Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо

29-08-2018, 12:53  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 26

Энэтхэг, ЖК, Ладак, Каргил – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргил дэх зочид буудалдаа цөөн тооны хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад хамгийн эхэнд өөрийн гурван зорилгыг тайлбарласан юм.

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Хүн гэдэг талаасаа бид бүгд бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөлөөрөө, бас бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Эрдэмтдийн үзэж байгаагаар бид суурь шинж чанартаа энэрэл нигүүлсэлтэй билээ. Хайр, халуун дулаан сэтгэл хүмүүсийг орйтуулдаг нь тодорхой. Бүр адгуус амьтад ч бусаддаа хязгаарлагдмал хэмжээнд хайр энэрэл үзүүлдэг шүү дээ. Сүргийн нэг нь үхэхэд заанууд гашуудлын байдал үзүүлж байгаа нь харагддаг.”

“Төрсний дараа бидний дийлэнх нь өөрсдийн эхийн асар их хайр энэрлийг мэдэрдэг, хүлээж авдаг шүү дээ. Эх маань бидэнд хайр энэрлийн анхны үрийг өгдөг. Шашин шүтдэг үгүйгээс үл хамааран бид энэрэл нигүүлсэлтэй байх нь сайн хэрэг. Энэ нь биднийг хувь хүний хувьд аз жаргалтай болгох ба үүгээр дамжин гэр бүлдээ, амьдарч буй орчиндоо эерэгээр нөлөөлж чадна. Сайхан сэтгэлтэй хэн нэгэн насан эцэслэхэд хүмүүс түүнийг санагалзаж, дурсан ярьдаг шүү дээ. Харин уур хилэнтэй, шуналд хөтлөгдсөн, хэрцгий хүнд ийм явдал тохиолдоход сэтгэл амсхийх шиг болдог. Тиймээс би хаана ч явсан халуун дулаан сэтгэлийг дадуулах хэрэгтэй гэж байнга зөвлөдөг.”

“Миний хоёр дахь зорилт бол шашин хоорондын зохицол, энх тайвнаар орших явдлыг дэмжих, гурав дахь нь байгаль орчныг хамгаалах явдал юм. Миний бодлоор энэ чиглэлүүдээр хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд мэдээллийг хүргэж, тэднийг сургаж байх үүрэгтэй.”

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Асуулт тавьсан эхний хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд хоёр дахь удаагаа айлчилсанд хүмүүс хичнээн их баяртай байгааг хэлсэн юм. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа өчигдөр Хуссейни Паркт түүний хэлсэн зүйлст хүмүүс хичнээн их анхаарал тавьж байгаа нь ихэд сэтгэгдэл төрүүлж, сэтгэл хөдөлсөн гэлээ.

Мөн нэмж хэлэхдээ Энэтхэгийн муслимын шашинтнууд бусад шашинтай хэрхэн эв зохицолтойгоор амьдарч, мөн сунни болон шиа урсгалуудын хооронд хэрүүл зөрчилдөөн гардаггүйг дэлхийн бусад хэсэгт орших муслимын ахан дүүстэйгээ хуваалцах зорилгоор “Бүх Энэтхэгийн Муслимын Шашинтнуудын Чуулган”-ыг зохион байгуулах боломжийн тухай хэлэлцсэнээ дурдсан юм.

Залуу бүсгүй үеэрхэл нөхөрлөлийн тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн жинхэнэ, урт удаан нөхөрлөл итгэлцэл дээр суурилна, та бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг бол итгэлцэл нэмэгддэг гэж хариулсан юм. Тэр өөрийн таньдаг, гэр бүлийн харилцааны зөвлөгчөөр ажилладаг христийн номлогчийн өгдөг зөвлөгөөг санаж байгаагаа хэлээд тэрхүү номлогч хосуудад гэр бүл болохыг яаралгүй эхлээд бие биесээ сайн таньж ав гэж зөвлөдөг байсныг хэллээ.

“Бие биедээ үзүүлэх итгэл, хүндэтгэлийг хөгжүүлэх нь зүгээр л бие махбодийн хувьд татагдахаас хамаагүй найдвартай, гэр бүлийн бат суурь үндэс болж чадна.”

Дэлхийн олон мөргөлдөөнийг зохицуулахад хүч хэрэглэх бус харилцан ярилцахыг дэмжих нь хамгийн зөв гэдэгт хатуу итгэлтэй байдгаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам илэрхийлсэн юм.

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргил дахь буддын шашинтнуудтай уулзлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь зочид буудлын гадаах цэцэрлэгт Каргилын буддистуудад хандаж хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн шашны олон уламжлалуудын дотор Наландагийн уламжлал нь учир шалтгаан, логик ба задлан шинжлэх сэтгэлгээгээг хөгжүүлдгээрээ онцгой гэдгийг тэмдэглэн хэлэв. Бурхан Багш түүний хэлснийг шууд сүжгээр хүлээж авалгүй, дархан хүн шижир алтыг хэрхэн шинждэг лугаа сайтар шинжээд үнэхээр батлагдаж байвал хүлээж авагтун гэж айлдсаныг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам онцолсон юм.

“Бүхий л шашны уламжлалууд хувь хүнийг илүү сайн хүн болгоход туслах чадвартай, учир нь бүгд хайр, энэрэл нигүүлсэл, хүлцэл ба өршөөлийн үнэ цэнийн тухай ижил сургаалыг номлодог. Бүтээгчийг номлодог шашинд бүтээгч Эзэнд итгэдэг бол жейнизм ба буддизмд бүтээгчийг хүлээн зөвшөөрдөггүй учраас өөр арга замыг номлодог. Эдгээр шашинд хувь хүний хариуцлага, сэтгэл оюунаа дасгалжуулан дадуулж, сүйрүүлэгч шинж чанартай уур, шунал, атаа жөтөө зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг бууруулахын ач холбогдлыг онцгойлж авч үздэг.”

“Буддист ном сургаал нь сэтгэл оюун хэрхэн ажилладаг, хэрхэн сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг бууруулах, зогсоох тухай ойлголт, мэдлэгээр арвин юм. Материаллаг хөгжил нь дангаараа аз жаргалын баталгаа болж чадахгүй – гол хүчин зүйл бол сэтгэлийн амар амгалан юм гэдгийг би хүмүүст мэдүүлэхийг хүсдэг. Шагжамуни бурханыг дагагчдын хувьд бид түүний сургаал номлолд сайтар анхаарал хандуулан, сэтгэл оюунаа өөрчилж чадах нь туйлын чухал билээ.”

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргил дахь буддын шашинтнуудтай уулзлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“8-р зууны Наландагийн их мастер Шантидэва “Бодьсадвын явдалд орохуй” зохиолыг туурвисан бөгөөд энэхүү зохиолд өгсөн зөвлөмжүүдийг сайтар дагаснаар би өөрийн зан төлөвүүдийг өөрчилсөн. Тэвчээрийн тухай өгүүлдэг 6-р бүлэгт уур хилэнг бууруулах тухай маш гайхамшигтай зөвлөмж буй. 8-р бүлэгт яагаад, бас хэрхэн бодь сэтгэлийг хөгжүүлэн нээх тухай өгүүлсэн байгаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам англи болон хинди орчуулгатай номын хэд хэдэн хувийг тараалаа.

“Бид 21-р зууны буддистууд байх ёстой, зөвхөн сүжиг дээр суурилалгүй сэтгэл ухамсар хэрхэн ажилладаг талаар илүүтэй ойлгох хэрэгтэй. Таванг Сан саяхнаас Ладакаас Таванг хүртэлх Гималайн бүс нутгийн сүм хийд, дацан болон эмэгтэйчүүдийн хийдүүдэд сургалтын төв нээхээр шийдсэн байна. Тэднийг би бүрэн дэмжинэ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам машинаар Каргилаас 40 км яваад 1992 онд Мулбект байгуулагдсан Спринг Дейл дунд сургуульд зочиллоо. Дээрхийн Гэгээнтнийг засаж янзалсан тайзан дээрх суудалдаа морилоход өмнөх талбайд 230 сурагчид, тэдний эцэг эх, хамаатан садангууд, сургуулийн ажилчид болон сонирхсон олон нийтийн төлөөллүүд цугласан байв.

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Спринг Дейл сургуульд зочилж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хичээлийн эрхлэгч Норбүгийн мэндчилгээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн байв. Тэрээр 2014 онд тус сургуульд айлчлах Дээрхийн Гэгээнтэний айлчлал цаг агаар муудсаны улмаас цуцлагдсанд тэд хичнээн их харамссанаа хэлсэн юм. Гэвч итгэл алдраагүй бөгөөд Хажи Али дарга Дээрхийн Гэгээнтнийг Каргилд урьж улмаар Мулбект ирэх боломжоор хангасанд талархсанаа илэрхийллээ. Эрхлэгчийн мэдэгдсэнээр хэрэв нэгдмэл, нэг цогц уялдаа бүхий боловсролыг нөхөрсөг, халуун дулаан орчинд өгч чадвал сурагчид төрөлх бүтээлч чадвараа өөрсдийн болон бусдын тусын тулд ашиглаж сурна гэдэгт сургуулийн багш нар итгэлтэй болсон гэв.

Далай Лам Сангаас сургуульд үзүүлсэн дэмжлэг, тэр дотроо өвлийн хүйтэн саруудад сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжоор хангах хүлээлттэй байгаа нийтийн байрны төслийг дэмжсэнд талархаж байгаагаа мэдэгдлээ.

“Бид хүүхдүүдээ сайн чанартай боловсролоор хангах тууштай эрмэлзэлтэй байгаа ба урам зориг, дэмжлэг үзүүлсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд маш их баярлалаа” хэмээгээд үгээ төгсгөлөө.

Дээрхийн Гэгээнтэн эрхлэгчийн тайланд талархаад “Та нар миний ярьдагийг хэрэгжүүлэх гэж буй учир миний зүгээс нэмэх зүйл алга даа” гэж хэллээ.

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Спринг Дейл сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид одоо 21-р зуунд байна. Өнгөрсөн зууныг эргэн харвал зовлон, дайн дажингаар дүүрэн байжээ гэмээр. Би 20-р зуунд хамаарах бол сурагчид та бүхэн 21-р зууныхан шүү дээ. Өнөөдөр дэлхий дээрх хямралууд зэр зэвсэг ашиглан асуудлуудыг хүчээр шийдэх гэсэн хуучин сэтгэлгээнээс үүдэн гарч байна. Энэ хандлага хэдий өөрчлөгдсөн ч 20-р зууны эхэн үед хүмүүс хүчирхэг армиараа бахархдаг байсан, сүүлдээ цөмийн зэвсгээр бахархдаг болсон.”

“Харин дэлхийн 2-р дайны дараа хүмүүс энх тайвны ач холбогдлыг үнэлж эхэлсэн билээ. Франц болон Германы удирдагчид болох Де Голь ба Аденауер нар Европын Холбооны суурийг тавьснаар үр дүнд нь Европт энх тайван тогтсон. Үндэсний явцуу эрх ашгаас нийтийн сайн сайхныг илүүд тавьж тэтгэсэн ийм эр зориг, сэтгэлийг би гайхан биширдэг.”

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Спринг Дейл сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүдтэй уулзав. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Мөн дэлхийн 2-р дайны дараагаар Япон улс тэргүүлсэн цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөн өрнөсөн юм. Би эдгээр аймшигт зэвсгүүдийг ашигласан Хирошима, Нагасаки хотуудад очиж байлаа. Иракийн хямралын үед дэлхийн өнцөг булан бүрт олон хүмүүс хүчирхийлэл, дайны эсрэг жагссан шүү дээ.”

“Чех улсын сайн дурынхныг энд хараад эдгээр энх тайвны хөдөлгөөнүүдийг дэмжиж байсан ерөнхийлөгч Вацлав Хамел санаанд минь бууж байна. Чехословак улс тусгаар тогтнож Зөвлөлтийн дарангуйлалаас чөлөөлөгдсөний дараахан тэр намайг баярын үйл ажиллагаандаа урьж билээ. Би түүнийг биширдэг байсан. Түүний үхэл их том гарз юм. Бидэнд түүн шиг удирдагчид хэрэгтэй.”

“Энд Энэтхэгт, Махатма Ганди хүчирхийлэлийн бус замаар эрх чөлөөгөө олох тэмцлийг явуулсан. Тэрээр эртний Энэтхэгийн ахимса бодлогыг улс төрийн агуулгаар хэрхэн хэрэгжүүлэхийг таньж мэдэж чадсан юм.”

“Иракийн хямралын үед намайг Багдадад хүрэлцэн очиж зуучлахад туслахыг хүссэн боловч тухайн үед үр дүнтэй байж чадах ямар нэг хэлхээ холбоо надад байсангүй. Засгийн газруудыг үл төлөөлсөн, зөвхөн энх тайвны эрх ашиг бүхий төлөөлөгчид, жишээ нь Нобелийн энх тайвны шагналтангууд тухайн үйл явцад нөлөөлж болох юм гэж би ерөнхийлөгч Хавелд бичиж байсан юм. Би одоо ч гэсэн тэр дайнаас зайлсхийж болох байсан гэж боддог.”

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Спринг Дейл сургуулийн уулзалт явагдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Нью-Йорк болон Вашигтонд болсон 9-р сарын 11-ны үйл явдлын дараа би ерөнхийлөгч Бушд өөрийн залбирал, эмгэнэлээ илэрхийлэн бичсэн юм. Бас ямар нэг хариу үйлдэл нь хүчирхийлэлийн бус байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн билээ. “Өнөөдөр нэг Бин Ладен байна, гэхдээ та хүч хэрэглэх аваас зуун Бин Ладенг төрүүлэх эрсдэлтэй” гэж би бичиж байсан юм. Хүчирхийлэл хариу хүчирхийлэлийг өдөөж эцэс төгсгөлгүй тойрог үүсгэдэг.”

Үзэл бодлууд ялгаатай учраас хүмүүсийн хооронд үл зөвшилцөл ямагт гарах боловч үүнийг шийдэх арга нь яриа хэлэлцэл билээ. Бид бүгдээрээ хүний нийгэмд хамаардаг гэдгийг хүлээн зөвшөөрч, бас энх тайван нь хувь хүний түвшнээс эхэлдгийг санаж, энэ зууныг амар амгалангийн эрин үе болгох хэрэгтэйг Дээрхийн Гэгээнтэн онцлов.

Тэрээр хэлэхдээ хүмүүс нь нийгмийн амьтад бөгөөд биднийг хайр нэгтгэж, харин уур хилэн салгаж байдаг гэлээ. Шинжлэх ухааны эрдэмтдийн нотолсноор байнгын уур үзэн ядалт бидний дархлааны системийг сулруулж байдаг бол энэрэл нигүүлсэл бидний сайн сайхныг бэхжүүлж байдаг байна. Дээрхийн Гэгээнтэн энэ бүгд хойтын төрөл, диваажин, нирвааны тухай асуудал биш гэдгийг онцоллоо. Өдөр тутам амар амгалантай, аз жаргалтай амьдрахын тулд бидэнд халуун дулаан зүрх сэтгэл хэрэгтэй.

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Бага хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Энэ бүхэн миний ажигласан зарим зүйлс юм. Би 20-р зуунд хамаарна. Харин та бүхэн 21-р зууны үеийнхэн учир бүхий л дэлхийг тооцоондоо авах хэрэгтэй. Энэ зууныг энх тайвны эрин үе болгоход оролцоорой. Орчин үеийн боловсрол дотоод амар амгаланг хэрхэн хөгжүүлэхэд анхаарах ёстой. Бид бие махбодийн хувьд эрүүл чийрэг байх хэрэгтэйн адилаар сэтгэл оюуны хувьд ч эрүүл чийрэг байх ёстой. Мөн эрүүл байхын тулд өөрсдийн бие махбодийн тэгш байдлаа хадгалж сурдаг шиг бид өөрсдийн сөрөг зан төлөвүүдээ шийдэж, зогсоож чадах сэтгэл зүйн тэгш байдал бидэнд хэрэгтэй байна.”

“Өнөөдөр бидэнд тулгараад байгаа олон асуудлуудыг бид өөрсдөө л бий болгосон. Энх амгалантай дэлхийг бий болгоё гэвэл амар амгалан сэтгэл, амар тайван зүрх шаардагдана. Хүн болж төрсөн ахан дүүс бид нар хүлцэл ба халуун дулаан сэтгэлтэйгээр хамтран амьдрах ёстой. Энд хийж болох нэг алхам бол шашин хоорондын зохицол, энхээр оршихыг дэмжих явдал. Дэлхийн шашны уламжлалууд бүгд нөхөрлөл, хүндэтгэлтэйгээр оршиж болохыг Энэтхэг улс дэлхийд харуулж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бас цаг уурын өөрчлөлтийн аюул ба байгаль орчныг хамгаалахад түргэн арга хэмжээ авах шаардлагатай байгааг ярилаа. Дарамсалад сүүлийн 60 жил цас байнга багассаар байгааг онцолсон юм. Үр дүнд нь усны гачигдал үүснэ. Тэрээр Төвөдөд байхад хүн бүр цэвэр усанд ариг гамгүй ханддаг байсныг санадаг гэлээ. Харин дараа нь цагаачлах үедээ бохирдлоос болж зарим усыг уух боломжгүй байдгийг олж мэдсэн байна. Гэсэн ч эргэн сэргээх ажлыг амжилттай хийж болно гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм. Шведийн Стогкольм хавийн голууд нэг үе маш их бохирдсон тул загасгүй болсон авч бохирдлыг арилгах арга хэмжээ авсаны дараа загас эргэн иржээ.

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Сургуулийн сурагч хүүхдүүдийн эцэг, эхчүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө буддист, үүн дотроос дүгнэн шинжлэх саруул ухааныг түүнд заасан Наландагийн уламжлалын шавь гэдгээ тодотголоо.

“Бурхан Багш гайхамшигтай багш байсан, бас учир шалтгаан, туршилт үр дүнг хөхүүлэн дэмжигч агуу сэтгэгч, гүн ухаантан байсан юм. Нагаржуна, Арьядэва, Буддапалита, Чандракирти, Дигнага ба Дармакирти нар бас агуу гүн ухаантангууд байсан. Бид одоо ч тэдний бичсэн зүйлсийг судалсаар л байна. 300 гаруй боть бүхий Ганжуур, Данжуурын дийлэнх нь Энэтхэг зохиолын орчуулга байдаг. Орчуулгын үйл явцад төвөд хэл баяжиж боловсронгуй болжээ. Үр дүнд нь өнөөдөр төвөд хэл буддын гүн ухаан, сэтгэл судлалыг тайлбарлахад хамгийн тохиромжтой, зөв хэрэгсэл болсон байна. Тиймээс төвөд хэлийг сурах нь чухал юм. Өнөөдөр Хятадын эрдэмтэд ч Төвөдөд бидний авч үлдсэн Наландагийн уламжлалын шинжлэх ухааны хандлагыг үнэлж байгаа шүү.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Манзушир бурханы магтаал” ба түүний тарнийн аман дамжлагыг хүүхдүүдэд өгснөөр уулзалтыг дуусгалаа. Боловсрол чухал болохыг тэр дахин дурдаад боловсрол үгүйгээр та бүхэн хөгжихгүй гэдгийг хурсан олонд сануулсан юм.

Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чехийн хөгжимчин Ива Биттовад талархал илэрхийлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Чехийн хөгжимчин Ива Биттова Чехийн үндэсний дуу тоглосны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зохиосон “Үнэний хүч” уншлагыг Спринг Дейл сургуулийн сурагчид дуулав.

Уригдсан зочидтой хамт үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ дотуур байрны хэсэгт зочилсон ба Каргил руу буцахын өмнө сурагчид, Чехийн сайн дурынхан, багш ажилчидтай хамт зургаа татуулав.
Үзсэн: 1 465
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц