Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдварын хоёр дахь өдөр

20-01-2017, 11:50  |  Хэвлэх

2017 оны 1 дүгээр сар 6

Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 06 – Дүйнхорын авшигийн бэлтгэл зан үйл өчигдрийн адил болж өнгөрлөө. Дөрвөн хуварга зураг нь гүйцэд зурагдсан элсэн хот мандлыг үргэлжлүүлэн бүтээсээр байна.

Элсэн хот мандал хийх уламжлал нь Энэтхэгээс үүсэлтэй бөгөөд үүнтэй адил Энэтхэгээс үүсэлтэй өөр сайхан уламжлалууд Төвөдөд хадгалагдаж үлдсэн билээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөөний зан үйлээ өндөрлөөд элсэн хот мандлыг бүтээх ажлыг сайтар хянаж үзэв.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам элсэн хот мандал бүтээх ажилтай
танилцаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.06.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр үдийн хоолны дараа номын талбай руу эргэн ирж урьдчилан төлөвлөгдөөгүй байсан шашин хоорондын уулзалтанд хүрэлцэн ирсэн Свами Чиданда Сарасвати болон бусад шашны уламжлалуудын төлөөлөгч нартай мэндчиллээ. Тэд өчигдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди болон Бихар мужийн захирагч Нитиш Кумарын хамт Патна хотод арав дахь Гүрү Гобинд Сингхийн 350 жилийн төрсөн өдрийн ёслолд оролцжээ. Тиймээс өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн болон сүсэгтэн олонд мэндчилгээ хүргэхээр, мөн шашин хоорондын эв найрамдлыг тэмдэглэхээр энд хүрэлцэн ирсэн байна. Дели дэх Төвөдийн төлөөлөгч асан Тэнпа Цэрэн хэлэхдээ Дээрхийн Гэгээнтнийг хүний үнэ цэнийг таниулах, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, Төвөдийн урлаг, хэл соёл, байгаль орчныг хамгаалах гэсэн гурван үүрэгтэй гэлээ.

Амрицар дахь сикийн шашны тэргүүн Жаяани Гүрбачан Синх эхэнд үг хэлэв. Тэрээр уншлага уншиж, мөн хүрэлцэн ирсэн бүх хүмүүст мэнд дэвшүүлээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэрэл хайрын бэлэг тэмдэг хэмээх утга бүхий богино ерөөл уншсан юм. Маулана Хасанур Рахман дараа нь үг хэлсэн бөгөөд мөн адил Бодьгаяад хүрэлцэн ирсэн хүн бүхэнд мэнд дэвшүүллээ. Тэрээр исламын шашинд хүн бүхэн нэгэн гэр бүлийнх гэж үздэг тухай ярив.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн адил бус олон шашны тэргүүн нартай уулзаж
байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.06.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үг хэлэх ээлж болоход тэрээр төвөд хэлээр ярьж харин Самдон ринбочэ түүний яриаг цэвэр хинди хэлэнд орчуулсан юм. Тэрээр:

"Өнөөдөр бид Бурхан Багшийн гэгээрэлд хүрсэн энэ ариун сайхан газар цугласан байна. Өнгөрсөн долоо хоногт намайг Патнад байхад мужийн захирагч Нитиш Кумар энэ баярын талаар ярьсан. Энэхүү шашин хоорондын уулзалтанд оролцогчид бүгд энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлын талаар сайхан ярилаа. Бидний шашны уламжлалууд гүн ухааны ялгаатай үзэл баримтлалтай хэдий ч хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэлийг адилхан номлодог.”

“Энэтхэгт нутгийн уугуул болон гадны олон шашны уламжлалууд хамтдаа зэрэгцэн олон зуун жилийн турш байж ирсэн. Энэтхэг орон энэ олон шашны уламжлалуудын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, бүгдэд нь хүндэтгэлтэйгээр ханддаг, үүгээрээ бусад улс орнуудад үлгэр жишээ болж байна.”

Зочид тайзыг орхисны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийндээ заларч удиртгал номын айлдвараа үргэлжлүүлэв. Мангала судрыг пали хэл дээр уншсан бөгөөд дараа нь хятад хуваргууд өөрсдийн хэлээр Билгүүний Зүрхэн судрыг уншлаа.

Дээрхийн Гэгээнтнийг номын айлдвараа эхлэхийн өмнө Төвөдийн Голог нутгийн иргэд богино хэмжээний даншүг өргөх ёслол үйлдэв.

”Өчигдөр би дэлгэрэнгүй тайлбар хийсэн болохоор өнөөдөр давталгүй шууд “Бодьсадвын явдалд орохуй” номын тайлбараа эхлүүлье.”

Тэрээр номын мөрүүдийг хурдан уншиж, зарим газар тайлбар хийж байлаа. Эхний тайлбар зоригдлын ач холбогдолын тухай байв. Хамаг амьтны тусын тулд гэсэн зоригдол үүсгэн аливаа зүйлийг хийвэл эерэг үр дүн нь хязгааргүй гэлээ.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн удиртгал номын айлдвараа айлдаж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.06. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Бодь сэтгэл нь ерөөхүйн, орохуйн гэж хоёр янз байна. Энэрэнгүй сэтгэл болон нөхөрлөлийн жишээ болгож Дээрхийн Гэгээнтэн шархадсан хоёр харх дээр хийсэн эрдэм шинжилгээний туршилтыг дурдав. Хамтдаа байж бие биендээ анхаарал халамж тавьж байсан хархны шарх нь ганцаараа байсан хархнаас түргэн эдгэж байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэлээ.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн: “Зовлон нь сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй, сөрөг сэтгэл хөдлөл үүсмэгцээ сэтгэл санааны тогтвортой, тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг. Нэгэнт сөрөг сэтгэл хөдлөл нь зовлонг авчирдаг, мөн үүнээс гэтлэх арга зам байдаг гэдгийг мэдмэгц тэр даруй зовлонгоос салахыг хүссэн сэтгэл төрөх нь дамжиггүй бөгөөд бусдад ч энэхүү арга замыг зааж өгөх нь гарцаагүй юм.” хэмээн ярив.

“Бурханы шашны сургаалд гардаг бас нэгэн чухал зүйл нь бидний жинхэнэ дайсан гадаад ертөнцөд бус бидний дотор байдаг нисваанист муу сэтгэл мөн. Бид энэ дайснаа л номхруулах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн мөн цааш нь, “Лалын шашинт террористууд” гэсэн нэр томъёог хэрэглэдэг болжээ. Гэвч энэ нь буруу юм. Террорист халдлага хийсэн хүн террорист мөн. Тэдний үйлдэл нь шашны сургаалийг зөрчсөн байдаг, тиймээс тэднийг ямар нэгэн шашинтай холбож ярих нь зохисгүй.” хэмээн ярьсан юм.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдварын хоёр дахь өдөр
Номын айлдварт сууж буй гадаадын олон иргэдийн нэг нь
тэмдэглэл хөтөлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.06. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр Хутагтын дөрвөн үнэний тухай айлдахдаа Бурхан Багшийн анхны сургаал нь “би үгүй”-н онолыг номлосон гэв. Хоёр дахь номыг хүрдийг эргүүлэхдээ Ражгирийн Тас цогцолсон ууланд юмс үзэгдлийн эцсийн мөн чанар нь хоосон болохыг номлосон байна.

Ингээд “Бодьсадвын явдалд орохуй”-н тав дугаар бүлэгт хүрээд Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн айлдвараа өндөрлөв.
Үзсэн: 2 423
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц