Дээрхийн Гэгээнтний Дели хотноо Бурханы шашны бага хурал дээр айлдсан айлдвар

17-11-2012, 18:26  |  Хэвлэх

2004 оны 2-р сарын 17

Бурхан шашинтай улс орнуудаас энд хуран цугласан төлөөлөгчид та бүхэнтэй хамт байгаадаа би туйлаас баяртай байгаа бөгөөд миний хувьд нэр төр, аз завшаантай хэрэг болж байна.

Бурхан багш махапаринирваан дүрийг үзүүлснээс хойш 2500 илүү жил өнгөрчээ. Гэсэн хэдий ч Бурхан багшийн шавь бид нар дахин энд нэгэн дор цугласан байгаа нь тун завшаантай хэрэг гэж би бодож байна. Бурхан дор мөргөе.

Бид эдүгээ XXI дүгээр зуунд амьдарч байна. Хэрэв бид хорьдугаар зууныг эргэн харвал тэр нь хүн төрөлхтөний түүхэнд хамгийн чухал эрин зуунуудын нэг нь байлаа. Бид чухам энэ л зуунд эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан зэрэг хүн төрөлхтөний үйл ажиллагааны олон салбарыг хөгжүүлж янз бүрийн туршлага хуримтлуулсан билээ. Энэ бүхний үр дүнд тухайн зуунд хүмүүн төрөлхтний үндсэн хэрэгцээ болох эрх чөлөө, хувь хүний эрч хүч болон хувийн өмчит бизнес нь эдийн засаг дээшлэхэд чухал болохыг ухаарч ойлгосон юм.

Мөн тэр л зуундаа шинжлэх ухааны ололтын үр дагаварт хүрсэн үлэмж хэмжээгээр устган сүйрүүлэх зэвсгийн хүчийг сааруулах, бүр зогсоохын чухлыг хүмүүс шинээр ухамсарласан юм. Ийнхүү хорьдугаар зуунд хуримтлуулсан их туршлага, туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү зовлон бэрхшээл бүхнээсээ хүн төрөлхтөн бид зарим талаараа ухаан сууж, оюун ухаан, авъяас чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чаддаг болж байна. Тиймээс хэрэв бид өнгөрсөн зууны төгсгөл үеийг эхэн үетэй нь харьцуулбал хүмүүсийн сэтгэл оюун болоод бодол санаанд эерэг дэвшил гарсныг тодорхой харж болно. Энэ бол найдвар байна гэсэн үг.

Өнгөрсөн зууны эхэн үед бид зөвхөн шинжлэх ухаан, техник технологиор, гадна талын хангалуун байдал, эд материалын хөгжил дэвшлээр л хүн төрөлхтөн аз жаргалд хүрнэ гэж эндүү итгэж явсан. Ийнхүү хүн төрөлхтөний асар их хүч чадал, хичээл зүтгэл нь материаллаг хөгжил дэвшилд зарцуулагджээ. Гэхдээ тухайн зууны төгсгөл үед эд өлгийн зүйлс буюу материаллаг ахиц дэвшил дангаараа хангалттай бус юм гэдгийг ухаарч эхэлсэн билээ. Харин хүн төрөлхтөн аз жаргалтай байж, зовлон бэрхшээлээ дундруулахад ямар сэтгэл санаатай байх, түүнийг хэрхэн өөрчилж хувиргах нь чухал болохыг ухаарч ойлгоход хүрлээ. Үүний зэрэгцээгээр хүч үл хэрэглэхүй, энх тайван, хүрээлэн буй орчны хамгаалал нь чухал болохыг хүлээн зөвшөөрсөн.

Ийнхүү бодол сэтгэлгээний хувьд өөрчлөгдөн ухаарсан нь бидний өнгөрсөн зуунд үзэж өнгөрүүлсэн бүхний сургамж, үр дагавар юм. Эдүгээ хорин нэгдүгээр зууны эхэнд бид санаа сэтгэлгээгээ өөрчлөх, дотоод сэтгэлээг хөгжүүлэх, мөн өөрийн сэтгэлд хүч үл хэрэглэх, энх тайванч, дайн самууныг эсэргүүцэх үзлийг төрүүлэх нь хичнээн чухлыг нийтээрээ ухамсарладаг болсон энэ үед шашин болгон энэрэл нигүүлсэл, хүлцэл тэвчээр, сэтгэл ханамж, ёс суртахууныг сургах нь асар их зохимжтой билээ. Тиймээс орчин цагт шашин бүр чухал үүрэгтэй. Мөн тиймээс л дэлхийн шашнууд өөр хоорондоо маш сайн ойлголцон, эв эетэй зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хичээл зүтгэлээ хамтатгах ёстой юм.

Ялангуяа 2500 гаруй жилийн туршид оршин байгаа бөгөөд бусад олон шашны адилаар энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл, хүлцэл тэвчээр, ёс суртахууныг сургадаг Бурханы шашин ном нь энэ цаг үед ихэд чухал үүрэгтэй билээ. Юуны учир вэ хэмээвээс Бурханы шашин бусад шашнаас ялгаатай нь, орчин үеийн шинжлэх ухаантай нийцдэг шүтэн барилдлагын ухааныг цор ганцаараа сургадаг юм.

Бурханы шашинтууд пали болон санскрит үндсэн хоёр уламжлалд хуваагддаг. Алдарт эртний Наландрын Их сургуульд цэцэглэсэн санскрит уламжлалын гүн ухаан болон учир шалтгааны ухааныг нь тухайн цаг үеийн Бурханы шашны хамгийн шилдэг эрдэмтэн мэргэд сайтар боловсруулсан юм. Тиймээс Бурханы шашны санскрит уламжлал маш чухал. Саяхныг хүртэл Бурханы шашинтан бид хоорондоо харилцаа холбоогүй байдаг байлаа. Ирээдүй хойчдоо Бурханы шашны янз бүрийн ёс уламжлалууд харилцан мэдлэг, туршлагаа солилцож, өөр хоорондын харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна. Энэтхэгийн Буддын шашинтнууд Энэтхэгт голчлон оршдог Санскрит уламжлалаа сонирхон судалж, хариуцлагатай хандах нь чухал юм.

Бид бүхний энд цугларсан завшааныг ашиглан цааш хойшдоо бид хоорондоо илүү сайн харилцаатай байж, өөрийн ёс уламжлалаас үл хамааран Бурханы шашинтан бид дор бүрнээ энэ дэлхийн хүн төрөлхтөн аз жаргалтай, сэтгэлийн амар амгалантай байхад илүү ихээр хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаагаа илэрхийлье.
Үзсэн: 4 430
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц