Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Туту нар Төвөдийн хүүхдийн сургуульд зочиллоо

6-06-2015, 12:30  |  Хэвлэх

2015 оны 4 дүгээр сарын 23

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.4.23 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Хамба лам Десмонд Туту болон түүний багийнхан өнөөдөр үдээс хойш дээд Дарамсалад байрладаг Төвөдийн Хүүхдийн сургуульд зочиллоо. Тэднийг Дээрхийн Гэгээнтний өргөөнөөс машинаар хөдлөхөд зам дагуу олон хүн эгнэн зогсч, тэдэнтэй инээмсэглэн мэндчилж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Туту нар Төвөдийн хүүхдийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон түүний анд Хамба лам Тутуд
нэгэн төвөд охин Төвөдөөс хэрхэн зугтаж ирсэн тухайгаа ярин
уйлахад Мпхо Туту тайтгаруулж байгаа нь. Энэтхэг, Химачал
Прадеш, Дарамсала, 2015.4.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Хүүхдийн сургуульд хүрэлцэн ирсэн даруйдаа тэд сагсан бөмбөгийн талбайн хажууд байрлах номын санд уригдсан байна. Нямбай өрсөн номын тавиуруудын дундах ханын самбарт хүүхдүүд ‘баяр баяслын’ тухай бодлоо бичсэн байв. Мөн тэдний зарим нь Төвөдөөс ирж, энэ сургуульд анх хэрхэн орсон тухайгаа ярилаа. Сэтгэгдлээ хуваалцсан эхний охин гэр бүлээ орхин, эмэг эхтэйгээ ирсэн тухайгаа ярихдаа тэсгэлгүй уйлав. Хамба лам Тутугийн охин Мпхо түүнийг тэврэн тайтгарууллаа. Охин яриагаа дуусгасан ч, дараагийн сурагч сэтгэл хөдлөлдөө автагдахад Дээрхийн Гэгээнтэн хөндлөнгөөс оролцож,

“Та бүхэн энд ирсний ачаар орчин үеийн боловсрол олохын зэрэгцээ үндэсний баялаг уламжлалаасаа суралцах боломжтой болсон талаараа бодох хэрэгтэй. Та нар төрөлх хэлээ судлах боломжтой боллоо. Төвөд хэл бол Наланда уламжлалын гүн гүнзгий мэдлэгийг тайлбарлахад хамгийн тохиромжтой хэл мөн. Үүгээр та бүхэн бахархах ёстой. Төвөдийг сэргээн босгох үүрэг та бүхний эрин үед ноогдохыг үгүйсгэх аргагүй” хэмээн хэлэв.

Үг хэлсэн сүүлийн хүүхэд энд олж авч байгаа бүхнээ өндрөөр үнэлээд, бүх зүйлээс баяр баяслыг авахыг хичээдэг тухайгаа ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Туту нар Төвөдийн хүүхдийн сургуульд зочиллоо
Сурагчдын хөгжмийн хамтлаг болон найрал дуучид. Энэтхэг,
Химачал Прадеш, Дарамсала, 2015.4.23. Фото Тэнзин Чоежор
Сагсан бөмбөгийн талбайд цугларсан хүүхдүүдийн дунд Дээрхийн Гэгээнтэн болон Хамба лам нар суудлаа эзлэх үед хүүхдүүд Далай Ламын 80 насны ойд зориулсан дууг төвөд хэлээр дуулав. Дараа нь тэд ‘хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш’ дууг төвөд хэлээр мөн дууллаа.

Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урихад, тэрээр Хамба лам Туту өөрийг нь англиар ярихад маш их шоглодог учраас энэ удаа төвөдөөр үг хэлэх болно гэв. Шашны янз бүрийн уламжлалууд гүн ухааны өөр өөр үзэл бодолтойгоосоо үл хамааран бүгд хайр, нигүүлслийг түгээн дэлгэрүүлдэг хэмээн яриагаа эхлэлээ. Үүний тод илрэл нь Хамба лам Туту бөгөөд тиймээс ч Хамба ламыг бишрэн хүндэлдгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв.

Энд байгаа хүүхдүүдийн эцэг эхэд тулгарч байгаа хүндрэлийн тухайд,

“Бид Энэтхэгийн Засгийн газраас хэмжээлшгүй их тусламж дэмжлэг авсан. Дэлхий бидэнд тусалсан. Бидэнд хайрласан тэр их өгөөмөр сэтгэлийн ачаар та нар өнөөдөр сурч боловсрох боломжтой болсон. Уйгагүй хөдөлмөрлөцгөө. Бидний төвөдүүд маш хүнд бэрх цаг үед амьдарч байгаа ч, өөрийн хэл, соёлоо хадгалсаар байна. Тйимээс сурч боловсрох боломжоо бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Хамба лам Туту Дээрхийн Гэгээнтэнд, хөөрхөн хүүхдүүдэд, тэнд байгаа бусад том хүмүүст талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Туту нар Төвөдийн хүүхдийн сургуульд зочиллоо
Хамба лам Туту үг хэлж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2015.4.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Энд та бүхний дунд байгаа минь миний хувьд нэр төрийн бөгөөд бахархалтай хэрэг билээ. Та нарыг дэлхий дахин хайрлаж байгаа бөгөөд хэдийгээр энэ нь боломжгүй мэт санагдаж болох ч, залуучууд та бүхэн нэгэн цагт эрх чөлөөт, төрөлх Төвөд орондоо харих болно гэдгийг бид хэлэхийг хүсч байна. Өмнөд Африкт бид олон жилийн турш шударга бус, дарангуйллын дор амьдарч байсан. Манай олон удирдагчид, залуучууд цөллөгт явсан. Дарангуйллын гинж хэзээ ч тасрахгүй, Роббен арал дээрх шоронгоос эх орончид хэзээ ч суллагдахгүй мэт санагдаж байсан. Гэтэл байдал гэнэт өөрчлөгдсөн” хэмээн тэр инээд алдан хэлэв.
“1995 онд бидний хайрт удирдагч Нелсон Мандела болон бусад хүмүүс суллагдаж, харьд одсон хүмүүс буцаж ирцгээсэн юм. Нэг сайхан өдөр та нар бүгдээрээ хайрт Төвөд орондоо очих болно. Тэнд амсч байсан дарангуйллаас та бүхэн ангижрах болно. Эрх чөлөө бол дарангуйллаас хямд төсөр гэдгийг Хятадын Засгийн газар ойлгох болно.”

Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд анд нөхрийн хувьд гүн хүндэтгэлтэй ханддаг, дэлхий дахин ч тийнхүү үнэлдэг талаар хүүрнэлээ.

“Та бүхэнд гараа сунган тусалсан Энэтхэгийн засгийн газар, ард түмэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Учир нь тэд алдагдаж алга болох гэж байсан үнэт соёлыг бидэнд хадгалан авч үлдсэн” хэмээн нэмж хэлэв.

Оюутан сурагчдыг тэр тойруулж хараад дуу алдан,

“Та нар ямар сайхан залуус вэ? Нэг сайхан өдөр та бүхэн нутгийнхаа гудамжинд дуулж бүжиглэх болно” хэмээн өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Туту нар Төвөдийн хүүхдийн сургуульд зочиллоо
Хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Тутугаас
асуулт асуулаа. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.4.23.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дараа нь сурагчдад шашны хоёр удирдагчаас асуулт асуух боломж олдсон бөгөөд хэзээ нэгэн цагт хүчирхийллээс ангид дэлхийд амьдарна хэмээн найдаж болох эсэх талаар эхний сурагч Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тэрээр хариулахдаа, хүнийг ашиглах, авилга хээл хахууль авах, өгөх гэх мэт олон төрлийн хүчирхийлэл байдаг хэмээн хариулаад,

“Хэрвээ чи бие махбодийн хүчирхийлэл буюу дайн дажин, хүмүүсийн бие биенээ хөнөөх явдлыг хэлж байгаа бол би тийм гэж хариулах ба бид зөв хүчин зүтгэл гаргаж чадвал энэ хүчирхийллийг устгаж чадна гэж би бодож байна” гэлээ.

Материаллаг эд хөрөнгөнөөс хүмүүс аз жаргалаа олж болох эсэх талаар Хамба лам Тутугаас асуусан байна. Зөвхөн эд юмсаас жинхэнэ сэтгэл ханамжийг авч чадахгүй гэдгийг улам олон хүн ойлгох болсон хэмээн тэр хариулав. Өч төчнөөн эд хөрөнгөтэй байсан ч, сэтгэл зүрх нь хоосон байх тохиолдол байдаг хэмээн нэмж хэллээ.

“Чинээлэг гэр бүлээс гаралтай хэрнээ бусдад тусалж, тэр үйлсээсээ сэтгэл ханамж авч байгаа олон залуустай би уулзаж байсан” хэмээн хэлэв.

Өдөр тутмынхаа амьдралд өөрийн уур хилэнгээ хэрхэн хянадаг тухай Дээрхийн Гэгээнтнээс асуухад, уур хүрсэн үедээ хашгирдаг хэмээн хошигнон хариулав. 13 дугаар Далай Ламын машиныг засч байсан засварчинтай 1956 онд тохиолдсон нэгэн явдлыг тэр хүүрнэв. Машин засч байхдаа тэр санамсаргүйгээр машинд толгойгоо цохьсон байна. Уур нь буцалсан жолооч толгойгоороо машиныг дахин мөргөж байжээ. Дээрхийн Гэгээнтэн тэр үед “Ингэхийн хэрэг юу байна аа?” хэмээн гайхаж байснаа ярилаа. Уур бидний сэтгэлийн амар амгаланг бусниулдаг гэдгийг тэр онцлон тэмдэглэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Туту нар Төвөдийн хүүхдийн сургуульд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Тутугийн яриаг
сонсож байгаа бяцхан хүүхдүүд. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2015.4.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Маань унших, тэр бүү хэл аврал одуулан залбирах нь ч тусыг эс үзүүлнэ. Оюун ухаанаа дадуулах явдал л ганц шийдэл” гэв.

Баяр баясгалан дэлхийн энх тайвны эх үндэс болж чадах уу гэсэн асуултад

“Би бол тийм гэж бодож байна. Гэхдээ үүний тулд хүмүүс баяр баясгаланг хэрхэн бий болгох талаар тодорхой ойлголттой болох ёстой. Бусдад хор хөнөөл тарих нь түр зуурын баяслыг төрүүлж болох ч, бусдад туслах нь үүрдийн баяр баяслын бодит эх ундарга болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.

Жинхэнэ баяр баясгалан хийгээд аз жаргалыг хэрхэн олох вэ гэсэн асуултад Хамба лам Туту,

“Гагцхүү өөртөө баяр баясгаланг хүсч байгаа бол энэ нь явцуу хийгээд богино настай байх болно. Жинхэнэ баяр баясгалан бол бусдад баяр баясгаланг төрүүлсний шагнал мөн. Та бусдад хайр халамж, нигүүлсэл үзүүлсэн цагт гүн гүнзгий баяр баяслыг амтална. Өөр аргаар үүнийг мэдрэхгүй. Үүнийг худалдан авах боломжгүй” хэмээн хариуллаа.

Байгаль орчны сэдвээр тавьсан сүүлчийн асуултад Хамба лам Туту хариулахдаа,

“Эх дэлхий бол бидний цорын ганц гэр учраас түүнтэй харгис харьцвал үр дагаврыг нь бид өөрсдөө амсах болно гэдгийг хүмүүст сануулж байх ёстой. Туйлын мөс хайлж байна. Зун, өвлийн улирал хэт урт болж байна. ‘Тийм ээ, байдал нэг л биш байна’ гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхий бол бидний цорын ганц гэр орон, тиймээс бид түүнийг арчлан хамгаалах ёстой хэмээн шашны олон удирдагчид хэлдгийг хүмүүс сонсож эхэлж байна” хэмээн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Хамба лам Туту нар Төвөдийн хүүхдийн сургуульд зочиллоо
Хамба лам Туту Archbishop 'Бид бол дэлхий' дууны эгшгэнд бүжиглэж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.4.23.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хөгжмийн хамтлаг тайзан дээр гарч, ‘Бид бол дэлхий’ гэсэн дууг дуулахад хурсан олон даган түрлээ. Хамба лам Туту тэсэлгүй суудлаасаа босч, хөгжмийн аянд бүжиглэж эхэлсэн байна. Дууны төгсгөлд тэрээр микрофоныг авч, Дээрхийн Гэгээнтэнд зориулан ‘Төрсөн өдрийн мэнд хүргэе’ дууг хурсан олонтой хамт дуулахад, асаасан олон лаа бүхий бялууг тайзны өмнө авчирлаа. Лаануудыг үлээхэд Дээрхийн Гэгээнтэнд туслуулахаар тэр хүүхдүүдийг дуудав. Дараа нь бялууг хүүхдүүд, зочдод хуваан түгээсний дараа Дээрхийн Гэгээнтэн, Хамба лам Туту болон бусад зочид Маклеод-Ганжид буцан ирлээ.

Маргааш ‘Баяр баяслын номын’ сүүлчийн ярилцлага болно.
Үзсэн: 2 270
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц