Гадаадын олон жуулчидтай уулзлаа

22-05-2018, 04:04  |  Хэвлэх

2018 оны 5 дугаар сар 19

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Энэтхэг тэргүүтэй Өмнөд Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Орос, Израйлаас ирсэн гадаадын 1000 гаруй жуулчидтай уулзлаа. Тэрээр уулзалтын өмнө жуулчидтай зургаа татуулав.

Гадаадын олон жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Зүглаг Хан дуган, Дүйнхорын дуганд морилж зуны эхэн сар буюу Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн их дүйчэн сарыг тохиолдуулан Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг өдөр бүр урин уншиж буй лам хуврагуудтай мэндэллээ.

Ингээд дуганы өмнөх талбайд эргэн ирж олон улсын жуулчидтай уулзсан юм.

"Энэ уулзалтыг би харилцан ярилцлага гэж үзэж буй тул та нар надаас чөлөөтэй асуулт асууна уу!”

"Хэдийгээр манай Төвөдийн уламжлалд хамаг амьтдын сайн сайхны төлөө залбирдаг ч хуучин цагт бид Төвөдөд өндөр уулсын хүрээлэнгээр тусгаарлагдсаны улмаас орчлон ертөнцөд чухам юу болж байгааг төдийлөн мэддэггүй байлаа. Гэтэл өнөөгийн бодит байдал дээр бид нэг нэгэндээ маш их хамааралтай болсон ба тусгаарлагдмал байдал нь цаг үеэ өнгөөрсөн бөгөөд одоогийн бодит байдалтай огт тохирохгүй болжээ. Бид хүн төрөлхтний нэг гэдгээ байнга санах хэрэгтэй боллоо.”

Гадаадын олон жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Бусад ахан дүүс минь миний амьдралыг аз жаргалтай, учир утгатай болгож байна. Зарим хүмүүс бусдад туслах, тэднийг өрөвдөн хайрлах нь зөвхөн тэдэнд ашигтай мэтээр ойлгодог ч үнэндээ бусдыг хайрласны үр дүнд бид агуу их ашиг, сэтгэл ханамжийг авдаг юм.”

"Сансар огторгуйн бусад хэсэгт амьд амьтад байж болох ч бид тэдний төлөө залбирахаас өөр юу ч хийж чадахгүй. Мөн манай гариг дэлхий дээр амьдран буй араатан амьтан, жигүүртэн шувуудад ч бид төдийлөн тус болж чадахгүй. Харин энэ дэлхийн зөвхөн хүн төрөлхтөн бид нэгдэх, нэг нэгнээ ойлгох, хамтран амьдрах боломжтой билээ.”

Гадаадын олон жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа сүүлийн 60 жил Энэтхэгт цагаачлан амьдрах хугацаандаа дэлхийн томоохон шашнууд энд эв найртай зэрэгцэн оршиж байгааг хараад сэтгэл машид баярладаг гэдгээ тэмдэглэн хэлэв. Тэрээр энэ нь дэлхий дахинд үлгэр жишээ болж байна хэмээн магтлаа. Эдгээр шашнуудад гүн ухааны адил бус олон үзэл онол байдаг ч хүн төрөлхтний амар амгалангийн төлөө ном сургаал айлддаг талаасаа бүгд адилхан, энэ нь шашин бүгдийн нийтлэг зорилго мөн хэмээлээ.

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тэрээр шинжлэх ухааны эрдэмтэдтэй сансар судлал, нейробиологи, физик, сэтгэл судлалын талаар уулзаж ярилцаж байгаа талаар ярив.

Гадаадын олон жуулчидтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзах үеэр асуулт хариулт явагдав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Та бүхэн надад анхаарал хандуулж байгаа бол миний юу ярьсныг сайн эргэцүүлж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж чадах эсэхээ сайн бодоорой. Өөрийн амьдарч буй газартаа бид бүхэн хүн төрөлхтний нэг хэсэг гэдэг ойлголтыг дэлгэрүүл. Мөн харилцан нэг нэгнээ хүндэтгэх, бүх шашныг хүндэтгэн хүлээн авах тухай нэг нэгэндээ ярих хэрэгтэй. Харин миний хэлсэн үг үр дүн багатай санагдвал зүгээр л мартаж орхи.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өөрийн өргөөний зүг буцахад тэнд цугласан олон хүмүүс түүнийг баяртайгаар үдэж байлаа.
Үзсэн: 867
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц