Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диранаас Даваны зүг хөдлөв

16-04-2017, 05:13  |  Хэвлэх

2017 оны 4 дүгээр сар 7

Энэтхэг, Аруначал Прадеш, Даван – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Тхүпсүн Даржайлин хийдийн дээд ордноос буун ирэхэд уулсын оройд наран мандаж, алсын тэртээд үүлс суунаглан байлаа. Тэрээр дуганы өмнөх тавцанд гарч түүнийг үдэхээр цугласан олон хүмүүстэй мэндлэв. Тэдэнд Бурхан Багшийн айлдсан сургаалын талаарх мэдлэг боловсролоо улам хөгжүүлэх хэрэгтэй гэж ахин зөвлөлөө.

Хийдээс доош буугаад тэртээ 1983 онд 5000 гаруй хүмүүст Дүйнхорын их авшиг хүртээж байснаа дурсан санаж, Дүйнхорын их авшиг явагдсан дуганд түр саатав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диранаас Даваны зүг хөдлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлчлалын цуваа Диранаас
Даваны зүг явж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш.
2017.04.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Диранаас хөдөлсөн зам алгуур дээшилсээр далайн түвшнээс 4170 метрийн өндөрт гарах үед Баруун Камений нутаг дуусч Даваны газар нутаг эхэлж байгааг илтгэсэн замын тэмдэг гарч ирлээ. Даваны нутгийн бүхий л тосгодын иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг уламжлалт зан үйлийн дагуу арц хүж уугиулан, хадаг барин угтаж, бас үдэж байлаа. Ахмад болон залуучууд өөрсдийн уламжлалт Мон үндэсний хувцсаа өмссөн байх бөгөөд сургуулийн хүүхдүүд сурагчийн дүрэмт хувцсаа өмссөн байв. Эндээс эхлэн цастай болж эхэлсэн боловч зам саадгүй байсан юм. Орон нутгийн засаг захиргаа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон түүний багийн гишүүдийг тавтай саатан цай ууж, түр амраад явах бүхий л бэлтгэлийг сайтар хангаж, үдэж мордуулж байсан юм.

Диранаас хөдлөөд нэлээдгүй удсаны дараа Жанг тосгонд байрлах Гарма гаржүд ёсны Мопалпүн Жанчүб Чойхорлин хийдэд үдийн зоог барихаар аялал түр зогсов. Хийморийн дарцаг болон олон улсын буддын шашны дарцаг, мөн Гармаба хувилгааны дарцгийг замын хоёр талаар татсан нь үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Маш олон хүн энд цугласан байх тул Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдэнд хандан товч үг хэлсэн юм. Тэрээр Энэтхэгийн их эрдэмтэн Васубандхү гэгээний айлдсан сургаалаас эш татаад Бурхан Багшийн айлдсан сургаалыг гагцхүү үзэж судалж, дагаж мөрдсөний үндсэн дээр хадгалан үлдэж, өвлүүлэн дамжуулж чадна гэсэн юм. Ийнхүү олон нийтийг эрдэм ухаанд суралцахыг хүслээ.

Үдийн зоог барьсаны дараа төд удалгүй Жангаас хөдөллөө. Даванд ойртохын хэрээр замын хоёр талд хүмүүс эгнэн зогсож, түүнтэй мэндэлж байв. Бараг бүх төв газруудад тансаг ариун үнэрт арц, хүжийг ихээр уугиулж, уламжлалт ёслол үйлдэж байв. Олон газар замын дэргэд ширээ сандал засан бэлдэж, заншил дагуу идээ ундаа бэлдсэн байлаа. Хотын захад тусгайлан зассан газарт нутгийн иргэд Цаст уулын цагаан арслангийн бүжиг бүжиж, дуу дуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тавтай морилохыг хүсэн угтсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диранаас Даваны зүг хөдлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Даван хийдэд морилон ирж
байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш. 2017.04.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Даван хийдэд морилон ирэхэд хийдийн лам нар бүрээ, бишгүүр үлээж, түүнийг дуганд морилон ортол лам нар хүндэтгэлийн шүхэр барин явав. Дээрхийн Гэгээнтэн дуганд морилсон хойноо товч үг хэллээ.

“Та нар бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр би маш олон газраар явж энд ирлээ. Замд нутгийн олон иргэд бурханы шашны уламжлалт зан үйлийн дагуу намайг угтаж, сүсэг бишрэл ихтэй байгаа нь харагдаж байна. Маргаашнаас эхлэн хэдэн өдрийн турш номын айлдвар явагдах тул одоо олон зүйл ярих шаардлага байхгүй. Хамгийн гол нь оюун санаандаа өөрсдийн жинхэнэ сүмээ байгуулах хэрэгтэй. Уураг тархиндаа Манзушри бурханы билиг оюуныг бий болгож, зүрхэндээ Жанрайсиг бурханы энэрэл хайрыг бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал жинхэнэ адис жинлав хүртэж байна гэсэн үг юм.”

“Анх 1959 онд энэ нутгаар дайран өнгөрөхдөө би нутгийн олон ард иргэдэд номын айлдвар явуулж, орон нутгийн бурханы шашны хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсч байлаа. Бурханы шашин нь учир шалтгааны зарчмын дагуу сургаал номлолоо явуулдаг юм. Тиймээс үндсэн зарчмын дагуу бурханы шашны ном сургаалд суралцаж чадвал олон зууны турш бурханы шашин оршин тогтнож чадна. Үнэндээ Ладак болон Аруначал мужийн ард иргэд хожуу үед бурханы шашны ном сургаалд гүнзгий суралцаж эхэлсэн юм. Урьд Төвөд болон Хималайн бүс нутагт олон сүм хийд байгуулагдаж, ихэнх нь сургалт судалгааны газар болсон билээ. Цаашид ч сурч мэдэхийг хүсч буй олон хүний мэдлэг боловсролыг хөгжүүлсний үндсэн дээр сүсэг бишрэлийг улам хүчтэй болгох хэрэгтэй гэж би байнга зөвлөж байгаа.”

“Бидэнд цаг бага байна. Би өдөр бүр өөрийн бие, хэл, сэтгэл гурваа бусдын төлөө зориулахыг хүссэн Нагаржуна гэгээний сургаалыг бодон залбирдаг юм. Энэ тухай дараагийн гурван өдрийн турш тодорхой, дэлгэрэнгүй ярих болно.”

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гамалашила гэгээний “Бясалгалын зунд зэргэмж” болон Тогмэд Санбугийн “Бодьсадвын гучин долоон гарын авлага” номуудыг тайлбарлан айлдана.
Үзсэн: 1 836
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц