Энэтхэгийн Филантропын /энэрэнгүй сэтгэлтнүүдийн/ клуб

7-01-2016, 16:31  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 5.

Энэтхэг, Карнатака, Бангалор. 2015.12.05. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Дарамсалагаас Делид ирсэн бөгөөд харин өнөө өглөө Бангалор хот руу нисэв. Өглөө эрт нисэх буудал дээр түүнийг Төвөдийн албаны төлөөлөгчид, хамба лам нар болон бусад настай лам нар, мөн Линг ринбочэ угтан авав. Бангалор хотод байрлах зочид буудалдаа хүрэх замд урьдын адил замын 2 талаар хөгшин залуу Төвөд хүмүүс эгнэн зогсоод түүнтэй мэндчилж байсан бөгөөд зочид буудлын өмнөх талбай дээр гоёлын хувцсаа өмссөн бүжигчид тоглолт үзүүллээ.

Энэтхэгийн Филантропын /энэрэнгүй сэтгэлтнүүдийн/ клуб
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “зулын хорин таван”-д зориулан ном
уншиж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2015.12.05.
Зургийг Дэнзэн Чойжир /ДЛО/
Өнөөдөр билгийн тооллын 10 дугаар сарын 25 ны өдөр бөгөөд Богд Зонховын нирваан дүрийг үзүүлсний 596 жилийн ой тохиож буй ажээ. Энэ өдөр нь зулын хорин таван хэмээх их дүйчэн өдөр юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахмад лам нар болон хамба лам нарын хамт ерөөл уншлаа. Тэд зочид буудлын “лордын өргөө” хэмээх өрөөнд Богд Зонховын дүрийн өмнө түүний зохиосон “Шүтэн Барилдахуйн Магтаал”, Брайбун хийдийг үндэслэгч Жамяан цоржийн “Нууц Намтар” зэргийг уншсан юм. Махагала болон Дармаражагийн магтаалыг уншсанаар ёслолын үйл ажиллагааг өндөрлөв. Төгсгөлд нь ойрын өдрүүдийн төлөвлөгөөг тайлбарлах зуур Дээрхийн Гэгээнтэн:

“Бид Богд Зонховын жишээг дагах хэрэгтэй. Бид “олз олсондоо баярлдаг, олоогүйдээ гомддог гэх мэт найман сөрөг сэдлээс татгалздаг байх ёстой” гэж зөвлөсөн юм.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн скаутын хэсэг гишүүдтэй уулзлаа. Тэрээр гишүүдэд хандан “Ирээдүйд аз жаргалтай дэлхий дээр амар амгалан байх, эсэх нь залуучууд та нараас шалтгаална” гэлээ.

Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн үндэстэн дамнасан мэдээлэл технологийн “Wipro” компанийг өндөр амжилтанд хүргэсэн цуутай бизнесмен Азим Прэмжигийн урилгаар Энэтхэгийн филантропын 4 дэх хуралд оролцов. Ноён Премжи Микрософтын үндэслэгч Билл Гейтс болон алдарт тэрбумтан хөрөнгө оруулагч Уоррен Ваффет нарын санаачлагаар эхэлсэн “Өглөгийн тангараг” төсөлд оролцож гарын үсгээ зурсан анхны энэтхэг хүн билээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг танилцуулаад, уулзалт өргөн хүрээг хамарч, бусдыг ойлгох, сайхан сэтгэлд зориулагдах болно гээд Дээрхийн Гэгээнтнээс үг хэлэхийг хүсэв.

“Би яриагаа дандаа ахан дүүстэйгээ мэндчилэхээс эхэлдэг” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Үнэндээ бол бид бүгдээрээ л адилхан хүмүүс. Шашны удирдагч, хаан, хатан, гуйлгачин, ДОХ өвчтөн бүгд адилхан төрсөн бөгөөд бүгд адилхан хэзээ нэгэн цагт нэг замаар л үхнэ. Бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсч, санаа зовохгүй амар амгалан байхыг хүсдэг, аз жаргалтай байх ч бүрэн эрхтэй.”

Энэтхэгийн Филантропын /энэрэнгүй сэтгэлтнүүдийн/ клуб
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Филантропчдын 4 дэх
хурал дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2015.12.05. Зургийг Дэнзэн Чойжор /ДЛО/
“Хүүхдүүд шахалт дарамтгүй, байгаагаараа л байдаг. Хүүхэд хайр энхрийллээр дүүрэн байвал сэтгэл хангалуун, тэдэнд яс үндэс, арьс өнгө, сүсэг бишрэл болон нийгмийн гарал үүсэл огтхон ч хамаагүй байдаг. Харин өсч том болохоороо эдгээр зүйлст илүү их анхаарал хандуулж эхэлдэг. Нөлөө бүхий хүмүүстэй уулзахдаа инээмсэглэдэг боловч, цаагуураа тооцоотой, тэднээс ямар ашиг олж болох вэ гэдгээ л боддог. Хүүхдүүд бол тэгдэггүй.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь, бидэнд тулгарч буй олон асуудлуудыг хүмүүс бид өөрсдөө бий болгодог гэв. Тэрээр хүчирхийллийн гэрч болж байснаа дурсаад Вьетнамын дайн болон одоогийн бусад цуст мөргөлдөөнөөс өмнө 1930 -аад онд Хятад-Японы хооронд болсон мөргөлдөөний талаар дурслаа. Бидний амьдарч буй харилцан уялдаатай, даяарчлагдсан энэ дэлхийд эсрэг талын ялагдлаар нөгөө тал нь бүрэн ялж байгаа мэт харагдаж байгаа боловч энэ нь үнэндээ хуучирсан сэтгэлгээ гэдгийг онцлов. Тэрээр “бодит байдал аль хэдийнээ өөрчлөгдсөн байна. 21-р зууныг харилцан ашигтай шийдлийг олдог, харилцан ярианы эрин болгоход чиглэсэн арга замыг олох хэрэгтэй” гэлээ.

“Би 7 тэрбум хүн бүгд тэгш эрхтэй ба хэрэв тэд аз жаргалтай байвал би бас аз жаргалтай байх болно гэдгийг тууштай баримталдаг. Бидэнд энэрэл нигүүлсэл, бусдын эрхийг хүндэтгэх үзэл дээр үндэслэсэн шийдэмгий байдал хэрэгтэй байна. Бид бүгдээрээ л адилхан хүн гэдгээ байнга санаж баян, ядуугийн ялгаанд төгсгөл авчрах хариуцлага бидний өмнө тулгарч байна.”

Тэрээр ардчилалын ач тусаар олж авсан шинэ боломжийн талаар урамтайгаар ярьсан юм. Мөн арьсны өнгөөр ялгаварлах дэглэмийг төгсгөл болгосны дараа Өмнөд Африкийн Соуэто хотод амьдардаг хүмүүстэй уулзсанаа ярив. Гэхдээ Африкийн хар арьст хүмүүс цагаан арьстнуудын амжилтанд хэзээ ч хүрч чадахгүй, учир нь тэдний тархины хөгжил дорой гэж нэгэн багш харамсан ярьсан нь түүний гайхшлийг ихэд төрүүлжээ. Дээрхийн Гэгээнтэн үүнийг зөвшөөрч чадаагүй бөгөөд хүмүүс бүгд л адилхан, тэдний тархины бүтцэнд ямар ч ялгаа байхгүй гэдгийг түүнд тайлбарласан байна. Эцсийн эцэст бид бүгд адил гэдгийг тэр багш ойлгоод уртаар санаа алдан сэтгэл нь амарчээ.

Энэтхэгийн Филантропын /энэрэнгүй сэтгэлтнүүдийн/ клуб
Азим Премжи ба Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нар Энэтхэгийн
филантропчдын уулзалтан дээр. Энэтхэг, Карнатака, Банголор.
2015.12.05. Зургийг Дэнзэн Чойжир /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн ядууст туслахын тулд баян хүмүүс боловсрол болон ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Харин ядуус нь өөрсдийн зүгээс их хөдөлмөрлөж өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэв. Тэрээр Азим Премжийн хичэээл чармайлтыг онцолж, “Намайг ярьж байх хооронд аль хэдийн өөрийн боловсролын сангаараа дамжуулан практик арга хэмжээ авч эхэлсэн байна” гэлээ.

“Бусдын төлөө гэсэн сэтгэл байхгүй тохиолдолд авилгал ба бусдыг сорон мөлжих явц цэцэглэдэг. Манай одоогийн боловсролын систем зарим талаараа хангалтгүй байгаа гэдгийг хүмүүс ихээр ойлгох болжээ. Тиймээс бид боловсролын системийг өөрчлөх ёстой. Хуучин цаг үед ёс суртахуун болон хүний үнэ цэнийг иргэдэд шашны байгууллагууд ойлгуулдаг байлаа. Олон төрлийн шашин зэрэгцэн оршдог Энэтхэг оронд бүх шашныг ижил хүндэтгэн үзэх, түүнчлэн сүсэг бишрэлгүй хүний үзэл бодлыг ч хүндэтгэн үзэх талаар иргэний ёс зүйн үндсэн хууль гаргасан байна. Энэ нь 7 тэрбум хүний 1 тэрбум нь сүсэг бишрэлгүй гэж тооцогдож буй энэ цаг үед нэн чухал болж байна. Тэдэнд ч гэсэн ёс зүйн зарчим хэрэгтэй. Ийм учраас бид шинжлэх ухааны ололт, эрүүл сэтгэлгээ, бүхнийг хамарсан нийтлэг туршилттай хамтатгаж орчин үеийн боловсролын салбарт ёс зүйн талаар сургаж дадлагажуулах замыг олох хэрэгтэй байна.”

“Хэрэв та шударга бөгөөд үнэн зөв амьдардаг бол ил тод, нээлттэй байх болно. Энэ нь итгэлийг бий болгодог. Харин итгэл нь нөхөрлөлийг бий болгоно. Нөхөрлөлийн үндэс суурь нь мөнгө бус, харилцан итгэлцэл гэдгийг ойлгох нь маш чухал юм. Аз жаргалтай амьдрахад халуун дулаан сэтгэл зайлшгүй чухал.”

Мөн цэцэрлэгээс их сургууль хүртэлх сургалтын системд иргэний ёс суртахууны үнэ цэнийг бий болгох сургалтын хөтөлбөр боловсруулах ажил аль хэдийн хийгдэж эхэлснийг цохон тэмдэглэв. Шинэ онд энэ ажил дуусах бөгөөд сонирхсон хэн ч үүнтэй танилцаж болохыг нэмж хэлэв. Дээрхийн Гэгээнтэн дахин Энэтхэг оронд хүндэтгэл үзүүлээд олон шашин, төрөл бүрийн уламжлалтай янз бүрийн хэлээр ярьдаг хүмүүс энх тайвнаар зэрэгцэн хамтран амьдарч болдогийн жишээг давтан дурьдсан юм.

Энэтхэгийн Филантропын /энэрэнгүй сэтгэлтнүүдийн/ клуб
Энэтхэгийн филантропчдын уулзалтан дээр хуралд оролцогсод
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Банголор. 2015.12.05.
Зургийг Дэнзэн Чойжир /ДЛО/
Олон зуун жил үргэлжилж буй Энэтхэгийн шашин хоорондын эв нэгдэл, хүчирхийлэлгүй байдлын уламжлалыг бахархаж буйгаа Дээрхийн Гэгээнтэн онцлохын зэрэгцээ эртний Энэтхэгийн сэтгэл судлалын салбарыг зохих ёсоор үнэлэв. Тэрээр өндөр түвшинд хүртлээ хөгжсөн өнөөгийн нийгэм ч Энэтхэгийн сэтгэл судлалын ухаанаас суралцах зүйл бишгүй их байгааг тэмдэглэлээ. Эртний Энэтхэгийн сэтгэл судлалд суралцсанаар бид бие махбодийн ариун цэврийг сахидаг дүрэм журам байдгийн адил сэтгэл хөдлөлийн ариун цэврийн дүрэм бий болгож, үүн дээрээ үндэслэн сэтгэл хөдлөлийн атлас зургийг бий болгож чадна гэв. Тэрээр 15-р зууны Төвөдийн эрдэмтэний хэлсэн үгийг эш татав. Тэрхүү эрдэмтэн, “Төвөд хэдий цасан цагаан орон боловч, эрдэм мэдлэгийн гэрэл гэгээ Энэтхэгээс орж ирэх хүртэл түнэр харанхуйд хучигдсан байсан” гэжээ.

Танхимын асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, өөртөө итгэлтэй байх болон бахархалтай байх нь их чухал бөгөөд энэ нь их зантай гэсэн үг биш болохыг тайлбарлав. Амжилтын төлөө өөрийнхөө өрсөлдөгчтэй хамт нийт олны төлөө сайн сайхныг хүсдэг эрүүл өрсөлдөөн болон зөвхөн өөрөө амжилт гаргахын төлөө өрсөлдөгчөө ялахыг хүсэх эрүүл бус/ширүүн өрсөлдөөн хоёрын ялгааг онцолсон юм. Дээрхийн Гэгээнтэн дахин шударга хийгээд үнэн зөв амьдрах нь айдас, сэтгэл зовнилыг ялах арга зам гэдгийг дахин дурьдлаа.

Эцэст нь үйлийн үрийн тухай асуултанд хариулахдаа, үйл гэдэг нь үйлдэл бөгөөд энэ нь энэрэнгүй сэтгэлээр өдөөгдөж байвал сайн. Харин бидэнд тохиолдож буй бүгдийг үрийн үр гээд байх юм бол зүгээр л залхуу сэтгэлгээнд баригдаж, хувь заяагаа зөнд нь хаяж байна гэсэн үг юм. Түүний оронд бурхан Багшийн сургаснаар, “Бид өөрийн хувь заяаны эзэн” гэдгийг санаж явах хэрэгтэй. Бид тодорхой үйл хэргээр өөрийн амьдралыг өөрөө л өөрчилж чадна гэлээ.

Төгсгөлд нь,

“Та нар бусдад туслахдаа хүндэтгэх сэтгэлийн үүднээс тусалж бай. Тэднийг бүү дорд үз. Бусдад туслахдаа энэрэлийн сэтгэлээр тусал. Баярлалаа” хэмээгээд яриагаа өндөрлөв.
Үзсэн: 1 879
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц