Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн уулзалтанд оролцлоо - 6 дахь өдөр: Хаалтын ажиллагаа

24-01-2013, 23:32  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 23

Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи – “Оюун ухаан ба Амьдрал “ 26 дахь удаагийн бага хурал нь онцгой үйл явдал болж байгаа бөгөөд энэ өглөө хаалтын ажиллагаанд оролцохоор Брайбун Лачи хийдэд олон тооны төвд лам хувраг, нийт 8000 орчим хүн дахин хуран цугларсан байна. Энэхүү үйл явдлыг дэлхий нийтэд ч ихээхэн анхаарч байгаа ажээ. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын албанаас эрхлэн гаргадаг цахим хуудсаар энэ үйл явдлыг дамжуулсан бичлэгийг энэ хугацаанд 240,000 удаа харсан гэх дүн бүртгэгдсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал”  26 дахь удаагийн уулзалтанд оролцлоо - Өдөр 6: Хаалтын ажиллагаа
“Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн бага хурлын төгсгөлийн
хуралдаанд оролцохоор Брайбун Лачи хийдэд Дээрхийн Гэгээнтэн
морилон ирж байгаа нь. 2013.1.22. Фото/Жереми Рассел/ДЛО
Диана Чапман Уолш Дээрхийн Гэгээнтэнтэй мэндчилээд, бага хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлэв. Дараа нь тэр Төвдийн буддист сүм хийдүүдэд шинжлэх ухааныг таниулах талаар хэрэгжиж байгаа төслийг танилцуулахыг гэвш Лхагдороос хүслээ. Лхагдор талархлын үг хэлснийхээ дараа,

“Шинжлэх ухаан ба Буддизмын хооронд өрнүүлж буй энэхүү ярилцлага нь хүний аз жаргалыг дэмжиж, зовлон шаналлыг арилгах үйлст чиглэгдэж байгаа билээ. Шинжлэх ухаан гэсэн үг нь мэдлэг гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд дутуу дулимаг мэдлэг бол зовлонгийн шалтгаан болдгийг та бид мэдэж байгаа. Тиймээс зовлон шаналлыг нимгэлэхийн тулд дэлхий ертөнцийн талаархи гүн гүнзгий мэдлэгийг олж авах шаардлага бидэнд тулгарч байгаа байгаа бөгөөд энэ тухайд шинжлэх ухаан ба Буддизм адил зорилготой” гэв.

Санал санаачилга ямар хэлбэртэй байхаас үл хамааран, цаасан дээр зүгээр л бичигдээд үлдэх бус, харин амьдралд хэрэгжих нь туйлын чухал хэмээн тэр үргэлжлүүлэн хэлэв. Буддизмыг шүтэн дагах нь юу болохыг тэр бүр мэддэггүй буддистууд олон байдаг шиг ард иргэдийн олонхи нь шинжлэх ухааны онолыг ойлгодоггүй хирнээ үр шимийг нь хүртээд сэтгэл таатай явдаг. Энэхүү ярилцлага бол аль алийг нь ойлгох ойлголтыг сайжруулах оролдлого мөн.

Арван жилийн өмнө Төвдийн Номын Сан ба Архивт (ТНСА) шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулах ажлыг даалгасан байна. Амчок ринбучи энэ ажлын эхийг тавьж, 2005 оноос гэвш Лхагдор өргөжүүлэн хийж байгаа ажээ. Шинжлэх ухааны ном зохиол төвд хэл дээр шаардлагатайн улмаас тэдгээрийг бэлдэх ажлыг эхлүүлсэн байна. Үүний тулд зургаан төвд хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-ын Жеоржиа муж, Атланта хотын Эмори их сургуульд суралцаад ирсэн бол, хоёр дахь баг одоо суралцаж байгаа ажээ. Төвдийн Буддизмын бүх урсгалын эмэгтэйчүүдийн ба лам нарын 24 сүмийн оюутан шавь нарт зориулж, жил бүр зуны сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Шинжлэх ухааны талаархи эдгээр ерөнхий сургалтаас гадна шинжлэх ухааны удирдлагын хөтөлбөр мөн хэрэгжиж байгаа ажээ.

Лам, гэлэнмаа нар өөр өөрсдийн сүм хийдэд бясалгалын ухаанд суралцаж байгаа боловч, эрдэмтэд тэднийг мөн анхааран судалж байгаа ажээ. Үүнээс үүдэн, ийм төрлийн практик мэдлэг бүхий хүмүүс хэрэгтэй байгаа хэмээн тэр хэллээ.

Эх болсон хамаг амьтны талаар санаа тавих нь Төвдийн буддын соёлд түгээмэл зүйл боловч, үүнийгээ үйл хэрэг болгох шаардлага байна. Барууны орнуудын шинжлэх ухааны уламжлалд чухал асуудлуудын талаархи олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс нийтэд зориулсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хандлага байдаг. Үүний нэг жишээ нь эрүүл мэндийн халамж үйлчилгээ юм. Лам нар ном үзэх, багшийн зэрэг авах гэж ихэнхдээ уйгагүй ажилладаг хирнээ өвчний эрхшээлд ордог хэмээн гэвш Лхагдор харамсан хэлэв.Энэ алдагдлыг нөхөхийн тулд энгийн алхам хийх хэрэгтэй гэж тэр нэмж хэллээ.

“Төвдүүд сүм хийдэд очихдоо сүм хийдийн барилга болон бурхан шүтээнийг гайхан биширдгээс, мэдлэгийн эрднийн сан тэнд байгаа гэдгийг үнэлдэггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн байнга анхааруулан хэлдэг” хэмээн үргэлжлүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал”  26 дахь удаагийн уулзалтанд оролцлоо - Өдөр 6: Хаалтын ажиллагаа
“Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн бага хурлын төгсгөлийн
хуралдааны үеэр гэвш Лхагдор шинжлэх ухааныг Төвдийн буддын
сүм хийдэд таниулах төслийн талаар танилцуулж байгаа нь.
2013.1.22. Фото/Жереми Рассел/ДЛО
Лам хувраг нарын сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны мэдлэгийг оруулах талаар өнгөрсөн жил шийдвэр гарсан байна. Сургалтын гурван том төв болох Брайбун, Сэра, Гандан хийдээс энэ ажил эхлэх бөгөөд цаашид гэлүгба урсгалын лам хуврагаар хязгаарлагдахгүй, нэгдэхийг хүсч байгаа бусад урсгалд мөн нээлттэй байх ажээ. Оюутан шавь нар ламын үндсэн эрдэм боловсролд 10 жилийн турш суралцаж төгсөх ёстой бөгөөд зуны сургалтад хамрагдсан нэг нь сүм хийддээ үргэлжлүүлэн багаар бодоход нэмж хоёр жил сурах ёстой ажээ. Түүний үзэж байгаагаар, оюутнууд шинжлэх ухааны боловсрол эзэмшихээсээ өмнө өөрийн уламжлалт мэдлэгтээ төгс гүйцэд боловсрох ёстой гэнэ. Одоогийн байдлаар сүм хийдийн боловсролыг өргөжүүлэх энэхүү оролдлогод ямар нэг доголдол гараагүй байгаагаас гадна сүм хийдийн захиргаа болон хамба нар ч сайн дэмжиж байгаа ажээ. Энэхүү санаачилгаас тодорхой үр дүн хэзээ гарна гэж та бодож байгаа вэ хэмээн нэгэн хүн Дээрхийн Гэгээнтнээс асуухад, тэрээр “100 жил” хэмээн хариулсан юм.

Дараа нь гэвш Лувсан Тэнзин Нэги Эмори Төвдийн Шинжлэх Ухааны Санаачлагын (ЭТШУС) нэрийн өмнөөс үг хэлэв. Дээрхийн Гэгээнтэн 1986 онд энд Брайбун хийдэд морилон ирэхдээ, лам хувраг нарт шинжлэх ухааныг судлах шаардлагын талаар хэлж, Буддын ухаан ба буддын гүн ухааныг судлахад нь эрдэмтдэд дэмжлэг өгч байсныг тэрээр дурсан ярив.

“1987 онд та “Оюун ухаан ба Амьдрал” ярилцлагыг эхлэхэд тусалсан нь таны алсын хараатай бодлогын бас нэгэн илрэл болж байна. Дараа нь сүм хийдийн сургалтад шинжлэх ухааны хичээл оруулах явдлыг баталгаажуулж, ажил хэрэг болгох үүднээс ТНСА-ыг Эмори их сургуультай холбож өгсөн.”

Тэрээр энэхүү үйл явцыг гурван үе шат болгон хуваасан бөгөөд 2006-2007 он буюу Төлөвлөлтийн үед Дээрхийн Гэгээнтний удирдлага дор Төвдийн ба барууны туршлагатай эрдэмтэд төлөвлөгөө боловсруулсны дагуу физик, невролог, биологийн хичээлийг хоёр хэл дээр заахаар шийдсэн байна. 2008-2013 он буюу Хөгжлийн үед хичээлийн курсууд боловсрогдсон ба 2014-2023 оныг Хэрэгжүүлэлтийн үе шат хэмээн төлөвлөж буй ажээ. Гэвш Лувсан Тэнзин Нэгигийн хэлснээр Хөгжлийн үе шат өндөрлөх тийшээ хандаж байгаа тул хөтөлбөрт хамрагдсан нэгэн нь ЭТШУС-ыг эхлүүлэхэд бэлэн бөгөөд хүслэн болж байгаа хэмээн тэр хэлэв. Сургалтын гурван том төв нь зургаан зууны турш оршин тогтносоор ирсэн тул сургалтын тогтсон хандлагыг эвдэхгүйгээр өөрчлөлт хийх нь сорилт болох нь дамжиггүй.

Эхний дөрвөн жилд шинжлэх ухааныг Зод (Абидарма) зиндаа, үлдсэн хоёр жилд гаарамба зиндаатай уялдуулан заах ажээ. Хөтөлбөрийн тухайд богино хугацааны сургалтад гадаадын багш нарын дэмжлэг хэрэгтэй байгаа учраас тэдний ирэх боломжийг бодолцон сургалтыг зуны хугацаанд явуулах боломжтой. Гэхдээ сургалт лам нарын мэтгэлцэх арга барилаар явагдах тул эцсийн эцэст төвд багш нараас шалтгаалах ажээ. Гэвш Лувсан Тэнзин Нэги дүгнэж хэлэхдээ,

“Бид Дээрхийн Гэгээнтний амлалт үүргийн хэрэгжилтийн нэг хэсэг болж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд энэхүү мөрөөдлийн төслийн бүрэлдэхүүн болохдоо сэтгэл өндөр байна. Олсон ямар ч ололт амжилтаа шашны багш нартаа өргөн барьж байна” гэв.

Диана Чапман Уолш Дээрхийн Гэгээнтнээс үг хэлэхийг хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал”  26 дахь удаагийн уулзалтанд оролцлоо - Өдөр 6: Хаалтын ажиллагаа
Дээрхийн гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал“ 26 дахь
удаагийн бага хурлын төлөөлөгчдийн хамт. Энэтхэг, Мундгод,
Брайбун Лачи хийд. 2013.1.22. Фото/Жереми Рассел/ДЛО
“Энэхүү бага хурал нь мөн чанараараа бусад хурлаас өөр юм. Энэ бол эрдэмтэн мэргэдтэй бидний уулзаж байгаа 26 дахь тохиолдол боловч, энэ удаа уулзаж байгаа газар маань өөрчлөгдсөн. Энд Брайбун хийдэд хэдэн зууны турш сургалт тууштай явагдаж ирсэн бөгөөд үе үеийн Далай лам нартай нягт холбогдох хувь тохиосон хийд юм. Олон хүн энэ бага хуралд идэвх зүтгэлтэй оролцсон ба хэдийгээр би асуулт хариултын хэсэгт оролцоогүй ч, хэрхэн явагдаж байгаад хүмүүс сэтгэл хангалуун байгаа гэж би дуулсан. Энэ бага хурал утга төгөлдөр болсонд би баяртай байна.”

“Орон нутгийн сүм хийдүүд зохион байгуулах ажилд хувь нэмрээ оруулсанд би талархлаа илэрхийлж байна. Гандан Ширээт болон бусад лам нар хурлыг даргаллаа, үүнд би баяртай байна. Дээр нь өндөр нас сүүдэр зооглосон ч, олон эрдэмтэн, их багш нар оролцож, лам нарын оюутны байр болон ойр орчмын сургуулиас олноороо ирсэнд бас талархлаа илэрхийлж байна. Эрдэмтдийн ихэнх нь миний найз нөхөд бөгөөд тэдний үнэнч зан чанарт баярлаж буйгаа хэлье. Та бүхэн бие биетэйгээ илэн далангүй байлаа, энэ маш их хэрэгтэй байсан” хэмээн Далай лам айлдлаа.

Буддын ухаан,буддын гүн ухаан болон орчин үеийн шинжлэх ухаан харилцан бие биенээ нээж байсан тэр үеийг Дээрхийн Гэгээнтэн дахин эргэн дурсав. Тэрээр хүүхэд байхдаа юмс хэрхэн ажилладгийг мэдэх гэж сониучирхдаг байсан бөгөөд цаг, тоглоомнуудаа задалдаг байсан байна. Буддын танин мэдэхүйн онол хийгээд логик ухааныг судалж эхэлсний дараа ийм байхын тулд юмс хэрхэн тохиолддог тухай түүний сониуч зан нь улам хурцлагджээ. Эцэст нь тэрээр шинжлэх ухааныг аажмаар сонирхох болсон байна. Төвдийн буддизмын задлан шинжлэх арга барилаар бахархахын хамт, өөр аргаар боловч, харилцан нөхөх аргаар үнэнийг эрж байгаа орчин үеийн шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрөв. Ийнхүү хүлээн зөвшөөрснөө зөвхөн өөртөө хадгалах бус, харин бусадтай хуваалцах ёстой гэж тэр үзсэн юм.

Шинжлэх ухаан анхаарал сарниулах болно гэж санаа зовох хүмүүс байсан боловч, 1999 онд Амчок ринбучи Дээрхийн Гэгээнтнээс шинжлэх ухааныг судалснаар сүм хийдэд ямар үр өгөөж гарах талаар зөвөлгөө хүссэн байна. Тэрээр зөвөлгөө өгсөн ч, тэдэнд эргээд бусадтай хуваалцах ухамсрын талаар ойлголт, туршлага буй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Хойд Америк болон Европод “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ивээл дор анхаарал, ой тогтоолтын сургалтын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсний учир нь хүмүүс үүнийг практик ач холбогдолтой, үр өгөөжтэй хэмээн үзсэнд оршино. “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн уулзалт хийх төлөвлөгөө Япон болон бусад оронд бэлтгэл шатандаа явж байна.

Төвдийн сурагчдад тэрээр хандан хэлэхдээ, XXI зуунд лам болохгүйгээр Буддизм судлах боломжтой учраас судлахыг тэдэнд уриаллаа. Төвдийн логик сэтгэлгээ хийгээд Төв үзлийн (Madhyamaka) философи нь маш их үнэ цэнэтэй эрдэм билээ. Түүнээс гадна, хамаг амьтны сайн сайхны төлөө залбирах уламжлал болон амьдралыг хамгаалах хандлага нь үнэт зүйл юм.

“Төвдүүд, ялангуяа Төвдөд байгаа хүмүүс өнөөдөр маш хэцүү нөхцөл дунд байгаа хэдий ч, биднийг найрсаг, үнэнч, халуун сэтгэлтэй гэдгийг газар газрын хүмүүс хэлсээр байна. Энэ бүхэн болон манай хэл, Бурханы шашны өв уламжлал бол бидний бахархах ёстой зүйл мөн. “

“Үүний зэрэгцээ би сүүлийн үед шинжлэх ухаанаар дэмжигдсэн эрүүл ухаан болон иргэний ёс зүй, тэдгээрийн дэлхий дахинд үзүүлэх ач холбогдлын талаар их ярьж байгаа. Бидний зорилго бол бусдын хэрэгцээ, зан төлөвт тааруулан тэдэнд үйлчлэх явдал юм.”

“Өнгөрсөн жил “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн та бүхэнтэй уулзахдаа би Өмнөд Энэтхэгт ирэхийг уриалсан ба энд халуун, бага зэрэг тав тухгүй ч, хуралдаан амжилттай өндөрлөлөө. Дараагийн уулзалт Дарамсалад болон дэлхийн өөр хаа нэгтээ дахин болохыг тэсэн ядан хүлээх болно. Та бүхэнд баярлалаа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал”  26 дахь удаагийн уулзалтанд оролцлоо - Өдөр 6: Хаалтын ажиллагаа
“Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ерөнхийлөгч Артур Зайонц
хуралдааныг хааж үг хэлж байгаа нь. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд.
2013.1.22. Фото/Жереми Рассел/ДЛО
“Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ерөнхийлөгч Артур Зайонц хуралдааныг хааж, үг хэлэв.
“Бид олон тулгуур асуудлыг авч хэлэлцэж, хүнд хүнд сэдвүүдийг хөнддлөө. Манай хоёр уламжлалын гүн гүнзгий утга учрыг таньж байгаадаа сэтгэл таатай байна. Бид сүм хийдийн хамт олонд тус нэмэр болсон гэдэгт найдаж байна. Дээрхийн Гэгээнтэн та манай хоёр уламжлалын хамтын ажиллагааны төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн шиг үлгэр жишээ үзүүлэх хүмүүс, нэг ёсондоо тань шиг хүн дэлхийд хэрэгтэй байдаг. Хоёр жилийн өмнө та Станфордын их сургууль дээр нөхөрлөлийн тухай, нөхөрлөлөөс илүү үнэт зүйл үгүй тухай та ярьж байсан. Бидний хамтын ажил болон нөхөрлөл цаг хугацааны шалгуурыг давна гэдэгт би итгэж байна. Би өөрийн илтгэлээ эхлэхдээ, гартаа дуран авай барьсан таны залуугийн зургийг үзүүлсэн. Таны үзэл бодол тэлсэн ч, таны эрч хүч буураагүй билээ. Баярлалаа” хэмээн тэр хэллээ.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн залбирлын үгээр үйл ажиллагааг хаасан байна:

Эх болсон хамаг амьтан жаргалыг олох болтугай,
Зовсон бүхэн зовлон шаналлаасаа ангижрах болтугай,
Хаа байсан газраа тэдний,
Бодьсадва (бусад амьтны сайн сайхны төлөө өөрийгөө бүрэн зориулсан нэгэн) болох хүсэл нь биелэх болтугай.
Үзсэн: 3 434
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц