Энэтхэгийн Үндэсний Хууль Эрх Зүйн сургуульд хийсэн айлчлал

29-12-2016, 12:17  |  Хэвлэх

2016 оны 12 дугаар сар 15

Энэтхэг, Карнатака муж, Бангалор хот. 2016.12.15 – Хэдэн өдрийн турш үүл бүрхсэн бороотой өдрүүдийн дараа наран мандсан энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бангалор хотын дундуур машинаар явсаар Энэтхэгийн Үндэсний Хуулийн сургуульд хүрэлцэн ирлээ. Энэхүү сургууль нь хууль эрх зүйн салбарт дээд боловсролын дараахь мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Түүнийг сургуулийн орлогч захирал Доктор Р.Венката Рао болон сургуулийн багш албан хаагчид угтан авч дараа нь 400 гаруй оюутан болон багш нар цугларсан танхим руу хамтдаа оров.

Сургуулийн дэд захирал Дээрхийн Гэгээнтнийг олон нийтэд танилцуулахыг хууль зүйн ухааны профессор доктор В.Вижаякумараас хүслээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтний Төвөдөд өнгөрүүлсөн бага залуу насны талаар яриад тэр л үеэс Далай Лам Төвөдийн олон түмэнд ардчилалын талаар танилцуулж Төвөд рүү халдан орсон Хятадтай найрсаг харьцаатай байх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байсныг онцгойлон хэлэв. Мөн Дээрхийн Гэгээнтний өөртөө хүлээсэн үүрэг болох аз жаргалд хүрэхийн тулд хүний үнэ цэнэ ямар чухал болохыг, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, Төвөд хэл соёлыг хадгалан үлдэж Төвөдийн сайхан байгалийг хамгаалах талаар ярив.

Энэтхэгийн Үндэсний Хууль Эрх Зүйн сургуульд хийсэн айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн үндэсний хууль эрх зүйн
сургуулийн багш ажилчдад хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Карнатака муж. Бангалор. 2016.12.15.
Гэрэл зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн сонсогчидод хандан:

“Би дэлхий дээр байгаа 7 тэрбум хүний нэг нь гэдгээ байнга хэлдэг. Бид бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан билээ. Бид аз жаргалтай байхыг хүсдэг бөгөөд зовлонг хүсдэггүй. Аз жаргалтай байх нь ч бидний эрх юм. Биеийн тав тухтай байдал зөвхөн мэдрэмжийн түвшинд л түр зуурын сэтгэл ханамжийг авчирдаг. Сэтгэл амгалан байвал бие махбодь тавгүй байсан ч энэ нь зовлон болдоггүй. Баяр хөөр бол оюун ухааны түвшинд ирдэг зүйл. Энэ нь яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг болон бусад зүйлийн ялгаанаас үл хамааран бүгдэд маань адилхан байдаг.”

“Би Өмнөд Африкт явах зуураа Соуэтод амьдардаг хүмүүстэй уулзсан юм. Би тэдэнд шинэ ардчилсан хуультай болсон тул шинэ боломжууд гарч байгаад нь баяр хүргэсэнд өмнө нь тэдний багш байсан нэгэн хүн толгой унжуулан надад хэлэхдээ “Бид цагаан арьстнуудтай өрсөлдөж чадахгүй, учир нь бидний тархи тэднийхээс дутуу.” гэж хэлсэн. Би үүнийг цочирдон хүлээн авч үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа хэлсэн юм. Би түүнд хар ба цагаан арьст хүмүүсийн тархинд ямар ч ялгаа байхгүй гэдгийг ямар ч эрдэмтэн хэлэх болно гэдгийг хэлсэн юм. Эцсийн дүндээ тэрээр үүнийг санаа алдан хүлээн зөвшөөрч билээ.”

“Төвөдүүд биднийг боловсролгүй, мухар сүсэгтэй гэсэн үзлийг хатуу баримталдаг Хятадын зарим албаны хүмүүсийн хандлагаас болж бид бэрхшээлтэй тулгардаг байсан. Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ Төвөдүүд бид Хятадуудаас дутах зүйлгүй. Гол нь өөртөө л итгэлтэй байх хэрэгтэй. Би өөртэйгээ ажиллаж, хөгжиж дэвшихийг хүсдэг хүмүүст итгэлтэй байж, сайн ажиллахыг байнга хөхүүлэн дэмждэг.”

Энэтхэгийн Үндэсний Хууль Эрх Зүйн сургуульд хийсэн айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн их сургуулийн хууль
эрх зүйн сургууль дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Бангалор. 2016.12.15. Гэрэл зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
“Бид өөрсдийн хоёр дахь ялгаанд дэндүү их анхаарснаас болж асуудлууд үүсээд байна. Мөнгө болон зэр зэвсэгтэй болох бус, хүн төрөлхтний нэгдмэл байхын төлөөх сэтгэлийг хөгжүүлэх нь л зөв шийдэл болж байна. Боломж гарах бүрт үүнийг би хүмүүст байнга хэлдэг.”

“Түүнчлэн дэлхийн хамгийн хүн ам ихтэй Энэтхэг оронд шашны олон уламжлалууд мөр зэрэгцэн эвтэй найртай оршиж байгааг, бусад орнууд үүнээс жишээ аван дагавал илүү сайхан байхсан гэдгийг дэлхий дахины хүмүүст байнга хэлдэг билээ.”

Дээрхийн Гэгээнтэн профессорын түүний талаар танилцуулсан зүйлээс дахин давтан яриад, улс төрийн эрх мэдлээс татгалзаж, сонгуулиар сонгогдсон хүмүүст эрх мэдлээ хүлээлгэн өгч олон зуун жилийн турш үргэлжилсэн Далай Ламын улс төрийн эрх мэдлийг дуусгавар болгосон тухайгаа ярив. Гэсэн хэдий ч тэрээр Төвөдийн байгаль орчин болон зөвхөн Төвөдүүдээр зогсохгүй Төвөдийн өндөрлөгөөс эх авсан гол мөрөний усыг хэрэглэдэг Ази тивийн тэрбум гаруй хүмүүсийн эрх ашгийг анхаарч явдгаа хэлэв.

Төвөдийн хаан Наландагийн сургуулийн шилдэг эрдэмтдийн нэг Шантаракшита гэгээнийг Төвөдөд урисан ба тэрээр Буддын сургаалийг нэвтрүүлснээр Төвөдөд олон зүйл өөрчлөгдсөн байна. Шантаракшита гэгээн сайн лам байснаас гадна хурц ухаантай, логикч хүн байжээ. Түүний хүчин чармайлтын ачаар Наландагийн уламжлал бүрэн бүтнээрээ Төвөдөд өвлөгдөж өнөөг хүрсэн байна. Үүний нэг үр дүн нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд өнөөдөр эртний Энэтхэгийн судар номонд бичсэн оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн эх сурвалжуудаас сурч мэдэх сонирхол дүүрэн байна.

Энэтхэгийн Үндэсний Хууль Эрх Зүйн сургуульд хийсэн айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Хууль Эрх зүйн их
сургууль дээр үг хэлэхэд 400 гаруй багш оюутнууд түүнийг
сонсч асуулт асуув. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2016.12.15. Гэрэл зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн оюутнуудад хандан 20-р зууны бидний цаг үе ард хоцорч, харин энд цугларсан 21-р зууны оюутнууд та нарын эрин үе ирж байна. Та бүхэнд ирээдүйг өөрчлөх хүч чадал байна. Хэрэв та нар хичээвэл ирээдүйд илүү амар амгалан дэлхийг бүтээж чадна гэдгийг хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн: “Миний ажил бол ярих” хэмээн тоглоомоор хэлээд “харин ажил хэрэг болгож дэлхийг өөрчлөх нь та нарынх шүү” гэсэн юм.
Мансуурах бодисын талаар асуусан оюутны асуултанд Дээрхийн Гэгээнтэн сэтгэл болон сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаар сайн судалж илүү сайн ойлгох нь асуудлыг шийдэх үр дүнтэй арга гэв. Нэг нь Далай Ламыг бусдаас юугаараа ялгардаг талаар асуухад, өөрийгөө бусдын л адил хүн гэж үздэг ба түүнийг өвдөхөд эмч нар яг л тэгэж ханддаг хэмээн хариулав.

Төвөдүүдэд туслахын тулд ямар ажил хийгдэж байгаа талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн, 1959 онд түүнийг дүрвэн гарахад 80 мянга гаруй хүмүүс түүнийг даган гарсныг тайлбарлан хэлэв. Олон хүмүүс гол сүм хийдүүдийг сэргээн босгосон Карнатакад суурьшин үлджээ. Тэрээр хэлэхдээ Төвөд орондоо үлдсэн олон хүмүүсийн сэтгэлд Төвөд орноо гэсэн сэтгэл хүчтэй байдгийг онцлов. 1979 онд Дэн Сяопинь нээлттэй хаалганы бодлого явуулсан боловч 1989 онд болсон Тянь Миний талбай дээрхи явдлаас хойш зогссон юм. Гэсэн хэдий ч дарангуйлан захирах системийн доор ч гэсэн өөрчлөлт явагдаж байна гэлээ.

Энэтхэгийн Үндэсний Хууль Эрх Зүйн сургуульд хийсэн айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Хууль Эрх зүйн сургууль
дээр үг хэлэх үед түүнээс асуулт асууж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Бангалор. 2016.12.15. Зургийг Тэнзин Чойжир /ДЛО/
Оюун санааны амьдралыг сэтгэл хөдлөлтэй хэрхэн хослуулж болохыг асуухад Дээрхийн Гэгээнтэн:

“Зөвхөн Буддын шашинд анатманы сургаалыг заадаг. Энэ нь гадаад харагдах байдлаас үл хамааран хүн болон юмс үзэгдэл бодитойгоор оршин тогтнодоггүйн тухай номлол юм. Энэ сургаалийг 60 гаруй жил судлан шинжилсний эцэст энэ бүхэн сөрөг сэтгэл хөдлөлд гүн нөлөө үзүүлснийг нэмж хэлэв. Одоо бол түүний сэтгэлд уур хилэн болон шунах сэтгэл бараг байхгүйг тэрээр хэлэв. Энэ бол шинжих бясалгалаас ч биш, түүний ухаан санаа муудсанаас ч биш харин шаргуу судлан шинжилсний шууд үр дүн юм.” хэмээн хариуллаа.

“Амьдралын зорилго юу вэ? хэмээн нэгэн залуу асуухад танхим дүүрэн инээлдэв. Дээрхийн Гэгээнтэн аз жаргалтай байх гэж хариуллаа.
“Бидэнд аз жаргалтай байх ямар ч баталгаа байхгүй, зөвхөн итгэл найдвар л бий. Бидэнд ямар ч бэрхшээл тулгарсан бид түүнийг даван туулна гэдэг итгэлтэй байдаг, харин итгэл найдвараа алдвал бид арга мухарддаг. Аз жаргал нь сэтгэлийн амар амгалантай нягт холбоотой ба сэтгэлийг амгалан байлгах гол хүчин зүйл нь халуун дулаан сэтгэл юм. Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх нь эр зориг болон өөртөө итгэх итгэлийг бий болгодог бөгөөд халуун дулаан сэтгэл, саруул ухаан нь сэтгэлийн амар амгаланг авчирдаг билээ.”

Орлогч захирал Дээрхийн Гэгээнтний ярианд талархал илэрхийлэхээр тайзан дээр гарч ирэв. Тэрээр доктор Суббу Раогаас албан ёсны талархалын үг хэлэхийг хүслээ. Ноён Рао доктор Венката Рао болон Вижаяа Кумарыг Дээрхийн Гэгээнтний айлчлалыг зохион байгуулж, үүнийг үр дүнтэй ажил болгоход хувь нэмэр оруулсанд талархиал илэрхийлээд бусад хүмүүст ч талархалаа илэрхийлэв. Түүнчлэн энд хүрэлцэн ирж энэ бүхнийг сонсож асуулт асуусан оюутнуудад талархсанаа илэрхийллээ. Төгсгөлд нь тэрээр:

“Хэрэв баяр баясгаланг хүсч байвал бусдад баяр хөөр бэлэглэ” хэмээн зөвлөсөн Дээрхийн Гэгээнтний айлдварыг эш татаад яриагаа дуусгав.
Үзсэн: 2 193
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц