“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төгсгөлийн өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал

16-02-2016, 22:31  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 17

Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.17 - Роши Жоан Халифакс өглөөний төгсгөлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, ‘Оюун Ухаан ба Амьдрал” хэлэлцүүлэгт оролцогсод энд Сера Лачи хийд дээр “Ойлголт, үзэл баримтлал, “Би” гэсэн ойлголтуудын талаар ярилцах боломж олдсонд туйлын баяртай байна хэмээв. Тэрээр ламтан Матье Рикар болон Ричи Давидсон нарыг ‘Би, ёс зүй, энэрэнгүй шинжлэх ухаан’ сэдвээр илтгэл тавихыг урилаа.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төгсгөлийн өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
Ламтан Матье Рикар илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.17. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Илүү сайхан дэлхий ертөнцийг буй болгохын тулд бид хэрхэн хамтдаа ажиллаж болох вэ гэсэн асуултаар ламтан Рикар яриагаа эхэллээ. “Бид яагаад ирээдүй хойч үеийн төлөө санаа зовох ёстой вэ? Тэд миний төлөө юу ч хийгээгүй шүү дээ” хэмээн хэлэх хүн гарч магадгүй. Үүний нэг хариулт бол “Би” гэх ойлголт байнга өөрчлөгдөж байдаг ухамсартай холбоотой байдаг ба юмсын харилцан хамаарлыг ойлгосны үндсэн дээр бидний бусдын төлөө гэх сэтгэл өргөжиж байдаг. Энэ бол энэрэнгүй, бусад хүмүүс аз жаргалтай байгаасай, аз жаргалын шалтгаан нь бүрдээсэй гэсэн хүсэл мөн.

Зарим нэг хүн энэрэнгүй үзлийг гэнэн, үл гүйцэлдэх үзэл хэмээн хэлж болох юм. Энэ үзэл улс төр хийгээд эдийн засагтай ямар ч холбоогүй гэж тэд хэлэх байх. Харин юмсыг хэт ойрын төлөвт нь харсан хүмүүс л ингэж хэлнэ. Хэтийн төлөвт нь харсан хүн ирээдүй хойч үедээ анхаардаг. Дэлхийн хамгийн баян 36 орны элбэг хангалуун амьдралын хажуудах үгээгүй ядуу байдлыг харсан бид бусдын төлөө санаа тавих ёстой. Уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхийд байх ёстой олон хил хязгаар алдагдаад байгаа бөгөөд дэлхий 6 дахь нийтийн мөхөл рүүгээ зүтгэж байна. Төвөдөд мөнх цэвдэг хайлснаас агаарт метан хий ялгарч байгаа нь нүүрсхүчлийн хийгээс хэд дахин илүү хортой билээ. Махны үйлдвэрлэлийн хөгжлийн улмаас бид амьтанд эд зүйл мэт хандаж байна. Үүнийг амин хувиа хичээх үзэл давамгайлж байгаагийн илрэл хэмээн Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв.

“Бид юу хийж чадах вэ?” гэсэн асуултыг Рикар тавилаа. Тэрээр хүмүүсийн ихэнх нь луйварчид хэмээн тодорхойлсон Фройдын үг болон, “Би энэрэнгүй үзлийг хорон санаа хэмээн үздэг” хэмээсэн Айн Рэндийн үгнээс эш татав. Ийм үзэл бодолтой тулгарсан ч, хүний сайхан сэтгэл байх ёстой зүйл гэж бид боддог. Амьдрал дээр хүмүүс хамтран ажиллах дуртай байдаг. Хамтран ажиллах нь өрсөлдөхөөс илүү чухал зүйл. Эсэн мэнд үлдэхийн төлөөх тэмцэлд нэг нэгнийхээ эсрэг байснаас хамтдаа байсан нь дээр. Тэрээр бага Мартин Лютер Кингийн “Бүтээлч энэрэнгүйн гэрэлт замаар замнах уу, бусниулан сүйтгэх шинжтэй амин хувиа хичээх харанхуйн замаар явах уу гэдгээ хүн шийдэх ёстой” хэмээн хэлсэн үгийг эш татлаа. Тэр дараа нь Каруна-Шечен сангийн Төвөд болон Балбад өрнүүлж байгаа үйл ажиллагааны талаар ярилаа.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төгсгөлийн өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
Ричи Давидсон илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.17. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ричи Давидсон энэрэнгүйн шинжлэх ухааны үзлийг хөндөхдөө, уян хатан чанар, эерэг үзэл бодол, анхаарал ба өгөөмөр байдал гэсэн дөрвөн чиглэлээр тайлбарлав. Уян хатан чанар нь тархины бүйлсэн хэлбэрт хэсгийн үйл ажиллагаа ба үүнтэй холбоотойгоор хүмүүс бухимдлаас түргэн ангижирдаг. Энэрэнгүй үзэлтэй хүмүүсийн тархины бүйлсэн хэлбэрт хэсэг нь том байдаг ажээ. Тархины энэ хэсгийн үйлчлэлээс болж энэрэнгүй үзэлтнүүд төлөвшдөг үү, эсвэл энэрэнгүй үзлээс болж тархины энэ хэсэг томордог уу гэдгийг Дээрхийн Гэгээнтэн сонирхон асуулаа. Түүнээс гадна тархины бүлйсэн булчирхайг томруулах эм байдаг эсэхийг тэр мөн лавлав.

Төөрөлдсөн тархи аз жаргалгүй байдаг учраас аз жаргалтай болоход нь анхаарал гол үүрэгтэй. Уян хатан чанарыг дээшлүүлэхийн тулд анхаарал төвлөрүүлэх дасгалыг аеробик дасгалтай хавсарч хийх нь үр нөлөөтэй хэмээн Давидсон хэллээ. Амиа хорлох шалтгаан хөдөө орон нутгаас илүү хот сууринд их байдаг тухай ярих ёстойг Дээрхийн Гэгээнтэн түүнд сануулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн энэрэнгүй үзлийн талаар Айн Рэндийн хэлсэн үгийг дахин хөндөөд, энэ бол гажуудсан үзэл бодлын илрэл гээд сөргүүлэн Шантидева гэгээний үгийг эш татлаа.

Энэ хорвоо дахь баяр баясал бүхэн
Өрөөлд сайн сайхныг хүссэний үр шим,
Энэ хорвоо дахь зовлон бүхэн
Өөрөө гагцхүү аз жаргалтай байхыг хүссэний гэм


“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төгсгөлийн өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
Гэвш Дадул Намжил шинжлэх ухааны нэр томьёог төвөд хэлнээ
орчуулах асуудлын талаар ярьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.17. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Үдээс хойших эхний илтгэлийн сэдэв нь лам хуврагуудын шинжлэх ухааны боловсролын тухай байсан юм. Гэвш Лхагдор өөрийн тэргүүлдэг Төвөдийн зохиол, архивын номын сангийн үйл ажиллагааны талаар сонирхолтой видео үзүүлэв. Эмори-Төвөд шинжлэх ухааны төслийг хэрэгжүүлэхэд тус номын сан Төвөдийн талын зохицуулагчаар оролцож, голлох үүргийг гүйцэтгэж байгаа ажээ. Эмори талын төлөөлөл болон төсөлд оролцож байгаа гэвш Лувсан Тэнзин Неги хэлэхдээ, Эмори байгууллага болон Төвөдийн хамтын ажиллагаа 1998 оноос эхтэй гэв. Харин номын сан 2006 оноос уг төслийн гол хамтрагч болсон байна. Шинжлэх ухааны нэр томьёог төвөд хэлнээ орчуулж, зохих нэр томьёог төвөд хэлнээ бүрдүүлэхэд гаргасан асар их хүчин зүтгэлийн талаар гэвш Дадул Намжил ярилаа. Сургалтын төвүүдийг магадлан итгэмжлэхийн ач холбогдлыг Янси ринбучи хөндсөн байна.

Сургалтын хөтөлбөрт нь шинжлэх ухааны хичээл оруулахыг лам нар хэрхэн хүлээн авч байгааг харуулсан судалгааг дугуй диаграммаар харуулахад одоо ч дургүйцэх явдал байгаа нь харагдаж байв. Дээрхийн Гэгээнтэн энэ үед хөндлөнгөөс оролцохоор шийджээ.

“Асуух хэд хэдэн зүйл байна. Лам хуврагуудын сурах цагт шинжлэх ухааны хичээл хэрхэн нөлөөлж байгаа вэ? Хоёрдугаарт, Бурханы номыг үзэхэд нь шинжлэх ухаан саад болж байна уу? Хэрвээ тэд хоосон сүсэг бишрэлд итгэдэг бол саад болж болох юм. Харин тэдний сурах арга учир шалтгаанд суурилдаг бол юу ч тэдэнд саад болох ёсгүй. Хоёр Үнэн хийгээд Хутагтын Дөрвөн Үнэн, тэдгээрийн 16 шинж чанарт анхаарлаа хандуулахын зэрэгцээ шинжлэх ухаанаар дамжуулан өөрсдийн амьдралд нийцэх бодит үнэнийг ойлгох боломж бүрдэх ёстой. Хэрвээ та бүхэн шүүмжлэх арга дээр суурилан суралцах аваас ямар ч асуудал энд үүсэх ёсгүй.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төгсгөлийн өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын айлдварыг дэлгэцээр дамжуулан
сонсож байгаа лам хуврагууд. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
2015.12.17. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Лин ринбучи анх Өрнөдөд хөл тавихдаа гялалзсан өнгө төрхөд хууртагдаагүйн учир нь Дээдийн номонд бат итгэлтэй байсанд оршино.”

Өмнөд Энэтхэг дэх Төвөдийн суурингуудад өмнө нь ирэхэд ихэнх оюутнууд шөнөөр хичээллэж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярилаа. Харин одоо дижитал төхөөрөмжүүдэд оюутнууд цагаа зориулах болжээ хэмээн тэр хэлэв.

“Сүм хийдүүдэд шинжлэх ухааны хичээл оруулж цаг авлаа гэж намайг битгий зэмлээрэй” хэмээн тоглон хэллээ.

Сүүлийн дөрвөн өдөр хэлэлцсэн илтгэлүүдийн товч үр дүнг Жон Дан нэгтгэн танилцуулсан юм. Дараа нь илтгэл тавьсан эрдэмтдээс ямар нэг тайлбар хийх эсэх талаар Роши Халифакс асуув.

Шинжлэх ухаан лам нарын сурч мэдэхэд дарамт болох бус, харин тэдний боловсролд хувь нэмрээ оруулна хэмээн Дээрхийн Гэгээнтний айлдсаныг Түвдэн Жинба батлан хэлсэн юм. Тэрээр хэдийгээр лам байхаа больсон ч, лам хуврагуудын амьдралын хэв маягийг аль болох баримталж явахыг эрмэлздэгээ илэрхийлсэн байна. Лера Бородицки хэлэхдээ, эрдэмтэн хэрнээ сэтгэл, оюун ухааны талаар тун бага мэдлэгтэй байгаагаа гайхлаа. Жон Дан “Бид үзэл бодлоо хэрхэн өөрчлөх вэ? Энэ чиглэд бид их зүйл хийж чадах уу?” гэсэн асуулт тавив. Паван Синха энэрэнгүй шинжлэх ухаан, сэтгэл хийгээд оюун ухааны шинжлэх ухааны онолыг дэмжиж үг хэлсэн юм.

Бусдад илүү хүндэтгэлтэй ханддаг болцгооно гэдэгт итгэж буйгаа Васу Редди илэрхийлэв. Гүн ухаан сайн сайхан үйлст үйлчилж болох тухай санаа Жей Гарфиьдэд таалагдсан байлаа. Бүх төрлийн мэдлэгт хүндэтгэлтэй хандахын чухлыг гэвш Еши Тавхай тэмдэглэн хэлэв. 2000 оны “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалтын үед Дээрхийн Гэгээнтний айлдаж байсан, “Хүн төрөлхтөнд бидний хувь нэмрээ оруулах ёстой зүйл бол бусдад туслах явдал” хэмээх үгийг Матье Рикар давтан хэллээ.

Нэн яаралтай үйл хөдлөл хийх ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтний хэлсэн үгэнд биширснээ Катерин Керр илэрхийлсэн байна. Зааж сургах арга барилаа өөрчлөх шаардлагатайг Карол Вортман онцлон тэмдэглэв. Уур амьсгалын өөрчлөлт дээд цэгтээ хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах цаг болсон хэмээн Роши Жоан Халифакс хүлээн зөвшөөрөв. Ричи Давидсон оролцогсдын нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд хандан, “Бидний хийж буй ажил бусдын сайн сайхны төлөө зориулагддаг. Дээрхийн Гэгээнтэн та урт насалж, бидэнд байнга урам зориг өгч, бид дахин дахин уулзалдах болтугай” хэмээн ерөөл тавьлаа.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төгсгөлийн өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
Оюун Ухаан ба Амьдрал хүрээлэнгийн захирал Сузан Байер-Ву
уулзалтыг зохион байгуулахад оролцсон бүх хүнд талархал
илэрхийлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.17.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ерөнхийлөгч болсноос хойш хоёрхон долоо хоногийн дараа энэ уулзалтад оролцсон нь таатай байлаа хэмээн Сузан Байер-Ву хэлээд, бүх хүнд талархал илэрхийлсэн байна. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн, Сера Же болон Сера Ме хийд, Далай Ламын сан, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын офист талархал илэрхийллээ. Тэрээр мөн бүх илтгэлийг төвөд хэлнээ орчуулсан Төвөдийн бүтээл, архивын номын сангийн хамт олонд тусгайлан талархал илэрхийлэв. Тэр мөн техникийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх хүнд талархлаа. “Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн үйл ажиллагаанд оруулсан Хершигийн гэр бүлийн хувь нэмрийг өндрөөр үнэллээ. Эцэст нь тэр “Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн удирдах зөвлөл болон ажилтнуудад талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн арга хэмжээг хааж хэлэхдээ,

“Энэ ярилцлага миний хүслээр анх эхэлж байсан. Гэхдээ энэ ярилцлага бусад лам нарт үр өгөөжтэй байж болохыг би олж хараад, мянга мянгаараа суралцдаг сүм хийдэд хийх нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол мэдлэгийг түгээх боломж гэж үзсэн юм.

Хүмүүс бидэнд асар их асуудал байгаагийн ихэнхийг бид өөрсдийн гараар бүтээдэг. Тиймээс тэдгээрийг шийдэх нь бидний харицлагын асуудал. Үүний тулд хүний оюун ухааны чадлыг бид ашиглах ёстой. Мэдээж бидэнд амьдралын тодорхой цаг хугацаа өгөгдсөн байдаг. Би гэхэд 81 нас хүрч байна. Бид юмсыг өөрөөр харж сурах тухай ярилцаж байна. Хэн ч зовлонг үл хүсэх ба зөвхөн аз жаргалыг хүсдэг. Ахархан бодлынхоо улмаас бид өөрсөддөө асуудал үүсгэх харалган бодолтой болдог. Бид хүн ёсны шийдэл олох ёстой. Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг бодолцох ёстой. Та бүхэн надад талархах шаардлагагүй, харин 22, 23 дугаар зууныхан бидэнд талархана гэдэгт найдаж байна.

Төвөдийн буддын бүхий л мэдлэг Энэтхэгээс эхтэй боловч, олон энэтхэг хүн өнөөдөр хэт баруунжсанаас эртний эх сурвалжаа үгүйсгэж байна. Буддизмыг сурталчлах зорилго надад алга. Харин бидний үүрэг хариуцлага бол өнөөгийн 21 дүгээр зууныханд илүү амар амгалан дэлхий ертөнцийг бүтээх боломжийг бүрдүүлж өгөхийн тулд шинэ, цогц үзэл бодлыг эрж олох явдал юм. Та бүхэнд баярлалаа” хэмээв.
Үзсэн: 2 630

Холбоотой мэдээ:
  • “Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын гурав дахь өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
  • “Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
  • 30 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” эрдэм шинжилгээний хурал. “Ойлголт, үзэл баримтлал, “Би”
  • "Оюун ухаан ба Амьдрал" хурлын хоёр дахь өдөр. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Сера хийд. 2015.12.15.
  • 30 дахь удаагийн "Оюун ухаан ба амьдрал" хурлын эхний өдөр. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Сера хийд. 2015.12.14
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц