Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт

21-07-2018, 05:55  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 15

Энэтхэг, ЖК, Ладак, Сумур – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Самстанлин хийдийн дуганы дээр байрлах өргөөнөөс морилон гарч дуганы доош буулаа. Тэрээр дотогш морилон дуганы үүдэнд зурсан “орчлонгийн хүрд” зургийг сонирхож, дараа нь Бурхан Багш, Богд Зонхов, 1000 мутарт Жанрайсиг бурхадын сэрэг дүрийн өмнө залбирав. Тэрээр гадагш гарч дуганы өмнө барууны хэсэг иргэдтэй уулзсан ба бүх хүн бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан гэдгийг тэмдэглэн хэллээ. Энэ нь хүн төрөлхтөн нэгдмэл нэг гэдгийг батлах үндсэн ойлголт юм гэв. Хэдийгээр шашин шүтлэг, улс үндсийн ялгаа гэх зэргүүд байх боловч бүгд хоёр дахь түвшний асуудал мөн хэмээн онцолсон юм.

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд орж ирж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь хэсэг ладакчуудтай уулзлаа. Тэрээр заримтай нь гар барьж, заримтай нь хөгжлтэй зүйл ярьж, хамтдаа зургаа татуулав. Дээрхийн Гэгээнтэн цааш явган морилсоор номын айлдварын талбайд хүрэлцэн ирж өөрийн заншлаар тэнд цугласан 8,000 гаруй хүмүүсийн зүг залбиран мэндэллээ.

Самстанлин хийдэд Зуны их чойрыг зохион байгуулж буй тул уг хийдийн хамба ламын хувиар Гандан Ширээт асан Ризон ринбочэ үйл ажиллагааг нээж үг хэлсэн юм. Тэрээр бурханы шашинтан хүн энэрэл хайраас цэцэглэн хөгждөг бодь сэтгэл, хоосон чанарын тухай үнэн зөв ойлголтоос бий болдог билиг оюуныг хослуулан хөгжүүлэх шаардлагатай болохыг тэмдэглэн айлдав. Ризон ринбочэ мөн Бурхан Багшийн сургаалын чухал үнэ цэнийг гаргасан шүтэн барилдахуйн онолыг онцлов.

Тэрээр Богд Зонховын тухай Бурхан Багшийн ирээдүйн бошго айлдвараас эш татаж, Цаст Төвөдийн орон, Хималайн бүс нутагт түгсэн Богд Зонховын их үйлсийг дурдсан юм. Мөн Ризон ринбочэ Бурхан Багшийн ирээдүйн бошго айлдвараас Цаст Төвөдийн орон Жанрайсиг бурхантай нарийн холбоотой хэсгийг онцлон дурдав. Үүнтэй холбож эртний номт хаадууд, мөн үе үеийн Далай Лам нар багтсан Энэтхэг, Төвөд дэх 46 хүн төрөн гарсныг хэллээ. Тэрээр Төвөдийн нийгэмд ардчилалыг эхлүүлсэн Дээрхийн Гэгээнтний үйлсийг магтаад хүчирхийллийн бус арга зам “Дундаж хандлага” нь Төвөдийн асуудлыг шийдэх оновчтой арга болно хэмээн мэдэгдсэн юм.

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Гандан Ширээт асан Ризон ринбочэ Зуны их чойрыг нээлт хийж үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ризон ринбочэ мөн өөрсдийгөө сажа, нинма, гаржүд, гэлүгийн урсгалын гэж тодорхойлдог хүн бүхэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт суугаад сэтгэл хангалуун болдог гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр цугласан олонд хандан Дээрхийн Гэгээнтнийг урт удаан наслаж, бид бүхэнд өнөд сургаал номлолоо айлдаж байхын ерөөл тавин залбирахыг уриалсан юм. Ризон ринбочэ төгсгөлд нь Самстанлин хийдэд энэхүү Зуны их чойрыг үүсгэсэн гэвш Еши Жалцанд талархал илэрхийллээ. Түүний нөр их хөдөлмөрөөр өнөөгийн түвшинд хүрсэн гэдгийг онцолсон юм.

Гэвш Еши Жалцан үг хэлэхдээ 1998 онд Ризон ринбочэ Жанзэ цорж байхдаа түүнийг дуудан уулзаж, Самстанлин хийдэд буддын гүн ухаан заахыг хүссэн тухай дурслаа. Тэр цагаас хойш жил бүр арван хуврагийг Өмнөд Энэтхэг дэх Гоман дацанд буддын гүн ухаанд суралцуулахаар илгээдэг болсон байна. Тэдгээр лам хуврагууд эрдэм ухаанд сайн суралцаж эдүгээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын мэтгэлцээн өрнүүлэх хэмжээнд хүрсэн гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Гэвш Еши Жалцан үгийнхээ төгсгөлд Наландагийн уламжлалыг хадгалан үлдээхийн төлөө өөрийн аль чадлыг дайчлан ажилсан бөгөөд үүний үр дүнд нутгийн энгийн хүмүүс ч буддын гүн ухаанд суралцах боломж бий болсон хэмээлээ.

Тэрээр гэвшийн цол хамгаалсан лам хуврагуудад цаашдын ажлын талаар заавар зөвлөгөө өгөхийг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас хүсэв. Түүний хувьд гэвш цол хамгаалсан эрдэмтэн лам нарт буддын гүн ухааны таван боть номоос аль нэгийг сонгон авч улам гүнзгий түвшинд судлах хэрэгтэй гэж зөвлөдөг гэдгээ тайлбарласан юм.

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Гэвш Еши Жалцан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн тэр даруй хариуллаа.

“Өмнөд Энэтхэгт эрдмийн цол хамгаалсан 1000 хуврагууд бий. Тэдний зарим нь барууны орнуудад очиж ном номлодог, харин ихэнх нь хийддээ үргэлжлүүлэн шавилан сууж, улам л эрдэм ухаанд суралцаж байна. Буддын гүн ухааны аль нэгэн ботийг сонгон авч улам гүнзгий түвшинд судалгаа хийж байгаа нь тун сайн хэрэг. Ингэхдээ Данжуур дахь эртний Энэтхэгийн их эрдэмтдийн ном зохиолыг сайн судлах хэрэгтэй. Намайг Ситу ринбочэгийн Шейраблин хийдэд очиход лам нар үүнийг түлхүү анхаарсан байх бөгөөд сэтгэл хөдлөм байсан. Мөн Өмнөд Энэтхэг дэх Намдоллин хийд Шантаракшита гэгээний учир шалтгааны ухааны номлолд сайн суралцаж байгаа нь тодорхой байсан юм.”

“Гэвш Еши Жалцан энэ хийдийн сургалтанд анхаарлаа хандуулж, үнэхээр сайн ажилсан байна.”

Дараа нь Нүбра дахь Муслимын холбооны ерөнхийлөгч Мухаммед Акрам үг хэлэв. Тэрээр энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст, ялангуяа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийллээ. Мөн Дээрхийн Гэгээнтнийг Нүбрад ахин урин залсан Ризон ринбочэ болон Тиксей ринбочэ нарт ч талархал илэрхийлэв. Өнгөрсөн баасан гариг буюу муслимын дүйчэн өдрөөр Дискит дэх шинэ москт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочилж, хамтдаа дэлхийн энх тайвны төлөө залбирал үйлдсэн гэдгийг дурдлаа.

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Нүбрагийн муслимын холбооны ерөнхийлөгч Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ладакын Бурханы шашинтны холбооны ерөнхийлөгч Цэван Тинлей үг хэлэхдээ энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй Зуны их чойрын амжилтыг дурдлаа. Мөн тэрээр энгийн хүмүүс буддизм яг юуг номлодог талаар илүү их сонирхох болсон гэдгийг дурдав. Зуны их чойрын номын хуримд бригүн гаржүдийн лам хуврагууд нэгдэх хүсэлтэй байгааг энэ дашрамд мэдэгдлээ. Өөрсдийн нутаг оронд эв нэгдэл, амар амгаланг бүрдүүлэх үүрэг бүх ладакчуудад адилхан оногдсон тул амар амгаланг олох арга ухаанд суралцах нь маш чухал байна гэдгийг онцолсон юм.

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Тиггүрийн энгийн сүсэгтнүүд буддын гүн ухааны талаар мэтгэлцээн өрнүүлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Мөн VI Зуны их чойрын нээлтэнд оролцож буй Гоман дацангийн ладак хамба ламыг онцоллоо.

Төвөдийн Санпү хийдэд үүнтэй адил номын хурим зохион байгуулдаг тухай дурдаад Төвөд дэх номын хуримын бүх үйл ажиллагааг лам хуврагууд зохион байгуулдаг, харин энд лам нар, эмэгтэй хуврагууд, мөн энгийн иргэд, бүр цаашлаад муслимын төлөөлөл ч энэ үйл хэрэгт хамтран ажилдаг ялгаатай гэдгийг тэмдэглэн хэллээ.

Тэрээр гэвш Еши Жалцанд талархал илэрхийлж түүний нөр их хөдөлмөрийг үнэлсэн юм. Учир нь түүний шавь нар дотроос олон хуврагууд нэгэн цагт Гандан Ширээтийн албанд заларсан их эрдэмтэн Ризон ринбочэгийн мөрөөр замнаж буй гэдгийг дурдав. Самстанлин хийд нь хэдийгээр жижиг хийд боловч олон эрдэмтэн лам нар эндээс төрөн гарсан гэдгийг онцоллоо. Төвөдүүд Энэтхэгт цагаачлан амьдарч байгаа ч Хималайн бүс нутгийн сүм хийд, лам хуврагуудтай хамтран суралцах боломж бүрдүүлсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлсэн юм.

Орон нутгийн дарга Тэнзин Намгяал үг хэлэхдээ өнөөгийн материаллаг бөгөөд өрсөлдөөнтэй энэ нийгэмд Бурхан Багшийн айлдвар сургаал хүмүүст амар амгаланг өгөх боломжтой гэдгийг хэллээ. Үүний тулд оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаар гүнзгий судлах хэрэгтэй гэв. Парламентийн гишүүн Түбтен Цэван материаллаг хөгжил бидэнд зайлшгүй хэрэгтэй боловч энэ нь дотоод сэтгэлийн түвшинд төдийлөн нөлөөтэй биш, тиймээс бид дотоод сэтгэлийн хөгжил, сэтгэлийн амар амгаланд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Гандан Ширээт асан Ризон ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Гандан Ширээт асан Ризон ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дурсгалын зүйл гардуулсны дараа Дээрхийн Гэгээнтэн үг хэлсэн юм.

“Манзушри бурхан дор мөргөмүй”

“Надад ховор нандин номын увидас хайрласан их багш Ризон ринбочэ болон энд цугласан ахан дүүс нартаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. Зуны их чойрыг зохион байгуулж буй бүх хүмүүст талархаж байна. Та нар үнэхээр сайн ажилжээ. Нэгэнт маргаашнаас эхлэн номын айлдвар байгаа тул би одоогоор олон зүйлийг ярихгүй.”

“Өмнө дурдагдсанчлан бид урьд өмнө Төвөдөд Ганжуур, Данжуур дахь буддын сэтгэл судлал, хэл зүй, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, урлахуй ухаан гэх шинжлэх ухааны таван их ухаанд суралцдаг байсан. Мөн бүжиг гэх мэт бага таван ухаанд ч суралцдаг уламжлалтай.”

“Бид шашин шүтсэн ч, эс шүтсэн ч өөрсдийн эрдэм мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Үүнд сэтгэл судлал болон учир шалтгааны ухаан маш их өгөөжтэй байх болно. Хэдийгээр томоохон ухааны номлолууд буддын номлолд байдаг ч үүнийг заавал шашны номлол гэдэг талаас нь бус, академик түвшинд судлах, суралцах боломжтой.”

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуны их чойрын нээлтэнд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Эртний Энэтхэгийн логик, учир шалтгааны ухаан эдүгээ цагт орхигдсон хэдий ч төвөдүүд бид өөрсдийн дацан хийдүүддээ хадгалж чадсан билээ. Бидний сургалт судалгаа маш нарийн явагддаг. Бид номын үгийг нэг бүрчилэн цээжилж, тэдгээрийн тайлбарыг нарийвчлан судалдаг. Ингэхдээ бусадтай мэтгэлцэх буюу бусдын буруу ойлголтыг буруушаах, өөрийн байр суурийг нотлох, шүүмжлэлийг няцаах гэсэн зарчмаар явдаг. Энэхүү уламжлалыг Төвөдөд ловон Шантаракшита, ловон Гамалашила нар дэлгэрүүлсэн бөгөөд Наландагийн энэ уламжлалыг өнөөг хүртэл бид хадгалж чадсан юм. Тиймээс бид энэ цаг үед дэлхий нийтэд эерэг өөрчлөлт өгч чадна.”

“Эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухаан нь сөрөг сэтгэл хөдлөл ямар үр дагавар авчирдаг талаар нарийн ойлголт өгснөөр дотоод сэтгэлийг өөрчлөх боломж олгодог. Өөрөөр хэлбэл оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг тухай нарийн сайн ойлголттой болсны эцэст тэдгээр сөрөг муу сэтгэлүүдийг арилгана гэсэн үг юм. Энэрэн нигүүлсэхүй сэтгэл бидэнд хичнээн чухал болохыг ойлгохтой зэрэгцэн уур хилэн, атаа хорсол, омог бардам гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл ямар хөнөөлтэй болохыг мэдэх шаардлагатай.”

“Дотоод сэтгэлийн өөрчлөлт нь ямар нэгэн шашин шүтлэг, сүсэг бишрэлтэй хамаагүй. Үүнийг зөвхөн саруул ухаанаа ашиглан учир шалтгааны арга ухаанаар олж авч чадна. Эерэг бодол, эерэг хандлага нь бидэнд эерэг үр дүнг авчрах бөгөөд бидний бие махбодийн эрүүл мэндэд ч тун сайнаар нөлөөлдөг.”

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Ладакчууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Түрүүнд би хэлсэнчлэн буддын санскрит уламжлалын ном зохиолууд үнэхээр гайхалтай. Үүнд суралцах арга зам нь ердөө академик арга барил юм.”

“Би хаашаа ч явсан бурханы шашин хамгийн сайн, эсвэл хэн нэгнийг бурханы шашинтан болгох гэж хичээдэггүй. Өвчтөний нөхцөл байдлаас үл хамаарсан хамгийн сайн нэг эм гэж байхгүйтэй адил юм. Бурхан Багш шавь нарын оюун ухааны цар хүрээнд тааруулж олон газарт, адил бус олон ном сургаал айлдсан билээ.”

“Учир шалтгааны арга ухааны зарчмаар дотоод сэтгэлээ өөрчилдөг энэхүү уламжлал нь зөвхөн бидэнд ч биш, орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж ярилцахад харилцан ашигтай болж байсан билээ. Бид гадаад ертөнцийн талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй, орчин шинжлэх ухааны эрдэмтэд дотоод сэтгэлийн тухай илүү их судлах хэрэгтэй.”

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Эдгээрийг үл анзаарах зарим хүмүүс бурханы шашныг зүгээр л нэг уламжлал төдийд харж байна. Бид Бурхан Багш ямар сургаал айлдсаныг сайн ойлгож авах нь чухал. Тиймээс дараагийн хэдэн хоногийн туршид би үүнийг тайлбарлах болно.”

Төгсгөлд нь олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлсэн юм. Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжсэн ивээн тэтгэгч нарт талархал илэрхийлж байлаа.

Ингээд соёлын үзүүлбэр эхэлж Ламдон сургуулийн сурагч хүүхдүүд бүжиг бүжиж, дуу дуулав. Дараа нь үндэсний хувцсаар гоёсон ладак эмэгтэйчүүд уламжлалт дуу бүжиг тоглов.

Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
Ламдон сургуулийн сурагч хүүхдүүд урлагийн үзүүлбэр үзүүлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам алгуур алхаж, хүмүүстэй гар барин, инээмсэглэн явсаар машиндаа суулаа. Маргааш тэрээр Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм”, бодь сэтгэл үүсгэх увидас хайрлана.
Үзсэн: 2 868
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц