Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт

6-11-2012, 17:31  |  Хэвлэх

2012 оны 11 дүгээр сарын 6

Японд хийсэн намрын айлчлалынхаа гурав дахь өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг Дээрхийн Гэгээнтэн эрдэмтэдтэй хийх уулзалтад бүрэн зориулсан бөгөөд анх удаа Японд олон өдрийн турш зохиогдсон энэхүү уулзалтыг тэрээр хамгийн ихээр хүсэн хүлээж байсан юм. Зэн буддизмын Сото урсгалын Цуруми Сожёжи сүмийн хамба лам Шинзан Эгава танилцуулсны дараа Дээрхийн Гэгээнтэн улаан хивс, ханан дахь алтан чимэглэлээрээ тансаг Токио хотын төвд байрлах Окура зочид буудлын ёслолын танхимд орж ирсэн бөгөөд шинжлэх ухааныг сонирхож ирсэн өөрийн он удаан жилийн хүсэл сонирхлоо илэрхийлж товч нээлтийн үг хэлсэн.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай лам эрдэмтэй хийсэн уулзалтын үеэр
илтгэл тавьж байгаа нь. 2012 оны 11 дүгээр сарын 6, Япон,
Токио хот. Япон дахь Төвдийн албаны фото
Хүүхэд байхаасаа тэрээр механик ажиллагаатай эд зүйлсийг ихэд сонирхдог байсан бөгөөд 1967 онд анх удаа Японд хөл тавихдаа хурдны галт тэргийг хараад сэтгэл догдолж, хэрхэн ажилладгийг нь харах гэж задалж үзэхийг хүсч байснаа дурсан ярилаа. Төвдөд тэрээр хүүхэд байхдаа өндөр хүчтэй телескопоор тэнгэрийг тольдох дуртай байсан бөгөөд сар өөрөөсөө гэрэл гаргадаггүй, харин гагцхүү нарны гэрлийн тусгал гэдгийг багш нарынхаа нэгэнд баримтаар батлан хэлж байсан ажээ. Дээрхийн Гэгээнтэн эрдэмтдийн жинхэнэ интернациональ мөн чанар хийгээд нээлттэй оюун ухааныг шүтэн биширсээр ирсэн гэдгээ тэмдэглэн хэллээ. Tэд судалгаа хийхдээ үл итгэж, эргэлзэж байх шаардлагатайг дурдаад, аливааг бодитоор харах голч ухаантай, нээлттэй байж чадсаар ирсэн тэднийг үнэлэв.

40 жилийн өмнө Далай лам анх шинжлэх ухааныг сонирхож эхлэхэд түүний нөхөд энэ сонирхолд нь эргэлзэнгүй хандаж байсан ч, тэрээр Буддын багш нар, ялангуяа Наландагийн багш нар үл итгэн эргэлзэх, мөн шинжлэн судлах явдлыг хэрхэн онцлон тэмдэглэж байсан тухай бодсон байна. "Эргэлзээ төрөхгүй бол асуулт гарахгүй. Асуулт байхгүй бол шинжилгээ судалгаа хийгдэхгүй. Шинжилгээ судалгаа хийгдэхгүй бол та юмсын үнэн мөн чанарыг олж таних боломжгүй.”

“Эрдэмтэд, лам нар итгэл бишрэл, үнэнч сэтгэлээр бус, харин дахин дахин нягталсны дараа миний сургаал номлолыг авах ёстой” гэсэн Бурхан багшийн үгэнд Далай лам үргэлж нухацтай хандаж ирсэн юм. Наландагийн багш нар Бурхан багшийн үгийг хүртэл шинжлэн нягталдаг байжээ.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Материйн талаарх мэдлэгийн тухайд шинжлэх ухаан маш өндөр хөгжилд хүрсэн. Тиймээс Төвдийн дүрвэгсдийн хамтын нийгэмлэгт шинжлэх ухааныг эдүгээ лам нарын сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болгон оруулаад байна. Гэхдээ эртний, ялангуяа Энэтхэгийн буддист сэтгэл судлал нь орчин үеийн шинжлэх ухаанд асар их туслалцаа үзүүлж чадна“ хэмээв.

“Гурав, дөрвөн мянган жилийн турш хүмүүс хүндрэлтэй асуудалтай тулгарахдаа Бурханд, эсвэл ямар нэг нууцлаг хүчинд үргэлж залбирч мөргөсөөр ирсэн. Харин сүүлийн 200 жилд тэд шинжлэх ухаан, технологт хандах боллоо. Технологийн дэвшил ч бидний хүссэнийг дор нь өгч байна. Гэхдээ бид өнөөдөр технологийн дэвшил дангаараа шийдэж үл чадах тийм гүн гүнзгий асуудлуудтай нүүр тулаад байна" хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Хүний нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурлан иргэнийн ёс суртахууныг төлөвшүүлэх талаар илүү дорвитой хүчин чармайлт гаргах цаг ирсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэлээ.

*****

Дараа нь эрдэмтдийн эхний илтгэгч, Дээрхийн Гэгээнтний эртний хамтрагч, Цукуба их сургуулийн профессор Казуо Мураками индэрт уригдаж, “Өөрсдийгөө гэрэлтүүлэхийн тулд генийг асаах нь” сэдвээр илтгэл тавьсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Японы эрдэмтэдтэй уулзалт хийсэн
Окура зочид буудлын хурлын танхим, 2012 оны 11 дүгээр сарын 6.
Япон дахь Төвдийн албаны фото
Зөөлөн, хөнгөхөн наргиантайгаар доктор Мураками өөрийн амьдралын 50 жил, түүний дотор генетикийн судалгаанд зориулсан 30 гаруй жилийнхээ тухай ярилаа. Тэрээр саяхнаас судлаачид “генетикийн унтраалгыг “ нээсэн тухай дурьдаад, үүнийг тэрээр муу стрессийг арилгаж “сайн стрессийг” бий болгох замаар хүмүүсийн оюун санааны байдлыг өөрчлөнгөө дэлхийг бид хэр зэрэг өөрчилж чадах вэ гэсэн Дээрхийн Гэгээнтний сургаальтай харьцуулан тайлбарласан юм. Доктор Муракамигийн тэмдэглэн хэлснээр туршилтанд хамрагдсан хүмүүс эрдэмтэдтэй харьцах үед тэдний цусан дахь сахарын хэмжээ дунджаар 123 хүртэл өсчээ. Харин хэсэг хугацааны дараа хошин шогчдын тоглолт үзээд сахарын хэмжээ нь 77 болтлоо буурсан байна.

“Инээд эмийг орлох ёстой гэж бид батлахгүй. Гэхдээ та аль алийг нь туршиж үзэх хэрэгтэй. Инээснээр ядаж л гаж нөлөө илрэхгүй. Харин хичнээн үр дүнтэй ч, гаж нөлөө үгүй нэг ч эм байхгүй” хэмээн тэрээр тодорхойлсон.

“ДНК-г хэн бичсэн бэ?” хэмээн профессор Мураками эцэст нь асуулт тавьсан. “Хүмүүс ч биш, хэн нэгэн хүн ч биш. Эдгээр генийг байгаль бичиж, кодолсон. Хамгийн бага эсэнд хүртэл генетикийн мэдээлэл маш ихээр агуулагдсан байдаг. Энэ бол гайхалтай зүйл. Энэ бол жирийн нүдэнд харагдахгүй боловч сэтгэл догдлуулам зүйл. Энэ дэлхий ертөнцөд юу чухал вэ гэвэл бидний харж чадахгүй байгаа тэр зүйлс. Гэдэсний савханцрууд хүний гормонийг яаж бий болгож чадах билээ? Гэтэл дэлхийн бүх эрдэмтэд дэлхий дээрх бүхий л эх сурвалжийнхаа тусламжтайгаар ганц ч амьд эсийг үйлдвэрлэж чадахгүй. Хүний бие 60 их наяд эсээс бүтдэг. ”

Профессор Мураками энэ бүхний эх сурвалж нь “ямар нэг агуу зүйл” гэж хэллээ. “Амиа хичээх ген” гэж олон нийтийн нэрлээд байгаагийн хариуд тэрээр “энэрэнгүй ген” гэж өөрийн нэрлэсэн генд анхаарал хандуулахыг санал болгов.

“Амьд байх нь лоттери хожихтой адил,” гэж тэр хэлсэн. Бид гайхамшгийг байх л ёстой зүйл шиг хүлээж авдаг, тэрний нэг нь энэ гэлээ.

Доктор Мураками илтгэлээ дуусгангуут Дээрхийн Гэгээнтэн эртний танилдаа хандан ургамалд оюун ухаан байдаг эсэх талаар лавлаж асуув. “Ургамал хүмүүсийнхтэй адил оюун ухаантай гэж би бодохгүй байна“ гэж профессор Мураками хариулав. “Амьтад оюун ухаантай боловч тэдний оюун ухаан хүмүүсийнхтэй адил бус.” Дээрхийн Гэгээнтэн үүнд хариулахдаа тэрээр өөрийн найз, невробиологч Франциско Варела асантай энэ асуулыг судлахад нэлээн цаг заваа зарцуулсан бөгөөд өөрөө хөдөлдөг аливаа юмсыг амьд биетэнд тооцож болно гэж тэд шийдсэн тухайгаа хэлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн инээд, агуу их баяр баяслыг төрүүлэхийн сацуу гижигдүүлэх үеийн эвгүй мэдрэмжийг төрүүлдгийн адил нулимс маш их гашуудлыг ч, асар их аз жаргалыг ч илэрхийлдэг хэмээн тэмдэглэн хэллээ. Тэрээр “нулимсны шинжлэх ухааны” талаар зарим судалгаа шинжилгээ хийхийг хүсч буйгаа хэлэв.

*****

Дараа нь Шизуокагийн Шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийн инженерийн ухааны профессор, доктор Фумио Шимура хоосон чанар бол хэлбэр, хэлбэр бол хоосон чанар хэрхэн болох талаархи өөрийн үзэл бодлын илэрхийлэл болгож квантын физикийг "Билгүүний Зүрхэн" судартай уялдуулан хөндлөө. Хэдийгээр таны тархи дүүрэн ч, үнэн чанартаа хоосон хэмээн тэрээр онцлон тэмдэглэв. Үүнийг атом баталж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Японы эрдэмтдийн
харилцан яриаг уулзалтын танхим дахь олон нийт сонсч байгаа нь.
2012 оны 11 дүгээр сарын 6. Токио, Япон.
Япон дахь Төвдийн албаны фото
Тэрээр хэлэхдээ орчин үеийн физик ч мөн бүх зүйлсийн харилцан хамааралтай, юу ч ангид оршдоггүйг онцолж байгаа гэв. Иймээс япон хэлний үгээр тоглох урлагийг ашиглан профессор Шимура “Буддо-физик” гэсэн хэллэгийг зохиосон байна.

Дээрхийн Гэгээнтэн профессортой хэлбэр гэсэн ойлголтын талаар шургуй мэтгэлцэж эхэлсэн ба Буддизмын классик сэтгэлгээн дэхь хэлбэрийн тухай янз бүрийн ойлголтын ээдрээтэй нарийн тайлбарыг хөндөж, тухайлбал зарим зүйлийг харж болно, зарим зүйлийг үр нөлөөгөөр нь дамжин харж болно (жишээ нь салхи), зарим зүйлийг харах боломжгүй ч тэр нь хэлбэртэй байдаг талаар мэтгэлцлээ.

Өдрийн хоолны богино хугацааны завсарлаганы дараа 1200 гаруй хүн танхимд эргэн цугларсан бөгөөд Шизуокагийн коллежийн захирал, Харуо Сажи бусад илтгэгчдийн адил индэрт гаран, хэрвээ бид гартаа барьж байгаа цаасан дээр үүл харж чаддагсан бол гэсэн асуултаар илтгэлээ эхэллээ. Энэ бол яруу найргийн зүйрлэл боловч үүнийг шинжлэх ухааны үүднээс бас авч үзэж болно хэмээн тэрээр хэлэв. Цаасыг модноос гаргаж авдаг, модыг ургуулахын тулд танд ус хэрэгтэй, өөрөөр хэлбэл бороо, бороо нь үүл гэсэн үг.

Энэ бол харилцан хамаарлыг олж харах өөр арга байв. Дараа нь тэрээр бид бүгд хэрхэн олон янзын гэрлийг олж хардаг талаар ярилаа. Бид замын улаан гэрэл хараад мэдээж зогсох ёстой гэдгээ бүгд мэддэг. Гэрлийг нүд биш, харин тархи мэдэрч байгаа гэсэн үг. Гүн ухаан, яруу найраг, шинжлэх ухаан, хэл зүй болон шашны зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан яриандаа тэр гэгээн Франциско болон Августины залбирал, япон хэлний “нигүүлсэл” гэсэн үгний талаар хөндлөө.

“Өөрийн оюун ухаанаар зарим нэг зүйлийн талаар тунгаах үед таны оюун ухаан хаана байдаг вэ?” гэж асуунгаа одоо цагийн ач холбогдлыг тэрээр Зэн буддизмаас таньж мэдсэн хэмээв.

“Хэдэн жилийн өмнө надад `харилцан хамаарал’ гэсэн ухагдахуун шинжлэх ухаанд байхгүй гэж хэлцгээж байлаа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Гэтэл одоо шинжлэх ухааны ертөнцөд энэ үг тухлах газраа олжээ! Одоо цаг бол туйлын туйлын чухал. Гэхдээ ирээдүй бол бүр ч чухал ач холбогдолтой гэж би боддог. Учир нь ирээдүй бол сансар огторгуйн адил хоосон. Юу ч хийх боломжтой. Одоо цаг бол өнгөрсөн цагийн хүндрэлүүдтэй салшгүй холбоотой, жишээ нь өнөөгийн буюу 21 дүгээр зууны хүндрэлтэй асуудлууд бол өнгөрсөнд хийсэн бидний алдаа болон хайхрамжгүй байдлын зайлшгүй үр дагавар байж болох талтай. Гэхдээ ирээдүй арай ирээгүй байна. Ирээдүй бидний гарт байна ” хэмээн онцлон хэллээ.

Асахи сэтгүүлийн ерөнхий редактор асан уран үгтэй дайчин эмэгтэй, уулзалтыг хөтлөгч Мицуко Шимомура болон үг хэлсэн бусад хүмүүсийн тэмдэглэн хэлсэнчлэн одоог барьж авах боломжгүй. Одоог тодорхойлж байх тэр мөч өнгөрсөн цаг болсон байдаг. “Мөн `бидний эрин үе’ эсвэл `миний өдөр’ эхлэлтэй байж болох юм, гэхдээ аливаа нэг эрин үе болон өдөр эхлэлгүй байж бас болно ” гэж Дээрхийн гэгээнтэн хэлсэн юм. Санал бодлоо хуваалцах боломжид илэрхий сэтгэл хангалуун байсан Далай лам доктор Сажигаас олон асуудлаар тайлбар хүсч халуун яриа өрнүүлсний дараа Токиогийн их сургуулийн доктор, сансар судлаач Жюничи Ёкояма Их Тэсрэлт болон түүнээс өмнө бий болсон хар эрчим хүчний талаархи асуудлыг гаргаж тавьсан юм.

Тэр өдрийн бүхий л эрдэмтдийн нэгэн адил тэрээр хоёрдмол байдал хэрхэн хоцрогдсон болохыг харуулах замаар өөрийн нээлтийг Буддизмтай холбон илтгэлээ тавьсан. Дээрхийн Гэгээнтэн түүний илтгэлийг талархан сонсч, “бид гадаад сансар огторгуйг судлахын тулд сая сая доллар зарцуулж байна. Гэтэл зарим үед бид дотоод ертөнцөө үл хайхран амьдарч байна” хэмээн тэмдэглэн хэллээ. Цаг хугацаа болон сансар огторгуйн тухай олон янзын ойлголтын тухай ярилцацгаасан бөгөөд эцэст нь Кэйо их сургуулийн багш, доктор Фумико Ёнэзава “Tодорхойгүй байдлын тухай шинжлэх ухаан” илтгэлийг тавив.

Тэрээр хүүхэд байхдаа ертөнцийн төгсгөл хийгээд цаг хугацааны эхлэлийн талаар боддог байсан бөгөөд хожим нь судалгаагаараа тодорхойгүй байдлын найман хэлбэрийг ялгаж гаргасан ажээ. Зарим талаар шинжлэх ухаан хөгжих тусам төдий чинээ мэдэхгүй зүйлтэй учирч байгаагаа мэдэрч байна гэж тэр хэллээ.

Тодорхойгүй байдал бол боломжийг нээдэг хэмээн тэрээр илтгэлээ дуусгав. Дээрхийн Гэгээнтэн оюуны ховор содон, баялаг яриагаар дүүрэн энэ өдрийн уулзалтыг хааж хэлэхдээ “Тодорхойгүй нөхцөл гэдэг бол боломж гэсэн үг. Та хэлэхдээ илүү өөдрөг байж, илүү их хүчин чармайлт гаргах ёстой" гэлээ. "Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Тодорхойгүй байдлаас та итгэл үнэмшлийг бий болголоо ” гэв.
Үзсэн: 3 266
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц