Дэлхийн энх тайванд хандах хүмүүсийн хандлага

8-10-2012, 19:03  |  Хэвлэх

Бид өглөө босоод радио сонсох, эсвэл сонин унших бүртээ нөгөө л муу мэдээ, тухайлбал хүчирхийлэл, гэмт хэрэг, дайн дажин, гай гамшгийн тухай сонсдог. Хаа нэгтээ тохиолдсон аймшигт явдлын тухай мэдээлэл үгүй нэг ч өдрийг би эргэн санахгүй юм. Орчин үед ч хүний үнэт амь баталгаатай биш байгаа нь хэн бүхэнд илт байна. Өнөөгийн бидний нүүр тулж байгаа шиг ийм их муу мэдээтэй өмнөх үеийнхэн маань ч тулгарч байгаагүй: айдас хүйдэс, түгшүүртэй байдлыг байнга мэдэрсэн өр нимгэн, энэрэнгүй сэтгэлтэй хүн бүр орчин үеийн дэлхий ертөнцийн хөгжил дэвшлийн талаар нухацтай бодохоос өөр аргагүй байдалд хүрээд байна.

Аж үйлдвэр илүү хөгжсөн нийгэмд илүү ноцтой асуудлууд ундран гарч байгаа нь эмгэнэлтэй. Шинжлэх ухаан, технолог нь олон салбарт гайхамшгийг бүтээсээр байтал хүмүүний үндсэн асуудлууд шийдэгдээгүй хэвээр. Бичиг үсэгт тайлагдах үйл явц амжилттай хэрэгжиж байгаа хирнээ бүх нийтийн боловсролын тогтолцоо нь сайн үйлийг хөхүүлэн дэмжих бус , харин оронд нь оюун санааны тэнцвэргүй байдал болон бухимдлыг бий болгож байх шиг санагдана. Бид бүхний материаллаг ахуй хийгээд техник технолог дэвшин дээшилж байгаад эргэлзээ алга боловч амар амгаланг тогтоож, аз жаргалыг олох, эсвэл зовлонгоос ангижрах тал дээр хангалттай үр дүнд хүрч чадахгүй байна.

Иймээс бидний хөгжил дэвшилд ямар нэг ноцтой алдаа байна хэмээх дүгнэлтэд өөр эрхгүй хүрэх ба хэрвээ бид түүнийг цаг тухайд нь нягталж тогтоохгүй бол хойч ирээдүй маань хөнөөлт үр дагаврыг нь амсах болно. Миний бие шинжлэх ухаан, технологийг огтхон ч эсэргүүцээгүй, шинжлэх ухаан, технолог нь хүн төрөлхтний нийтлэг туршлага, өөрөөр хэлбэл бидний материаллаг тав тух болон сайн сайхан байдал, оршин суугаа дэлхий ертөнцөө илүү сайн ойлгоход маань гайхалтай хувь нэмрийг оруулсаар ирсэн. Гэхдээ хэрвээ бид шинжлэх ухаан, технологт хэт их ач холбогдол өгөх аваас хүний мэдлэг оюуны зарим төлөв буюу шударга үнэн хийгээд энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэх чанараа гээх аюултай тулгарна.

Шинжлэх ухаан, технолог нь хэдийгээр цаглашгүй их материаллаг тав тухыг бүрдүүлэх чадалтай боловч бидний өнөө харж байгаа буюу өөр өөр үндэстний онцлог бүхий дэлхийн соёл иргэншлийн томоохон хэсгийг бүрдүүлж байдаг хүмүүнлэгийн хийгээд оюун санааны үнэт зүйлсийг орлож чадахгүй. Шинжлэх ухаан, технологийн материаллаг талын хэмжээлшгүй үр шимийг хэн ч үгүйсгэж чадахгүй боловч хүмүүн бидний үндсэн асуудлууд шийдвэрлэгдээгүй хэвээр, нөгөө л зовлон, айдас түгшүүр, түүнээс ч олон асуудалтай зууралдсаар л байна. Иймээс нэг талаас материаллаг хөгжил, нөгөө талаас оюун санааны болон хүний үнэт зүйлсийн хөгжлийн хоорондын тэнцвэрт байдлыг хангах талаар хичээх нь хамгийн ухаалаг шийдэл болно. Энэ агуу зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бид хүмүүнлэгийн үнэт зүйлсийн тухай ойлголтыг сэргээх хэрэгтэй байна.

Өнөөгийн дэлхий ертөнцийн ёс суртахууны хямралын талаархи миний зовнилыг олон хүн хуваалцана гэдэгт, мөн бидний нийгмийг илүү энэрэнгүй, зөв, шударга болгохын тулд хүмүүнлэгийн болон шашны бүхий л зүтгэлтнүүдэд хандан гаргасан уриалгад маань тэд нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Би Буддист хүн учраас, эсвэл төвд хүн учраас ингэж ярьж байгаа юм биш ээ. Олон улсын улс төрийн шинжээч болчихоод бас (хэдийгээр аргагүйн эрхэнд энэ талаар үзэл бодлоо илэрхийлдэг ч ) ярьж байгаа юм биш. Чухамдаа бол жирийн хүний хувьд, мөн Их Хөлгөний Буддизм төдийгүй, дэлхийн бусад бүхий л том шашны үндсийн үндэс болсон энэрэнгүйн үнэт зүйлсийг эрхэмлэгчийнхээ хувьд би ярьж байна. Энэ үүднээс та бүхэнтэй өөрийн үзэл бодлыг хуваалцаж байна. Үүнд,

1. Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүх нийтийн хүмүүнлэг үзэл чухал ач холбогдолтой.
2. Нигүүлсэхүй үзэл нь дэлхий дахины энх тайвны тулгуур мөн.
3. Дэлхийн бүх шашин ямар үзэл суртлыг баримталдагаасаа үл хамааран хүмүүнлэг энэрэнгүй үзэлтэн байдаг учраас энэ утгаараа бүгд дэлхийн энх тайвны төлөө байдаг.
4. Хүний хэрэгцээ шаардлагад үйлчлэх бүтцийг бий болгох хамтын хариуцлага дэлхийн хүн бүрт бий.

Хүмүүсийн хандлагыг өөрчлөх замаар тэдэнд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдэх нь


Өнөөдөр бидэнд учирч буй олон хүндрэлтэй асуудлын зарим болох байгалийн гамшгийг бид уужуу тайван хүлээн авч, нүүр тулах ёстой. Харин бусад нь бидний өөрсдийн бий болгосон, үл ойлголцлоос үүссэн, бас засч болохуйц асуудлууд байдаг. Ийм нэг төрлийн асуудал нь үзэл суртлын, улс төрийн, эсвэл шашны зөрчилдөөний улмаас үүсдэг ба энэ үед хүмүүс ямар ч ач холбогдолгүй юмны төлөө өөр хоорондоо тулалдаж, бид нэгэн гэр бүл, нэг хүн төрөлхтөн гэдгээ умартдаг. Дэлхий дээр байгаа янз бүрийн шашин, үзэл суртал, улс төрийн тогтолцоо нь аз жаргалыг эрэлхийлсэн хүмүүсийн тусын тулд зориулагдсан гэдгийг бид санаж байх ёстой. Бид үндсэн зорилгоосоо хазайх ёсгүй байтал арга хэрэгслийг үр дүнгээс дээгүүр тавих нь зөв үү; аливаа нэг асуудал, үзэл суртлаас хүн төрөлхтөн мөнхөд дээгүүр тавигдах ёстой.

Өнөөдөр хүн төрөлхтөнд, үндсэндээ манай гариг дээрх бүх амьд амьтанд нүүрлэж байгаа хамгийн том аюул бол цөмийн сүйрэл юм. Миний хувьд тэрхүү аюулыг тодорхой авч үзэх шаардлага байхгүй, харин дэлхийн ирээдүйг чухамдаа гартаа атгаж байгаа цөмийн эзэнт гүрнүүдийн удирдагчдад, сөнөөн сүйтгэх аймшигт зэвсгийг үргэлжлүүлэн бүтээсээр байгаа эрдэмтэд болон инженерүүдэд, тэдгээр удирдагчдад нөлөөлж чадах байр суурин дээр байгаа бүх хүнд хандан саруул ухаанаа дайчилж, цөмийн бүхий л зэвсгийг хураах, устгахын төлөө ажиллаж эхлэхийг уриалж байна. Цөмийн дайн болдог юмаа гэхэд ямар ч хүн амьд үлдэхгүй учраас тэнд ямар ч ялагч гэж байхгүй гэдгийг бид мэднэ! Хүнлэг бус, зүрх сэтгэлгүй ийм сүйрлийг төсөөлөхөд л жихүүцэм биш гэж үү? Биднийг хөнөөх сүйрлийн шалтаг шалтгааныг бид мэдэж байгаа, түүнийг арилгах цаг хугацаа ч байна, арга зам нь ч тодорхой байгаа тохиолдолд үүнийг бид хийх нь ухаалаг явдал биш гэж үү? Ихэнхдээ бид өөрсөддөө тулгарсан асуудлын шалтаг шалтгааныг мэддэггүй, мэдлээ ч хэрхэн арилгах арга замаа мэддэггүйн улмаас давж гарч чаддаггүй. Харин цөмийн аюулын тухайд бол тийм биш бөлгөө.

Илүү хөгжсөн хүмүүний төрөл үү, эсвэл энгийн төрөл зүйл болох амьтны төрөлд хамараагдах уу гэдгээсээ үл хамааран хамаг амьтан амар амгалан, тав тух болон аюулгүй орчинг эн тэргүүнд эрэлхийлдэг. Амьдрал бол хүний нэгэн адил үг хэлгүй амьтанд ч эрхэм зүйл бөгөөд хамгийн эгэл биетэн шавьж хүртэл амь насанд нь аюул тулгарахад хамгаалалт эрэлхийлэн тэмүүлдэг.
Бидний хэн нь ч амьд явахыг хүсдэг болохоос үхэхийг хүсдэггүй шиг байгалийн бусад бүтээл ч нэгэн адил, харин тэрхүү хүслээ гүйцэлдүүлэх чадалтай эсэх нь харин өөр асуудал юм.

Ерөнхийд нь хэлэхэд, сэтгэл санааны болон бие махбодийн гэсэн хоёр төрлийн жаргал, зовлон байдгаас сэтгэл санааны жаргал, зовлон нь илүү хүчтэй байдаг гэдэг би итгэдэг.Тиймээс зовлонг хатуужин тэвчиж, илүү бат бэх жаргалд хүрэхийн тулд оюуны дасгал хийхийн чухлыг би энд онцолж байна. Гэхдээ надад аз жаргалын тухайд илүү ерөнхий ба тодорхой санаа бас байдаг бөгөөд энэ бол дотоод (сэтгэлийн) амар амгалан, эдийн засгийн хөгжил хоёрын нэгдэл, дээр нь даян дэлхийн энх тайван мөн. Энэхүү зорилгод хүрэхийн тулд аль ч шашин шүтлэг, арьс өнгө, нас хүйс болон яс үндэсний бүх хүний төлөө санаа тавих сэтгэлийг, бүх нийтийн хариуцлагын ухамсрыг хөгжүүлэх шаардлагатай хэмээн бодож байна.

Бүх нийтийн хариуцлагын анхдагч нөхцөл нь ерөнхийд нь хэлэхэд бусдын хүсэл бол минийхтэй л адил гэсэн энгийн өгөгдөл мөн. Ямар ч амьд бие жаргалыг хүсдэгээс зовлонг хүсдэггүй. Хэрвээ бид, оюун ухаант хүмүүс энэхүү бодит байдлыг хүлээн авч чадахгүй бол энэ гариг ертөнц дээр илүү их зовлон зүдгүүр бий болно. Хэрвээ бид зөвхөн өөрийгөө анхаарах маягаар амьдралд хандаж, өөрийн эрх ашгийн төлөө бусдыг ашиглахыг байнга оролдох аваас түр зуурын ашиг хонжоог олж болох ч алс хэтдээ хувийн байтугай жаргалыг эс олохоос гадна дэлхий дахины энх тайвны тухайд ярих ч утгагүй болно.

Аз жаргалын эрэлд гарахдаа хүмүүс ихэнхдээ харгис бөгөөд жигшүүртэй олон янзын аргуудыг хэрэглэсээр иржээ. Хүний төрөлтөнд үл тохирох байдлаар биеэ авч явснаараа тэд өөрсдийн аминчхан хожооны төлөө эргэн тойрны хүмүүстээ болон бусад амьд амьтанд зовлон шаналлыг авчирдаг. Эцэст нь алсын хараагүй ийм үйлдэл нь өөрт нь хийгээд өрөөл бусдад зовлон болдог. Хүний төрлийг олж төрнө гэдэг угаасаа маш ховор нандин үйл явдал бөгөөд энэ боломжийг аль болох үр бүтээлтэй, чадварлаг ашиглах нь ухаалаг явдал билээ. Бүх нийтийн амьдралын үйл явцын талаар бид зөв үзэл бодолтой байх ёстой бөгөөд хэн нэгний аз жаргал, эсвэл алдар хүнд бусдын төлөөсөөр олдох ёсгүй.

Энэ бүхэн дэлхий нийтийн хүндрэлтэй асуудалд шинэлэг байдлаар хандахыг шаардаж байна. Технологийн хурдацтай дэвшил, олон улсын худалдаа болон үндэстэн хоорондын харилцаа улам өргөжин тэлэхийн хирээр дэлхий улам давчуу, улам харилцан хамааралтай болсоор байна. Өнөөдөр бид бие биенээсээ маш их хамаарч байна. Эрт дээр үед хүндрэлтэй асуудлууд ихэнхдээ гэр бүлийн хүрээний байсан, мэдээжээр тэд үүнийгээ гэр бүлийн түвшинд шийддэг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгджээ. Өнөөдөр бид бие биенээсээ маш их хамааралтай, бие биетэйгээ дэндүү их холбоотой болсон учраас хэрвээ хамтын хариуцлагын мэдрэмж, ахан дүүсийн барилдлага, хүмүүний нэгэн том гэр бүлийн нэг хэсэг гэсэн ойлголтгүйгээр бид энх тайван, аз жаргалын тухай ярих нь бүү хэл, хүн төрөлхтний оршихуйд заналхийлж байгаа аюулыг даван дийлж чадна гэж найдахын ч хэрэггүй юм.

Бусад улс үндэстний ашиг сонирхол, хандлага болон хамтын ажиллагаанаас дэндүү хамааралтай болсон учраас аливаа нэг үндэстэн өөрийн асуудлыг дангаараа шийдэж чадахаа болиод байна. Дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хүнлэг энэрэнгүй хандлагаар шийдсэнээр дэлхий дахины энх тайвны зөв үндэс суурь тавигдана хэмээн үзэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Дээр дурьдсанчлан хамаг амьтан жаргахыг тэмүүлж, зовохыг хүсдэггүй гэдгийг бид эн тэргүүнд хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний гэсэн нэг л гэр бүлийн гишүүний хувьд биднийг тойрон хүрээлж байгаа бусдынхаа санаа сэтгэл болон хүсэл эрмэлзлэлийг үл тоон, хувийн жаргалын хойноос хөөцөлдөх нь ёс суртахууны хувьд ч буруу, бодит амьдрал дээр ч ухаалаг бус явдал билээ. Харин өөрийн жаргалыг хөөхдөө ч бусдын тухай бас бодож байх нь илүү ухаалаг явдал болно. Цаашдаа энэ нь миний нэрлээд байгаа “ хувиа хичээх ухаалаг хандлага“ руу хөтлөх бөгөөд , аажмаар “хувиа хичээхдээ харилцан буулт хийх ”, эсвэл бүр илүү ”харилцан ашигтай ашиг сонирхол” болон хувираасай гэж хүсч байна.

Улс үндэстнүүдийн харилцан хамаарал өсөн нэмэгдэхийн хирээр илүү хүнлэг хамтын ажиллагаа бий болох нь дамжиггүй боловч бусдын сэтгэл санаа хийгээд аз жаргалын асуудалд хүмүүс хайхрамжгүй хандсаар байгаа тохиолдолд зөв шударга хамтын ажиллагааг бий болгох нь хүндрэлтэй асуудлын нэг байсаар байх болно. Хүмүүс шунал хийгээд атаа жөтөөг урьдал болгосоор байх аваас өөр хоорондоо эв зохицлоор амьдрах боломжгүй. Аминч хувийн үзлийн улмаас үүссэн улс төрийн бүх асуудлыг оюунлаг хандлагаар шийдэх боломжгүй байж болох ч алс хэтдээ энэ л хандлагын тусаар өнөөдөр бидэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг бид даван гарах болно.

Нөгөө талаас хэрвээ хүн төрөлхтөн өөрт нүүрлээд байгаа асуудлуудад гагцхүү түр зуурын мэтээр хандвал хойч ирээдүй маань үй түмэн бэрхшээлтэй тулгарах болно. Дэлхийн хүн ам өссөөр, бидний нөөц баялаг хурдацтай багассаар байна. Жишээ нь, энэ моднуудыг та нар хар л даа. Ой модыг үй олноор устгаж байгаа нь цаг агаарт, хөрс шороонд, цаашлаад байгаль экологт бүхэлд нь ямар хор нөлөө үзүүлж байгааг хэн ч тодорхой хэлж мэдэхгүй байгаа шүү дээ. Хүмүүс нэгэн бүхэл хүмүүний гэр бүлийн тухай бус, харин зөвхөн өөрийнхөө богино хугацааны, хувийн өчүүхэн ашиг сонирхол дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаагийн улмаас бид асуудалд ороод байна. Хүмүүс эх дэлхийгээ, бид бүхний амьдралд учрах урт удаан хугацааны үр дагаврын тухай бодохгүй байна. Хэрвээ өнөөгийн эрин үеийн төлөөлөл бид энэ талаар одоо бодохгүй бол ирээдүй үе маань учрыг нь олоход ярвигтай болно.

Дэлхийн энх тайвны тулгуур нь нигүүлсэхүй үзэл мөн

Аливаа эд зүйлсийг өнө мөнхийн мэт андуурч, хэмжээлшгүй хүсч, татагдаж байдгаас бидний ихэнх зовлон шаналал үүсдэг гэж буддын сэтгэл судлалын ухаанд үздэг. Хүссэн зүйлээ олж авч, өөрийн болгох гэж улайрахдаа үр нөлөө хурдан үзүүлдгээр нь өрсөлдөх, эсвэл түрэмгийлэх аргыг сонгодог. Ийм буруу бодол нь төд удалгүй үйл хөдлөл болон хувирах магадлалтай ба цаашлаад мэдээж дайнч байдалд хүргэнэ. Ийм үйл явц балар эртний үеэс эхлэн хүмүүсийн ухаан санаанд явагдсаар ирсэн, гэхдээ орчин үеийн нөхцөлд байдлын дор түүнийг илүү эрчимтэй хэрэгжүүлэх болжээ. Ийм “нүгэлт хорон санаа” –төөрөгдөл, шунал, түрэмгийллийг хянах, цэгцлэхийн тулд бид юу хийж чадах вэ? Дэлхий ертөнц дээрх бараг бүх зовлон шаналлын ард ийм нүгэлт хорон санаа оршиж байдаг.

Их хөлгөний буддизмын уламжлалаар хүмүүжсэний хувьд миний бие дэлхийн энх тайвныг тогтоох үйлсийн ёс суртахууны хэм хэмжээ нь хайр болон нигүүлсэл мөн гэж үздэг. Нигүүлсэл гэж юуг хэлээд байгаагаа эхлээд тодорхойлон хэлэхийг зөвшөөрнө үү? Маш ядуу нэгнийг та халаглах, эсвэл түүнийг энэрэн үзэхдээ тэр хүн ядуу учраас түүнийг өрөвдөн хайрладаг бөгөөд энэ үед таны нигүүлсэл энэрэнгүй сэтгэл дээр суурилдаг. Гэтэл нөгөө талаас эхнэрээ, нөхрөө, хүүхдүүдээ, эсвэл дотны найзаа хайрлах таны хайр ихэнхдээ дасах, татагдах сэтгэл дээр суурилдаг. Дассан сэтгэл чинь замхарвал таны сайхан сэтгэл өөрчлөгддөг, бүр алга болох ч талтай. Энэ бол үнэн хайр биш ээ. Жинхэнэ хайр бол дассан сэтгэл бус, харин энэрэнгүй сэтгэл дээр суурилна. Амьд амьтан зовж шаналсаар байгаа тохиолдолд энэрэн нигүүлсэх сэтгэл таны зовлонгийн эсрэг барих хариу үйлдэл байх болно.

Нигүүлсэхүйн ийм сэтгэлийг бид өөрсөддөө төлөвшүүлэх ёстой бөгөөд эхлээд тодорхой хэмжээний хүрээнд, дараа нь хэмжээ хязгааргүй болтол нь хөгжүүлэх ёстой. Бүхий л амьд амьтныг ялгаварлан гадуурхаагүй, өөрөөсөө ундран гарсан, хэмжээлшгүй их нигүүлсэл гэдэг бол найз нөхөр болон гэр бүлээ хайрлах хайр буюу харанхуй, хүсэл тачаал болон дассан, татагдсан сэтгэлээс гарах жирийн хайраас ангид зүйл гэдэг нь тодорхой. Бидний өөртөө хөгжүүлэх ёстой хайр нь чамд хор хөнөөл учруулсан хүмүүс, тэр бүү хэл дайсныгаа хайрлаж чадах тийм уужим хайр билээ.

Нигүүлслийн үндэс нь бидний хэн маань ч зовлонгоос ангижирч, жаргалыг хүсдэгт оршино. Эргээд энэ нь “Би” гэсэн бодит мэдрэмж дээр суурилах ба энэ л мэдрэмж аз жаргалыг хүсэх бүх нийтийн хүслийг тодорхойлно. Үнэн хэрэгтээ амьтан бүхэн хүсэл эрмэлзэлтэй төрж, түүнийгээ биелүүлэх тэгш эрхтэй байх ёстой. Бусад гэдэг бол тоо томшгүй олон гэсэн ухагдахуун, хэрвээ би бусадтай өөрийгөө харьцуулах аваас тэр тоо томшгүй олон бусдын дэргэд би ердөө л ганцхан учраас бусад гэсэн утга илүү чухал гэдгийг ойлгоно. Түүнээс гадна манай Төвдийн буддизм-д хамаг амьтныг өөрийн эх мэт хайрлаж, тэдгээрийг хайрлах замаар талархлаа илэрхийл хэмээн заадаг юм. Буддизмын онол ёсоор бид тоолшгүй олон удаа дахин дахин төрж байдаг бөгөөд аливаа нэг амьтан аль нэг цаг үед бидний эцэг эх байсан байх талтай. Энэ утгаараа хорвоогийн хамаг амьтан гэр бүлийн харьцаагаар холбогдсон байдаг.

Шашинд итгэдэг итгэдэггүй нь хамаагүй, хайр, нигүүлслийг үнэлдэггүй нэг ч хүн байхгүй. Бид төрсөн цагаасаа л эцэг эхийн хайр халамжийг авч, дараа нь ч өвдөж зовох, эсвэл өтлөх үедээ ахиад л бусдын халамжинд ордог. Өөрсдийн амьдралын эхэн ба сүүл үедээ бид бусдын хайр халамжийг авдаг атлаа яагаад бид амьдралынхаа дунд үед бусдад өгөөмөр хандах ёсгүй гэж? Сайхан (бүх хүмүүст ойр дотно хандах) сэтгэлийг төлөвшүүлснээр шашны уламжлалт номлолтой бидний ихэнхдээ хутган ойлгоод байдаг хэт шашны үзэлтэй болчихгүй. Энэ нь зөвхөн шашинд итгэдэг хүмүүсээр хязгаарлагдахгүй ямар ч арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн харьяалал бүхий нийт хүмүүст хамаатай. Түүнээс гадна өөрийгөө хүмүүний гэх нэг том гэр бүлийн гишүүн гэж үздэг, аливаа юмс үзэгдлийг арай томоор, арай хэтийн төлөвт нь хардаг хэн бүхэнд хамаатай. Энэ бол бидний хөгжүүлж, хэрэгжүүлэх ёстой хүчирхэг мэдрэхүй мөн атал ихэнхдээ бид, ялангуяа өөртөө хэт итгэлтэй байдаг залуу насандаа түүнийг үл тоомсорлодог.

Хэрвээ бид бүх хүн жаргалыг хүсч, зовлонгоос зайлсхийдэг бодит байдлыг хэтийн төлөвт нь анхааралдаа авч, тоо тоомшгүй олон бусдын дэргэд өөрийнхөө өчүүхнийг санаж явбал бусадтай өөрт байгаа бүх юмаа хуваалцах ёстой гэсэн дүгнэлтэд хүрнэ. Ийм үзэл бодлыг та өөртөө төлөвшүүлбэл нигүүлсэхүйн жинхэнэ мэдрэхүй-бусдыг үнэнээсээ хайрлах, бусдыг үнэнээсээ хүндлэх явдал боломжтой болж ирнэ. Ийм үед хувь хүний аз жаргал өөрийгөө гэсэн ухамсарт хүчин чармайлт байхаа больж, бусдыг хайрлаж, бусдад үйлчлэх цогц үйл явцын дагалдах хэрэгсэл болон өөрийн эрхгүй хувирна.

Өдөр тутмын амьдралд хамгийн нэмэртэй, оюун санааг хөгжүүлэх өөр нэг арга нь уужуу тайван, ухаалаг байх явдал юм. Бидний амьдрал байнгын өөрчлөлт дунд өрнөж, төрөл бүрийн хүндрэлийг дагуулдаг. Уужуу тайван, ухаалгаар асуудалд хандсанаар аливаа хүндрэлтэй асуудлыг амжилттай даван туулж чадна. Харин эсрэгээр үзэн ядах, амиа хичээх, атаархах, уурлах зэргээр өөрийгөө хянах чадвараа алдах аваас аливааг тунгаан цэгнэх мэдрэмжээ алдана. Бидний ухаан санаа самуурч сохорсон ийм зэрлэг үед юу ч, тэр бүү хэл дайн ч гарахад үгүй гэх газаргүй. Иймээс нигүүлсэхүй сэтгэл болон мэргэн ухаантай байх нь хүн бүрт, нэн ялангуяа улс түмний хэргийг эрхлэх хариуцлага хүлээсэн, дэлхий нийтийн энх тайвныг бий болгох хүч чадал хийгээд боломжийг гартаа атгасан хэн бүхэнд хэрэгтэй.

Дэлхийн шашнууд дэлхийн энх тайвны төлөө

Aливаа зарчмын асуудал хөндөгдөхөд түүнийг дэлхийн бүх шашны ёс суртахууны сургаальтай холбон авч үзсэн хэвээр байна. Дэлхийн томоохон шашин бүр, тухайлбал Буддын, Христийн, Кунзын, Хиндийн, Лалын, Жайнын, Иудын, Сикхийн, Даогийн, Зороастризмын шашнууд хайрын тухай адил ойлголтыг бий болгож, оюун санааны сургаалиар дамжуулан хүн төрөлхтөнд ач тус хүргэх ижил зорилго агуулан, өөрсдийн сүсэгтнүүдээ илүү сайн хүн болгох тухайд адил хүчин чармайлт гаргасаар ирснийг би баттай хэлж чадна. Бүх шашин бие, хэл, сэтгэлийн үйл ажиллагааг төгс болгох зан суртахууны дэг жаягийг номлодог. Тэд бүгд худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, бусдын амь насанд хүрэхгүй байхыг номлодог. Хүн төрөлхтний агуу их багш нарын зааж сургасан ёс суртахууны хэм хэмжээний нийтлэг зорилго бол амиа үл хичээх үзэл болой. Агуу багш нар шавь нараа харанхуй мунхгаас үүдэн гарах муу үйлийн үрээс ангид буюу сайн үйлийн замд тэднийг хөтлөн оруулахыг хүсч байсан.

Амиа хичээх үзэл хийгээд бусад гай зовлонгийн үндэс болдог замбараагүй бодлыг хянах шаардлагатайн тухайд бүх шашин санал нэг байдаг бөгөөд амар амгалан, эмх цэгцтэй, ёс зүйтэй, мэргэн ухаалаг оюун ухааны түвшинд хүрэх замыг зааж сургадаг. Чухамхүү энэ утгаараа бүх шашин адил санааг илэрхийлдэг гэдэгт би итгэдэг. Номлолын ялгаа нь цаг хугацаа, нөхцөл байдал, түүнчлэн соёлын нөлөөний ялгаагаар илэрхийлэгдэх ба үнэн хэрэгтээ шашны цэвэр метафизик асуудлыг хэрвээ бид авч үзвэл эцэс төгсгөлгүй хоосон цэцэрхэл болно. Харин тэдгээрийн хандлага дахь жижиг сажиг ялгааны талаар маргалдахын оронд сайн үйлийн талаар аль аль нь номлосон хэм хэмжээг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх нь илүү ашигтай болой.

Өөр өөр өвчинд өөр өөр нэг эмчилгээ байдагтай адил хүн төрөлхтөнд аз жаргал хийгээд тав тухыг бий болгохын тулд өөр өөр шашнууд оршин тогтнодог. Бүх шашнууд гай зэтгэрээс зайлсхийж, жаргалыг олох тухайд хамаг амьтанд туслах өөр өөрийн зам мөртэй байдаг. Хэдийгээр бидэнд (өөрийн) шашны үнэний тухай тодорхой тайлбарыг илүүд үзэх шалтгаан байж болох боловч хүмүүний зүрхнээс хүсэмжлэх эв нэгдлийг эрхэмлэх илүү агуу шалтгаан бас буй. Шашин бүр өөр өөрийн арга замаар хүний зовлонг багасгах, дэлхий нийтийн соёл иргэншилд хувь нэмрээ оруулах талаар ажилладаг. Өөр шашинд шилжин орох нь гол асуудал биш. Жишээ нь, би хэн нэгнийг Буддизм-д татан оруулах юм уу, эсвэл гагцхүү Буддизмын талаар түлхүү ярих гэж бодоогүй байна. Түүнээс илүү би Буддист энэрэнгүй үзэлтний хувьд хүмүүний аз жаргалын үйлст хэрхэн хувь нэмрээ оруулж чадах талаар бодож байна.

Дэлхийн шашнуудын гол гол ижил төстэй талуудыг энд би онцлохын зэрэгцээ аль нэг шашныг бусдыг нь гутаах замаар хамгаалах, эсвэл “дэлхийн шинэ шашин” эрж хайх гээгүй байна. Дэлхий дээрх янз бүрийн шашнууд хүний амьдралын туршлагыг арвижуулах, дэлхийн соёл иргэншлийг хөгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай. Чадамж болон сонирхлоосоо хамааран хүний оюун санаанд энх тайван хийгээд аз жаргалд хандах өөр өөр хандлага шаардлагатай. Энэ бол яг л хоолтой адил. Тодорхой хэсэг хүмүүс Христийн шашныг илүү сэтгэлд дотно гэж үздэг бол зарим нь ертөнцийг бүтээгч гэж байдаггүй, бүх юм өөрийн үйл хөдлөлөөс хамаардаг гэдэг утгаар нь Буддизмыг илүүд үздэг. Бид өөр шашнуудын тухайд ч иймэрхүү тодорхойлолтыг бас хэлж чадна. Иймээс асуудал ойлгомжтой: хүмүүсийн амьдралын хэв маяг, оюун санааны төрөл бүрийн хэрэгцээ, уламжлагдан ирсэн үндэсний зан заншилд зохицдог гэсэн утгаараа дэлхийн бүх шашин хүн төрөлхтөнд хэрэгтэй.

Энэ утгаараа би шашин хоорондын илүү сайн ойлголцлын төлөө дэлхийн өнцөг булан бүрт хийгдэж байгаа хүчин чармайлт бүрийг талархан хүлээн авдаг. Ийм шаардлага ялангуяа өнөө үед хойшлуулшгүй асуудал болоод байна. Хэрвээ шашнууд хүн төрөлхтний сайн сайхны асуудлыг өөрсдийн гол анхаарах зүйл болговол тэд дэлхийн энх тайвны төлөө эв зохицолтойгоор хялбархаан хамтран ажиллаж чадах билээ. Шашнууд харилцан ойлголцсоноор тэдэнд хамтран ажиллахад шаардлагатай тэр эв нэгдлийг олж авна. Хэдийгээр энэ нь үнэхээрийн чухал алхам боловч хурдан, эсвэл амар шийдэл гэж байхгүйг бид бас мартах ёсгүй. Янз бүрийн шашин шүтлэгийн дунд байдаг ягшмал номлолын ялгааг бид нуун дарагдуулж чадахгүйн адил өнөөгийн оршин буйн шашнуудыг бүх нийтийн өөр шинэ шүтлэгээр орлуулах талаар найдаж бид бас чадахгүй. Шашин бүр амьдралын тухай ойлголтынхоо хирээр тодорхой бүлэг хүмүүст тохиромжтой , өөрийн оруулах онцлог хувь нэмэртэй байдаг . Дэлхий дахинд шашин бүр хэрэгтэй.

Дэлхий дахины энх тайвны төлөө санаа тавьдаг шашны зүтгэлтнүүдийн өмнө эн тэргүүнд хоёр зорилт тулгараад байна. Нэгдүгээрт, бүх шашны дунд эв нэгдэлтэйгээр ажиллах боломжийг бий болгохын тулд шашин хоорондын ойлголцлыг бид бэхжүүлэх ёстой. Харилцан бие биенийхээ шүтлэгийг хүндэлж, хүний сайн сайхны төлөө гэсэн нийтлэг зорилгодоо онцгой анхаарал хандуулснаар үүнд хүрэх магадлалтай. Хоёрдугаарт, хүн бүрийн зүрх сэтгэлийг хөндөж байдаг, хүмүүсийн нийтийн аз жаргалыг бэхжүүлж байдаг оюун санааны үнэ цэнэт гол гол зүйлийн талаар нэгдсэн бодол , зөвшилцөлд хүрэх ёстой. Энэ нь хүмүүнлэг энэрэнгүй зорилго буюу дэлхий шашнуудын нийтлэг эн тэргүүнд эрхэмлэдэг зүйлийг бид онцлох ёстой гэсэн үг. Энэ хоёр алхмыг хийснээр бид дэлхийн энх тайванд шаардлагатай оюун санааны нөхцлийг бүрдүүлэхийн тулд дангаараа болон хамтдаа ажиллах боломжтой болно.

Янз бүрийн шашин бол бусдыг хайрлаж хүндлэх сайхан сэтгэл хийгээд хамтран аж төрөх сэтгэлийг хөгжүүлж өгдөг багаж хэрэгсэл мөн гэж үзэж чадвал шашны зүтгэлтнүүд бид дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллаж чадна. Тухайн шашны зорилгыг харах нь чухал болохоос оюуны хязгаарлагдмал байдал руу хөтөлдөг метафизик, эсвэл шашны номлолын нарийн ширийнд анхаарах хэрэггүй. Хэрвээ бид шашин бүрийн дотоод хэрэг болох метафизик нарийн ялгаануудыг хойш нь тавибал, бүх томоохон шашнууд хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамтран ажиллаж, дэлхий нийтийн энх тайвны үйлст хувь нэмрээ оруулж чадна гэдэгт би итгэлтэй байна.

Дэлхий нийтээрээ орчин үежиж байгаагийн улмаас (төрийг) шашнаас тусгаарлах бодлого эрчимтэй хэрэгжиж байгаа, дэлхийн зарим хэсэгт оюун санааны үнэт зүйлсийг устгах оролдлого системтэйгээр хийгдэж байгаагаас үл хамааран хүн төрөлхтний дийлэнх олонхи нь аль нэг шашинд урьдын адил итгэсээр байна. Шашингүй улс төрийн тогтолцооны үед ч баттай орших шашинд итгэх мөнхийн итгэл нь шашны хүчин чадлыг тодхон илтгэж байна. Дэлхийн энх тайвны үйлст шаардлагатай оюун санааны орчинг бүрдүүлэхэд оюун санааны энерги, хүч чадлыг бодлоготойгоор ашиглах боломжтой. Үүнд дэлхийн шашны удирдагчид болон хүмүүнлэгийн зүтгэлтнүүд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой.

Дэлхийн энх тайвныг бий болгож чадах эсэхээс үл хамааран бид энэхүү зорилгын төлөө ажиллахаас өөр арга үгүй билээ. Хэрвээ бидний ухаан санаа уур хилэнгээр дүүрвэл хүний оюун санааны хамгийн сайн зүйл болох саруул ухаан буюу зөв бурууг дэнслэх чадвараа гээх болно. Өнөөгийн дэлхий ертөнцөд нүүрлээд байгаа хамгийн ноцтой асуудлуудын нэг нь уур хилэн мөн.

Тогтолцоог бий болгоход нөлөөлөх хувь хүний хүч

Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Умард- Өмнөдийн болон бусад олон газрын зөрчилдөөнд уур хилэн багагүй үүрэг гүйцэтгэж байна. Хэн хэнийхээ мөн чанарыг ойлгож чадаагүйгээс дээрх асуудлууд үүсэн гарч байна. Асуудлын шийдэл нь цэргийн асар их хүчийг ашиглах ба нэмэгдүүлэх ч биш, зэвсэглэлийн хойноос хөөцөлдөх явдал ч биш ээ. Цэвэр улс төрийн, эсвэл цэвэр техник технологийн шийдэл бас биш ээ. Энэ нь оюун санааны түвшинд хийгдэх ёстой буюу хүмүүн бидний нийтлэг нөхцөл байдлыг мэдрэмжтэйгээр ойлгох явдал хэрэгтэй байна. Үзэн ядалт хийгээд тулаан нь хэнд ч, тэр бүү хэл ялан дийлэгчид ч аз жаргалыг авчирч чадахгүй. Хүчирхийлэл дандаа гай зовлонг бий болгодог учраас үнэхээр сөрөг нөлөөтэй. Тиймээс дэлхийн удирдагчид арьс өнгө, соёл, үзэл суртлын ялгаагаа даван туулж, бие биендээ хандахдаа бие биенийхээ нүдээр харж , хүмүүн төрөлтний нийтлэг нөхцөл байдлыг олж харахад суралцах цаг болсон байна. Ингэх нь хувь хүн, орон нутаг, цаашлаад нийт дэлхий дахинд ач тустай.

Өнөөгийн дэлхий дахины хурцадмал байдлын дийлэнх нь Дэлхийн 2 дугаар дайнаас улбаатай 'Дорнодын нэгдэл' 'Өрнөдийн нэгдлийн' зөрчилдөөнөөс үүсэн бий болж байх шиг санагдана. Энэ хоёр нэгдэл бие биенээ үнэхээр зохисгүй байдлаар харж, тодорхойлж байна. Удаан үргэлжилсэн, бодлогогүй энэ тэмцэл нь хүн хүнийхээ хувьд бие биенээ хайрлах хүндлэх сэтгэл дутсанаас үүдэлтэй. Дорнодынхон Өрнөдийг үзэн яддагаа өөрчлөх ёстой, учир нь өрнөдийнхөн ч гэсэн хүний биеийг олж, эрэгтэй, эмэгтэй хүн, мөн хүүхэд болж төрсөн билээ. Үүнтэй адил өрнөдийхөн ч дорнодынхныг үзэн яддагаа болих ёстой, учир нь тэд ч бас хүн билээ. Ийнхүү харилцан үзэн яддагаа бууруулах үйлст хоёр эвслийн удирдагчдын үүрэг роль их юм. Гэхдээ эн тэргүүнд удирдагчид өөрсдийн болоод бусдын хүнлэг чанар мөн чанарыг ойлгож ухамсарлах ёстой. Ингэж ухамсарлахгүй бол цаанаасаа зохион байгуулагдсан үзэн ядалтын дэврээлтийг тун бага хэмжээгээр л бууруулж чадна.

Жишээ нь, АНУ-ын ерөнхийлөгч болон ЗХУ-ын удирдагч нар эзэнгүй арал дээр гэнэт уулзалдлаа гэж бодоход тэд зөнгөөрөө бие биентэйгээ хүний ёсоор харьцана гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ тэд АНУ-ын ерөнхийлөгч болон ЗХУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн тодорхойлогдох тэр мөчид харилцан хардлага болон үл ойлголцлын хана тэднийг салгана. Ямар нэг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгүй албан бус уулзалтын үеэр тэдний хүнлэг харилцаа тэдний харилцан ойлголцлыг бэхжүүлэх бөгөөд тэд бие биетэйгээ хүн ёсоор харьцаж сурснаар энэхүү ойлголцлын үндсэн дээр олон улсын асуудлыг шийдэх гэж оролдох болно. Ямар ч хоёр тал, тэр тусмаа түүхэндээ дайсагналцаж байсан талууд харилцан үзэн ядалт, хардлагын уур амьсгалын дунд үр ашигтайгаар хэлэлцээ хийж байсан удаагүй билээ.

Дэлхийн удирдагч нар үзэсгэлэнтэй сайхан газар ямар нэг ажил төрөл ярилгүйгээр, гагцхүү хүний ёсоор бие биеэ таньж мэдэхийн тулд жилд нэг удаа уулзалдаж байхыг би санал болгож байна. Үүний дараа тэд хоёр талын болоод дэлхийн хэмжээний асуудлуудыг хэлэлцэхээр уулзаж болно шүү дээ. Дэлхийн удирдагч нар мөн чанараа харилцан ойлголцож, харилцан бие биенээ хүндэлсэн уур амьсгалд хэлэлцээрийн ширээнд суугаасай гэсэн миний хүслийг олон хүн хуваалцана гэдэгт би итгэлтэй байна.

Дэлхийн хэмжээнд хүн нэг бүрийн хэлхээ холбоог сайжруулахын тулд олон улсын аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжихийг би харахыг хүсч байна. Мөн олон нийтийн хэвлэл мэдээлэл, тэр тусмаа ардчилсан нийгэм дэх мэдээллийн хэрэгсэл хүн төрөлхтний гарцаагүй нэг цул гэдгийн тусгал болсон хүний ашиг сонирхлын төрөл зүйлүүдийг өргөн цар хүрээтэйгээр таниулах замаар дэлхийн энх тайвны үйлст дорвитой хувь нэмрийг оруулж чадна. Олон улсын тавцан дээр хэдхэн том гүрэн хүчирхэгжихийн хирээр олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн үйлст гүйцэтгэх үүрэг үл анзаарагдаж, анхаарлын гадна үлдэх явдал байна. Энэ байдал өөрчлөгдөж, олон улсын бүхий л байгууллага, ялангуяа НҮБ хүн төрөлхтний төгс сайн сайхны төлөө ажиллах, олон улсын түвшинд ойлголцлыг бэхжүүлэхдээ илүү идэвхтэй, илүү үр бүтээлтэй ажиллана гэдэгт би найдаж байна. Хэрвээ цөөхөн хэдэн их гүрэн зөвхөн нэг талын эрх ашгийн төлөө НҮБ мэтийн олон улсын байгууллагыг буруугаар ашигласаар байх аваас үнэхээр эмгэнэлтэй явдал болох болно. НҮБ нь дэлхийн энх тайвны төлөөх хэрэгсэл болох ёстой. Дэлхийн энэхүү байгууллага нь дарлагдсан жижиг үндэстнүүдийн, цаашлаад манай гаригийн бүгдийнх нь цорын ганц итгэл найдвар учраас бүгд хүндэтгэлтэй хандах ёстой.

Бүх үндэстнүүд эдийн засгийн хувьд урьд хожид байгаагүйгээр бие биеэс хамааралтай болсны улмаас хүмүүс хоорондын ойлголцол улс үндэстний хил хязгаарыг давж, нийт олон улсын хамтын нийгэмлэгийг хамрах ёстой. Хэрвээ бид хүч хэрэглэх, эсвэл хэрэглэхээр айлгах бус, харин сэтгэлээсээ ойлголцох замаар жинхэнэ хамтын ажиллагааны уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй бол дэлхийн хурцадмал асуудлууд гaгцхүү нэмэгдсээр байх болно. Ядуу орнуудын ард түмний хүсч байгаа, тэдний эдлэх гавьяатай аз жаргалыг нь үгүйсгэвэл тэд зөнгөөрөө сэтгэл ханамжгүй болж, баячуудад асуудал үүсгэж эхэлнэ. Нийгэм- улс төрийн, соёл заншлын хүсээгүй бүтцийн дарамтан дор байгаа хүсэл зорилгогүй хүмүүс байсаар байвал дэлхийн энх тайвныг тогтоох хэрэг эргэлзээтэй болно. Гэхдээ хэрвээ бид хүмүүсийн сэтгэл ханамжийг сэтгэлд нь хүртэл бий болгож чадвал амар амгалан гарцаагүй ирнэ.

Нэгэн улс үндэстний дотор хувь хүн жаргалтай байх эрхтэй бол улс үндэстнүүдийн дунд хамгийн жижиг үндэстний сайн сайхны төлөө адил тэгш түвшинд санаа зовох ёстой. Аль нэг тогтолцоо нөгөөгөөсөө давуу, түүнийг бүгд дагах ёстой гэж би хэлэхгүй. Харин ч эсрэгээрээ хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн олон төрлийн зан үйлд нийцэх улс төр, үзэл суртлын олон төрөл байгаасай гэж хүсдэг. Ийнхүү харилцан адилгүй байснаар аз жаргалыг тасралтгүй эрэлхийлэх хүний эрэл хайгуулыг хурцалж өгнө. Орон нутаг бүр бие даах зарчим дээр суурилсан улс төр, нийгэм-эдийн засгийн өөрийн гэсэн тогтолцоог бүрдүүлэхдээ хэнээс ч хамаарахгүй байх ёстой.

Шударга ёс, эв зохицол болон энх тайвныг тогтооход олон төрлийн хүчин зүйлс нөлөөлнө. Энэ талаар бид бодохдоо хүний сайн сайхны төлөө гэсэн утгаар нь богино хугацаанд бус, харин алсын хараатай авч үзэх ёстой. Бидний өмнө тавигдаж буй зорилтын агууг би ухамсарлаж байгаа боловч хүн төрөлхтөн бидний нийтлэг эрх ашигт нийцсэн буюу миний санал болгож байгаагаас өөр хувилбарыг би олж харахгүй байна. Улс үндэстнүүд өрөөл бусдынхаа сайн сайхны төлөө санаа зовохоос өөр аргагүй, гэхдээ энэ нь хүн төрөлхтөнд итгэдэг гэхээсээ илүү, харин холбогдох талуудын урт удаан хугацааны, харилцан үйлчлэх нийтийн эрх ашиг үйлчилж байгаа учраас бөлгөө. Шинээр бий болсон энэхүү бодит байдлыг үнэлсний үр дүнд Европын Эдийн Засгийн Холбоо, Зүүн Өмнөд Азийн Улс Үндэстний Холбоо (АСЕАН) зэрэг бүс нутгийн эсвэл тивийн хэмжээний эдийн засгийн байгууллагууд бий болсон юм. Эдийн засгийн хөгжил болон бүс нутгийн тогтвортой байдал хангалтгүй байгаа газруудад ялангуяа үндэстэн дамнасан байгууллагууд цаашид мөн байгуулагдана гэдэгт би найдаж байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас хүмүүсийн харилцан ойлголцол болон дэлхий нийтийн өмнө хүлээх хариуцлага улам их шаардлагатай болж байгаа нь эргэлзээгүй билээ. Үүний тулд бид энэрэнгүй, өгөөмөр сэтгэлийг үүсгэх ёстой бөгөөд ингэж үл чадваас бүх нийтийн аз жаргалд ч, дэлхий нийтийн бат бөх энх тайванд ч хүрч чадахгүй. Бид энх тайвныг цаасан дээр тогтоож чадахгүй. Дэлхий нийтийн хариуцлага хийгээд ахан дүүсийн барилдлагын тухай ярихын зэрэгцээ хүн төрөлхтөн нь үндэстний нийгмийн хэлбэр бүхий өөр өөр нэгжээс бүрдэж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү бодит байдлаас үүдэн эдгээр олон нийгэм нь дэлхийн энх тайвны бүрэлдэхүүн хэсэг болон үйл ажиллагаа явуулах ёстой. Нийгмийн байгууллыг илүү шударга бөгөөд тэгш зарчимтай болгох талаар өнгөрсөн үед ч оролдлогууд хийгдэж байсан. Нийгмийн эсрэг хүчнүүдтэй тэмцэхийн тулд зөв, сайхан зорилго бүхий байгууллагууд байгуулагдаж байсан. Харамсалтай нь, ийм санал санаачлага нь амин хувийн үзэлд дийлдсээр ирсэн байна. Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ёс суртахуун хийгээд ариун үйлсийн зарчим нь өнөөдөр хэрхэн хувийн эрх ашиг, ялангуяа улс төрийн салбар дахь хувийн эрх ашгийн сүүдэрт дарагдаж байгааг бид батлан хэлж чадна. Улс төр ёс суртахууны доройтолтой утга нэгэн учраас улс төрөөс бүхэлд нь түдгэлзэхийг бидэнд сануулж байгаа үзэл бодлын урсгал байдаг. Ёс зүйгүй улс төр хүмүүний сайн сайхны төлөө зүтгэж чадахгүй бөгөөд ёс суртахуунгүй амьдрал хүнийг адгуусны зиндаанд аваачна. Гэхдээ улс төр тэр чигээрээ «бохир» биш ээ. Харин бидний улс төрийн соёлын хэрэглэгдэхүүн нь хүний сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн эрхэм зорилго болон ариун агуулгыг гажуудуулж байна. Мэдээж улс төртэй зууралдсан шашны удирдагч нарын талаар оюунлаг хүмүүс санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд учир нь цэвэр бус улс төртэй хутгалдан бохирдохоос нь тэд эмээж байгаа юм.

Улс төрд шашин болон ёс зүй байх орон зай байхгүй, шашны зүтгэлтнүүд даяанчийн адил өөрсдийгөө тусгаарлах ёстой гэсэн түгээмэл ойлголтод би эргэлздэг. Шашныг ийнхүү үзэх үзэл дэндүү өрөөсгөл, үүнд хувь хүний нийгэмтэйгээ холбогдох холбоо болон бидний амьдралд шашны гүйцэтгэх үүргийн хэтийн зүй зохист төлөвийг олж харах явдал дутагдаж байна. Ёс зүй бол шашны зүтгэлтний нэгэн адил улс төрчид ч нэн чухал шаардлагатай зүйл билээ. Улс төрийн зүтгэлтнүүд болон эрх баригчид ёс суртахууны зарчмыг огоорвол аюултай үр дагавар бий болно. Бид Бурханд уу, эсвэл үйлийн үрт итгэдэг нь хамаагүй, ёс суртахуун бол шашин бүрийн үндэс суурь мөн.

Ёс суртахуун, нигүүлсэхүй үзэл, дэг журам, саруул ухаан гэх мэт хүмүүний зан төлөв нь соёл иргэншлийн үндэс суурь байсаар ирсэн. Эдгээр зан төлвийг нийгмийн таатай орчинд ёс суртахууны системтэй сургалтаар дамжуулан төлөвшүүлж тогтоох ёстой бөгөөд үүний үр дүнд илүү хүнлэг дэлхий ертөнц бий болох боломжтой юм. Ийм дэлхий ертөнцийг байгуулахад шаардлагатай зан төлвийг бүр анхнаас нь, хүүхэд ахуйгаас нь төлөвшүүлэх ёстой. Дараагийн хойч үе маань энэ өөрчлөлтийг хийг гэж бид хүлээж чадахгүй, харин ч өнөөгийн бидний үед хүний үндсэн үнэт зүйлсийн тухай ойлголтыг сэргээх талаар оролдлого хийх учиртай. Хэрвээ ямар нэг найдлага байгаа бол хойч ирээдүйдээ найдна , гэхдээ өнөөгийн боловсролын тогтоолцоонд дэлхийн хэмжээний дорвитой өөрчлөлтийг бид хийж үлдээх ёстой. Дэлхий ертөнц дээрх хүний үнэт зүйлсийн өмнө бидний хүлээх үүрэг хийгээд түүнийг хэрэгжүүлэх дадал зуршилдаа бид хувьсгал хийх шаардлагатай байна.

Ёс суртахууны доройтлыг зогсоохын тулд сүр дуулиантай уриа гаргах хангалттай бус, харин тэр талаар (тодорхой) ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Өнөөгийн засгийн газрууд «шашны» гэгдэх үүрэг хариуцлагыг нуруундаа үүрч явахгүй байгаа тул хүмүүнлэгийн болон шашны зүтгэлтнүүд хүмүүнлэгийн хийгээд оюуны үнэт зүйлсийг сэргээх үүднээс одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэний, нийгмийн, соёлын, боловсролын болон шашны байгууллагуудыг бэхжүүлэх ёстой. Шаардлагатай газар нь бид энэхүү зорилгын төлөө шинэ байгууллагуудыг ч байгуулах ёстой. Зөвхөн ийм замаар л бид дэлхийн энх тайвны илүү бат бөх суурийг байгуулах талаар найдаж болно.

Нийгэмд амьдарч байгаагийн хувьд бид өөрийн адил иргэдийн зовлонгоос хуваалцаж, өөрсдийн хайртай нэгнээр зогсохгүй дайснаа хүртэл нигүүлсэн үзэж, тэвчээртэй хандах ёстой. Энэ бол бидний ёс суртахууны бяр чадлын шалгуур мөн. Бид үлгэр жишээг өөрсдийнхөө үйл хөдлөлөөр үзүүлэх ёстой болохоос шашны үнэ цэнийг энгийн хэдэн үгээр бусдад ойлгуулна гэж найдаж болохгүй. Бид бусдаас хүсдэг шигээ үнэнч шударга байж, бусдын явдлыг өөрөөсө өмнө тавих өндөр шалгуурыг өөрсөддөө бас тавих ёстой. Бүх шашнуудын туйлын зорилго
Үзсэн: 8 823
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц