Ладакийн “Уулын хөгжлийн зөвлөл” Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэлийн зоог өргөв

23-08-2016, 13:13  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сар 16

Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.14 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн “Уулын хөгжлийн зөвлөл” болон Ладак, Занскарын дээд удирдлагын хүмүүстэй үдийн зоог барьлаа.

Ладакийн “Уулын хөгжлийн зөвлөл” Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэлийн зоог өргөв
Ладакийн үндэсний хөгжимчид Дээрхийн Гэгээнтнийг угтаж
байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Түүнийг “Ойн цэцэрлэг” хэмээх жуулчны баазад Ладакийн “Уулын хөгжлийн зөвлөл”-ийн дарга, доктор Сонам Дава угтсан юм. Тэд Индүс мөрнийг төмөр гүүрээр гатлав. Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд ладакийн үндэсний бөмбөрчид болон үлээвэр хөгжимчид хүндэтгэлийн хөгжим тоглосонд тэрээр ихэд талархан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хуучны анд Моруб Намжал үдийн зоогийн эхэнд үг хэлэв. Доктор Сонам Дава товч үг хэлэхдээ урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн юм. Тэрээр сүүлийн үед Дээрхийн Гэгээнтэний ач нөлөөгөөр боловсролын болон улс төрийн түвшинд нэлээдгүй хөгжил явагдаж байгааг онцолсон билээ.

Моруб Намжал үг хэлэхдээ 7 зууны үед Төвөдийн эзэнт гүрний их хаан Сронзан Ганбу хааны үеэс Төвөдийн харьяалалд байсан Ладакт буддын шашин, соёлын нөлөө нэлээдгүй бий болсныг дурьдав. Мөн тогтмол морилж буй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын нөлөөгөөр бүс нутагт явагдаж буй онцгой хөгжлийг тэмдэглэн хэллээ.

Ладакийн “Уулын хөгжлийн зөвлөл” Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэлийн зоог өргөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүндэтгэлийн зоогийн үеэр үг хэлж
байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Цугласан хүмүүст үг хэлэхийн оронд асуулт хариулт явуулах хэрэгтэй гэж Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Өвчтөний амьсгааг зориудаар зогсоох, мөн үр хөндөх талаарх асуултанд тэрээр ерөнхийд нь дүгнэн хэлэх хэцүү бөгөөд аливаа асуудал бүгд хоёр талтай байдаг гэлээ. Цэвэр усны талаар асуусанд тэрээр байгаль орчноо хамгаалах нь цэвэр усны нөөцийг хадгалах үндсэн арга гэж товчхон хариулсан юм. Дээрхийн Гэгээнтэн цааш нь Чипко хөдөлгөөнийг үүсгэсэн өөрийн дотны нөхөр Сундерлал Бахугунад Хималайн бүс нутаг болон Ладакаас Аруначел Прадеш муж хүртэл байгал орчныг хамгаалах асуудлыг аль чадлаар ярьж байх болно гэж амласнаа эргэн дурсав.

Үдийн зоогийн дараа мужийн дарга талархал илэрхийлсэн бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал дахь өөрийн ордны зүг хөдөллөө.
Үзсэн: 1 656
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц