Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх анхдугаар хурлын төлөөлөгч нартай уулзлаа

26-02-2017, 03:09  |  Хэвлэх

2017 оны 2 дугаар сар 23

Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.02.23 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө анхдугаар “Төвөдийн эмэгтэйчүүдийн эрх” хурлын 300 гаруй төлөөлөгч нарыг өөрийн ордондоо хүлээн авч уулзлаа. Энэхүү хурлыг Төвөдийн төв захиргаанаас зохион байгуулж буй бөгөөд Ганжангий Шүнд явагдаж буй уг хуралд Энэтхэг даяарх төвөдийн суурин бүрээс төлөөлөгч оролцож байгаа ажээ. Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэхдээ хүйсийн тэгш байдлын талаар зүгээр нэг ярьж, санал бодлоо солилцох бус бодит үйл хэрэг хийх хэрэгтэй гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх анхдугаар хурлын төлөөлөгч нартай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн эрхийн
төлөөх хуралд оролцож буй төлөөлөгч нартай уулзаж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала. 2017.02.23. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүний нэг хэсэг нь билээ. Гэвч бидний зарим нь баян чинээлэг амьдарч байхад зарим нь ядүү зүдүү, өлсөн амьдарч байна. Бид өөртөө итгэлтэй бөгөөд уйгагүй ажиллаж чадвал баян, ядуугийн ялгаанд олны анхаарлыг хандуулж чадна. Энэ нь дотоод сэтгэлийн хүчээс шалтгаалах бөгөөд дотоод сэтгэлийн хүч бусдыг энэрэн хайрлахаас ундардаг юм.”

Дээрхийн Гэгээнтэн яриандаа Энэтхэгт сүүлийн 58 жилийн турш цагаачлан амьдрахдаа Ражендра Прасад, Сарвепалли Радхакришнан зэрэг Энэтхэгийн олон сайхан удирдагч нарын тухай дурьдсан юм. Тэдгээр хүмүүс Энэтхэгийн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн албыг нэр төртэйгээр хашсан бөгөөд эрдэм мэдлэг, сайхан сэтгэл нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Радхакришнан эртний Энэтхэгийн эрдэмтэн хутагт Нагаржуна, Чандракирти нарын яруу тансаг шүлгийг санскрит хэлээр сонсоод нүдэнд нь нулимс цийлэгнэж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив.

Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн нарийн мэдлэг боловсролыг Төвөдөд байхдаа эзэмшсэн нь аль 8 зууны үед ловон Шантаракшита Төвөдөд дэлгэрүүлсэн сургалт байсан юм. Энэ нь учир шалтгаан хийгээд логик сэтгэлгээг хослуулсан гүн ухааны сургалт тул аливаа асуудалд олон талаас нь хандах чадварыг олгодгоороо боловсролын аль ч салбарт чухал холбогдолтой ажээ.

Сөрөг сэтгэл хөдлөл бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг орчин үеийн эрдэмтэд тодорхойлсныг дурьдаад үүнийг даган сэтгэл хөдлөл, ялангуяа сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах хүсэл сонирхол улам нэмэгдэж байгааг онцоллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх анхдугаар хурлын төлөөлөгч нартай уулзлаа
Хурлын төлөөлөгч нар Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсож
байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.02.23.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Олон энэтхэгчүүд бясалгал болон оюун санааны талаарх гүн мэдлэг дээр анхаарлаа хандуулж эхэлснийг дурьдав. Хэдийгээр өнөөгийн Энэтхэгт орхигдоод буй эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг төвөдүүд амьд хадгалсаар ирсэн ч цаашид ихэвчлэн санскрит хэл дээрх буддын ном зохиолыг орчуулсан боловсронгуй, баялаг төвөд хэлээр хэрэглэгдэж буй ном зохиолыг нарийн нягт хөрвүүлэх ажил хэрэгтэй байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн зан үйл дээр голлон анхаардаг сүм хийдүүд буддын гүн ухааныг үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөн дэмжиж байгаагаа дурьдлаа. Эмэгтэйчүүдийн сүм хийдүүдэд ч мөн адил шаардлага тавьж байгаа юм. Үүний үр дүнд буддын гүн ухааны гэвшмаа цол хамгаалсан хорь гаруй эмэгтэй хуврагууд төрөн гарсанд тэрээр сэтгэл хангалуун байгаа аж. Хурлын төлөөлөгч нарын дунд тэдний гурав нь оролцож байгааг дурьдаад одоо та нарт өөрсдийн сурч мэдсэн зүйлээ бусад эмэгтэй хуврагууд болон сургуульд зааж өгөх үүрэг ногдож буй гэсэн юм.

Мөн тэрээр Майсурын их сургуультай хамтарсан Далай Ламын нэрэмжит Дээд боловсрол олгох институтэд буддын гүн ухаан болон сэтгэл оюуны шинжлэх ухааны талаар суралцах энгийн хүмүүст докторын сургалт явуулах талаар ярилцаж байгаагаа мэдэгдлээ.

Дээрхийн Гэгээнтэн бурханы шашин дахь эмэгтэйчүүдийн байр суурийг тодорхойлохдоо Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил чадвар байдаг хэмээн үзэж хоёуланд адилхан гэлэн санваар хайрласныг дурьдав. Мөн эмэгтэй гэлэнгийн уламжлалыг ахин сэргээхэд амар биш байгааг тэмдэглээд ямартаа ч нууц тарнийн ёсонд эмэгтэй хүнийг хүндэтгэж, муухай харж ч үл болох ёс байдгийг онцлон хэлсэн юм. Мөн төвөдөд Самдин Дорже Пагмугийн адил эмэгтэй гэгээнтний хойд дүрийг тодруулах уламжлал байсныг дурьдав.

Өнөөгийн дэлхийн нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар ярихдаа эмэгтэй хүн бусдын зовлонг илүүтэй хүлээн авч, зовж буй хүмүүсийн төлөө эхийн сэтгэлээр хандаж чаддаг болохыг шинжлэх ухааны эрдэмтэд баталсныг тэмдэглэн хэлэв. Тэрээр цааш нь тайлбарлахдаа хүмүүс анх хамтран ан хийж хоол хүнсээ хуваадаг байсан, дараа нь хөрөнгө, хөдөө аж ахуй хөгжихийн хэрээр удирдагч хэрэгтэй болсныг ярьлаа. Энэ үед бие махбодийн хүчтэй нь удирдагч болж байсан тул эрэгтэйчүүд давуу эрхтэй байжээ. Гэвч мэдлэг боловсрол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш түвшинд авчирсан байна. Нэгэнт эмэгтэй хүнд түрэмгий зан эрэгтэйчүүдээс бага байдаг тул дэлхийн олон улс орныг эмэгтэйчүүд удирдвал энэ дэлхий илүү амар тайван байх болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон хэлсэн юм.

Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд боломж нээх, тэдний хүчин чадлыг үр дүнтэйгээр ашиглах ажлыг эхлүүлж буй Төвөдийн төв захиргаанд баяр хүргэлээ. Уулзалт хуралд оролцогсод болон Дээрхийн Гэгээнтэн хамтдаа зургаа татуулснаар өндөрлөв.
Үзсэн: 2 008
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц