“Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагаа

29-12-2014, 04:08  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 21

Энэтхэг, Карнатака, Тумкур, 2014 оны 12 дугаар сарын 21- Өчигдөр Делигээс Банглорт хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг буудал руугаа явах үед нь шашны тэргүүнээ түрхэн зуур ч гэсэн харах гэсэн төвөд хүмүүс зам дагуу эгнэн зогссон байлаа. Нар ээсэн өнөө өглөө мөн тэд Далай Ламыг харахын тулд гартаа хадаг, цэцэг, хүж барин, нүүрэндээ инээмсэглэл тодруулан жагссан байв. Дээрхийн Гэгээнтэн 70 орчим км машинаар давхисны эцэст Тумкур их сургуульд хүрэлцэн ирсэн бөгөөд түүний хувьд энд 3 дахь удаагаа айлчилж байгаа ажээ. Энэ удаа тэрээр Тумкур их сургууль болон Сера Жи хийдийн их сургуулийн бүтээлч хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ‘Шинэ зууны ёс зүй: Буддист хэтийн төлөв’ сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагаанд уригдсан байна.

Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд Тумкур их сургуулийн дэд захирал, проф. А.Х.Ражасаб болон Төвөдийн сүм хийдийн хамба лам нар угтан авлаа. Их сургуулийн үүдний эсрэг талд бодь мод суулгах ёслолд эхлээд түүнийг урив. Зуун насыг зооглож байгаа Шри Шивакумара Махасвамигийн тусламжтайгаар тэрээр модоо зохих ёсоор суулгаад, усаллаа.

“Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагаа
Тумкур их сургууль дээр зохион байгуулагдаж буй “Шинэ зууны ёс зүй”
сэдэвт бага хурал эхлэхийн өмнө Сера Жи хийдийн лам нар уншлага
уншлаа. Энэтхэг, Карнатака, Тумкур, 2014.12.21.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Их сургуулийн танхимын индэр дээр Сера Жэ хийдийн лам нар уншлага уншив. Их сургуулийн дэд захирал зочдод мэндчилгээ дэвшүүлсний дараа Дээрхийн Гэгээнтэн, мөн Шри Шивакумара Махасвами нарт цэцгийн хэлхээ болон баглаа гардуулсан байна. Тумкур их сургууль болон Сера Жэ хийдийн сургуулийн хооронд бий болсон ойлголцлын талаар, мөн пракрит, пали хэл, буддын судлалын чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ хамтран зохион байгуулсан тухай хурлын дарга оролцогчдод таницууллаа. ‘Шинэ зууны ёс зүй’ сэдэвт энэ удаагийн бага хурал нь тэрхүү цуврал арга хэмжээний нэг хэсэг болон зохион байгуулагдаж байгаа ажээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн ба бусад зочдыг урьж, арга хэмжээг нээн ёслолын гал асаахыг хүслээ. Үүний дараа бага хурлын горимыг танилцуулсан номыг тараасан байна.

Карнатака мужийн хоёр сайд Жаяачандра, Анжанеяа нар каннада хэлээр мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь хурлын дарга гол илтгэл тавихыг Дээрхийн Гэгээнтнээс хүслээ.

“Ахан дүүс нар аа, Энд дахин ирсэндээ би туйлын баяртай байна. Мөн Свими жи-тэй дахин уулзах завшаан тохиосонд маш талархаж байна. Тэрээр 100 давсан насыг зооглож байгаа бөгөөд түүнтэй уулзсанаар 100 наслах эрмэлзэл надад төрж байна. Энэ удаагийн бага хурлыг та бүхэн зохион байгуулж байгаа нь гайхалтай хэрэг” хэмээн яриагаа эхэллээ.

“Албархуу харьцаанд би бага анхаардаг бөгөөд өөрийгөө нийт 7 тэрбум хүний нэг гэж үздэг. Бид нийгмийн амьтад учраас бидний амьдрал бие биенээсээ хамаардаг. Уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн улмаас хүн төрөлхтний сайн сайхны тухай бодох нь эн тэргүүний асуудал болон хувираад байна.”

“Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага
хурлын нээлтийн ажиллагаан дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Тумкур, 2014.12.21.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Эд материалын хөгжил чухал боловч түүгээр бие махбодийн тав тухыг л хангаж чадна. Сэтгэлийн амар амгалан бол эрүүл энх байхад чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэд улам бүр нотлох боллоо. Дулаан уур амьсгал бүхий гэр бүл баян ядуугаасаа үл хамааран аз жаргалтай байдаг бол баян хэрнээ хайр энэрэл дутсан гэр бүл аз жаргалгүй байдаг.”

Материаллаг хөгжил чухал боловч дангаараа биднийг аз жаргалтай болгож чадахгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн давтан хэлэв. Үнэн хэрэгтээ эд материалын хөгжил нь шунал, атаархал, өрсөлдөөн, бухимдлыг өдөөдөг. Энэ л шалтгаанаар дотоод үнэ цэнийн талаар хүмүүст боловсрол олгох шаардлага бидэнд тулгараад байна хэмээн өгүүлэв. Аливаа нэг шашин хичнээн гайхалтай байлаа ч 7 тэрбум хүнд дангаараа сэтгэл ханамжийг өгч чадахгүй. 1 тэрбум хүн өөрсдийгөө шашингүй хэмээн зарладаг, аль нэг шашны сүсэгтэн олны дунд ч сүсэг бишрэл нь тууштай бус, итгэл бишрэл нь чин шулуун бус, зөвхөн аман дээрээ шүтдэг хүмүүс байдаг.”

“Дэлхий даяар авилга хаа сайгүй хорт хавдар лугаа өсөн тэлж байгааг бид харж байна. Түүнчлэн баян ядуугийн ялгаа ихсэж, хэтэрхий олон хүн зөвхөн өөрийгөө бодохоос өрөөлийн төлөө санаа хангалттай тавихгүй байна. Шашны бүх уламжлал ёс зүйн ойлголт, ёс суртахууны зарчмыг түгээдэг. Энэтхэг орон шашны бүх урсгал хийгээд шашингүй үзэлтнүүдийг хүртэл хүндэтгэх иргэний хандлагыг эртнээс тунхаглаж ирсэн. Энэ хандлагыг өнөөдөр түгээх нь нэн чухал ач холбогдолтой байна. Орчин үеийн иргэний боловсролын тогтолцоонд ёс зүйг нэвтрүүлэх талаар бид ажиллах хэрэгтэй байна. “

“Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагаа
Лам нар болон оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг
сонсч байгаа нь. Энэтхэг, Карнатака, Тумкур, 2014.12.21.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Түүнээс гадна би хэдийгээр буддист лам хүн боловч бүх томоохон шашин хайр, хүлээцтэй байдал, өршөөл, хувийн сахилга бат гэсэн нийтлэг сургаалийг номлодог гэдэгт итгэлтэй байдаг. Тийм ээ, бидэнд гүн ухааны өөр өөр үзэл баримтлал байдаг ч, уг үндэс сууриараа бид нэг л зорилгод тэмүүлдэг. Бидэнд шашны янз бүрийн уламжлал хэрэгтэй. Энэтхэг улс шашны бүх урсгал эв зохицолтойгоор зэрэгцэн орших боломжтойг харуулснаараа онцгой билээ.”

Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө 8 дугаар зуунд Шантаракшитагийн Төвөдөд дэлгэрүүлж, тэндээ хадгалагдан үлдсэн Наландагийн уламжлалыг гүнээ ухамсарласан төвөд хүн хэмээн үздэгээ тэмдэглэн хэлэв. Тэрээр төвөдчүүд энэтхэг хүмүүсийг өөрсдийн багш буюу гүрү, харин өөрсдийгөө шавь буюу чела хэмээн үздэг гэдгийг байнга хэлдгээ давтан хэллээ. Гэхдээ Наландагийн уламжлал Энэтхэг оронд өсөлт бууралтыг үзсэн бол Төвөдөд амьд хадгалагдан үлдэж чадсан учраас тэд сайн шавь нар гэдгээ батлан харуулсан хэмээн хэлэв. Наландагийн их бандида нар сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаар гүн гүнзгий тайлбарыг бидэнд өвлүүлэн үлдээсэн бөгөөд өнөөдөр тэрхүү мэдлэгийг илүү өргөн хүрээнд түгээх аваас маш тустай зүйл болох ажээ. Өөрөөр хэлбэл Мадхьямака буюу төв үзлийн гүн ухаан хийгээд квантын физикийн хооронд олон нийтлэг зүйл байдаг ажээ.

Танхимд суугаа хүмүүст хандан асуулт тавихыг Дээрхийн Гэгээнтэн хүсэхэд, эхний асуулт шашнаа солих асуудлыг буддын шашинд хэрхэн үздэг тухай байлаа. Винайн ёсоор ном номлохыг түүнээс хүсэх хүртэл багш ном заах ёсгүй тухай тодорхой заасан байдаг учраас хэн нэгнээс сүсэг бишрэлээ солихыг шаардах тухай асуудал байхгүй нь ойлгомжтой хэмээн тэр хариулав. Гэхдээ доктор Амбедкар кастын ёсны ялгаварлан гадуурхахын эсрэг ажиллаж байгаа бөгөөд буддизмд орж байгаа нь энэ үйлдэлтэй нь нийцэж байгаа хэмээв. Буддист хүний хувьд доктор Амбедкарын шийдвэрийг гүнээ биширч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн байна.

“Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад хүндэт зочид
“Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагааны
үеэр. Энэтхэг, Карнатака, Тумкур, 2014.12.21.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хоёр дахь асуултад, энэ асуудал улам хурцдаж, дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа учраас энэ гариг бол бидний цорын ганц гэр, түүний төлөө санаа тавих ёстой гэдгээ бид ухамсарлаж эхэлж байна хэмээн тэрээр хариуллаа. Түүний хүсэл зоригийн тухай асуухад, тэрээр дэлхий ертөнцийг илүү амар амгалан, илүү аз жаргалын орон болно гэдэгт найдаж байгаа, гэхдээ тэр цагийг үзнэ гэж найдахгүй байгаа хэмээн өгүүлэв. Гэхдээ 21 дүгээр зууны иргэд одооноос эхлэн хүчин чармайлт гаргаваас дэлхийг илүү сайхан болгоно гэсэн хэтийн зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Дэлхий дахинд хүчирхийлэл асар ихээр үйлдэгдэж байгаа нөхцөлд дотоод амар амгалангаа хэрхэн хадгалдаг талаар асуухад, нялх балчиртаа хүртэж байсан асар их хайр энэрлийг хожим нь бид ихэнхдээ мартдаг тухай Дээрхийн Гэгээнтэн санууллаа. Тэр хайр энэрлийг тэр чигээр нь хадгалахын тулд хүчин чармайлт гаргахыг санал болгов. Эцэст нь тэрээр өнөөгийн залуучуудад хандан,

“Бусдад тусал. Бусад хүмүүст аз жаргал бэлэглэ. Хэрвээ ингэж чадахгүй бол бусдад хор хөнөөл бүү үзүүл” хэмээн айлдав.

“Шинэ зууны ёс зүй” сэдэвт бага хурлын нээлтийн ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тумкур их сургуульд зочлох үедээ
Төвөдийн Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн оюутнуудтай уулзлаа.
Энэтхэг, Карнатака, Тумкур, 2014.12.21.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Төвөдийн Шинжлэх Ухааны Нийгэмлэгт харьяалагддаг оюутнууд Тумкур их сургуулийн зочны хувьд Мадан Мохан Малвиа байранд хоёр жил тутам явагддаг уулзалтаа дөнгөж дуусгаад Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахаар үдийн хоолны дараа хүрэлцэн ирсэн байна. Ийм нийгэмлэг байх нь чухал ач холбогдолтой учраас жил тутам уулзаж байх талаар хичээх ёстойг Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хэллээ. Орчин үеийн болон уламжлалт боловсролын сайн чанаруудыг хослуулах нэн шаардлагатай байгааг тэрээр тэмдэглэв. Орчин үеийн шинжлэх ухаан судалгаа, туршилт дээр суурилдаг нь өөрийн заасныг сохроор даган хүлээж авахгүй байхыг шавь нартаа сургасан Бурхан Багшийн сургаалтай нийцэж байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Тэрээр түүний хэлснийг шинжлэн нягтлах, шийдвэр гаргахын тулд учир шалтгааны ухааныг хэрэглэхийг шавь нартаа зөвлөдөг байсан байна. Шаардлага гарсан үед нь Шинжлэх Ухааны Нийгэмлэгийг дэмжихэд бэлэн гэдгээ Дээрхийн Гэгээнтэн оюутнуудад хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Тумкурыг орхин Давангерийг зорин хөдөлсөн бөгөөд тэндээ нэг хоноод, маргааш өглөө Төвөдийн Мундгод сууринд очиж, Гандан Жанзэ хийдэд “Бодь Мөрийн Зэрэг” ном айлдах болно.

Үзсэн: 2 307

Холбоотой мэдээ:
  • "Оюун ухаан ба Амьдрал" хурлын хоёр дахь өдөр. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Сера хийд. 2015.12.15.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд хүрэлцэн ирлээ
  • Канадын парламент дахь Төвөдийн анд нөхөдтэй хийсэн уулзалт
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам 26 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтад оролцохоор Мундгод хотноо хүрэлцэн ирэв
  • Дээрхийн Гэгээн Далай лам Тумкур их сургуульд зочилж, Банглорт суурьшсан төвдүүдтэй уулзлаа.
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц