Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вестминстерт олон нийттэй уулзаж, Манал бурханы адистид хайрлав

25-06-2016, 11:30  |  Хэвлэх

2016 оны 6 дугаар сар 19

АНУ, Калифорниа, Вестминстер. 2016.06.18 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Вестминстер дэх Вьетнамын Диеү Гү нэрт шинэ сүмд номын айлдвар айлдахаар уригдсан байлаа. Уг сүмын албан ёсмны нээлт маргааш болох боловч энэ өдөр олон хүн Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсохоор хуран цугласан байв. Хотоос холгүй орших энэ сүмд түүнийг морилон ирэхэд хамба лам Тич Виен Ли болон түүний ах Тич Виен Хуи нар угтан тосов. Сүмээр морилох үедээ Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш, түүний хоёр талд Жанрайсиг болон Гүндсамбу бодьсадва нарыг залсан дүрийн өмнө залбирал үйлдлээ. Түүний сэнтийг асрын доор засчээ. Тэрээр төвөд болон вьетнам лам нартай мэндлээд суудалдаа суув.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вестминстерт олон нийттэй уулзаж, Манал бурханы адистид хайрлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диеү Гү сүмд айлдвар айлдахаар
морилон ирэв. АНУ, Калифорниа, Вестминстер. 2016.06.18.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: “Бурханы шашинт ахан дүүс нар аа” хэмээн англиар яриагаа эхлэв. “Би та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Энэхүү боломжийг бидэнд олгосон зохион байгуулагч хүмүүст талархал илэрхийлэе.”

“Хүмүүс бид бие махбодь, оюун ухаан сэтгэл хөдлөл зэрэг бүхий л талаараа адилхан. Би ямар ч шинэ хүнтэй уулзахдаа хүн гэдэг утгаараа бид хоёр адил шүү дээ гэж боддог. Бид нэгэн замаар төрж мөн нэгэн замаар л орчлонгийн мөнх бусыг үздэг. Эх нь уур хилэн, айдас түгшүүр зэргээс хол байж чадвал эхийн хэвлийд буй хүүхэд ч амар тайван байж чаддаг. Төрснөөс хойш хоёр жилийн хугацаанд эхийн хайр энэрэл бүр илүү чухал байдаг. Тэр бүү хэл зарим эмч нарын үзэж байгаагаар хүүхдэд эхийн гар хүрэлцэх төдийд хүүхдийн уураг тархины хөгжил сайнаар явагддаг байна.”

“Шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаа хүнийг энэрэнгүй чанартай гэж харуулж байна. Бид шашин шүтсэн ч, эс шүтсэн ч энэрэл хайр бидний сэтгэл санааны амар амгаланд хүрэх арга зам болдог бол уур хилэн, айдас хүйдэс нь бидний дархлааны системийг усгадаг.”

“Бидний бүхий л амьдралд хайр энэрэл их чухал юм. Амьдралын төгсгөлд биднийг хайрладаг хүмүүс эргэн тойронд минь байвал илүү тайван байж чадна шүү дээ. Тийм учраас бидний амьдралд мөнгө, эрх мэдлээс илүү хайр энэрэл чухал үүрэгтэй.”

“Амьдралын эхэн үеэс төгсгөл хүртэл хайр энэрэл хичнээн чухал болохыг бид бараг мартаж байна. Материаллаг байдал, амьдралын олон өрсөлдөөнд хайр энэрэл бараг хэрэггүй мэт болжээ. Шашин шүтэх сонирхолгүй хүмүүс дотоод үнэ цэнийн тал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй хэдий ч нэгэнт хүн төрөлхтөн мөний тул бидэнд хайр энэрэл зайлшгүй чухал.”

“Хэрэв бид одооноос эхлэн дотоод үнэ цэнийг хөгжүүлж эхэлбэл энэ зууны төгсгөл үед хүчирхийлэл багассан байх болно. Хүчирхийлэл бол зөвхөн зэвсэг хэрэглэснээс үүсдэг зүйл бус бидний сэтгэлээс үүсдэг. Зэвсэг хураах үйл хэрэг нь хамгийн тэргүүнд дотоод сэтгэлийн зэвсгийг үгүй хийсний дараа амжилттай болно. Тийм учраас дэлхийн энх тайван нь гагцхүү бидний дотоод сэтгэлийн амар амгалангаас шалтгаалах болно. Дотоод сэтгэлд энх тайван байхгүй бол гадаад нийгэмд хүчирхийллийг арилгах боломжгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вестминстерт олон нийттэй уулзаж, Манал бурханы адистид хайрлав
Цугласан хүмүүс Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсож буй нь.
АНУ, Калифорниа, Вестминстер. 2016.06.18. Фотог Жерреми Рассел
“Хүн төрөлхтөн бидэнд хайр энэрэлийн уг үндэс бий. Тийм учраас үүн дээр үндэслэн бид дотоод үнэ цэнийг хөгжүүлэх тал дээр өөрсдийн саруул ухааныг ажилуулах хэрэгтэй. Үүнийг би шашнаас ангид ёс суртахуун гэж үздэг.”

Тэрээр бурханы шашны хувраг хүнийхээ хувьд шашин хоорондын эв зохицлыг эрхэмлдэг болохоо онцлон хэлсэн юм. Олон зуун жилийн турш хамтран эв найртай оршиж ирсэн Энэтхэгийн уугуул шашин болох хиндүзм, буддизм, жеинизм болон гаднаас дэлгэрсэн зороастраинизм, христ, исламын шашны эв нэгдлийн талаар жишээ татан ярьлаа. Шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх тал дээр Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө эртний Энэтхэгийн үзэл санааг дэлгэрүүлэгч гэж үздэг ажээ. Тэрээр мөн томоохон шашин бүгд хайр, энэрэл, тэвчээр, уучлал зэргийг номлодог. Үзэл онолын түвшинд өөр хоорондоо ялгаатай боловч угтаа нэг л зүгт чиглэсэн байдаг тухай тайлбарлав. Бурханы шашин дотроо ч үзэл онолын олон ялгаа байдгийг дурьдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн асрын гадна сууж байсан хүмүүст нарнаас халхалахыг зөвлөсний дараа Бурхан Багшийн айлдвар сургаалын талаар тайлбарлав. Бурхан Багш одоогоос 2600 жилийн өмнө Энэтхэгт хааны агь болон мэндэлсэн боловч хожим зургаан жилийн хатуужил үйлдэж арга, билгийг хөгжүүлэхийн тулд төвлөрөх ба судлах бясалгалд суусан байна. Дараа нь Саранат хотод анхны номын хүрд болох Дөрвөн үнэний сургаалаа айлджээ.

Тэрээр бурханы шашны пали болон санскрит уламжлал хоёул дөрвөн үнэний сургаалыг номлодог болохыг дурьдав. Мөн гурав дахь үнэний сургаал дотор “санамсарыг ойр байлгах” дөрвөн эрдмээс “хутагтын найман мөр” хүртэлх гэгээрэлд хүргэх 37 эрдмийг маш нарийн түвшинд тайлбарладаг болохыг ч дурьдлаа. Дөрвөн үнэн нь тус бүрдээ дөрөв дөрвөн чанартай аж. Анхдугаар үнэн – зовлон үнэн нь мөнх бус, зовлонт, хоосон, би үгүй гэх дөрвөн чанартай болохыг тайлбарлав. Энэ мэт хутагтын дөрвөн үнэний утга учир, ялангуяа тэдгээрийн 16 мөн чанарыг сайн ойлгож чадвал Бурхан Багшийн сургаалыг гүйцэд ухаарч, улмаар гэгээрэлд хүрэх арга замаа мэдэж эхлэхийг онцлон айлдсан юм.

“Анх пали уламжлал нь Бирм, Тайланд, Лаос, Кампуж, Шриланкад дэлгэрсэн бол Наландагийн ёсыг хадгалсан санскрит уламжлал Хятадад дэлгэрч улмаар Солонгос, Япон, Вьетнамд дэлгэрсэн байна. Дараа нь VIII зуунд Энэтхэгийн Шантаракшита гэгээн Наландагийн уламжлалыг Төвөдөд Энэтхэгээс шууд дэлгэрүүлсэн юм. Төвөдөд бурханы шашин дэлгэрэх явцад шинэ, хуучин гэх хоёр орчуулга гарсныг XI зуунд мэндэлсэн орчуулагч Ринчин Санбугаас өмнө, хойно гарснаар нь ялгадаг. Бурханы шашны ном сургаалыг орчуулах явцдаа төвөд хэл маш боловсронгүй болтлоо хөгжсөн юм. Өнөөдөр төвөд хэл Бурхан Багшийн айлдвар сургаалыг үнэн зөвөөр нь илэрхийлж чадах хамгийн боломжит хэл болоод байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вестминстерт олон нийттэй уулзаж, Манал бурханы адистид хайрлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын хийдэд Манал бурханы
адистид хайрлалаа. АНУ, Калифорниа муж, Вестминстер хот.
2016.06.18. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Бурхан Багшийн айлдсан харьцангуй хийгээд үнэмлэхүй үнэн нь буддын гүн ухааны дөрвөн түвшинд өөр өөрөөр тайлбарлагдах бөгөөд үүнийг ухаарснаар орчлон хорвоогийн хүрдэн эргэлтээс чөлөөлөгдөж чадна. Харин билиг барамидын сургаал нь, жишээлбэл “Билгүүний Зүрхэн” сударт хоосон чанарыг тайлбарласан байдаг бөгөөд энэ нь угтаа шууд бусаар энэрэнгүй сэтгэлийг номлосон сургаалтай холбогддог.”

Үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Манал бурханы адистид хайрлахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд энэ үед эхлээд вьетнам хуврагууд “Билгүүний Зүрхэн” судрыг уншиж, дараа нь төвөд хуврагууд Манал бурханы зүрхэн тарнийг уншиж байв. Тэрээр Манал бурханы адистидыг хайрлахдаа V Далай Ламын уламжлалыг дагах болно гэлээ.

“Пали уламжлал нь нирвааны гэгээрлийг онцгойлон анхаардаг бол санскрит уламжлалд зөвхөн нирваанд хүрээд зогсолгүй эх болсон хамаг амьтдын төлөө тууштай шамдсан бодь сэтгэлийг үүсгэж бурханы хутгийн гэгээрэлд хүрэхийг чухалчилдаг.”

Тэрээр бодьсадвын санваар төрүүлэх зан үйл хийсний дараа Манал бурханы адистид хайрласан бөгөөд энэ үед номин цэнхэр өнгөт Манал бурханыг хэрхэн бясалгах талаар зааварлан айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш Диеү Гү сүмд эргэн ирж сүмийн нээлтийн ажиллагаанд оролцоно.
Үзсэн: 2 912
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц