ЭИСХ-ны хоёр дахь өдрийн чуулган

4-04-2018, 11:43  |  Хэвлэх

2018 оны 3 дугаар сар 20

Энэтхэг, УП, Сарнат – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ЭИСХ-ны 92-р чуулганы хоёр дахь өдрийн хуралд оролцохын өмнө Төвөд судлалын төв институтын багш нартай уулзлаа. Тэрээр одоогоос 50 жилийн өмнө ноён Капила Ватсяаяан Төвөдийн соёлыг хадгалахын тулд энэхүү сургуулийг байгуулах хэрэгтэй гэж санал гаргасан гэдгийг хэллээ. Хүмүүс орчин үеийн боловсролын дутагдлыг олж харахын хэрээр эртний Энэтхэгийн уламжлалыг илүү ихээр сонирхож эхэлдэг гэв. Эрт үед өргөн уудам газар нутагт дэлгэрсэн логик хийгээд учир шалтгааны арга ухаан өдгөө зөвхөн Төвөдийн уламжлалд л хадгалагдан үлдсэн гэдгийг онцоллоо. Тиймээс Төвөдүүд бид эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх гүн мэдлэг бүхий уламжлалыг хадгалж буй ганц улс гэж хэлж болохуйц байна гэдгийг мөн мэдэгдэв.

ЭИСХ-ны хоёр дахь өдрийн чуулган
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд судлалын төв институтын багш нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Сарнат. 2018.03.20. Гэрэл зургийг Жерреми Рассел
“Энэхүү сургалтыг зөвхөн лам хуврагуудаар хязгаарлалгүй, энгийн хүмүүст ч сурч боловсрох боломж бүрдүүлж өгөх хэрэгтэй. Манай сүм хийдэд шавилан сууж ном үзэхэд энгийн хүмүүст хүндрэлтэй. Буддын диалектикийн институт байгуулагдсан нь энгийн хүмүүст, ялангуяа гадаадын иргэдэд манай уламжлалд суралцах таатай сайхан боломж бүрдсэн юм. Энгийн иргэд өөрсдийн сонирхож буй төв үзэл, билиг барамидын сургаал, учир шалтгаан хийгээд танин мэдэхүйн сургалтанд хамрагдах боломжтой болж байна. Бид төв үзэл, билиг барамид, учир шалтгааны ухааны сургалтанд хамрагдсан хүмүүст нэмэлт эрдмийн цол олгож болно шүү дээ.”

“Их хөлгөн судрууд төвөд хэлээр хадгалагдаж буй тул үүнийг уншиж судлахын тулд бид санскрит болон өөр бусад хэл соёлд суралцах шаардлагагүй.”

ЭИСХ-ны хоёр дахь өдрийн чуулган
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд судлалын төв институтын багш нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Сарнат. 2018.03.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Хятадуудтай ойр ажилдаг нэгэн төвөд хүн надад ярихдаа Хятадад олон сэхээтэн эрдэмтэд их хөлгөн судруудыг уншиж судлахын тулд төвөд хэлд суралцах сонирхолтой байдаг гэсэн юм. Бид тэдэнд зориулж тусгай хөтөлбөр, нөхцлийг нь бүрдүүлж өгвөл сайн байна. Тэдэнд визний асуудал байдаг тул бид Бодьгаяа хотод сургалтын төв нээх талаар анхаарч үзэх хэрэгтэй. Төвөд судлалын төв институт энэ хэрэгт анхаарлаа хандуулбал асуудал амар шийдэгдэх боломжтой.”

Дээрхийн Гэгээнтнийг ЭИСХ-ны 92-р чуулганы хоёр дахь өдөр эргэн ирэхэд профессор П.Б Шарма хүндэтгэн угтлаа.

Дээрхийн Гэгээнтнээс өнөөдрийн хурлыг нээж үг хэлэхийг хүссэнд тэрээр инээмсэглэн угтаж буй эдгээр олон хүнийг харахаас илүүтэй хэлэх онцгой зүйл алга гэлээ. Харин тэрээр бусад хүмүүсийн үзэл бодол, саналыг сонсохыг хүсч байгаагаа мэдэгдэв.

“Би нэг зүйлийг энд дурдая. Би өдөр бүр 9 цаг унтаж амардаг, өглөө эрт 3 цагийн үед босож 3 цагийн турш бясалгал хийдэг. Ихэнх бясалгал маань “би” гэдгийн мөн чанар, хаана “би” байна вэ гэдгийг нягталж бясалгадаг.”

ЭИСХ-ны хоёр дахь өдрийн чуулган
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн их сургуулиудын холбооны чуулганд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Сарнат. 2018.03.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Өчигдөр миний хэлж амжаагүй зүйл бол, шинжлэх ухааны эрдэмтэд хэлд ороогүй хүүхдүүд дээр судалгаа хийсний үр дүнд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг нотлосон байна. Үүний зэрэгцээ байнгын уур хилэн, үзэн ядах, айдас хүйдэс нь хүний дархлааны системийг дарангуйлж, эрүүл мэндийг хорлодог болохыг нотолсон юм. Харин сайхан сэтгэл бидний дархлаа болон эрүүл мэндийг дэмждэг байна.”

“Би Швейцарийн Песталози сургуульд палестин болон еврей хүүхдүүд ямар нэгэн ажиг сэжиггүй өөр хоорондоо тоглон наадаж байхыг харж билээ. Гэвч орчин үеийн сургалтын системд хамрагдсаны дараа тэд “бид” ба “тэд” гэсэн ойлголт авдаг тул энэхүү боловсрол нь бидний төрөлх энэрэнгүй чанарыг үгүй хийж буй мэт санагддаг. Тийм учраас бид төрөлхийн энэрэнгүй чанараа хэрхэн хөгжүүлэхэд суралцаж, үүнийгээ бүх хүн төрөлхтөнд хэрхэн дэлгэрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй болж байна. Сэтгэл санааны амар амгалан нь бидний дотоод ертөнцөд байдгийг үл анзаарч орчин үеийн амьдрал, орчин үеийн боловсрол гадаад зорилгод төвлөрсөөр байна.”

Энэрэнгүй хийгээд Шашнаас ангид ёс суртахууны төвийн гэвш, Лувсан Тэнзин Неги боловсрол дахь шашнаас ангид ёс суртахуун, түүний үнэ цэнийн талаар товч бөгөөд эрч хүчтэй илтгэл тавьлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтний үгийг ахин дурдаж орчин үеийн боловсрол нь илүү тааламжтай, илүү хөгжсөн тав тухыг өгч байгаа ч дотоод сэтгэлийн хөгжлийг мартсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Мөн насанд хүрсэн хүн, хүүхэд, эцэг эх ба нийгмийн салбар дахь ерөнхий болон дунд сургуулийн түвшинд эрүүл саруул оюун ухаан хичнээн чухал болохыг мэдэгдлээ.

ЭИСХ-ны хоёр дахь өдрийн чуулган
Гэвш Лувсан Тэнзин Неги шашнаас ангид ёс суртахууныг боловсролд хэрхэн нэвтрүүлэх тухай илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Сарнат. 2018.03.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Махарашта мужийн Варда хот дахь Махатма Гандигийн нэрэмжит олон улсын хинди их сургуулийн дэд захирал доктор Гиришвар Мисра үг хэлэхдээ боловсролын туйлын зорилго нь гэгээрэлд хүрэх явдал гэлээ. Энэ нь хувь хүн болоод нийгэмд чухал хэрэгтэй байгааг онцлон хэлэв.
Самбалпур их сургуулийн профессор Дийпак Бехра үг хэлэхдээ боловсролын талаарх асуудалд антропологийн түвшинд авч үзэх санал дэвшүүлэв.

Асуулт хариултын үеэр дэд захирал Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын байнга айлддаг сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн тухай айлдварыг онцлон авч асуулаа. Дээрхийн Гэгээнтэн “Бид удирдлагаа алдсан үед сөрөг сэтгэл хөдлөл бий болдог” гэсэн юм. Хүйсээр ялгах тал дээр ямар байр суурьтайг асуусанд Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй аль алинд нь адилхан сахил санваар хүртээж байсан тул тэдэнд адил тэгш ханддаг байсан гэв.

ЭИСХ-ны хоёр дахь өдрийн чуулган
Богин хэмжээний асуулт хариулт явагдах үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, Сарнат. 2018.03.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Тэрээр энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй, гэвч ингэхийн тулд шинжлэх ухааны баримт, нотолгоо дээр үндэслэх шаардлагатай байна гэдгийг онцлон хэлэв. Мөн үйл хэргийн чанар нь ямар сэдлээр тухайн үйлийг хийж буйгаас шалтгаална гэдгийг ч тайлбарлав. Хэрэв бид бусдын төлөө гэх сэтгэлтэй байж чадвал хийж буй үйл хэрэг маань эерэг бөгөөд үр дүнтэй болно гэлээ. Тэрээр бид өөрсдийн төрөлх чанарыг улам хүчтэй болгох хэрэгтэй гэж зөвлөсөн юм.

Сүүлийн асуулт нь “Буддам Саранам Гачами” гэх үгийн утга байлаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа “Нэг талаасаа Бурхан Багш сэтгэлийн бүхий л сөрөг чанарыг арилгах арга замыг заасан. Нэгэн цагт сэтгэлийн мөн чанарыг ухаарч чадвал бидний оюун ухаан мунхагт бүрхэгдсэнийг ойлгох ба үүний улмаас бидний оюуны хүчин чадал ч хязгаарлагдмал болдгийг ухаарна. Хэрэв мунхагаас гэтэлж чадвал сөрөг сэтгэлийн хүчин чадал үгүй болж, улмаар оюун ухааны хязгаарлагдмал байдал үгүй болно.” гэлээ.

ЭИСХ-ны хоёр дахь өдрийн чуулган
Богин хэмжээний асуулт хариулт явагдах үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Сарнат. 2018.03.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Профессор П.Б Шарма хурлын бүх гишүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү хуралд оролцсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд онцгойлон талархал илэрхийллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурдан үдийн зоог бариад нисэх онгоцны буудлын зүг хөдөллөө. Тэрээр өнөөдөр Дели хотод хүрэлцэн очоод маргааш өглөө эрт Дарамсала хотын зүг нисэх болно.
Үзсэн: 1 095
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц