Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэцийн Эрүүл Мэнд болон Мэдрэлийн Үндэсний Институт /СЭММҮИ/ дээр болсон хуралд оролцож үг хэлэв

13-01-2016, 18:36  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 7

Энэтхэг, Карнатака муж, Бангалор. 2015.12.07. Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Транс Ази” мэдээний агентлагын сэтгүүлч Элизабет Жейн, “Энэтхэгийн Хэвлэлийн Итгэлцэл” мэдээллийн агентлагын сэтгүүлч Б.Д.Нараянкар нарт ярилцлага өгөв. Хадагтай Жейн дараачийн Далай Лам эмэгтэй хүн байж болно гэсэн нь үнэн эсэхийг асууж яриагаа эхэллээ. Дээрхийн Гэгээнтэн энэ байж болох зүйл гэсэн бөгөөд учир нь Төвөдөд анх том лам нарын хойд төрлийг тодруулахад үед гармабын уламжлалд тодорч байсан Самдин Дорж Пагма гэх эмэгтэй хувилгааны талаар эш татан ярьлаа.

Бирм болон Шри Ланкад зарим лам нар хатуу ширүүн авирлаж, хүч хэрэглэсэн явдлыг зөвтгөж болох уу гэсэнд Далай Лам шууд “Хэзээ ч үгүй” хэмээн эрс шийдэмгий хариулав. Тэрээр энэ үймээн самууныг Энэтхэгт орон нутгийн болон гаднаас орж ирсэн олон шашны урсгалууд удаан хугацааны турш эв нэгдэлтэй оршин байгаатай харьцуулж ярив. Исламын улс гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэлийн үйл ажиллагаа шашин болон улс төрийн шалтгааны алинаас үүдэлтэй вэ гэсэн асуултанд тэрээр “Хэрэв тэдний санаа сэдэл шашных байсан бол бүх лалын шашинтнууд бие биеэ алж хядах байсан, гэтэл үгүй байгаа биз дээ” гэж хариулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэцийн Эрүүл Мэнд болон Мэдрэлийн Үндэсний Институт /СЭММҮИ/ дээр болсон хуралд  оролцож үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Транс Азийн Мэдээ” агентлагийн
сэтгүүлч Элизабет Жейны асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Бангалор. 2015.12.07 Гэрэл зургийг Жерреми Расселл
Улам өсөн нэмэгдэж буй радикализмыг зогсоох арга зам байна уу гэж асуухад тэрээр: “Ерөнхийдөө хүний сэтгэл хий гэсэн зүйлийг эсэргүүцээд зогсохгүй хориглосон зүйлрүү илүү ихээр тэмүүлдэг. Хэрэв хүмүүс нэг хэвийн байсаар байвал үр дүн төдийлөн гарахгүй, харин нөгөө талаас эв найртай байдлаар асуудалд хандвал илүү хэрэгтэй үр дүнг авчирна” гэж хариулав.
Дээрхийн Гэгээнтэн “Наландагийн их сургуулийн гол онцлог бол” гэж онцлоод “Үзэл бодлоо өргөн хүрээтэй илэрхийлж, судалдаг байсан. Лам нар суралцсан зүйлээ харьцуулдаг, бодсоноо нэг талыг барьж хатуугаар дагахгүй, өөрийн үнэлэлт дүгнэлтээ гаргадаг байсан” гэлээ.

Төвөд, Хятад болон Энэтхэгийн харьцааны талаар Дээрхийн Гэгээнтэн: “Одоогийн байдлаар Хятад-Төвөдийн хооронд албан ёсны яриа хэлэлцээр явагдаагүй байна. Албан бус шугмаар бизнесмен хийгээд чөлөөнд байгаа албаны хүмүүс хэвийн харьцаатай байгаа” гэв. Ирээдүйд энэ талаар юу болохыг хэлэхэд хэцүү байна гэж Дээрхийн Гэгээнтэн дурьдаад “Зарим мэдээллийн эх сурвалжаас үзэхэд ерөнхийлөгч Си Жинь Пин Төвөдийн асуудлаар илүү эвлэрэнгүй бодлого явуулах төлөвтэй байсан боловч Хятадын удирдлага дахь хатуу талыг баримтлагчид эсэргүүцсэн” гэлээ.

Тэрээр 9-р зуунд өрнөсөн Төвөд орны бутралд харамсаж явдгаа илэрхийлэв. 1904 онд Английн экспедици Төвөдөд очих үеэр 13-р Далай Лам Лхас хотдоо үлдсэн бол байдал өөр байх байсан гэж өөрийн бодлоо ярилаа. Түүнчлэн нэлээн хэдэн боломжуудыг алдсаны нэг нь 1946 онд Энэтхэгт даяанчилж байсан, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн гэрч болж байсан төвөдийн нэгэн өндөр албан тушаалтны зөвлөгөөг үл тоосон явдал байжээ. Тэрээр Энэтхэгийн удирдагчидтай холбоо тогтоохыг санал болгосон боловч тухайн үед энэ талаар ямар ч алхам хийгдээгүй аж. Мөн 1948 онд Энэтхэгийн засгийн газар Төвөдийн засгийн газарт Хятадад коммунистууд ялах нь гарцаагүй болсон, түүний байж болох үр дагаварын талаар анхааруулсан боловч үүнийг бас л тоогоогүй байна. Ингээд 1950-51 онд Хятадын цэргүүд Төвөдийн зүүн хэсгийг эзлэхэд Төвөдийн засгийн газар НҮБ-д хандахыг оролдсон боловч энэ нь үр дүнтэй болоогүй ажээ.

“Неру Төвөдийн талаар том алдаа хийсэн гэж би боддоггүй. Энэтхэгийн засгийн газар төвөдүүдэд анхааруулж байсан боловч тэд хариу өгөөгүй. Нарашимха Рао Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж үздэггүй, гэхдээ Хятадын автономит район гэж үздэгээ хэлж байсан. Шимлад хийгдсэн Энэтхэг-Пакистаны гэрээ хүчин төгөлдөр байгаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэцийн Эрүүл Мэнд болон Мэдрэлийн Үндэсний Институт /СЭММҮИ/ дээр болсон хуралд  оролцож үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Энэтхэгийн Хэвлэлийн Итгэлцэл”
агентлагийн сэтгүүлч Б.Д Нараянкарын асуултанд хариулж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2015.12.07.
Гэрэл зургийг Жерреми Расселл /ДЛО/
Асуудалд төвийг сахин хандах нь оновчтой шийдэл мөн үү гэсэн асуултанд:
“Хятад Төвөдийг хөгжүүлж болно, гэхдээ байгаль болон байгалийн баялгийг хамгаалах ёстой. Мөн бидэнд өөрийн хэл соёлоо хадгалж үлдээх боломжийг өгөх ёстой” гэж хариулав.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь, ерөнхий сайд Нарендра Моди бол үнэнч, шулуун шударга хүн бөгөөд улс орныхоо өмнө тавигдаж байгаа зорилтыг тод томруун хардаг хэмээн ерөнхийлөгч Барак Обама дурдсаныг хэллээ. Үүний зэрэгцээ Энэтхэг орны нэр хүнд өсөхийн зэрэгцээ эдийн засаг улам их хөгжих ирээдүйтэй байна гэсэн юм. Мөн тэрээр Энэтхэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байхад Хятадад дарангуйлан захирах дэглэм байсаар байгааг онцлов. Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк байгуулах Хятадын асуудал ярвигтай бөгөөд энэ талаар тэр санал бодлоо хуваалцах шаардлага байхгүй гэж үзэв.

Дээрхийн Гэгээнтэн Хятадыг АНУ-тай жишин ярихдаа АНУ-ийн цөмийн арсенал, зэр зэвсгийн сүр хүч биш ардчилал, чөлөөт байдал, эрх чөлөөг хатуу чанга дээдэлдэг явдал өөрт нь таалагддаг тухай ярьсан юм. Хятад хүмүүсийн ажилсаг зан чанарыг бахархан хүндэлдэг гээд “Хятадууд үнэн зөв мэдээлэл авах эрхтэй ба байдлыг бодитойгоор үнэлэх, хэний зөв, хэний бурууг шүүн дүгнэх боломжтой” гэв. Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэхдээ “Хятадын шүүх систем олон улсын түвшинд хүрэх шаардлагатай бөгөөд ингэснээрээ жирийн иргэд хамгаалагдах боломжтой болно” гэсэн юм. Тэрээр Нью-Йоркод 2 жилийн өмнө уулзсан хятадын нэгэн зохиолч Хятад улс сүүлийн 5000 жилд байгаагүйгээр ёс суртахууны доголдолд орсон гэж хэлснийг дурсав.

Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэцийн Эрүүл Мэнд ба Мэдрэлийн Үндэсний Институт /СЭММҮИ/ дээр очиж өчигдөр болсон “Самади Оюуны Цэцэрлэг” төвтэй хамтран зохион байгуулсан “Оюун ухааныг судлахад шинжлэх ухааны болон бясалгах аргыг нэгтгэх” сэдэвт хуралд оролцохоор явлаа. Тэрээр танхимд тавигдсан бясалгалын үр дүнг харуулсан шинжлэх ухааны ололтын үзэсгэлэнг үзэж сонирхов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэцийн Эрүүл Мэнд болон Мэдрэлийн Үндэсний Институт /СЭММҮИ/ дээр болсон хуралд  оролцож үг хэлэв
Ричард Гир Сэтгэцийн Эрүүл Мэнд болон Мэдрэлийн Үндэсний Институт
дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авав. Энэтхэг, Карнатака,
Бангалор. 2015.12.07. Зургийг Жерреми Расселл /ДЛО/
Хурлын танхимд дэд захирал, профессор Сатиш Чандра Дээрхийн Гэгээнтэн болон танхимд буй хүмүүстэй мэндчилж СЭММҮИ-ээс явуулж буй ажил, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийн салбарт йогийг хэрхэн хавсаргах талаар явуулж буй ажлаа товч танилцуулав. Доктор Шиварам Варамбалли “Самади Оюуны Цэцэрлэг” төвийн үйл ажиллагааны тухай товч танилцуулав.

Ричард Гир Дээрхийн Гэгээнтэнд хандан тавтай морилохыг хүсээд дэлхийн 2-р дайны дараа доктор Сузуки АНУ-д бясалгалын тухай ойлголт өгөхөд их хувь нэмэр оруулсаныг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгээс явуулж байгаа бясалгалын талаархи шинжлэх ухаан ба бясалгалын талыг баримтлагчдын нээлттэй солилцоог хөгжүүлэх ажил өмнө нь огт хийгдэж байгаагүй шинэ ажил болсныг эш татан ярьлаа. Уг хурлыг “Бидний үед хийгдсэн хамгийн гайхалтай агуу зүйлсийн нэг” хэмээн тодорхойлсон юм. Тэрээр үг хэлж дууссаны дараа өөрийнх нь хэлснээр “Манай үеийн агуу хүмүүсийн нэг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам” хэмээн өгүүлээд түүнийг индэрийн өмнө урьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам: “Хүндэт ахан дүүсээ, энд ирж танай багш оюутнууд, зочидтой уулзаж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг” гээд “Бид бие махбодь, оюун санаа, сэтгэлээрээ адилхан хүн гэдгийг би байнга тодруулж хэлэхийг хүсдэг. Би ч гэсэн жирийн л хүн. Би сэтгэлээ тайван байлгахад тус болдог сурсан зүйлсээсээ та нартай хуваалцахыг хүсч байна. Нэгдүгээрт сайхан сэтгэлийг дадлагажуулах нь дотоод хүч чадлыг дээшлүүлдэг. Нөгөөтэйгүүр бүх юмс шүтэн барилдлагаар үүсдэгийг янз бүрийн өнцгөөс харж, үүнд суралцах хэрэгтэй. Ингэснээрээ бид бодит байдлыг илүү тод харж чадах бөгөөд улмаар аливаад хандах бидний хандлага илүү бодитой болно. Бидэнд тохиолддог ярвигтай асуудлуудын ихэнхийг бид өөрсдөө л бий болгосон байдаг. Бид асуудал үүсгэхийг хүссэндээ биш, харин аз жаргалтай амьдрах хүслээсээ үл хамааран аливаад мунхаг ухаанаар хандсаны улмаас бишгүй их бэрхшээлийг үүсгэсэн билээ."

“Бид асар гайхамшигтай тархитай боловч түүнийгээ зохих журмаар нь ашиглаж чадахгүй байна. Шинжлэх ухааны арга нь судлан шинжлэх, туршилтыг анхаардаг. Энэ аргад би дуртай бөгөөд дээр үеийн Наландагийн их багш нарын арга барилтай нийцдэг юм. Эртний Энэтхэгийн сэтгэл судлал нь өндөр түвшинд хүртэл хөгжсөн байхад орчин үеийн сэтгэл судлал тэр хэмжээнд хүрээгүй л байна. Өнөөдөр бидэнд юу чухал байгааг мэдэхийн тулд түүнийг судалж шинжилж, шалгах хэрэгтэй. Орчин үеийн шинжлэх ухаан материаллаг ертөнцийг сайн судалсан, харин буддын шинжлэх ухаан оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар гүн гүнзгий эзэмшжээ.”

Дээрхийн Гэгээнтэн гадаад байдал болон бодит байдлын хоорон дахь ялгааг ялгаж харах нь маш чухал гээд сөрөг сэтгэлтэй тэмцэхийн тулд түүний тухай сайн мэдэх хэрэгтэй гэж ярив. Түүний хуучин анд Аарон Бек “Бид ууртай үедээ уур хүргэж буй хүнийг их сөргөөр хардаг боловч үнэн хэрэгтээ үүний 90% бидний өөрсдийн сэтгэлийн төсөөлөл байдаг” гэж хэлснийг эргэн дурсав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэцийн Эрүүл Мэнд болон Мэдрэлийн Үндэсний Институт /СЭММҮИ/ дээр болсон хуралд  оролцож үг хэлэв
Сэтгэцийн Эрүүл Мэнд болон Мэдрэлийн Үндэсний Институт дээр
болсон уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийн
асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2015.12.07. Гэрэл зургийг Жерреми Расселл /ДЛО/
Танхимаас нэлээн хэдэн сонирхолтой асуултуудыг асуув. Эхний асуулт Бурхан Багш өөрийнхөө сургаалыг Энэтхэгийн эртний уламжлалт шашны сургаалуудын нэг болох упанишадад үндэслэн айлдсан уу гэхэд Дээрхийн Гэгээнтэн: "Энэтхэгийн уламжлалт шашин болох хинди хийгээд буддын шашинд төстэй зүйл олон байдаг. Үүний нэг нь ёс зүй, төвлөрөл, билгүүн ухааны сургаалыг агуулсан гурван суртгаал юм. Ялгаа нь гэвэл тэрээр өөрийн свами найздаа тайлбарлаж хэлснээр хиндичүүд атман буюу бие даан оршдог “би” байдаг итгэдэг байхад буддын шашинтнууд анатман буюу хоосон чанар буюу "би" үгүйд итгэдэг. Гэхдээ энэ нь бидний өөрсдийн л хэрэг юм” гэлээ.

Өөр нэгэн хүн орчин үеийн шинжлэх ухаан эртний Энэтхэгийн сэтгэл судлалын шинжлэх ухааны түвшинд хүрч чадахгүй байгаа бол орчин үеийн шинжлэх ухаан шинжлэх ухааны ололтоороо давуу байдаг шүү дээ гэж эргэлзэн асуухад Дээрхийн Гэгээнтэн:

“Орчин үеийн шинжлэх ухааны арга нь судалж байгаа обьектоо багаж хэрэгсэл ашиглан судалдаг. Энэ нь оюун ухааны тусламжгүйгээр амар хийгдэх ажил биш ээ. Гэсэн хэдий ч аливаа зүйлийг харах боломжгүй байна гэдэг нь тухайн зүйлийг үгүйсгэх шалтгаан биш юм. Энэ нь мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжаар хүлээн авч байгаа мэдрэх чадвар болон үзэл бодлын ухамсар хоёрын хоорон дахь ялгаа, тэдгээрийн тархинд үзүүлэх янз бүрийн нөлөөнд өнөөг хүртэл хангалттай анхаараагүйн нэг жишээ юм.” гэж хариуллаа.

Шунияата буюу бодит оршихуйн хоосон чанарын талаар илүү ихийг мэдэхийг хүсч буй залуу эмэгтэйн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа хутагт Нагаржунайн “Билгүүний Үндэс” номоос “Шүтэн барилдлсан бүхэн хоосон чанартай” гэх зэргийг эш татан хариулсан юм.

Мөн урд, хойд насны талаархи асуултанд тэрээр: “Энэ тухай өөрийн хүндэлж явдаг нэгэн свамитай ярилцаж байлаа. Түүнээс өмнөх амьдрал байдагт яагаад ийм их итгэлтэй байдаг тухай асуухад “Надад урд насны талаархи дурсамж бий” гэж хариулсан” гэв.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн танхимд буй хүмүүст хандан:

“Хүн бүр хүн төрөлхтний сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй. Бид бүгдээрээ эх дэлхийгээ илүү аз жаргалтай, илүү их энх тайван байлгахын төлөө хичээцгээе. Бид ёс зүй болон хүний үнэ цэнэ нь хүлээн зөвшөөрөгдсөн, нийтийг хамарсан чиг хандлагыг дэмжсэн арга замыг олох хэрэгтэй байна. Сэтгэл зүрхээ нээлттэй байлгах нь аюулгүй байдал болон итгэл найдварын мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд энэ нь хүн бүрт хэрэгтэй үнэнч нөхөрлөлийн үндэс юм. Та бүхэнд баярлалаа.”
Үзсэн: 1 797
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц