Дээрхийн гэгээнтэн Далай лам Тумкурын их сургуульд зочилж, Бангалор хотод суурьшсан Төвд иргэдтэй уулзлаа

1-12-2012, 18:30  |  Хэвлэх

2012 оны 11 дүгээр сарын 28

Энэтхэг, Карнатака муж, Бангалор – Энэ өглөө Дээрхийн гэгээнтэн Далай лам Бангалороос баруун хойш 70 кт-т орших Тумкурын их сургуульд зочлох үед тус их сургуулийн төлөөлөл болон Сера-Жэ хийдийн лам нар халуун дотноор угтан авлаа. Дээрхийн Гэгээнтний хамт индэр дээр өдгөө 105 хэмээх өндөр насыг зооглож буй Тумкур дахь Шри Шри Сиддаганга Мутт нийгэмлэгийн тэргүүн, доктор Шри Шри Шивакумара Маха Свамажи, мөн S-Vyas (иогийн) их сургуулийн дэд захирал проф Нагендра, Энэтхэгийн эрдэмтэн доктор Апатуката Шиватану Пиллай, Тумкурын их сургуулийн томоохон ивээн тэтгэгчдийн нэг, доктор Садананда Майяа, Тумкурын их сургуулийн дэд захирал проф. Шарма нар морилсон байлаа.

Сера-Жэ хийдийн лам нарын уншлагын дараа проф. Шарма нээлтийн үг хэлэв. Тэрээр Тумкурын их сургууль ба Сера-жэ хийд, түүнчлэн Тумкурын их сургууль ба S-Vyas их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохыг Дээрхийн Гэгээнээс хүслээ. Дээрхийн гэгээнтэн болон доктор Шри Шри Шивакумара Маха Свамижи нар үйл ажиллагааг албан ёсоор нээж, нээлтийн зул асаав. Сера-Жэ хийдийн зүгээс Дээрхийн гэгээнтэнд зориулж зул өргөн, хүндэт зочдод Бурхан багшийн хөргийг өргөн барьсан юм.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Тумкурын их сургуульд зочилж, Бангалор хотод суурьшсан Төвд иргэдтэй уулзлаа
Дээрхийн гэгээнтэн Далай ламд Тумкурын их сургуулийн
хүндэт профессор цол олгож байгаа нь.
Энэтхэг, Бангалор. 2012.11.27. Фото/Жереми Рассел (ДЛО)
Tумкурын их сургууль Далай ламд их сургуулийнхаа хүндэт профессор цолыг олгож, хүндэт профессорын нөмрөг, батламж бичгийг гардуулав. Дараа нь тэрээр "Боловсрол дахь иогийн үүрэг" нэрт олон улсын бага хурлын нээлтэд уригдан оролцлоо.

Энэхүү чухал бага хурлыг нээж байгаадаа баяртай байгаагаа Далай лам илэрхийлээд, хүндэт профессорын нэр хүндтэй цолыг олгосон их сургуульд талархахын хамт “Би үнэндээ шаардлагатай мэдлэг аваагүй, шаардлагатай сургалтанд ч хамрагдах зав цаашид надад гарахгүй байх, гэтэл би энэ нэр төртэй цолыг хүртчихлээ!” хэмээн хошигнов.

“Харин одоо эхлээд Энэтхэг орны талаар хэдэн үг хэлэхийг хүсч байна. Эртний гарал үүсэл бүхий соёл иргэншлүүдийн нэгийн хувьд Энэтхэг орон бодит амьдралын мөн чанарын тухай агуу сэтгэлгээг бүтээсэн юм. Ахимса буюу хүч үл хэрэглэх үзэл баримтлал бол Энэтхэгийн өв уламжлалын нэг хэсэг бөгөөд гүн гүнзгий утга агуулгатай. Жишээ нь Энэтхэгийн шашны хүлээцтэй байдлын гайхалтай бөгөөд эртний уламжлалд ахимса өөрийн тусгалыг олсон байдаг. Энэтхэгийн өөрийн уламжлалт шашин болох Самхя, Хинду, Жайнизм, Буддизм, Сикх болон гадны шашин болох Зороастраниазм, Иуд, Христ болон лалын шашин энд эв зохицолтойгоор мөр зэрэгцэн оршиж байна” хэмээн Далай лам онцлон хэлсэн юм.

Үүний зэрэгцээ дэлхий дахинд хорьдугаар зуунд ердийн дайн болон аймшигт үр дагавар бүхий цөмийн зэвсгийн бодит хэрэглээний аюулаас гадна техник технологийн сүйтгэгч хүч төсөөлөхийн аргагүй түвшинд хүрсэн. Хирошима, Нагасаки хотуудад очиж, аймшигт гамшгийг даван туулсан хүмүүсийн яриаг сонсож байснаа Дээрхийн гэгээнтэн дурсан ярьсан юм. 200 сая хүний аминд хүрсэн XX дугаар зууны хүчирхийлэл, цус урсгалтын үр дүнд илүү сайн сайхан дэлхий ертөнц бий болдогсон бол хүчирхийллийг зөвтгөж болох ч, даанч тийм биш юм хэмээн Дээрхийн гэгээнтэн айлдлаа. Тиймээс өөрсдийн асуудал, маргааныг хүчирхийллийн замаар шийднэ гэдэг бол нэгэнт хоцрогдсон арга гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Харин оронд нь бид шинэ сэргэг хандлагаар, бодит, хүнлэг арга болох яриа хэлцлээр асуудалд хандах ёстой.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Тумкурын их сургуульд зочилж, Бангалор хотод суурьшсан Төвд иргэдтэй уулзлаа
"Боловсрол дахь иогийн үүрэг" олон улсын бага
хурлын нээлтэн дээр Дээрхийн гэгээнтэн үг
хэлж байгаа нь. Энэтхэг,
Бангалор, Тумкурын их сургууль. 2012.11.27.
Фото/Жереми Рассел (ДЛО)
Эрт дээр үед хүмүүс өрсөлдөгчөө устгахыг эрэлхийлдэг байсан бол харин өнөөдрийн харилцан хамааралтай, ялангуяа эдийн засгийн сүлжилдсэн тогтолцооны үед сөргөлдөгчөө устгах нь өөрийгөө хөнөөхтэй адил юм. Түүнээс гадна хүрээлэн байгаа орчиндоо бидний учруулж байгаа хохирол эцсийн эцэст бидэнд л хөнөөл авчирна. Тиймээс бид энх тайванч шийдэл олох ёстой. Гайхалтай үзэсгэлэнтэй цэнхэр гаригаа сансраас хараад сэтгэл нь хөдөлсний улмаас эх дэлхийнхээ байгаль экологийг хамгаалахад өөрийгөө зориулж ирсэн Монголын сансрын нисгэгчийн жишээг Дээрхийн гэгээнтэн ярилаа. Энэ бол зүрх сэтгэлийн өөрчлөлт шинэчлэл бөгөөд энэ л бидэнд хэрэгтэй байгаа зүйл мөн.

“Зарим үед яриа хэлцэл сул доройн, харин хүчирхийлэл хүч чадлын шинж тэмдэг болон харагдах явдал байдаг ч үнэндээ тийм биш юм. Бусдын эрхийг, тухайлбал бусдын амьд явах эрх, амьдралын хэв маягийг хүндлэх явдлыг хөгжүүлэх нь ахимсагийн үндэс мөн.”

Хүчирхийлэл ба эс хүчирхийллийг ялгаж зааглах нь чухал. Хэрвээ нүүрэндээ инээмсэглэлтэй, сайхан үг хэлсэн хэрнээ бид бусдыг хуурч, ашиглаж байгаа бол энэ нь хүчирхийллийн нэг хэлбэрийг хэрэгжүүлж байна гэсэн үг. Хүч чадлын жинхэнэ эх сурвалж бол халуун дотно сэтгэл юм.

Шашны эв зохицлын тухай асуудлыг дахин хөндөхдөө Дээрхийн гэгээнтэн янз бүрийн газарт янз бүрийн соёл бүхий янз бүрийн хүмүүс амьдардаг учраас шашны олон янзын уламжлал байдаг гээд тэд бүгд нигүүлсэл, хүлээцтэй байдал болон хувийн сахилга батын талаар номлодог, хувийн сахилга батын тусламжтайгаар сөрөг үйл хөдлөлийг сөрж чадна, энэ бол хувийн тэвчээрийн асуудал гэдгийг анхааруулав. Баялаг ихсэх тусам шунал ихсэнэ, үүнтэй зэрэгцэн атаархаж барьцах мэдрэмж өсөх учраас хувийн сахилга батын хамт бидэнд сэтгэл ханамж хэрэгтэй хэмээн тэрээр хэлэв. Ингэснээр айдас хүйдэс, гутрал цөхрөл, уур хилэн хийгээд гол төлөв хүчирхийлэл рүү хөтөлдөг үл итгэлцэл болон хардлага өсөн нэмэгдэнэ. Тэрээр хэлэхдээ, “Шашныг тэр бүр сонирхоод байддаггүй хүмүүс ч хүний дотоод эрхэм чанарыг өөрт хамаагүй гэж бодох ёсгүй юм. Сэргэлэн цовоо, тайван номхон ч бай, сэтгэл оюуны амар амгалан бол жинхэнэ аз жаргал болон эрүүл бие махбодийн эх үндэс мөн. Сэтгэлийн аль хөдөлгөөн эерэг ба тустай, аль нь хөнөөлтэй бөгөөд алийг нь тэвчих, эсвэл устгах шаардлагатайг хүмүүний оюун ухаан хэлж өгдөг” гэлээ.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Тумкурын их сургуульд зочилж, Бангалор хотод суурьшсан Төвд иргэдтэй уулзлаа
Тумкурын их сургууль дээр Далай ламын айлдсан
яриаг олон нийт анхааран сонсож байгаа нь.
Энэтхэг, Бангалор. 2012.11.27. Фотo/Жереми Рассел (ДЛО)
Энэтхэг орон бол эртний уламжлалын үнэт зүйлсийг орчин үеийн боловсролтой хослуулах боломж дүүрэн орон бөгөөд тиймээс ч боловсролын салбарт Иогийн гүйцэтгэх үүрэгт анхаарлаа хандуулсан энэхүү бага хурал ийм нөлөөтэй байгаа талар Далай лам хэлсэн байна. Тэрээр Тумкурын их сургууль болон Сера-Жэ шашны дээд сургуулийн хооронд бий болсон онцгой харилцааг талархан хүлээж авч байгаагаа тэмдэглэн хэллээ. Энэ бол Энэтхэгийн гүрү багш нарын захиас, Дээрхийн гэгээнтний олон жилийн хүсэл мөрөөдлийн биелэл хэмээн дурьдав. Цаг хугацааны эрхээр эртний сэтгэлгээний зарим ухаан үгүйсгэгдэж ирсэн хэдий ч эртний Энэтхэгийн гүн ухааныг дахин судалж эхлэх цаг ирсэн тухай мөн хэллээ. Энэтхэгийн гүрү нарын найдвартай элчийн хувьд Төвдүүд эртний Энэтхэгийн мэдлэгийг амьд чигээр нь хадгалсаар ирсэн юм. Буддын шашны сургаалийг сонирхох эсэх нь хувь хүний асуудал боловч Буддист гүн ухаан, мэдлэгийн олон зүйлийг бүх нийтээр хэрэглэж болох ба тэдгээр олон зүйл нь бүх нийтэд өгөөжтэй байж болох талаар онцлон хэлсэн юм.

Хүүхдүүдийг хэрхэн хайр, энэрэлд сургах талаар заалны дундаас асуусан асуултад Дээрхийн гэгээнтэн,“Манай боловсролын тогтолцоонд биеийн эрүүл ахуйд анхаардаг шиг оюун санааны хийгээд сэтгэлийн эрүүл ахуйд хандсан хичээлийг оруулах шаардлагатай бөгөөд энэ нь эрүүл саруул оюун санааг хөгжүүлэхэд сургана. Энэ бол иргэний ёс зүй хэмээн бидний нэрлээд байгаа зүйлийн үндэс бөгөөд үүнийг амьдралд хэрэгжүүлэх үүднээс оюун ухаан, сэтгэл хөдлөлийн дүр зургийг боловсруулах ажлыг бид одоо хийж байна” гэлээ.

Уулзалтын дараа Дээрхийн гэгээнтэн Бангалорт амьдардаг Төвд хүмүүсийн төлөөлөлтэй уулзав. Богино хугацаанд ч атугай тэдэнтэй уулзаж байгаадаа тэрээр баяртай байна хэмээн хэллээ. Төвдүүдийн эх нутгаасаа дүрэвсэн 53 жил нэг хүний амьдралын тухайд урт хугацаа боловч эрх чөлөөний төлөөх ард түмний тэмцлийн тухайд богино хугацаа гэдгийг тэрээр цохон дурьдав. Хүний нутагт дүрэвсэн ч энд л Төвд хүмүүс нийт Төвд орны амин сүнс болсон өөрсдийн соёл уламжлалаа хадгалж чадсан бөгөөд Төвдөд байгаа хийгээд гадаадад байгаа Төвд хүмүүс бүгд гайхалтай хүчтэй байж чадаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Далай лам Энэтхэг улс дахь ардчилал, хууль хийгээд шашны эрх чөлөөг дээдлэх зарчмыг өндөр үнэлж, Төвдүүдэд хандан шударга зан, нэгдмэл байдлаа сэвтээлгүй хадгалахын чухлыг анхааруулсан байна.

“Хэрвээ та сэтгэлээсээ байдаг бол бусадтай илэн далангүй бөгөөд шударга байж чадна, хэрвээ та сэтгэлээсээ биш бол тэр дорхноо хуурмаг дүр төрхтэй болно. Бусдад найрсаг байснаар тэдэнд өөрийгөө ашиглах урилгыг илгээж байна гэж хэзээ ч бүү бод” хэмээн зөвлөв.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Тумкурын их сургуульд зочилж, Бангалор хотод суурьшсан Төвд иргэдтэй уулзлаа
Бангалорт цугларсан Төвд хүмүүстэй Дээрхийн гэгээнтэн
Далай лам уулзаж байгаа нь. 2012.11.27.
Фото/Жереми Рассел (ДЛО)
Төвдийн Буддизм нь хамгийн гүн гүнзгий утга агуулгатай бөгөөд бичгийн болон ярианы Төвд хэл энэхүү гүн агуулгыг илэрхийлэхэд туйлын зохицсон хэл юм. Энэ бол Төвд хэлийг хэрэглэх, дэлгэрүүлэх нь яагаад чухал болохыг харуулсан нэг үндэслэл мөн. Дүрвэгсдийн зарим сургуульд эдүгээ шинжлэх ухаан зэрэг орчин үеийн зарим хичээлийг Төвд хэл дээр зааж байгаа бөгөөд орчин үеийн мэдлэгийн сэдвээр хэлэлцүүлэг явуулахдаа хүртэл Төвдийн уламжлалт арга техникийг хэрэглэж байгаа нь нааштай алхам гэж боддогоо тэрээр дурьдлаа.

Өөрийн улс төрийн үүрэг хариуцлагаа сонгуулиар сонгогдсон Төвдийн шинэ удирдлагад шилжүүлээд, улс төр, шашны эрх мэдлийг аль алийг нь атгаж ирсэн Далай ламын 400 жилийн түүхтэй уламжлалд төгсгөл тавьснаа Дээрхийн гэгээнтэн эргэн дурссан байна.

“Өмнө нь би гадаадад аялж явахдаа, хэрвээ би осолд ороод амь насаа алдвал Төвдийн асуудал юу болох вэ гэж санаа зовдог байлаа. Харин одоо бол би Төвдийн асуудал надгүйгээр үргэлжилнэ, шинээр сонгогдсон удирдлага үүний баталгаа болно гэдэгт илүү итгэлтэй болж, зарим талаар тайван байх болсон. Хэрвээ тэдэнд миний дэмжлэг хэрэгтэй бол би туслахад бэлэн” хэмээлээ.

Оюутнуудад хандан тэрээр Буддизм бол оюун ухааны өөрчлөлт шинэчлэл гэдгийг ойлгох ёстой, хэрвээ хамт суралцагсад нь сонирхвол юун тухай гэдгийг тайлбарлах чадвартай байх ёстой талаар анхааруулав. Үндсэндээ Буддизм бол шүтэн барилдлагын үзэл санаа, хүчирхийллийн бус замнал, бусдад аль болох туслах, тусалж чадахгүй бол ядаж хор хөнөөл үзүүлэхээс зайлсхийх явдал гэдгийг тэрээр оюутнуудад тайлбарласан байна. Түүнчлэн хамт сурч байгаа Хятад оюутнуудтай ойртон нөхөрлөхийг тэдэнд зөвлөлөө. Хятад орон хэзээ нэгэн цагт өөрчлөгдөж, тэдгээр залуу оюутнууд нэгэн өдөр өөрийн орны удирдагчид болж болох учраас боломжийг ашиглан тэдэнд Төвдийн бодит байдлыг тайлбарлах нь зүйтэй хэмээлээ.

Англи хэлээр хэдэн үг хэлэхийг хүссэн орон нутгийн сэтгүүлчдийн хүсэлтэнд хариулж Далай лам 1956 онд Карнатака мужид анх ирж байснаа дурсан ярилаа. Хожим нь Дээрхийн гэгээнтэн болон олон Төвд хүн дүрвэн ирэхэд ерөнхий сайд Неру Энэтхэгийн гол сайд нарт захидал илгээн, Төвдүүдэд туслахыг хүссэн ажээ. Карнатака мужийг захирагч сайд Нижалингаппа Төвд иргэдэд суурин барих газар олгох тал дээр онцгойлон санаачлагатай бөгөөд өгөөмөр сэтгэлээр хандсан байна. Үүний ачаар өнөөдөр 40,000 Төвд хүн энд суурьшсан бөгөөд хамгийн чухал нь цэвэр Наландагийн уламжлалыг хадгалж байгаа томоохон сүм хийдүүд дахин бий болсон явдал юм.

“Карнатакагийн ард иргэд хийгээд засгийн газар энэ он жилүүдэд бидэнд онцгой их тус хүргэж ирсэн бөгөөд тэдэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг би хүсч байна. Та бүхэнд баярлалаа” хэмээн Далай лам яриагаа өндөрлөсөн юм.
Үзсэн: 2 710
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц