Талкатора стадион дахь олон нийтийн уулзалт

11-02-2017, 20:30  |  Хэвлэх

2017 оны 2 дугаар сар 5

Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.05 – Нам гүм ням гаригийн өглөө Видяалоке зохион байгуулсны дагуу Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Талкатора стадионд олон нийтийн яриа хийхээр хөдөлсөн юм. Өмнөх өдрүүдийн адил ноён Аналжит гэр бүлийн хамт түүнийг угтан авч дотогш урин залсан бөгөөд хэсэг хуучин андууд түүнтэй уулзлаа. Дээрхийн Гэгээнтэн үйл ажиллагааны нээлтэнд зориулсан уламжлалт зул өргөх ёслолд оролцоод суудалдаа суув. Хоёр үндэстний уламжлалт соёлын арга хэмжээ явагдаж дараа нь санскрит хэл дээр “Билгүүний Зүрхэн” судрыг уншлаа. Дээрхийн Гэгээнтэн уламжлалт дуу бүжгийг талархан хүлээж авсан юм.

Талкатора стадион дахь олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд уламжлалт дуу бүжгийн тахил
өргөв. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.05. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Вир Сингх хүрэлцэн ирсэн 3000 гаруй хүмүүсийг Видяалокийн номын айлдварт тавтай морилохыг хүсэв. Аналжит Сингх Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа олон хүмүүс түүний үгийг сонсох дуртай байна хэмээн мэдэгдлээ.

“Ахан дүүс нар аа, та бүхэнтэй энд уулзаж байгаадаа туйлын баяртай байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Нэлээд олон танил хүмүүс маань энд иржээ. Та нар миний юу хэлэхийг мэдэж байгаа. Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адил тул хүмүүсийн нэгдмэл байдлыг би байнга эрхэмлэн ярьдаг юм. Бид оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодийн хувьд адилхан. Амьдралын зорилго болсон аз жаргалыг бүгд л адилхан хүсдэг. Ирээдүйд юу тохиолдохыг бид хэлж чадахгүй ч сайхан ирээдүй ирнэ гэсэн итгэл найдвараар амьдарч байна. Амьдрах чадвар маань үүнээс хамааралтай.”

“Билиг билгүүний охин тэнгэр Сарасватигийн дууллыг бид сая сонслоо. Бурханы шашны хувьд саруул билиг оюуныг мөн чанартаа хоосон боловч шүтэлцэн оршдог хоосон чанарын ойлголтыг олж авснаас хамаарна гэж үздэг. Юмс харилцан хамааралтай, бусадтай шүтэлцэн оршдог учир өөрчлөгдөж, хөгжих боломжтой. Хэрэв юмс үзэгдэл бусадтай хамааралгүй, бие даан орших чадвартай бол хичнээн хүчин нөлөө үзүүлээд ч ямар нэгэн өөрчлөлт гарахгүй ба үр дүнгүй байх болно.”

“Ганц би хүн төрөлхтний нэгдмэл байдлыг чухалчилж байна уу гэвэл тийм биш ээ. Энэ бол дэлхийн томоохон шашнуудын үндсэн сургаал мөн. Хэрэв бид нэг нэгнээ ахан дүүс шигээ үздэг бол алан хядах, хорлож хохироох явдал хаанаас гарах билээ. Өнөөдөр заан, бар гэх мэт араатан амьтан хэн нэгэн хүнийг барьж идсэн байна гэх мэдээллийг олон хүн анхаарч буй хэрнээ хүн нэг нэгнээ егүүтгэсэн байна гэдгийг ердийн, байдаг л зүйл мэтээр хүлээн авч байна. Зарим түүхчдийн үзэж байгаагаар 20-р зуунд 200 сая хүн хүчирхийллийн улмаас насан эцэслэсэн гэдэг. Үүний ашиг юу байв? Үүний үр дүнд дэлхий сайхан болсон бол хүчирхийллийг зөвтгөж болох байлаа. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн зовлонг л авчирсан юм.”

“21-р зуун гарснаас хойш хүчирхийлэл явагдсаар л байна. Бүр зарим тохиолдолд шашны нэрийн дор хүчирхийлэл үйлдэгдэж байна. Хүчирхийллийн замаар асуудлыг шийддэг цаг үе нэгэнт өнгөрсөн. Хүчирхийлэл үйлдэж хүчирхийлэлийг зогсоох боломжгүй. Нэг нэгэнтэйгээ сайхан сэтгэлийн үүднээс эв найртайгаар харилцан ярилцаж, тохиролцож байж асуудлыг шийдэхээс өөр арга зам байхгүй билээ.”

Талкатора стадион дахь олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалокийн уулзалтанд үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.05. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Хэрэв өнөөдөр хүн төрөлхтөн нэгдмэл байж чадвал цаг агаарын таатай өөрчлөлт, унаган байгалыг хамгаалан хадгалах, дэлхийн эдийн засгийн хөгжил зэрэг эерөг өөрчлөлт бид бүгдэд ирнэ. Бид урьдчилан тооцоогүй олон асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл бид хуучин сэтгэлгээ болох “бид” ба “тэд” гэсэн бодолд түгжигдсээр байна.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа бидэнд заяасан гайхамшигтай уураг тархийг сөрөг зүйлд бус, эерэг зүйлд ашиглах хэрэгтэй гэсэн юм. Тэрээр бидэнд учирч буй олон асуудлууд ахархан бодол, өчүүхэн санаанаас шууд хамааралтай гэдгийг онцлон хэлэв.

“Бурханы шашны үүднээс сөрөг сэтгэл хөдлөл нь үл мэдэх мунхагаас үүдэлтэй бөгөөд үүнийг зан үйл бус, мэдлэг боловсрол олсноор арилгана гэж үздэг. Орчин үеийн боловсролын систем нь материаллаг зүйл дээр төвлөрч байгаа тул үүнийг орхигдоод буй дотоод сэтгэлийн үнэ цэнэтэй холбох хэрэгтэй.”

“Олон зуун жилийн турш үргэлжилж буй энэтхэгийн соёл нь хүчирхийллийн бус, энэрэнгүй соёл бөгөөд энэ нь өнөөгийн бидний нийгэмд чухал ач холбогдолтой болоод байна. Бид нийгмийн амьтад бөгөөд байгалаас нэг нэгнийгээ энэрч хайрлахаар заяагдсан билээ. Бидэнд энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнийг хайрлах оюуны хүчин чадал бий. Бидний үндсэн чанар энэрэнгүй бөгөөд энэрэл хайрын хүчээр бид амьд үлдэж чадах болно.”

“Энэрэл хайрын хүч болон оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх үнэт боловсролыг бид Энэтхэгчүүдээс суралцсан, сурсан зүйлээ бид 1000 гаруй жилийн турш хадгалан үлдэж чадсан юм. Бидний хадгалсан боловсрол өнөөгийн дэлхийд чухал ач холбогдолтой болохын зэрэгцээ сэргээн өвлүүлэх тал дээр анхаарал, идэвхи гаргаж байгаад би талархаж байна. Бид оюун санааны амар амгаланг олж чадна, гэвч үүнийг ерөөл залбирал, зан үйлээр бус учир шалтгааны зарчмаар суралцаж олох болно.”

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн 8-р зуунд амьдарч байсан Наландагийн их багшийн айлдвараас эш татсан юм. “Өөрт тохиолдсон асуудлыг нягталж үзэх хэрэгтэй бөгөөд тухайн асуудлыг шийдэх боломжтой бол санаа зовох хэрэггүй, шийдэх ямар ч боломжгүй бол мөн л санаа зовох шаардлаггүй.”

Талкатора стадион дахь олон нийтийн уулзалт
Вир Сингх хүмүүсийн асуултыг Дээрхийн Гэгээнтэнд уламжилж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.05. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дэлхийн хамгийн том ардчилсан Энэтхэг орон амар тайван байгаа нь дан ганц ардчилсан зарчим, хууль, эрх чөлөө төдийгүй шашин бүхнийг хүндэтгэн үздэг эртний уламжлал нь ч эерэгээр нөлөөлж байгааг дурьдлаа.
Тэрээр эртний Египт, Хятад, Индүс мөрөний нутагт Бурхан Багш тэргүүтэй асар олон сэтгэгч, гүн ухаантан нар төрөн гарсныг тэмдэглэн хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Бангалор хотод ядуу хүүхдүүдийг хооллох буяны ажлыг зохион байгуулдаг нэгэн свамитай уулзаж байснаа дурсан ярьлаа. Тэд ярилцах зуураа буддын шашин болон хиндү шашинд ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, билиг оюуны сургаалууд адилхан байдаг гэдэг дээр санал нэгдсэн байна. Гол ялгаа нь “би үгүй”-г хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрдөгт оршиж буй ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам инээгээд “Энэ бол бидний хувийн асуудал” хэмээн хошигнон хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа шашинд гурван зүйлийн сургаал байдгийг давтан хэллээ. Шашны гол үндсэн сургаал нь энэрэл хайр, тэвчээр, хувийн сахилга бат болон сэтгэл хангалуун байх явдал ажээ. Харин үзэл онолын хувьд ертөнцийг бүтээгчийг хүлээн зөвшөөрдөг, эсвээс юмс бүхэн өөрсдийн уг шалтгаанаас үүсдэг гэсэн хоёр зүйл онолд хуваагддаг байна. Шашны уламжлалт зан үйлийн хувьд эртний зарим нэгэн уламжлалыг халах хэрэгтэй гэсэн юм. Жишээлбэл ардчилалын зарчмаар хүн бүхэн эрх тэгш буй нийгэмд кастын систем байх боломжгүй гэлээ. Энэ мэт үеэ өнгөрөөсөн уламжлалыг өөрчлөх тал дээр шашны тэргүүнүүд хариуцлагатайгаар мэдэгддэг байх хэрэгтэй гэсэн юм.

Талкатора стадион дахь олон нийтийн уулзалт
Уулзалтанд хүрэлцэн ирсэн зочид Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Эцэст нь дэлхийн сайн сайхны төлөө Энэтхэг улс юу хийх ёстой вэ гэсэн асуултанд:

“Өнгөрсөн цаг хугацаа нэгэнт өнгөрсөн тул бид юуг ч өөрчилж чадахгүй. Харин бид хүсвэл ирээдүйг өөрчилж чадна. Би 20-р зууны хүн бөгөөд эдүгээ манай үе нэгэнт өнгөрсөн байна. Харин энд цугласан 21-р зууны залуучуудад илүү сайхан аз жаргалтай дэлхийг бий болгох боломж бүрэн бий. Энэ нь зөнгөөрөө хүрээд ирдэг зүйл биш ээ. Та бүхэн аз жаргалын талаарх үзэл бодлоо хөгжүүлж, илүү энх тайван ирээдүйг бий болгохын төлөө одооноос эхлэн хичээх хэрэгтэй байна. Бардам зан, эсвэл итгэл найдвараа алдан суух цаг байхгүй.”

Үдийн зоог барьсны дараа Видяалокийн гишүүдтэй чөлөөлт уулзалт хийхдээ хэрхэн урагшлах талаар ярилцсан юм. Дээрхийн Гэгээнтэн ярихдаа дан ганц оюун санааны хөгжлийн талаар ярих бус, янз бүрийн хүмүүст нэг өдрийг ч аз жаргалтай өнгөрүүлэх тал дээр туслах хэрэгтэй гэв.

Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Энэтхэгт буй төвөдийн хийдийн нэгэн лам “Хэрэв Наландагийн уламжлал өвлөгдөн үргэлжилж байвал би сэтгэл амар үхэх болно” гэж хэлснийг дурсаад үүний адил залуучууд дэлхий нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байвал би сэтгэл амар байх болно гэлээ. Тэрээр энэхүү уулзалтыг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлээд дараагийн уулзалтыг хүлээж буйгаа мэдэгдэв.
Үзсэн: 1 611
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц