Төвөдийн сурагч нарт зориулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварын хоёр дахь өдөр

9-06-2016, 05:59  |  Хэвлэх

2016 оны 6 дугаар сар 2

Энэтхэг, Дарамсала хот, Зүглаг Хан дуган. 2016.06.02 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд морилон ирээд ахмад лам нартай мэндэлсний дараа өөрийн сэнтийдээ заларлаа. “Билгүүний Зүрхэн” судрыг уншаад хутагт Нагаржунайн зохиосон Бурхан Багшийн магтаалыг мөн бас уншлаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийн айлдсан:

Нүглийг өчүүхэн ч бүү үйлд
Буяныг агуу ихээр үйлд
Өөрийн сэтгэлийг номхотго
Энэ л Бурханы сургаал болой


хэмээх шүлгийг тайлбарлав. Энэ шүлгийг төвөд, хинди, англи хэл дээр орчуулан Зүглаг Хан дуганы дотор өлгөжээ.

Төвөдийн сурагч нарт зориулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөдийн сурагч нарт зориулсан
номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, Дарамсала хот.
2016.06.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Нүгэл, буян нь нөхцөл байдал, санааны сэдлээс хамааралтай байдаг. Тэрээр Бурхан Багшийн урьд дүрийн нэгэн далайчны үлгэрийг ярьсан юм. 500 далайчин далайд эрдэнэ түүгээд буцаж явсан бөгөөд тэдний нэг нь бусад 499 далайчинг егүүтгээд бүх эрдэнийг өөрийн болгох төлөвлөгөөтэй байсныг Бурхан Багшийн өмнөх төрлийн далайчин мэджээ. Ингээд түүнийг зөнд нь орхивол 499 далайчин амиа алдах, тэрхүү далайчин ч 499 хүний амийг егүүтгэсэн их хилэнц хураах байжээ. Тиймээс Бурхан Багшийн урьд дүрийн далайчин “Энэ хүн 499 хүн егүүтгэсэн хилэнц хурааснаас би нэг хүний амь егүүтгэсэн нүгэл хураасан нь дээр” хэмээн санаж өөрийгөө золиослон түүнийг егүүтгэсэн байна. Хэдийгээр хүний амь егүүтгэх нь нүгэл боловч бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хийсэн учир энэхүү үйл нь буян болсон ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Бурханы шашинд зөвхөн Бурхан Багш айлдсаны учир бус, үр дагаварт нь зовлон ирдэг тул нүгэл хилэнцийг хийж болохгүй гэж номлодог.” хэмээн онцоллоо.

Энэхүү эшлэлийн “Өөрийн сэтгэлийг номхотго” гэх хэсгийг тайлбарлах үедээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгэл гэж яг юу болох талаар асуув. Тэрээр шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл нь уураг тархины үйл ажиллагаа биш болохыг хэдийнээ баталсан гэдгийг онцоллоо.

Төвөдийн дунд сургуулийн сурагчид буддын гүн ухааны анхан шатны мэтгэлцээн болох өнгийн талаар хэлэлцлээ. Түүний дараа ахлах ангийн сурагчид учиш шалтгааны талаар хэлэлцэв. Тэдний дараа Дарамсала хот дахь “Бурханы шашныг таниулах төв”-д суралцаж буй ахмад настай нэгэн хөгшин бурханы шашны номд суралцсанаар өөрт гарсан эерэг өөрчлөлтийн талаар Дээрхийн Гэгээнтэнд танилцуулсан юм. Тэрээр буддын гүн ухаанд суралцсаны дараа амьтан бүгдийг хайрлах сэтгэл төрж эхэлсэн ба амьтан бүгд аз жаргалтай байхыг хүсдэг тул тэднийг аль чадлаар нигүүлсэх хэрэгтэй гэдгийг ойлгосон талаар ярьлаа. Дээрхийн Гэгээнтэн түүний яриаг сонссоны дараа “Энэ бол бурханы шашныг үзэж судалсны давуу тал юм” хэмээн айлдав.

Номын айлдварын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “би” гэгч үнэхээр байгаа эсэх, түүнийг хэрхэн тодорхойлох зэргүүдийг буддын гүн ухааны олон түвшинд тайлбарлан ярив. Буддын гүн ухааны дээд түвшин болох төв үзлийн үүднээс “би” гэгч нь ердөө бие, сэтгэл хоёр дээр тулгуурлаж нэрлэсэн төдий зүйл ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Энэтхэгийн Амрицар хотод шашны хурал болсон юм. Тэр хуралд Ажмераас хүрэлцэн ирсэн нэгэн багш “Бүх шашны хүмүүст “Би” гэгч бий юу? Хэрэв байдаг бол түүнд эхлэл бий юу? Төгсгөл бий юу? гэсэн гурван асуулт тавьдаг гэж билээ.” хэмээн дурсав.

“Учир шалтгааны үүднээс авч үзвэл би гэгч нь баттай оршиж буй зүйл биш ээ. Буддын гүн ухааны онолоор “бодьгал”-ыг бие хийгээд сэтгэлийн нийлбэр дээр тодорхойлдог. Тийм учраас оюун ухаанд эхлэл үгүй тул бодьгалд ч эхлэл гэж үгүй. Түүний төгсгөл бий эсэхийг буддын гүн ухааны олонх түвшин үгүй гэж үзсэн бөгөөд ганц нэг түвшинд архад нар насан эцэслэх үед нэгэн бодьгалын төгсгөл ирж байна гэж үздэг.”

Хэсэг завсарласны дараа асуулт хариулт эхэллээ. Эхний хүүхэд чухаг дээд гуравт аврал одуулснаар бурханы шашинтан болох эсэхийг асуув. Дээрхийн Гэгээнтэн:

Хуран үйлдсэн юмс бүгд мөнх бус
Цувиралтат бүгд зовлонтой
Юмс бүгд хоосон бөгөөд “би үгүй”
Нирваан нь амгалант болой


хэмээх шүлгийг эш татаад үүнийг онолын түвшинд хүлээн зөвшөөрч байвал бурханы шашинтан болж байна гэсэн үг хэмээн тайлбарлалаа.

Тэрээр өөр нэгэн хүүхдэд дөрвөн үнэний тухай тайлбарлахдаа: “Бурхан Багш анх дөрвөн үнэний сургаалыг айлдах үед хоосон чанарын тухай номлосон боловч хоёр дугаар номын хүрд болох билиг барамидын сургаалыг номлох үедээ илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Түүнээс хойш Наландагийн их багш нар билиг барамидын сургаал дээр илүү нарийн судалгаа хийж, нэлээдгүй их тайлбар хийсэн юм.” хэмээн айлдав.

Өөр нэгэн хүүхэд өнгөрсөн жил Дээрхийн Гэгээнтний айлдварт суугаад нэг жилийн турш өдөр бүр үхэл мөнх бусын талаар бясалгал хийсэн тухайгаа ярив. Дээрхийн Гэгээнтэн үхэл мөнх бусын талаар бясалгах тусам хүн эгэл даруу, номхон дөлгөөн болдог тухай айлдав.

Өөр нэгэн хүүхэд сурсан номоо мартах тохиолдолд энэ нь хойд насанд хэрэг болж чадахгүй юу хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн:
Энэ насанд сурч мэдсэн зүйлээ зайлшгүй дотроо тунгаан бодож бясалгаж дадуулах хэрэгтэй. Ингэж чадвал хэдийгээр үг нь мартагдсан ч бодож бясалгасан утга нь үлдэх тул тэрхүү эрдэм хойд насанд илэрч болдог” хэмээн тайлбарлав.

Ингээд номын айлдвартаа орсон бөгөөд эхний хэсэг дээр багш хүний ёс суртахууны талаар айлдсан юм. Майдар бурханы “Судрын аймгийн чимэг” номонд багш хүнд 10 эрдэм байх ёстой гэж айлдсан байдгийг онцоллоо. Мөн Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номонд өөрийн догшин муу сэтгэлийг засаагүй хүн бусдын сэтгэлийг засах боломжгүй хэмээн айлдсаныг дурьдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн маргааш бодьсадвын санваар өгөх ба энэ удаагийн номын айлдварын гол шавь нар сурагч хүүхдүүд тул оюун ухааны бэлэгдэл Манзушри бурханы жэнан өгөх болно гэдгээ зарлав.

Тэрээр: “Би бага байхаас Манзушри бурханыг шүтэж эхэлсэн. Хэрэв сайн шүтэж бясалгаж чадвал оюун ухааны хөгжилд үнэхээр тустай байдаг. Надад бодитоор мэдрэгдсэн.” хэмээн айлдаад өнөөдрийн номоо өндөрлөсөн юм.
Үзсэн: 1 691
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц