Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага

26-09-2015, 02:53  |  Хэвлэх

2015 оны 9 дүгээр сарын 16

Англи, Кембриж, 2015 оны 9 дүгээр сарын 15- Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Оксфордод хийж байгаа аяллын 2 дахь өдрийн өглөө Магдален коллежийн ерөнхийлөгч Давид Клэри сургуулийнхаа номын санг түүнд танилцууллаа. Эртний арьсан хавтастай ном судрыг өрсөн тавиуруудын дэргэд тэд түр саатан, өнө эртний ном, бусад үзмэрүүдийг үзэж сонирхсон байна.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален коллежийн ерөнхийлөгчийн
номын сан дахь эртний ном судрыг үзэж сонирхож байгаа нь.
Их Британи, Оксфорд, 2015.9.15. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Номын сангийн арын өрөөнд проф. Клер Харрис Төвөдийн түүхийн эртний фото зургаас танилцуулсныг Дээрхийн Гэгээнтэн ихэд сонирхон үзэв. Хамгийн эртний зургийг 1889 оны орчим Төвөдөд авсан хэмээн үздэг ажээ. Проф.Харрис нэгэн хадны зургийг Дээрхийн Гэгээнтэнд үзүүлсэн бөгөөд Инд мөрний орчмын тэрхүү хадыг 1863 онд Энэтхэгийн ван, лорд Элжиний зарлигаар Төвөдөд орсон Филип Эгертоны экспедицийнхэн авсан байх магадлалтай. Эгертон Төвөдийн гүн рүү 10 майл орж чадсан ч, дараа нь хөөгдөн гарсан юм.

Ойролцоогоор 40 жилийн дараа 1900 онд Гомбожав Цыбиков хэмээх буриад хүн Потала ордны зургийг дарсан нь хожим дэлхий даяар тархсан байна. Түүнээс 3 жилийн дараа дарагдсан Гянце Зоны зургийг проф. Харрис тайлбарлахдаа, оросууд Төвөдөд эхэлж орсонд дургүйцсэн лорд Курзоны ачаар энэ зураг дарагдсан гэв.

Тухайн үеийн Төвөдийн зургийг гадаадынхан авч байсны зэрэгцээ төвөдүүд өөрсдөө мөн авдаг байлаа. Тэдний дотроос Жигме Тарин болон Царон Каса нар алдартай. Харин 9 дүгээр Банчин богд болон 13 дугаар Далай Лам нар фото зураг сонирхож байсныг тэр бүр хүн мэддэггүй. Проф. Харрис цаашлаад хоёр сонирхолтой гэрэл зургийг харуулсны нэг нь 1939 онд Гүмбүм хийдэд авсан Дээрхийн Гэгээнтний 3-4 настай үеийн зураг ба 1951 онд Дромо / Ятунд авсан зураг байлаа. Тэрээр мөн Самдин Дорж Палмогийн нилээн тод гарсан гэрэл зургийг дэлгэн харуулсан бөгөөд тэр эмэгтэйг Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн хамгийн том эмэгтэй хувилгаан хэмээн үздэг ажээ. Төвөдөөс зугтан гарах үед буюу 1959 онд Тайм сэтгүүлийн нүүрэнд гарсан түүний зургийг 1956 онд авсан гэдгийг Далай Лам тодотгон хэллээ.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эртний гэрэл зургийн
тухай проф. Клер Харрисын илтгэлийг сонсч байгаа нь. Их Британи,
Оксфорд, 2015.9.15. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОП
роф.Харрисын сонирхолтой танилцуулгад хоёр онцгой зураг орсон байв. Нэгэн дээр нь Демо ринбучигийн дүр буусан байсан бөгөөд Соёлын хувьсгалын үед 1966 онд түүнийг олны өмнө шийтгэж, шашнаасаа, Далай Ламаас, гэрэл зураг авах сонирхлоосоо татгалзахыг хятадууд шаардаж байжээ. Хятадын коммунистууд гэргэл зураг сонирхох явдлыг хийх юмаа олж ядсан баячуудын ажил гэж үздэг байсан байна. ‘Төвөд рүү явах зам’ нэртэй сүүлчийн зургийг Төвөдийн орчин үеийн гэрэл зурагчин Жигме авсан бөгөөд тэрээр 2012 онд эх орон луугаа явган явахаар шийдсэн байна. Хүрэх газартаа 10 майл ойртсон үедээ буюу Мустагад тэр энэ зургийг авсан бөгөөд Балбын засаг захиргаа түүнийг цаашид явахыг хориглосон байна.

Evening Standard сонины сэтгүүлч Ричард Годвинд өгсөн ярилцлагынхаа үеэр Дээрхийн Гэгээнтэн Англи зэрэг орнуудад аялахдаа аз жаргалын эх сурвалж болсон хүний үнэт зүйлийг дэлгүүрүүлэх явдлыг үндсэн зорилгоо болгодог хэмээв. Аль нэг шашныг дорд үздэггүй гэдгээ тэр мөн тодорхой илэрхийллээ.
“Хэрвээ та аль нэг шашныг өөрийн салшгүй хэсэг хэмээн үздэг хэрнээ чин сэтгэлээсээ ханддаггүй бол шашин танд үр өгөөжөө өгөхгүй” хэмээн хэллээ.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага
Evening Standard сонины сэтгүүлч Ричард Годвин Далай Ламаас
ярилцлага авч байгаа нь. Их Британи, Оксфорд, 2015.9.15.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Европ дахь цагаачдын хямралын тухай асуултад хэн чадах нь туслах ёстой гэдэгтэй санал нэг буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн ч, хэтийн төлвөөс нь авч үзвэл тэдний амь зуулгаа залгуулж ирсэн нутагт энх тайван тогтоох асуудал дээр илүү анхаарах ёстойг тэмдэглэн хэлэв. Цагаачдыг хүлээн авснаар асуудал шийдэгдэхгүй.

Төвөдөд хүчирхийллийг бууруулахад түүний нөлөө байгаа эсэх тухай асуултад, 10 жилийн өмнө дөнгөж Төвөдөөс ирсэн нэгэнтэй ярилцахад, залуучууд Далай Ламыг амьд сэрүүн байгаа цагт хүчирхийллээс ангид байх ёстой хэмээн үздэг хэмээн ярьсныг дурсан ярилаа. Хятадын ард түмэнтэй харилцах харилцааны гүүрийг барихын тулд цаашид ч хүч үл хэрэглэх зарчмыг барих нь чухал гэдгийг Далай Лам түүнд хэлж байжээ. Бусдын сайн сайхны төлөө үйлчлээд зогсохгүй тэдэнд гэм хор хүргэхгүй байх нь утга учир бүхий амьдралын хэм хэмжээ гэдгийг тодорхой хэллээ.

The Sun сонины сэтгүүлч Оливер Харви Дээрхийн Гэгээнтнээс хоёр дахь ярилцлагыг авахдаа, тус сонины уншигчдаас их хэмжээний мөнгийг Сирийн дүрвэгсдэд туслахаар хандивласныг хэрхэн үзэж байгааг сонирхов. Тэрээр хариулахдаа,

“Маш сайн, боломжит бүх аргаар энэ ядарсан хүмүүст туслахаас өөр арга байхгүй ч, алс хэтийн төлвөөс нь харах юм бол тэдний зугтан ирсэн нутагт энх тайван тогтоох нь чухал. Тэд эх орондоо амьдрах ёстой. Бидний төвөдүүд мөн адил цагаачид бөгөөд бидний зорилго бол эх орондоо хэзээ нэгэн цагт харьж, эх оронд маань устаж сүйдсэн бүхнийг сэргээх явдал билээ” гэв.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Sun сонины сэтгүүлч Оливер Харвид
ярилцлага өгч байгаа нь. Их Британи, Оксфорд, 2015.9.15.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Исламын улстай яриа хэлэлцээ хийх боломжтой эсэх тухай асуултад, дайтаж байгаа талуудын хооронд яриа хэлэлцээ хийхэд нь хөндлөнгөөс оролцож, санаачлахыг Энэтхэгийн лалын шашинтнуудад хандан хэд хэдэн удаа уриалснаа Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Оны эхээр Гластонберийн их наадамд очоод тэнд тоглогдсон хөгжмийг таалсан эсэхийг нь Харви асуув. Тэрээр хөгжим нэг их сонирхдоггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч, их наадмын үеэр ноёрхож байсан таатай уур амьсгалыг хараад бахархал төрсөн хэмээн хариуллаа. Английн хатан хаан түүхэн дэх хамгийн удаан хаан ширээнд заларч байгаа тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, бага балчраасаа л хатан хаан хийгээд түүний дүү Маргарет нарын зургийг харсаар ирсэн бөгөөд чин сэтгэлээсээ “Баяр хүргэе” хэмээв. Эцэст нь, Английн юу нь илүү таалагддаг вэ гэсэн асуултад, Британийн Раж Төвөдөд орж ирснээс хойш хоёр орныг халуун дотно харилцаа нэгтгэж байгаа хэмээн хариуллаа.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Ариун Аннагийн коллежид зочилж, 50 гаруй хятад оюутанд яриа хийв. Хүн төрөлхтний аз жаргалыг бэхжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг хангах, төвөд хүний хувьд төвөд хэл, буддын арвин мэдлэгийг хамгаалах гэсэн гурван үүргийг өөртөө хүлээсэн тухайгаа тэр ярив. Наландагийн уламжлалд агуулагддаг сэтгэлийн хийгээд сэтгэл хөдлөлийн тухай гүн гүнзгий мэдлэгийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ариун Аннагийн коллежид зочилж,
хятад оюутнуудтай уулзаж байгаа нь. Их Британи, Оксфорд,
2015.9.15. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Хятад бол буддын шашны уламжлалт орон бөгөөд 1954-55 онуудад Хятадад зочлохдоо олон сүм хийд, ариун дагшин газруудыг би харсан. Өнөөдөр Хятадад 400 сая буддын шашинтан байгаа гэсэн тоо байдаг бөгөөд тэдний ихэнх нь Төвөдийн буддизмыг сонирхож, хадгалан үлдэхийг хүсч байгаа. Түүхийн үүднээс авч үзэхэд хан болон төвөд үндэстнүүд анд нөхөд байж чадна, чадах ч ёстой гэж би байнга хэлдэг.”

Далай Ламыг дахин тодруулаагүй тохиолдолд Төвөдийн буддизм хадгалагдан үлдэж чадах эсэх тухай түүнээс асуухад, Бурхан Багшийг тодруулаагүй ч, буддизм 2500 жилийн турш цэцэглэн хөгжсөөр ирснийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Түүний нэгэн адаил Нагаржуна гэгээний сургааль ч түүнийг дахин тодруулаагүй байхад дэлгэрэн хөгжсөн. Далай Лам төрөхөөс өмнө, 7 дугаар зуунд буддизм Төвөдөд үндэс сууриа баттай суулгасан гэв.

Хан үндэстнүүдийн хөдөлмөрч хичээнгүй занг болон дэлхийн аль ч өнцөгт байсан, хэл соёлоо хадгалдгийг нь бахархан үнэлдэгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Өнөө үед буддын үзэл санааг тайлбарлахад хамгийн тохиромжтой нь төвөд хэл бөгөөд түүнийг хамгаалан хадгалах явдлыг ‘салган бутаргах’ үйл явц хэмээн үзэх нь ахархан бодолтны явдал хэмээв. Лам Гурван Эрдэнийн утгыг ухаарч ойлгосон 21 дүгээр зууны буддистууд байхыг тэрээр оюутнуудад уриалсан байна.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лорд Рован Виллиамстай уулзаж
байгаа нь. Их Британи, Оксфорд, 2015.9.15. Фотог Жан Куммин
“Бурхан Багшийн зөвөлгөөг дагацгаа. Бурхан Багш айлдсан учир гэдгээр түүний сургаалийг дагаж болохгүй. Нягталж судал. Шинжлэх ухаанчаар ханд.”

Үдийн хоолны үеэр тэрээр Магдален коллежид буцаж ирээд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай баримтат кино хийж байгаа София Стрил-Страйвэрт товч ярилцлага өглөө. Дараа нь тэр нисдэг тэрэг хөлөглөн Кембрижийг зорьсон байна. Түүнийг лорд Рован Уиллиамс халуун дотноор угтан авав. Тэд ирэх өдрүүдийн төлөвлөгөөг товч хэлэлцсэний дараа Дээрхийн Гэгээнтэн буудал руугаа явлаа.

Үзсэн: 2 143
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц