Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа

23-04-2013, 16:50  |  Хэвлэх

2013 оны 04 дүгээр сарын 20

Англи, Кембриж, 2013.04.20 – Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн нарлаг сайхан байгааг ажиглан Ариун Жонсийн Коллеж рүү "Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум"-д “Хүчирхийллийн бус арга зам хийгээд Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” илтгэл тавихаар явлаа. Уг үйл ажиллагааг зохион байгуулсан 12 оюутантай товчхон уулзсаны дараа Камерун Тейлор Дээрхийн Гэгээнтнийг индэрт урин танилцууллаа.

Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум"-ыг
зохион байгуулсан 12 оюутны хамт. Англи, Кембриж. 2013.04.20
Зургийг Нигэл Стөүн
“Ах дүү нар минь, Та нар шиг залуу, дайчин хүмүүстэй уулзсандаа би үнэхээр баяртай байна. Та бүхэн XXI зууны хүмүүс бөгөөд энэ зууныг илүү сайхнаар бүтээх боломж та нарт бий. Би XX зуунд хамрагдах бөгөөд олон талаараа хэцүү цаг үе байлаа. өдгөө “Тэд” гэдэг утгыг халж “бид” хэмээх утгаар хандах цаг болжээ. Учир нь өнгөрсөн цаг үед нэг нэгэндээ “тэд” гэсэн утгаар хандаж ирснээс болж олон асуудал үүссэн юм. Бидний амьдран буй дэлхий дээр болж буй үйл явдлыг бодитоор харвал ихэнхи асуудлуудыг хүмүүн бид нар өөрсдөө үүсгэж байна. Гэсэн ч бид энэ бодит байдлыг үл ойшоон өнгөн хэлбэртэй зууралдсаар байна. Бид асуудлыг бодитойгоор эрүүл ухаанаар харах цаг нэгэнт болжээ.”

Дээрхийн Гэгээнтэн Ирак, Афганистаны мөргөлдөөнийг дурьдав. Тэд ардчилалыг бий болгож, хүмүүсийн эрх чөлөөг баталгаажуулахын төлөө эерэг сэдлээр тэмцэж байгаа ч хүч хэрэглэж байгаа нь буруу юм. Бидний эгэл жирийн амьдралд бид ямар нэгэн зүйлийг хүсэхдээ түүнд хүрэх бодитой аргыг мэдэх хэрэгтэй байдаг.

Зарим түүхчдийн үзэж байгаагаар XX зууны хүчирхийлэл тэмцлийн улмаас 200 гаруй сая хүн алагдсан гэж тооцсон байдаг. Мөн түүнчлэн Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаясан. Бас 9 дүгээр сарын 11 нд мянга мянган гэм зэмгүй хүмүүс энэхүү хүчирхийллийн бай болсон юм.

“Одоо XXI зуунд өөр нөхцөл байдлыг бий болгох боломж байна. Мэдээж асуудал огт алга болчихгүй. Харин ч нэмэгдэж магадгүй. Гэвч хүчирхийллийн бус аргаар, энх тайвны аргаар хандах хэрэгтэй. Бидэнд итгэлцэл хэрэгтэй бөгөөд энэ нь хажуу хажуудахдаа үнэнч хандсанаар хүчтэй дэмжлэг болно.”

“Миний үе XX зуун өнгөрөн оджээ. Бид үхэх тухай эсвэл хойд төрлөө бодоод сууж байгаа. Харин та нарын залуу үеийнхэн энэ зуунд дэлхийгээ шинэ гольдролд оруулах боломж байгаа юм. Та бүхэнтэй уулзаж өөрийн туршлагаас хуваалцсан нь нэр төрийн хэрэг билээ.”

Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум"-д
хүчирхийллийн бус арга хийгээд зөрчил маргалдаан сэдвийн хүрээнд
уулзалт хийв. Англи, Кембриж. 2013.04.20 Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум” нь тулгараад буй асуудалд эхний алхам хийхийг зорьдог тул өнөөдрийн байдлаар хамгийн тулгамдсан асуудал юу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Умард болон өмнөд, баян ба ядуугийн асар их ялгаа байна. Умардад хоолны илүүдэл болж байхад өмнөдөд хүмүүс өлбөрөн үхэж байна. Энэ нь бидэнд тулгараад буй том асуудал. Өөр нэг хүсэлт, материаллаг ойлголт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед дотоод үнэ цэнээ сэтгэлдээ хадгалах хэрэгтэй” гэж Дээрхийн Гэгээнтэн чухалчиллаа. Далай Лам хэмээх энэхүү агуу үүрэг хариуцлагтаа хэрхэн ханддаг талаар нэгэн оюутан асуухад:

“ Би өөрийгээ хэзээ ч лидер гэж боддоггүй. Жирийн нэгэн Буддист лам хүн гэж боддог. Бурханы сургаалийн дагуу хамаг амьтанд өөрийн чадахын хэрээр туслахыг хичээж буй нэгэн. Миний бие, хэл, сэтгэл бусдын сайн сайхны төлөө билээ. Би өөрийн туршлагаа хуваалцдаг хэдий ч өөрийн үзэл бодлоо тулгадаггүй.”

“Өнөөгийн амьдралд бүхий л юмс харилцан уялдаатай. Хүнд хэцүү цаг болоход бидэнд ч адилхан тусдаг. Бусдад сайн сайхныг хүсэх нь жинхэнэ сэтгэл хангалууныг авчирч өөрийн ашиг сонирхлыг хөөх нь сэтгэл тогтворгүй байдлыг төрүүлдэг. Өнөөгийн боловсролын системд дотоод үнэ цэнээ үнэлэх ойлголт дутагдаж байна.”

Дээрхийн Гэгээнтэн баялгийг тэгш хуваарилан хөрөнгөлөг хүмүүсийн хөрөнгө чинээнээс авна гэдэг үзэлд итгэлтэй бус гэдгээ илэрхийлэв. Үүнийг коммунист Мао Зэдун хийхийг оролдож байсан боловч үр дүнд хүрээгүйн улмаас Дин Сиао Пин капиталист арга барилыг сонгох нь илүү бодитой хэмээн үзжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ерөнхийлөгч Хавелийн хүсэлтээр Чехославак улсад айлчилж байх үед ерөнхийлөгч социализмын сайн талуудыг зах зээлийн эдийн засгийн энергитэй хослуулан хэрэгтэй хэмээн зөвлөн ярьж байсныг дурсав.

Ариун Жонс Коллежийн мастер Крис Добсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдийн зоогонд урилаа. Үүний дараа сүмд морилон “Амар амгалан ба аз жаргалд хүрэх зам мөр” сэдэвт айлдвар хийлээ.

Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ариун Жонс Коллежийн сүмд “Амар
амгалан хийгээд аз жаргалын бодь мөр” сэдэвт айлдвар айлдлаа.
Англи, Кембриж. 2013.04.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Ах дүү нараа, надад албархуу байдал таалагддаггүй. Бид та бүхэнтэй уулзахдаа бид бүгд адилхан хүмүүс гэж бодож байна. Би Ази, Төвд, Буддист хүн гэдгээрээ та бүхнээс ялгаатай гэж бодохгүй байна. Би Далай Лам учраас ямар нэгэн гоц гойд хүн гэж ч бодохгүй байна. Ингэж бодох нь утгагүй юм. Та ч хүн, би ч хүн. Бүгдээрээ л адилхан амар амгалан аз жаргалтай амьдралыг хүсч байгаа. Гэхдээ энэхүү зорилго нь дан ганц материаллаг үнэ цэнээр биелэгдэхгүй. Бид бүгд хайр халамжийг хүсч бид бүгдэд илүү өгөөмөр нинжин сэтгэл хэрэгтэй. Ингэж эрүүл санаа сэтгэлтэй байж эрүүл бие махьбодитой байх болно.”

Дээрхийн Гэгээнтэн “Бидний дотоод амар амгаланг бусниулдаг зүйлийн нэг нь уур хилэн билээ. Америкийн сэтгэл судлаач Аарон Бек бид ууртай байх үед уур хүргэж буй зүйл нь бүрэн дүүрэн сөрөг муу болж харагддаг. Гэхдээ ингэж харахын ерин хувийг бид өөрсдөө сэтгэлдээ ургуулан үүндээ уурсаж байдаг гэж ярьж байжээ. Энэ нь бидний бодит байдлыг харахаасаа илүү гаднах өнгөнд анхаардагын жишээ юм. Бид юу хийх хэрэгтэй вэ гэвэл уур хилэнд ямар нэгэн үнэтэй зүйл бий юу задалж бодох хэрэгтэй. Ингэж задлан бодох нь шашнаас ангид ёс суртахуун. Бид өгөөмөр нинжин сэтгэлийг илүү түгээснээр өмнөхөөсөө амар тайван зууныг бүтээж чадах суурь болно” гэж айлдав.

Асуулт хариултын цаг болоход Дээрхийн Гэгээнтнээс таны хамгийн харамсаж явдаг зүйл юу вэ хэмээн асуулаа. Энэ талаар багахан зүйл л бий дээ. Арван хэдэн насандаа улс төрийн үүрэг хариуцлага үүрээгүй байх үед, Хятадууд эзлээгүй байх тэр үед илүү сайн суралцах ёстой байж дээ гэж харамсдаг тухайгаа ярилаа.

Мөн түүнчлэн Төвдөд өөрийн биеийг зосиолох үзэгдэл газар авч байгаа талаар асуухад:

“Би тэднийг ингээсэй гэж дэмжээгүй. Энэ талаар ярихад амаргүй. Энэ нь маш нарийн улс төрийн асуудал. Миний бие улс төрийн албанаас чөлөөлөгдсөн. Өөрийн биеэ золиослох үзэгдэл эхлэхэд BBC-д ярилцлага өгч энэ талаар маш гунигтай байгаагаа хэлж энэ нь үр дүнтэй арга эсэхэд эргэлзэж буйгаа ч илэрхийлж байсан.”

Өөр нэг оюутан Төвдийн асуудлыг шийдвэрлэтэл Хятадтай эдийн засаг болон соёлын харилцаагаа таслахыг дэмжих үү хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуухад: Үүнийг дэмжихгүй. Учир нь асуудал Хятадын ард түмэнд байгаа юм биш. Ингэснээр тэдэнд л муугаар нөлөөлнө. Үүний оронд Хятад улсыг дэлхий дахины анхаарлын төвд авчирч нөхөрлөлийн журмаар нөлөөлөхийг хичээнэ хэмээн тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн ийнхүү айлдвараа өндөрлүүлсэн нь түүний энэ удаагийн Европын аялалын төгсгөл юм. Маргааш өглөө эрт Лондоны нисэх буудлаас Энэтхэг рүү буцна.
Үзсэн: 2 820
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц