Дискитээс Сумурын зүг хөдөллөө

17-07-2018, 03:51  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 14

Энэтхэг, ЖК, Ладак, Сумур – Тиксей ринбочэ, Гэлкан ринбочэ болон бусад лам хуврагууд, мөн нутгийн олон сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдэхээр цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр Дискитээс Нүбра мөрөний эх, уулын оргилд байрлах Сумурын зүг хөдлөх юм.

Дискитээс Сумурын зүг хөдөллөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сумурт хүрэлцэн ирэхэд нутгийн эмэгтэйчүүд уламжлалт хувцсаа өмсөн түүнийг угтаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Нүбра тосгоны олон хүмүүс гартаа хүж, цэцэг, хадаг барин инээмсэглэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдэж байв. Ихэнх хүмүүс бурханы шашинтан боловч зарим газарт муслимын шашинтнууд түүнийг үдэн зогсож байлаа. Нүбра тосгоны гудамжаар явсаар Шёок мөрөнийг гатлахад замын хоёр талаар чулуун хана босгож мал, амьтад замд нэвтрэхээс хамгаалсан байв.

Зам Сумурын зүг эргэн уул өгсөх үед Ламдон сургуулийн сурагч хүүхдүүд дүрэмт хувцсаа өмсөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын залбирлын дууг дуулж угтлаа.

Дискитээс Сумурын зүг хөдөллөө
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтаж хүндэтгэлийн их бүрээ татаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хийдийн өмнөх талбайд Дээрхийн Гэгээнтнийг уг хийдийн хамба лам, Гандан Ширээт асан Ризон ринбочэ, мөн Цүлтим Няма болон бусад хутагт хувилгаад хүндэтгэлтэйгээр угтав. Түүнийг уулзалтын танхимд урин залсанд тэрээр танхимд буй мэргэд дээдсийн дүрийн өмнө хүндэтгэл үзүүлээд өндөрлөгт орших танхимын цонхоор нутаг орныг бүхэлд нь тольдоод суудалдаа суув.

Дискитээс Сумурын зүг хөдөллөө
Гандан Ширээт асан Ризон ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Самстанлин хийдэд угтаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цай, хүндэтгэлийн идээгээр үйлчилсний дараа Дээрхийн Гэгээнтэн Ризон ринбочэд хандан өндөр насны улмаас ядрах нь нэмэгдсэн тул ажлын төлөвлөгөөг багасгах шаардлагатай болж эхэлснийг дуулгалаа. Ямартаа ч ховор нандин номын увидас хайрласан Ризон ринбочэд амласан амлалтаа биелүүлж түүний урилгаар энд хүрэлцэн ирлээ гэв.

Дискитээс Сумурын зүг хөдөллөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ризон ринбочэ болон бусад лам хуврагуудтай ярилцаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Сумур. 2018.07.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш нээлтээ хийх энэ жилийн Зуны их чойрын тухай ярихдаа түүнийг залуу байхад Төвөдөд гайхамшигт эрдэмтэд олон байсныг дурсан ярьлаа. Тэрээр төв үзлийн гүн ухааны их эрдэмтэн Монголын Ойдүв Цогни ламыг дурдсан юм. Мөн тэрээр гэвш лхаарамбын шалгалт өгөх номын мэтгэлцээнд учир шалтгааны ухаанаар Монголын Чойдаг ламтай таарч хүндхэн байдалд орж байсан тухайгаа дурсав.

Тэрээр Амдо, Хам нутгаас олон эрдэмтэд төрөн гарсан хэмээгээд хэдийгээр Энэтхэгт цагаачлан амьдарч байгаа ч урьд өмнө зөвхөн хурлын зан үйл үйлддэг олон дацан хийдүүд, ялангуяа эмэгтэйчүүдийн хийдүүд бүгд буддын гүн ухаанд суралцдаг болсон амжилтыг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр хэзээ нэгэн цагт Төвөдүүд улам нэгдмэл болж сургалт судалгааг өргөн хүрээнд явуулж, өмнөх эрдэмтдийн адил олон олон эрдэмтэн мэргэд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Ийнхүү Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгэгдэл өндөртэйгээр үгээ төгсгөөд амрахаар өргөөндөө морилсон юм.
Үзсэн: 1 965
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц