Рига дахь номын айлдвар – 1 дэх өдөр

2-07-2018, 03:25  |  Хэвлэх

2018 оны 6 сарын 16

Латви, Рига - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балтын тэнгис дээгүүр богино нислэг хийн Латви улсад хүрэлцэн ирлээ. Дээрхийн Гэгээнтний айлчлалыг зохион байгуулж буй Латви болон Оросын төлөөлөл нисэх онгоцны буудалд түүнийг найрсагаар угтан авсан юм.

Тэрээр зочид буудалд түүнийг хүлээж байсан олон сүсэгтнүүдийн зүг инээмсэглэж, аль болох олон хүнтэй гар барин мэндчилэхийг хичээж байлаа.

Рига дахь номын айлдвар – 1 дэх өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлчлалыг зохион байгуулагчид түүнийг угтаж байгаа нь. Латви, Рига. 2018.06.15. Фото зургийг Тэнзин Чойжор
Энэ удаагийн айлчлалыг дахин зохион байгуулж буй Сконто ордонд өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 40 гаруй хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчидтэй юуны түрүүнд уулзаж тэдний сонирхсон асуултанд хариулсан юм.

Зөв шийдвэр гаргаж буй гэдэгтээ хэрхэн итгэлтэй байх вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн ийнхүү хариуллаа.

“Хүмүүн бид зүй зохистойгоор ашиглаж сурах ёстой маш нарийн ухамсартай. Бидний шийдвэр болоод түүнээс үүдэн гарах үйлүүдэд бид өөрсдийн дур зоргоор, хялбраар хандаж болохгүй. Тийм шийдэл нь богино хугацааны сэтгэл ханамж өгч болох юм. Бид амьтдаас ялгаатай байх хэрэгтэй. Ухамсарт хүний хувьд юмсын учир шалтгааныг олох, мөн бидний хийх үйлийн үр дагаварыг урьдчилан тооцоолох чадвартай билээ. Бид юу хийвэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, энэ нь бидний эрүүл мэндэд тустай, үгүйг бид үнэлэх чадвартай. Юмсыг зөвхөн нэг өнцөгөөс харах нь хангалтгүй. Хэт их сэтгэлийн хөөрөлд автахгүйгээр өөр өнцгөөс нягтлан шалгах нь илүү үр дүнтэй байдаг.”

Рига дахь номын айлдвар – 1 дэх өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн хуралд оролцож сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Латви, Рига. 2018.06.15. Фото зургийг Тэнзин Чойжор
Тэмцээн уралдааны талаар юу бодож явдаг тухай болон хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлээсэй гэж боддог баг байдаг эсэх талаар асуув.

“Оролцож буй бүхэн шилдэг нь болохыг хүсдэг учир энэ нь эерэг бөгөөд эрүүл зүйл гэж би үздэг. Гэсэн хэдий ч хэрэв өрсөлдөгч талд саад тотгор учруулж байвал тийм ч сайн зүйл биш ээ.”

“Би хувьдаа спортод төдийлөн сонирхолтой бус, тиймээс надад дуртай баг байхгүй. Бага байхдаа бадмингтон, ширээний теннис бага зэрэг тоглож байсан. Бээжинд 1945-1955 онд Хятадын ерөнхий сайд Жоу Эн-Лайтай теннис тоглож хожсон юм. Ерөнхий сайд бага зэргийн бэртэлтэй байсан тул түүнийг хялбархан хожсон биз ээ.”

Рига дахь номын айлдвар – 1 дэх өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам индэрт гараад олон сүсэгтнүүдтэй мэндэлж байгаа нь. Латви, Рига. 2018.06.15. Фото зургийг Тэнзин Чойжор
Тайзан дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон гарч ирэхэд 4000 гаруй сүсэгтэн босож хүндлэн цагаан өнгийн хадгаар даллан найрсагаар угтлаа.

Дээрхийн Гэгээнтнийг суудалдаа заларсны дараа “Билгүүний зүрхэн судар”-ийг латви хэлээр уншив.

“Рига хотод дахин ирж байгаадаа баяртай байна. Мөн ОХУ-аас олон хүн ирсэн бололтой. Бид Наландагийн уламжлалыг дагагчид тул энэ уламжлалыг та бүхэнд тайлбарлах нь миний үүрэг гэж бодож байна.”

Рига дахь номын айлдвар – 1 дэх өдөр
Номын айлдвар эхлэхийн өмнө "Билгүүний Зүрхэн" судрыг латви хэлээр уншиж байгаа нь. Латви, Рига. 2018.06.15. Фото зургийг Тэнзин Чойжор
“Бид бүгд жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүй. Тиймээс энэ талаараа бид бүгд ижил. Зовлонг үл хүсэх хэдий ч бид түүний хойноос хөөцөлдсөөр байна. Хэдийгээр бид биеийн зовлон зүдгүүрээс ангижрах алхам хийдэг ч сэтгэлийн түгшүүр, айдас нь зовлонгийн үндэс болдог. Тиймээс бидний олж авах ёстой гол чухал зүйл бол сэтгэлийн амар амгалан юм. Эрдэмтэд хүний үндсэн мөн чанар нь нигүүлсэнгүй эерэг болохыг нотлосон. Тиймээс бидний итгэл үнэмшил ямар байх нь чухал биш ээ. Сэтгэлийн амар амгалангийн үндэс нь сайхан сэтгэл юм.”


“Төвөдийн Буддизмд өдгөөг хүртэл хадгалагдсаар байгаа Наландагийн уламжлалын хамгийн чухал зүйл бол учир шалтгааны ухаан юм. 8-р зуунд Төвөдийн хаан Энэтхэгийн их мэргэн Шантаракшитаг урин залснаар энэ арга ухаанд бид суралцаж эхэлсэн билээ.”

Рига дахь номын айлдвар – 1 дэх өдөр
Сконто ордонд явагдаж буй номын айлдварын эхний өдөр. Латви, Рига. 2018.06.15. Фото зургийг Тэнзин Чойжор
“Мунхагийн эрхээр уур гэх мэт хөнөөлт сэтгэлийг бид хөгжүүлдэг. Түүнийг дарахын тулд Бурхан Багш харьцангуй болон үнэмлэхүй хэмээх хоёр үнэнийг номолсон юм. Тэрээр үзэгдэл хийгээд бодит байдлын хоорондын ялгааг тайлбарласан билээ. Буддын гүн ухааны адил бус олон үзэл энэ хоёр үнэнийг өөр хоорондоо ялгаатайгаар тайлбарладаг. Наландагийн уламжлалд юмс зөвхөн бусад зүйлсээс хамааран оршдог хэмээх шүтэн барилдлагын үүднээс, бодитой оршихуйн хоосон чанарын ойлголтоор мунхагийн үндэсийг арилгаж болно гэдийг бидэнд заасан юм.”

"Буддын шашинтны хувьд бидний итгэл сүжиг харанхуй мунхагаар шүтэх дээр бус, учир утгыг нь танисан ойлголт дээр тулгуулах хэрэгтэй. Хуучин цагт Төвөдөд лам нар 20-30 жилийн сургалтын дараа л эрдэмтэй гэж тооцогддог байлаа. Өнөөдөр Энэтхэгт лам нар хамгийн багадаа 20 жил суралцаж байна. Би бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг, гэвч буддизмыг бусдаас ялгадаг зүйл нь Бурхан Багш өөрийн шавь нарт түүний хэлсэн сургаалыг үнэ цэнэтэй гэдгээр нь бус, учир шалтгааны аргаар нягтлан шинжих хэрэгтэй гэж захисан явдал юм.”

Рига дахь номын айлдвар – 1 дэх өдөр
Энэ удаагийн номын айлдварт 4000 гаруй сүсэгтнүүд цуглав. Латви, Рига. 2018.06.15. Фото зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Очироор Огтлогч" судраас эхлэн уншлаа. Энэхүү сударын айлдварыг төгсгөлд Богд Зонховын “Шүтэн барилдлагын магтаал”-ыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн зочид буудалдаа буцахаас өмнө хүндэт зочидтой үдийн зоог хамт барилаа.
Үзсэн: 708
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц