Рига дахь айлдварын хоёр дахь өдөр

9-05-2014, 05:27  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 7

Латви, Рига. 2014.5.6 – Энэ өглөө ном айлдах газрын зүг морилохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхнийг зочид буудалдаа хүлээн авлаа. Товч танилцуулгадаа тэрээр “Энэ бол түүний Латвид хийсэн 4 дэх айлчлал бөгөөд Латви, Литва, Эстон, Оросоос ирсэн хүмүүст буддын ном тайлбарлаж байгаагаараа онцлог юм” хэмээн цохон хэлэв.

Рига дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай лам хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй
уулзаж байгаа нь. Латви, Рига, 2014.5.6.
Гэрэл зургийг Дэнзин Чойжор/ДЛО
“Би энд байгаадаа туйлын баяртай байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, “Өнгөрсөн жил намайг энд ирэхэд орон нутгийн хүмүүс хүсэлт тавьж байснаас гадна нэгэн орос хүн надад хандан түүн шиг хүмүүст буддын сургааль сонсохоор Энэтхэг рүү зорино гэдэг хэцүү хэмээн хэлж байсан юм. Оросуудын хувьд Балтийн аль нэг оронд ирэх нь хялбар байж болох юм гэж тэр үед надад бодогдсон. Энэ талаар асуухад тэгвэл тун сайнсан хэмээн надад хариулсан учраас энд ирэхээр шийдсэн юм” гэв.

Тэрээр өөрийн эн тэргүүний гурван үүрэг болох аз жаргалаа хайх замд хүний үнэт зүйлийн чухлыг аль болох олон хүнд ойлгуулахыг оролдох, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, Төвд хэл, шашин, соёл, байгаль орчныг хамгаалах, хадгалан үлдэхийн төлөө хүчин зүтгэх үүргийн талаар тайлбарлан өгүүллээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Засгийн газрын нэг ч гишүүн түүнтэй уулзахгүй гэж мэдэгдэл гаргасан Норвегийн Засгийн газрын мэдэгдлийн талаар түүнээс асуухад, “Энд гайхмаар зүйл юу ч алга” хэмээн хариулав. Норвегид очих түүний айлчлалын зорилго нь өөрийн гурван үүргийг хэрэгжүүлэх, хуучин анд нөхөдтэйгээ учрах, иргэд олон нийттэй уулзаж ярилцах явдал ажээ. Хаа ч явсан бусдад хүндрэл учруулахгүй байхыг хичээдэг хэмээн тэрээр нэмж хэлэв.

Дэлхийн хэд хэдэн бүс нутагт өрнөөд байгаа хүчирхийллийн талаар тэрээр хэлэхдээ “Өнгөрсөнд хайнга назгай байсны үр дагавраар ихэнх нь болж байна” хэмээв. Зэвсэг хэрэглэх нь шийдвэртэй алхам мэт харагдаж болох ч, асуудлыг шийдэхэд тус нэмэр болохгүй, айдас хүйдсийг л авчирна гэдгийг анхааруулан хэлэв. 20 дугаар зуун хүчирхийллийн зуун байсан бол 21 дүгээр зууныг яриа хэлцлийн, зөрчилдөөнийг энх тайвны замаар шийдэх зуун болгохын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Хүний үнэт зүйлсийг бэхжүүлэх талаар бид онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгаа энэ үед энэ асуудалд хамгийн эмзэг мэдрэмжтэй ханддаг эмэгтэйчүүдэд удирдан чиглүүлэх үүргийг илүү өгөх шаардлагатай байна хэмээн тэрээр хэлэв.

Рига дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай лам хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй
уулзаж байгаа нь. Латви, Рига. 2014.5.6.
Гэрэл зургийг Дэнзин Чоежор /ДЛО
Орос болон Украйны хооронд өнөөдөр болж байгаа үл ойлголцлын талаар асуусан асуултад тэрээр, энэ бол улс төрийн асуудал бөгөөд энэ талаар би бүрэн мэдэлээлтэй бус байна хэмээн хариулав. Хямралыг арилгах зорилгын үүднээс ч байсан бай, хүч хэрэглэх нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй. Хэл яриа, соёлын ялгаа нь зөрчилдөөн бий болох хөрс биш гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв. Бельгийн франц болон фламанд хэлээр яригсад, мөн Энэтхэгийн ард иргэд хэрхэн хамтдаа хуулийн хүрээнд эрх чөлөөтэй, ардчилалтай, эвтэй найртай амьдарч байгаа жишээг дурдлаа.

Кипсала олон улсын үзэсгэлэнгийн танхимд хуран цугларсан олонтой Дээрхийн Гэгээнтэн мэндчилээд, “Билгүүний Зүрхэн” тарнийг орос хэл дээр уншихыг хүсэв. Бурхан Багшийн “Би өөрийн зүгээс зам мөрийг заах болно, харин та түүгээр замнах хэрэгтэй” гэсэн сургаалыг эш татаад үргэлжлүүлэн,

“Бурхад эрүүл бус үйлдлийг усаар угааж цэвэрлэдэггүй,
Хүмүүний зовлонг ч гараараа арилгадаггүй,
Өөрийн ухаарлыг ч бусдад шилжүүлдэггүй.
Ялж төгс нөхцсөн бурханы үнэний тухай сургааль аливаа амьтныг зовлонгоос чөлөөлнө” хэмээх сургаалыг уншив.

Бусдад халтай, муу үйл хийснээс зовлон бий болдог тухай тэр хэллээ. Тиймээс бид эрүүл бус үйлдлээс зайлсхийх ёстой. Бидний ихэнхдээ аз жаргал хэмээн бодож байсан зүйл зовлон болох хувирч болох тухай Бурхан Багш сургасныг тэрээр тэмдэглэн хэлэв. Зөв үйлдлийн улмаас бий болдог ч, хувирамтгай шинжтэй бол аз жаргал нь сэтгэл ханамжийг өгөхгүй. Бодит байдлын мөн чанарыг үнэн зөвөөр нь ухаарах билиг билгүүний чанх эсрэг тал болсон мунхгийн харанхуй нь зовлонгийн шалтгаан мөн. Учир нь мунхаг бол мэдлэгийн эсрэг тал бөгөөд бодит байдал гэж юуг хэлдэг талаар бид ойлгох ёстой. Арван хоёр шүтэн барилдлагын нэг нь мунхаг мөн. Энэ нь юмс хэрхэн оршдогийн бодит байдлыг үл ойлгох мунхаглал юм. Үзэгдэх байдал хийгээд бодит байдлын ялгааг бид ойлгох хэрэгтэй. Юмс өөрсдөө оршин буй мэт үзэгддэг. Тэд бие даан оршиж буй мэтээр үзэгддэг боловч, тэд гагцхүү зориулалтын дагуу оршдог.

Рига дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай лам хоёр дахь өдрийн айлтгалаа эхлэхийн
өмнө танхимд цугларсан олонтой мэндчилж байгаа нь.
Латви, Рига. 2014.5.6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор/ДЛО
Жишээ нь, түүний цүнхэнд юу байгааг мэдэхгүй байгаа нь үзэгдлийн нөхцлийн талаархи үл мэдэхийн өөр нэг түвшин лугаа мунхгийн олон янзын түвшин байдаг талаар Далай лам тэмдэглэн хэллээ. Бид бодитоор сайхан харагдсан юмсыг хараад өөртөө хамаатуулах сэтгэлийг хөгжүүлдэг. Харин юмс муухай харагдвал бидний уур хүрч, үзэн ядалт бий болдог. Мунхгийн харанхуй нь гажуудсан ойлголтыг бэхжүүлдэг бөгөөд үр дүнд нь сэтгэл үймэхэд хүрдэг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Америкийн сэтгэл судлаач Аарон Бэк тэмдэглэн хэлсэнчлэн, бидний хамаатуулах мэдрэмж, эсвэл уур хилэн нь бидний өөрсдийн оюун ухааны 90% -ийн тусгалаар бий болдог ажээ. Юмс бодитоор оршиж байгаа мэт харагдавч, тэдгээр нь ердөө л нэр тодорхойлолт төдий хэмээн төв үзлийнхэн хэлдэг. Тэд ердийн нөхцөлд ч бодитоор оршин тогтнодоггүй.

Дээрхийн Гэгээнтэн өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагийн жишээ татлаа. Өнгөрсөн цаг нь болоод дууссан, ирээдүй цаг хараахан болоогүй, харин одоо цагийг тогтоон барихад хэцүү. Үүний адил бүх үзэгдэл өөрсдийн оршихуйгаараа хоосон байдаг.

Шинжлэн судлах тухайд хандах Наландагийн хандлагыг магтаад Дээрхийн Гэгээнтэн удирдлага болсон дараах дөрвөн мөртийг өндөр үнэллээ.

“Бодьгалд бус ном дор итгэмжлэх болой
Үгэнд бус утганд итгэмжлэх болой
Гулзгай утга бус шударгуу утганд итгэмжлэх болой
Мэдэл бус билиг билгүүнд итгэмжлэх болой”

Тэрээр хэлэхдээ,

“21 дүгээр зуунд буддист байхын тулд өөрийн оюун ухааныг бүрэн дайчилж, үймэрсэн сэтгэлээ өөрчлөх тухай Бурхан Багшийн сургаалийг дагах ёстой гэж би хүмүүст хэлдэг. Хэрвээ та маргааш үхэхээ мэдэж байсан ч, таны дараачийн амьдралд нөлөөлөх учраас өнөөдөр ч сурч мэдэх нь тустай хэмээн 13 дугаар зууны Төвдийн буддын нэгэн агуу их сэтгэгч зөвлөсөн байдаг. Сурахын тухайд гэвэл Наландагийн уламжлалыг судлахад хамгийн оновчтой хэл бол төвд хэл юм. Санскрит эх зохиолыг төвд хэлнээ хөрвүүлснийг эрдэмтэд өндрөөр үнэлдэг нь оновчтой илэрхийлсэнтэй нь холбоотой. Сүүлийн үед төвд хэлнээс англи хэл рүү орчуулах хандлага ихэсч байна.

Рига дахь айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын хоёр өдрийн айлдварыг 3500
гаруй хүн сонслоо. Латви, Рига. 2014.5.6.
Гэрэл зургийг Дэнзин Чойжор/ДЛО
“Сэтгэлийн сөрөг хандлага болон мэдлэгт харшлах саад бэрхшээлийг даван туулахын тулд бид зургаан барамид болон бодь сэтгэлийг үүсгэсний үр дүнд хоосон чанарыг ухаарах мэргэн ухаанд хүрэх болно” хэмээв.

“Билгүүний Зүрхэн” судрыг тайлбарлаж дуусаад Дээрхийн Гэгээнтэн судрын төгсгөлд байдаг оюун санааны зам мөрд өсч дэвшихэд тустай тарнийн талаар тайлбарлав.

Мөн өөр нэгэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа зурхайд төдийлөн их итгэдэггүй тухайгаа ярилаа. Тэрээр 5 дугаар Далай Лам өлзийт сайн өдөр төрсөн гэдэг боловч тэр өдөр өчнөөн нохой ч төрсөн хэмээн хошигнон хэлэв. Нөгөөтэйгүүр Дээрхийн Гэгээнтэн түүний зурхайд бууснаар бол 25 насандаа мөнх бусыг үзүүлэх, эсвээс өөрийн нутгаа орхих байсан боловч эдгээрийн аль аль нь бодитоор биелээгүй тухай мөн айлдлаа. “Үйл хэрэг болохыг урьдчилан зөгнөсөн нь үр дүнгээ өгөхийг хүртэл өөрчлөгдөх боломжтой. Жишээлбэл би маргааш Осло явах онгоцны тийзээ авсан боловч гэнэтийн шаардлага гарвал нислэгээ цуцлахтай адил юм. Учир нь аливаа нэгэн үйлийн үрийг бид өөрсдөө тарьдаг тул тухайн үйлийг бид өөрсдөө өөрчлөх боломжтой байдаг” хэмээн айлдав.
Үзсэн: 2 190
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц