Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Гэгээрэгсдийн Зүрхэн Эрдэнэ’ ном айлдлаа

24-07-2016, 04:23  |  Хэвлэх

2016 оны 7 дугаар сарын 13

Энэтхэг, Химачал Прадеш, Ревалсар, Цо-Пема, 2016.07.13 – Арван хоёр жил бүхий Дорны хуанли ёсоор Гүрү Бадамсамбавагийн төрсөн өдрийг бичин жилд тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ жилийн тухайд гал бичин жил тохиож байгаа билээ. Цо-Пема бол эртний Энэтхэгийн хааны ордон байсан Манди хот дахь толгодын орой дээрх нуур бөгөөд энэхүү нуурыг Гүрү Бадамсамбава гүнж Мандаравад ном айлдаж байсантай холбоотой газар гэж үздэг. Тиймээс ч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нинмава урсгалын 19 дүгээр зууны их лам За Патрул ринбочийн зохиосон номноос айлдаж, Ригзин Дондүвын авшгийг өгнө үү гэсэн урилгыг хүлээн авч, энд хүрэлцэн ирсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Гэгээрэгсдийн Зүрхэн Эрдэнэ’ ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үржэн Хэрүга Нямава хийдийн лам нарын
хамт. Энэтхэг, Химачал Прадеш, Ревалсар, Үржин Хэрүга Нямава хийд,
2016.7.13. Гэрэл зургийг Тэнзин Пунцаг /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг өглөө эртлэн Дарамсалагаас хөдлөхөд шөнөжин асгасан бороо намжиж эхэлсэн бөгөөд түүнийг Кангра толгодод ойртон ирэхэд тэнгэр цэлмэж тогтуун болсон байлаа. Зам зуураа Хамирпурт түр амсхийх үед хэсэг төвөд хүн түүнийг угтан авав. Ингээд Цо-Пемад морилон ирэхэд ихэвчлэн Гималайн бүс нутаг, Лахаул, Спити, Киннаураас ирсэн хэдэн зуун хүн, төвөдүүд болон цөөн тооны гадаад хүмүүс гартаа хадаг, хүж барин зам дагуу эгнэн зогсч, түүнийг угтан авлаа. Дээрхийн Гэгээнтнийг Үржин Хэрүга нинмава хийдийн үүдэнд угтан авсан ба тэрээр гол сүмийн бурхан шүтээн, Гүрү Бадамсамбавад эн тэргүүнд мөргөн залбирлаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн болон сүмийн лам нар, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл цай болон бэрээс зооглов.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтнийг нуурын зүг харуулан зассан сэнтийд залрах үед түүний айлдварыг сонсохоор 6000 орчим хүн цугласан юм.

“Бид өнөөдөр онцгой үйл явдлыг тэмдэглэхээр, энэ онцгой газар, Дуджом Ринбучигийн байгуулсан өнө эртний түүхтэй нинмавын хийдэд ирээд байна. Би энд олон удаа ирж байсан, дахин ирж байгаадаа баяртай байна. Маргааш 5 сарын 10-ны билэгт сайн өдөр учраас маргааш өглөө бид ‘цогчод’ өргөж, үдээс хойш би Ригзин Дондүвын авшиг өгнө. Үүний урт, дунд, богино хувилбар байдгаас дунд хувилбарыг бид сонгосон. Энэ бүхний үндэс болгож бодийн сэтгэл үүсгэх зан үйлийг би удирдах бөгөөд өмнө нь увш санваар өгөх болно. Та бүхэн тэрхүү 5 тангаргийг биелүүлж чадвал гайхалтай ч, чадахгүй бол биелүүлж чадах зүйлээ сахих хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Гэгээрэгсдийн Зүрхэн Эрдэнэ’ ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний айлдварыг сонсохоор хуран
цугласан 6000 хүний зүг гар даллан мэндчилж байгаа нь. Энэтхэг,
Химачал Прадеш, Ревалсар, Орген Херука Нямава хийд, 2016.7.13.
Гэрэл зургийг Тэнзин Пунцаг /ДЛО
“Би мөн За Патрул ринбочийн ‘Гэгээрэгсдийн Зүрхэн Эрдэнэ’ номыг хөтөлнө. Патрул ринбучи бол ‘Бодьсатвын явдалд орохуй’ номонд заасан бухнийг хэрэгжүүлэхийн тулд амьдралаа зориулсан нэгэн билээ. Энэ номын дамжлагыг би өөрөө Хүннү Лама ринбучигаас хүртсэн юм. Энэ номын утга учир нь бидний бие, хэл, сэтгэлээ өөрчлөхөд оршиж байгаа бөгөөд үүний тулд бие сэтгэлийн нэгдлийг хангаж, өөрийгөө шинжин, үнэнч шударга байх ёстой.”

Төвөдөөр түүний ярьж байгааг орчуулга авах боломжгүй хүмүүс хэрхэн ойлгох бол гэдэгт санаа зовж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Маргааш айлдварт ирсэн хүмүүс тарнийн ёсны адислал хүртэж болох ч, энэ адислал судрын гүн утгыг хийгээд хоосон чанарыг ойлгож буй эсэхээс хамаарна гэдгийг тэр тэмдэглэн хэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, ‘Бодьсатвын явдалд орохуй’ бүтээлээс илүү сэтгэл оюунаа дадуулах сайн ном үгүй ч, Нагаржуна гэгээн болон түүнийг залгамжлагчдын бүтээл туурвилыг судлалгүйгээр зөвхөн энэ номын 9 дүгээр бүлгийг уншаад хоосон чанарыг таньж мэднэ гэдэг хэцүү хэмээн нэмж хэллээ.

Бурхан Багш анхны сургааль буюу өөрийн бүхий л сургаалийн үндэс болсон Хутагтын Дөрвөн Үнэнийг Варанаст айлдахдаа Би үгүй болон самсара, нирвааны асуудлыг хөндсөн хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Дараа нь тэрээр юмс хэрхэн харилцан шүтэлцэх учир шалтгааны үүднээс үүсдэгийг тайлбарлалаа. Нэгдүгээр үнэн бол зовлон, зовлон шалтгаантай байдаг нь хоёр дахь үнэн юм. Хэрвээ та тэрхүү шалтгааныг арилгаж чадвал зовлон үгүй болно. Хожим шавь нар нь Би үгүйг ухаарч, гэгээрлийн зам мөрд ахиц гаргасны дараа Бурхан Багш Ражгирийн ойролцоох Тас цогцолсон уулнаа Билиг Барамидын сургаалиа айлдсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Санскрит уламжлалыг дагагсадын уншдаг ‘Билгүүний зүрхэн судар’ нь дээрх сургаалийн товч хувилбар нь юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Гэгээрэгсдийн Зүрхэн Эрдэнэ’ ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор ирсэн сүсэгтнүүд.
Энэтхэг, Химачал Прадеш, Ревалсар, Орген Херука Нямава хийд,
2016.7.13. Гэрэл зургийг Тэнзин Пунцаг /ДЛО
‘Билгүүний зүрхэн’ судрыг уншлага болгон унших нэг хэрэг ч, утгыг нь бүрэн ухаарч уншлагаа хийвэл үр дүн нь илүү байх болно гэдгийг тэрээр тэмдэглэн хэллээ. Үүний тулд бид оюун ухаанаа дайчлах ёстой. Буддизмд нигүүлсэл оюун ухаанаар тэтгэгддэг бөгөөд оюун ухаан гэдэг нь хоосон чанарыг таньж мэдсэн билиг билгүүн юм. Бурхан Багш өөрийн сургаалийг учир шалтгааны ухаанаар шалгахыг шавь нартаа захьсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэв. Үүнийг Наландагийн их багш нар амьдралдаа хэрэгжүүлж байсан.

Бороо дахин шивэрч эхлэхэд хурсан олонд хандан тэрээр, бүгд асрын дор орохын тулд шахан суухыг хүслээ.
‘Билгүүний зүрхэн сударт’ хоосон чанарыг тод томруун тайлбарлаж, бодит байдлыг байгаагаар нь тодорхойлсон байдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бурхад билиг билгүүний үндсэн дээр гэгээрсэн гэж сударт өгүүлдэг. Гэхдээ хоосон чанарыг таньж мэдсэн төдийд бид гэгээрлийг олохгүй, харин энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байж, хамаг амьтны тусын тулд гэгээрэх чин хүсэлтэй байх ёстой.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь хэлэхдээ, буддын ном сургаалийг тайлбарлах бүртээ оюун санааны амьдралын талаар ерөнхий ойлголтыг байнга хөнддөг хэмээв. Хүний төрлийг олж төрсний хувьд бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ийнхүү амьдрах ч эрхтэй гэдгийг тэр дурдлаа. Тэрээр бие махбодь хийгээд сэтгэлээр мэдрэх зовиур ба баяр баяслыг харьцуулан тайлбарлаад, бие махбодийн өвчин зовиур нь сөрөг үйлийг ариусгах ерөндөг гэж бодож талаар ярьсан юм. Бид, тэд хэмээн хуваагдан талцсанаар өөрсөддөө асуудал дууддаг болохыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Нөгөө талаас, хэрвээ бид аз жаргалын шалтгааныг бий болговол зовлон зүдгүүрээс ангижраад зогсохгүй эргэн тойрныхондоо сайн нөлөөг үзүүлнэ. Тиймээс яагаад чадах чинээгээрээ бусдад туслах, ядаж гай зовлон тарихгүй байх нь чухал байдгийн учир үүнд оршино хэмээн Далай Лам айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Гэгээрэгсдийн Зүрхэн Эрдэнэ’ ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын үеэр. Энэтхэг, Химачал
Прадеш, Ревалсар, Орген Херука Нямава хийд, 2016.7.13.
Гэрэл зургийг Тэнзин Пунцаг /ДЛО
Жейн, христ, хинду, лал, иуд, зороастри болон бусад бүх шашин хайр энэрэл хийгээд энэрэнгүй үзлийг номлодог бөгөөд энэ үнэт зүйлсийг бэхжүүлэх, хамгаалахын тулд бид хүлээцтэй байж, бусдыг уучилж чаддаг байх ёстойг тэр цохон тэмдэглэв. Тэрээр эртний Энэтхэгээс уламжлан ирсэн шашин хоорондын эв зохицлыг өндрөөр үнэлсэн байна. Хүч үл хэрэглэх зарчим хийгээд шүтэн барилдлага нь Буддын сургаалийн охь хэмээн Дээрхийн Гэгээнтэн тодорхойлов.

‘Гэгээрэгсдийн Зүрхэн Эрдэнэ’ бүтээл Лам Гурван Эрдэнийг магтан дуулснаар эхэлдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярилаа. Бүтээлд энэ амьдралын явдалд хэт санаа тавихаас хэрхэн ангижрах, Би-гийн тухай ташаа ойлголтоос хэрхэн салах тухай өгүүлдэг. Түүнчлэн, бидний дээд багш бол тод гэрлийн улмаас бий болсон дотоод сэтгэл гэдгийг гүрү иогоор баталдаг. Юмс обьектив оршихуйтай гэж Мадхьямака үзлийн зарим төлөөлөл баталдаг бол юмс үзэгдэж харагддаг ч, обьектив оршихуй огт байхгүй гэж Прасангха Мадхьямака үзлийн төлөөлөл үздгийг энд дурдсан байдаг. Цааш нь энэхүү бүтээлд судар ба дандарын ялгаа нь обьектив юмс бус, харин субьектив үзэл бодолд байдаг хэмээн тодорхойлжээ. Дээрхийн Гэгээнтэн айлдварынхаа төгсгөлд уг бүтээлд сургасан —‘Та юу ч хийсэн, оюун ухаанаа шалга ’ гэсэн зөвлөмжид анхаарлаа хандуулахыг зөвлөлөө.

Тэрээр энэхүү номын дамжлагыг Дилго Чэнзэ ринбочэгээс авсан гэдгээ хэллээ.


Дээрхийн Гэгээнтнийг Нинмава хийд рүү буцах үед мөргөлчид нуурыг тойрон гороо хийж байв.

Үзсэн: 1 744
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц