“Оюун судлахуйн 8 бадаг” ба “Ухаан, сэтгэлээ боловсруулах нь”

4-07-2016, 10:08  |  Хэвлэх

2016 оны 6 дугаар сар 24

АНУ, Колорадо, Баулдер. 2016.06.23 – Бороо орсны дараа бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрт наран мандсан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Колорадогийн их сургуульд үг хэлэхээр морилсон юм. Түүнийг морилон ирэхэд төвөдүүд уламжлалт ёсоор хүндэтгэн утгсан бөгөөд Колорадогийн их сургуулийн захирал Фил ДиСтефано угтан авч хурлын танхимын зүг газарчлан явлаа. Колорадогийн төвөдийн нийгэмлэгийн дарга уг үйл ажиллагааг танилцуулсны дараа олон төвөд хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэнд зориулж хүндэтгэлийн дуу, бүжиг бүжлээ.

Колорадогийн конгрессийн гишүүн Жаред Полис халуун дулаан үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Төвөд олон хүмүүсийн оюун санааны удирдагч болж байгаа, мөн дэлхийн энх тайвны төлөөлөгч болж байгаад бахдалтай байгаагаа дурьдлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Баулдерт урьсан нь нэр төрийн хэрэг бөгөөд олон хүмүүсийг амар амгалантай болгож байгааг магтахад бүгд алга ташин баярлав.

“Оюун судлахуйн 8 бадаг” ба “Ухаан, сэтгэлээ боловсруулах нь”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баулдер хотын дарга Сьюзен
Жонесийн бэлэглэсэн унадаг дугуйн хамгалалтын малгайг өмсөж
зургаа татуулав. АНУ, Колорадо, Баулдер. 2016.06.23.
Гэрэл зургийг Гленн Асакава (Колорадо их сургууль)
Баулдер хотын дарга Сьюзан Жонес дараа нь үг хэлсэн бөгөөд “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидний дунд байгаа нь биднийг адислаж байгаа хэрэг мөн.” гэсэн юм. Тэрээр бусдыг зөвхөн энэрээд суух бус бодит үйл хийх хэрэгтэй хэмээдэг Дээрхийн Гэгээнтний үгийг эш татав. Өчигдөр ажлын зүг унадаг дугуйгаар явдаг өдөр байжээ. Хотын дарга Дээрхийн Гэгээнтэнд хантааз болон хамгаалалтын малгай бэлэглэсэнд тэрээр машид инээн баясаж “Үүнийг гэгээрлийн замаар замнах үеийн хамагаалалт болгоё” хэмээн хошигнон хэллээ. Тэрээр хотын дарга болон конгрессийн гишүүнд талархал илэрхийлээд суудалдаа суун яриагаа эхэлсэн юм.

“Ахан дүүс нар аа, бид оюун ухаан, бие махбодь аль ч талаараа адил гэдгийг би үргэлж хэлдэг. Зарим үед бид энх тайван, цэвэр сайхан байгал дэлхийг бий болгохыг тэд хийх ёстой гэж хуруу заан хэлэх тохиолдол бий. Гэтэл өөрчлөлт бол хувь хүнээс эхлэх нь гарцаагүй. Нэг хүн энэрэнгүй сайхан сэтгэлтэй байж чадвал бусдад нөлөөлөх бөгөөд энэ замаар бид дэлхийг өөрчилж чадна.”

Тэрээр төвөдийн эрдэмтэн, гэвш Ланри Танбагийн айлдсан “Оюун судлахуйн 8 бадаг” номын тайлбарыг эхлэхийн өмнө өдөр бүр энэ номыг уншиж бясалгадгаа хэлэв. Мөн Наланда уламжлал нь учир шалтгаан хийгээд логик зарчмыг дагадаг болохыг тайлбарлалаа.

Тэрээр хаана ч очсон бурханы шашны номыг тайлбарлахын өмнө заавал тухайн нутаг орны хүмүүс өөрсдийн уламжлалт шашнаа шүтэх нь илүү дээр байдаг гэдгийг байнга айлддаг юм. Хэдийгээр өөрийн төрж өссөн нутаг орны уламжлалт шашнаа шүтэх нь илүү дээр байдаг ч зарим хүмүүст бурханы шашныг сонирхон судалж байгаа талаар ярьлаа. Мөн Энэтхэгт олон шашин өөр хоорондоо эв нартайгаар зэрэгцэн оршиж байгааг жишээ болгон дурьдсан юм.

“Оюун судлахуйн 8 бадаг” ба “Ухаан, сэтгэлээ боловсруулах нь”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Колорадогийн их сургуульд үг
хэлэх үеэр. АНУ, Колорадо, Баулдер. 2016.06.23.
Гэрэл зургийг Гленн Асакава (Колорадо их сургууль)
“Эдгээр олон шашин энэрэл хайрыг нийтэд түгээдэг. Мөн тэсвээр тэвчээр болон уучлалын талаар улам ихийг номлох аваас чухал нөлөө гарах болно. Уур хилэн үргэлж “би” гэж бодох, эсвэл шуналтай холбоотойгоор гарч ирдэг. Энэрэнгүй үзлийг сайтар дадуулахын тулд сэтгэл ханамжийг бас номлох хэрэгтэй. Би Испанид христийн нэгэн ламтай уулзаж байсан юм. Тэрээр ууланд даяанчлан амьдрахдаа өдөрт зөвхөн цай, талхаар гол зогоож байжээ. Би түүнээс ууланд юу хийсэн талаар асуухад энэрэл хайрыг бясалгасан гэж хариулахдаа түүний нүдэнд баяр баясгалангийн оч гялалзаж байсан юм. Түүний бие ядруу туранхай байсан ч сэтгэл нь баян чинээлэг байсан. Тийм учраас би бүх шашин сайн хүнийг бий болгох боломжтой гэдэгт итгэлтэй байдаг.”

Бурханы шашны сургаалын талаарх тайлбарт эргэн орохдоо эрдэмтэн Аарон Бекийн судалгааг дурьдсан юм. Түүний судалгаагаар уур хилэн болон хүсэл шунал төрж байгаагийн 90 хувь нь бидний өөрсдийн төсөөлөл ажээ. Үүнийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номтой холбон тайлбарлав.

“Квантын физик нь юмс бүгд үзэгдэж байгаа шиг өөрийн талаасаа бүтээгүй гэдгийг нотолж байна. Үзэгдэж буй юмс өөрийн мөн чанараасаа бүтээгүй гэдгийг ухаарах тусам бидний дотоод сөрөг сэдлүүд арилж байдаг. Орчин үеийн судалгаа нь эртний Наландагийн их багш нарын гүн сэтгэлгээг улам тодорхой харуулж байгаагийн жишээ юм. Юмс үзэгдлийн бодит үнэний талаарх ойлголт нь сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах зэвсэг болно. Бид нэг гарт буй энэрэнгүй үзлээр нөгөө гарт буй амин хувиа хичээх сөрөг сэтгэлийг арилгах ёстой.”

“Оюун судлахуйн 8 бадаг” ба “Ухаан, сэтгэлээ боловсруулах нь”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь. АНУ,
Колорадо, Баулдер. 2016.06.23. Гэрэл зургийг Цэрэн Чойни
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь дотоод муу сэтгэлээ засахын тулд саруул ухаанаа ашиглах хэрэгтэйг зөвлөв. Бид өөрсдийгөө бурханы шашинтан гэж үзэж байгаа бол XXI зууны бурханы шашинтан болох ёстой гэдгийг анхаарууллаа. XXI зууны бурханы шашинтан гэдэг нь бурханы шашны ном сургаалыг үзэж судлах зарчмаар шүтэх ёстой гэсэн үг аж.

“Өдгөө би 81 нас хүрч байна. Гэвч өнөөдрийг хүртэл би өөрийгөө эртний Энэтхэгийн их багш нарын сурагч шавь гэж үзсээр байгаа. Төвөдүүд бид бурханы хутаг – төгс гэгээрэлд хүрэхийг хүртэл суралцах ёстой гэж ярьдаг.”

“Оюун судлахуйн 8 бадаг” номыг тайлбарлах зуур тэрээр уг номын зохиолч гэвш Лангри Тамбагийн талаар айлдав. Гэвш Лангри Танба нь Жову Адиша гэгээний уламжлалыг дагадаг ажээ. Жову Адиша гэгээн төвөдийн хааны хүсэлтээр “Бодь мөрийн зул” номыг зохиож үүгээрээ дамжуулан төвөдөд гаадамбын цэвэр ариун ёсыг дэлгэрүүлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн уг найман бадаг бүхий номын эхний бадаг нь “би”-ийн талаар номлосон гэдгийг айлдав. Тэрээр өөртэй нь нэгэн удаа уулзаж байсан Суфигийн талаар ярьсан юм. Тэрхүү Суфи бүх шашинтан “Би гэж хэн бэ? Би хаанаас ирсэн бэ? Би эндээс хаашаа явах вэ? гэсэн гурван асуултанд хариулах ёстой гэж үздэг ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд бурханы шашинтан нар бие даасан, дангаар орших “би” гэгчийг хүлээн зөвшөөрдөггүй, гэвч бие болон оюун ухааны нэгдлийг “би” гэж нэрлэсэн талаар тайлбарласан байна.

Тэрээр үргэлжлүүлэн эхний дөрвөн бадагт дотоод сөрөг сэтгэлийг хэрхэн арилгах талаар номлосон ба тавдугаар бадагт өгөх, авахуйн увидас, зургаа дугаар бадагт бидний дайсан нь бидний хамгийн их багш мөн болохыг тус тус тайлбарлав.

“Оюун судлахуйн 8 бадаг” ба “Ухаан, сэтгэлээ боловсруулах нь”
Олон хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуув. АНУ,
Колорадо, Баулдер. 2016.06.23. Гэрэл зургийг Гленн Асакава (КИС)
Дээрхийн Гэгээнтэн номын тайлбарыг дуусгаад бүх хүмүүст их нигүүлсэнгүй бодь сэтгэл үүсгэх зан үйлийг удирдлаа. Дараа нь Бурхан Багш, Жанрайсиг, Дарь Эхийн зүрхэн тарнийн лүн өгөв.

Үдийн зоогийн дараа тэрээр эргэн тайзанд морилон ирж 9000 гаруй хүмүүстэй уулзсан бөгөөд нэлээдгүй олон асуултанд хариулсан юм. Хүний амьдралын зорилго юу гэсэн асуултанд “Аз жаргал” хэмээн хариуллаа. Өөр нэгэн хүн хүүхдийг хэрхэн нигүүлсэнгүй сэтгэлтэй болгох вэ гэсэн асуултанд эцэг, эх нь эхлээд энэрэл хайр гэж юу болохыг бодитоор үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь сайхан сэтгэл хийгээд энэрэлийн сэтгэл хичнээн чухал болохыг айлдсан юм. Бидний амьдрал бусдаас хамааралтай учир бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй байх ёстойг онцлов. Тэрээр эдүгээ 30 гаруй насанд хүрсэн, XXI зууны иргэдэд итгэл найдвар хүлээлгэж байгаа талаар ярихдаа “Эдгээр хүмүүс өнгөрснөөс суралцаж, өөр ирээдүйн төлөө тууштай алхам хийж чадвал энэ зууны сүүлээр аз жаргал, энх тайван цогцолсон дэлхий бий болно” гэж айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа өндөрлөхдөө:

“Хэрэв би та бүхэнд хэрэгтэй зүйл ярьсан бол үүний талаар илүү ихийг бодож нягтлаарай. Найз нөхөдтэйгээ санал бодлоо хуваалц. Бодитоор хэрэгжүүл. Заримдаа би охид бүсгүйчүүдийг гоо сайхандаа анхаардаг шигээ өнө мөнхийн гоо сайхан болох дотоод сэтгэлийн гоо сайхандаа анхаарах хэрэгтэй гэж хэлдэг. Дотоод гоо сайхан бол сайхан сэтгэл, энэрэл хайр юм.” хэмээн айлдав.

Цугласан олон хүмүүс алга ташин талархал илэрхийлэхэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдний зүг мэхийн хүндэтгэв. Маргааш тэрээр Индианад морилно.
Үзсэн: 2 931
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц