Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна-1 дэх өдөр: Оюун ухаан, Тархи, Матери

19-01-2013, 05:44  |  Хэвлэх

2013 нэгдүгээр сарын 18

Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи, 2013.1.17 - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтнийг хүлээж эрдэмтэд, лам нар, оюутнууд болон зочдоос бүрдсэн 1000 орчим хүн цугларсан тул хийдийн гол сүм хөл хөдөлгөөнд дарагдсан байлаа. Чанга яригч, видео дэлгэцийг олноор байрлуулсан нь сүмийн голд Дээрхийн Гэгээнтнийг тойрон суусан эрдэмтдийн ярилцлагад хуран цугласан олон хаана ч суусан оролцох боломжийг олгосон байв. Дээрхийн Гэгээнтнийг суудалдаа залармагц, Дарамсала дахь Төвдийн архив, номын сангийн эрхлэгч Геше Лхагдор хүрэлцэн ирсэн бүхэнд талархаад, орчин үеийн шинжлэх ухаан болон Буддын ухаан, гүн ухааны төлөөллийн хооронд ярилцлага хийх санааг гаргасан Дээрхийн Гэгээнтний санаачлагыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Дацан хийд, лам нарын орчинд энэ удаагийн уулзалт болж байгаагаараа ач холбогдолтой хэмээн тэрээр тэмдэглэн хэлсэн юм.

Өнөөдрийн сэдэв Бодит байдлын мөн чанарын талаархи Буддын ба шинжлэх ухааны үзэл баримтлал байв. “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ерөнхийлөгч Артур Зажонц 25 жилийн өмнө анхны уулзалт ярилцлагаа зохион байгуулж байснаа дурсан яриад, өнөөдөр дацан хийдийн сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны мэдлэг тусгагдах болсныг тэмдэглэн хэлэв. Энэ бол эр зориг шаардсан алхам боловч, шинжлэх ухаан бол материализмын дайвар бус, харин бодит байдалд нэвтрэх оролдлого гэдгийг тодруулан хэлсэн байна.

“Оюун ухааны хүчийг ашиглан, мэдрэхүйн өгөгдлийг бид дагадаг. Лабориторт хийсэн бидний судалгаа бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө чиглэгдсэн байдаг” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.

Ричие Давидсон хэлэхдээ “Бидний ололт нээлт аль хэдийнээ эрүүл мэнд болон боловсролын салбарт ашиг тусаа өгч эхэлсэн бөгөөд тэдгээрийг бясалгалын практикт хэрэглэх боломжтой” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна-1 дэх өдөр: Оюун ухаан, Тархи, Матери
Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь
бага хурлын эхний өдрийн хуралдаан дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Мундгод, Брайбун хийд. 2013.1.17. Фото/Нэд Данн
Танхимд цугларсан олны ихэнх нь Төвд хүмүүс учраас Дээрхийн Гэгээнтэн өөрийн төрөлх хэлээрээ ярьсан нь дээр хэмээн үзэв. Англи орчуулга хэрэгтэй нэгэнд туслахаар хэд хэдэн орчуулагч шууд ажилдаа орлоо. Энэ удаагийн бага хурал II Далай ламаас эхлээд үе үеийн Далай лам нар харьяалагдаж байсан, Төвдийн Наланда болох Брайбун хийдэд болж байгаагаараа онцлог хэмээн өчигдөр эрдэмтдэд хэлж байснаа Дээрхийн Гэгээнтэн давтан хэллээ. Эдгээр эрдэмтдээс нилээн хэдийг нь тэрээр олон жилийн өмнөөс таньдаг бөгөөд тэд асуудалд бодитой ханддаг, оюунлаг, эрч хүчтэй зэрэг зан төлвөөрөө Арьяадевагийн шалгуурт тэнцсэн буюу эрдэм мэдлэгийг жинхэнэ утгаар нь хүлээн авагчид хэмээн Далай лам батлан өгүүллээ.

“Намайг шулуухан хэлдгийг бүгд мэднэ, бид дацан хийдийнхээ сургалтанд эх зохиол дээр ажиллахыг гол болгодог бол одоо учир шалтгааныг нягтлах тал дээр мөн анхаарах хэрэгтэй байна. Бодит байдлыг судлах буддын аргаар бид учир шалтгааныг шинжлэх уламжлалт дөрвөн зарчим, тухайлбал хамаарал, үйл хөдлөл, мөн чанар ба нотолгоог ашигладаг” хэмээн Далай лам айлдлаа.

Эрдэмтэд судалгаа шинжилгээндээ баримт нотолгоог эрэлхийлдэг шиг санагддаг гээд, үүний тулд тэд үйл хөдлөл, хамаарал болон мөн чанарын эрэл хайгуул хийдэг хэмээн Далай лам айлдав. Энэ хоёр хандлага зэрэгцэн ажиллаж байгаа мэт санагдана. Бодьгалд бус үгэнд номлосон, үгэнд бус утганд номлосон, ердийн утга бус магадтай утганд номлосон, мэдрэхүйгээр мэдрэгдэх зүйлд бус, оюун ухаанд номлох гэсэн буддист судалгааны удирдамж болсон дөрвөн тулгуур зарчмыг тэрээр мөн санууллаа. Тэр юмс үзэгдлийг (илрэх байдлаар нь) далд ухагдахуун ба машид далд ухагдахуун хэмээн хуваадаг Буддизмын ангиллаас мөн эш татав.

Буддын уламжлал сэтгэлийн сөрөг хандлагыг ялан дийлэх замаар аз жаргалд хүрэх арга замыг заадаг бол шинжлэх ухаан үнэн ба бодит байдлыг хайхад ач холбогдол өгөхийн хамт материаллаг хөгжилд анхаарсаар ирсэн. Буддист болон орчин үеийн шинжлэх ухааны аль аль нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх нийтлэг хандлагатай билээ.

“Энд хүрэлцэн ирсэн лам нар сонсох, санах, бясалгах буддист уламжлалаа хадгалахын зэрэгцээ шинжлэх ухааны гүн гүнзгий судалгааны талаар ч зарим ойлголтыг олж авна гэдэгт би найдаж байна. 1955 онд Мао дарга миний оюун ухааны шинжлэх ухаанч хандлагыг магтаж байсан хэдий ч 1960-аад онд Хятадууд буддизм мухар сүсгээс хэт хамааралтай тул Төвдүүд үүнээсээ салах шаардлагатай гэж шүүмжилж байсан”

“Шинжлэх ухааныг сонирхох өөрийн хүслээ багш нартаа хэлэхэд, тэд түүнийг судлах утга учир бий хэмээн хариулсан юм. Гэхдээ бид шинжлэх ухааныг сонирхож байгаа ч, түүнд бүх хүч энэргиэ зориулах ёстой гэсэн үг биш юм. Би ихэнх цагаа хайр энэрэл, нигүүлсэл болон билиг ухааныг бясалгахад зориулдаг бөгөөд энэ нь шинжлэх ухааныг сонирхох миний сонирхлын эх сурвалж мөн. Энэ нь мөн учир шалтгаан хийгээд Мадхямика буюу төв үзлийг үзэх миний хичээл болдог бөгөөд миний сэтгэх арга замыг тодорхойлохын хамт эрдэмтдэд тус нэмэр болж байна” хэмээн Далай лам айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна-1 дэх өдөр: Оюун ухаан, Тархи, Матери
“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын эхний өдрийн хуралдаан дээр
Артур Зажонц үг хэлж байгаа нь. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд.
2013.1.18. Фото/Жереми Рассел/ДЛО
Буддист болон шинжлэх ухааны үзэл баримтлалын талаархи илтгэлдээ Артур Зажонц, Потала ордны дээвэр дээрээс өвөг дээдсийнхээ дуран авайг ашиглан сарыг тольдож байсан залуу Далай лам болон хэдэн зууны өмнө агуу их нээлтийг хийсэн Галилейн нээлтийн хоорон дахь уялдаа холбооны талаар оролцогсдод мэдээллээ.

“Та хараад, тунгаан бодсон. Нарны гэрэл саран дээр сүүдрээ тусгасныг та харсан. 1607 онд Галилей өөрийн хийсэн дуран авайг ашиглан, саран дээрх уулсыг харсан. Тэр шинжлэх ухааны судалгааны явцыг өөрчилсөн юм. Гэсэн ч, 1633 онд Католик сүм хийд түүнийг тэрсүү үзэлтэн хэмээж, гэрийн хорионд хорьсон билээ.”

Дээрхийн Гэгээнтэн “Саран дээрх туулайг” хараагүй, харин сүүдрийн чиглэлийг хараад энэ бол нарны гэрлээс эхтэй гэсэн дүгнэлтийг би хийсэн юм. Би түүнийг багш нартаа үзүүлсэн бөгөөд тэд ч миний ойлгосныг хүлээн зөвшөөрсөн” хэмээн хариулав.

“Шашин ба шинжлэх ухааны хамтарч байгаагаар түүхийн үйл явц өөрчлөгдөж байгаа, үүнд Дээрхийн Гэгээнтний хувь нэмэр хэмжээлшгүй их гэдэгт би итгэдэг. “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэн энэ хоёр салбарыг ойртуулах зорилтыг өөртөө тавьж байна” хэмээн Артур Зажонц нэмж хэллээ.

Ричие Давидсон ,
“Неврологийн ухаан яагаад ийм баян, үр дүн нь яагаад ийм үр өгөөжтэй байдаг вэ? Учир нь бидний асуултын ихэнх нь Буддизмын цөм болсон асуудал буюу би гэж юу болох, хаана байдаг тухай асуулт байдаг. Тархины үйл ажиллагааны хүрээнд ойлголтын ба эс ойлголтын сэтгэлгээний ялгаа, сэтгэлийн эерэг ба сөрөг хандлагын ялгаа юунд оршдог вэ?” гэсэн асуудлыг хөндлөө.

Гадаад төрхөөр үнэлэх үнэлгээнд тархи тэр бүр зөв байдаггүйг тэрээр үзүүлэнгийн тусламжтай товч танилцуулсан байна.

“Хүний тархи нь магадгүй дэлхий дээрх материйн хамгийн нарийн төвөгтэй хэсэг нь мөн бөгөөд түүний хэрхэн ажилладаг талаар эрдэмтэд тун бага төсөөлөлтэй байсаар байна. Гэхдээ энэ нь солиорол ба саруул ухааны эх үүсвэр гэдгийг бид мэднэ” хэмээн тэр хэлэв.

Үдээс хойших хуралдаан дээр “Шинжлэх ухааны далайц, Мэдлэг ба Бодит байдлын мөн чанар” сэдвээр тавих илтгэлээ Түвдэн Жинба төвд хэл дээр тавих болсноо мэдэгдэв. Буддын гүн ухааны тун чухал асуудал болох агшин зуурын тогтмол бусын тухай ойлголтыг шинжлэх ухаанд огт өөрөөр тайлбарладаг болохыг тэр дурьдлаа. Сүм хийдийн сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааныг оруулах шийдвэр өнгөрсөн жил гарсан боловч, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сайтар хэлэлцэх шаардлагатай байгааг тэрээр тэмдэглэн хэлэв. Учир нь лам нарын сургалтаас хамааран, тэдэнд шинжлэх ухааныг таниулах нь, жирийн сургуулийн сурагчдад таниулахтай адилгүй ажээ.

“Шинжлэх ухаан хэрвээ судалгаа шинжилгээний арга барил юм бол түүний онцлог шинж нь юу вэ? Өнөө өглөө “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн захирал Дээрхийн Гэгээнтний сонирхол болон сарыг ажигласан ажиглалтын талаар хэлсэн шиг шинжлэх ухаан нь ажиглах, туршилтын мэдээлэл дээр суурилан таамаглал дэвшүүлэх, таамаглалыг туршиж үзэх зэргийг өөртөө агуулна. Буддизм ч, шинжлэх ухаан ч үнэн учрыг олох үүрэгтэй.”

Анне Харрингтон өөрийн биеэр ирэх боломжгүй болсон тул эхнэрийнхээ өмнөөс Жон Дурантын тавьсан илтгэлийг Дээрхийн Гэгээнтэн анхааралтай сонссон байна. Мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг үзүүлсэн зураг үзүүлэнгийн тусламжтайгаар Вэнди Хасэнкамп тархины үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.

Неврологийн шинжлэх ухаан оюуны нарийн түвшинд оюун ухаан ид ажиллаж байгаа болон зүүд нойрны үед мэдрэл унтаа байгаа үеийн ойлгох ба үл ойлгох үйл явцыг ялгах чадвартай болбол тун тустай сан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
Үзсэн: 3 525
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц