дэлгэрүүлсэн эртний номт хаадуудад бид талархах хэрэгтэй. Ловон Бадмасамбавагийн дэмжлэгтэйгээр их багш ловон Шантаракшита Төвөдөд бурханы шашны сургаал номыг дэлгэрүүлсэн юм. Тухайн үед ловон Шантаракшита буддын их зохиолыг төвөд хэлэнд хөрвүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш гурван их хэлмэрч гурван цаг үед төрөн гарч шаргуу хөдөлмөрлөж чадсаны үр дүнд эдүгээ бидний өмнө буй “Бодьсадвын явдалд орохуй” гэх зэрэг асар олон номыг бэлдэж өгсөн билээ.”

Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулсан уламжлалт номын айлдвар эхэллээ
Сурагч хүүхэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын аман эшийг даган уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.06. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Хэдийгээр би бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг боловч ловон Шантаракшита, Гамалашила гэх мэт олон мэргэдийн бидэнд өвлүүлсэн аливааг билиг оюуны түвшинд, учир шалтгааны арга замаар судалдаг арга зам нь үнэхээр онцгой байдаг. Энэ арга замыг эзэмшсэн бид орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан ашигтай ярилцлагыг өрнүүлж чадаж буй билээ.”

“Энэ жилийн номын айлдвараар “Бодьсадвын явдалд орохуй”-г номлох хэрэгтэй гэж би санал болгосон билээ. Хэрэв та нар 6-р бүлгийг сайн уншиж судалбал сэтгэл санаа сэргэж, гуньж гутарсан зүйл байхгүй болно. Мөн амин хувиа хичээх явдал ч багасах юм. Харин 8-р бүлэгт бодь сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх арга замыг заасан юм.”

“1967 онд би Хүннү Лама ринбочэ багшаар “Эрдэнийн зул” номыг хөтлүүлэн заалгаж, дараа нь “Бодьсадвын явдалд орохуй”-г заалгасан юм. Тухайн үед багш маань аль чадлаараа энэхүү номыг тайлбарлан номлох хэрэгтэй гэж захиж билээ. Тэрээр 8-р зуунд ловон Шантидева “Бодьсадвын явдалд орохуй”-г зохиосон бөгөөд тэр цагаас хойш бодь сэтгэлийг хөгжүүлэх ийм гайхамшигтай ном гараагүй болохыг онцолж байсан юм. Энэ ном нь Бурхан Багшийн сургаалын гол үндэс нь болдог.”

“Өнөөдөр асар олон хүн сөрөг сэтгэл хөдлөлд автаж байна. Энэ ном нь уур хилэн, хүсэл шунал гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах арга замыг заасан юм. Уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл бүгд бодит үнэнийг буруугаар харсны улмаас бий болж буй билээ. Бид хоосон чанарыг ойлгож, энэхүү ойлголтоо хөгжүүлж чадвал сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулж, сэтгэл оюунаа өөрчилж чадах болно.”

Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулсан уламжлалт номын айлдвар эхэллээ
Төвөдийн залуу хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.06. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Бодьсадвын явдалд орохуй” номын аман эшийг түгээж унших зуураа хүүхдүүдийн хэд хэдэн асуултанд хариулсан юм. Энэ өдөр уг номын 5-р бүлэг хүртэл уншлаа. Маргааш үргэлжлүүлэн унших болно.

Тэрээр номын айлдвараа өндөрлөөд дуганаас гарах зуураа олон хүмүүстэй мэндэлж, мөн заримтай нь гар барин ярилцаж явсаар машиндаа суув.
Үзсэн: 1 610
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц