Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайдын урилгаар Патнад айлчлав.

6-01-2013, 06:02  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 4

Энэтхэг, Бихар, Патна – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Энэтхэгийн эртний хот Патнагийн нисэх онгоцны буудалд газардахад Бихарын тэргүүн сайд Нитиш Кумар халуун дотноор угтан авлаа. Дараа нь холгүй байрлах Төрийн Зочны өргөө рүү хөдлөв.

Орчин үеийн муж болох Бихарын нийслэл Патна нь дэлхийд хамгийн их хүн ам суурьшсан газруудын нэг хэмээн тооцогддог. Анх Бурхан багшийн эрин үед амьдарч байсан Магадха эзэнт гүрний Ажаташатру хаан Ражгирээс өөрийн нийслэлийг энд нүүлгэн шилжүүлэх үеэс чухал ач холбогдол бүхий газрын нэг болсон байна. Хоёр зууны дараа Буддизмтай ураг барилдаж, түүнийг хөгжүүлсэн, мөн Энэтхэг гүрнийг нэгтгэн захирсан анхны хүн болох Мауриа гүрний их эзэн хаан Ашока нийслэлээ мөн энд нүүлгэн авчирч байжээ. Тэргүүн сайд Нитиш Кумар тэргүүтэй Бихарын өнөөгийн Засгийн газар Бихар болон Патна дахь Буддын өв уламжлалд онцгойлон анхаарч буй бөгөөд 2010 оны 5 сард Бурхан багшийн Смирти хүрээлэнг нээх үед Дээрхийн Гэгээнтнийг залж байсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайдын урилгаар Патнад айлчлав.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайд
Нитиш Кумарын хамт Патна дахь тэргүүн сайдын өргөөнд.
Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.04. Фото/Жереми Рассел/ДЛО
Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн тэргүүн сайдын гэрт үдийн зоогт уригдан түр үдэллээ. Тэргүүн сайд Дээрхийн Гэгээнтнийг машинаас буусан даруй угтан авч, хамтран ажиллагсдаа, тухайлбал тэргүүн дэд сайд Сушил Кумар Моди, Урлаг соёлын сайд Сукна Панди, Усны сайд Виижай Кумар Чаудхари, Гаяа дүүргийн дарга Вандана Приасси нарыг танаилцуулсан байна. Угтан авсан хүмүүст хандан Далай лам хэлэхдээ,

“Ашока хаан, агуу эрдэмтэн бөгөөд ерөнхийлөгч асан Ражендра Прасад, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн Жаяпракаш Нараяан нарын өлгийн нутаг, түүхт хот Патнад дахин ирж байгаадаа туйлын баяртай байна. Өчигдөр нисэх буудал Нараяны нэрэмжит болсныг дуулсандаа мөн таатай байна” гэлээ.

“Мэдээж Патна хот нь Буддизмын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хот бөгөөд Буддизм нь каруна буюу нигүүлслийн тухай сургаалиараа олонд танигдсан шашин билээ. Гэхдээ бараг л бүх шашин сайхан сэтгэл, нигүүлсэл, өршөөлийн талаар сургадаг боловч Бурханы сургаалийн санскритаар pratityasamutpada хэмээн нэрлэдэг шүтэн барилдлагын тайлбарт бидний бусдаас ялгагдах ялгаа оршино. Бидний сэтгэл оюунд асуудал үүсгэгч гол буруутан буюу сэтгэлийн сөрөг бодолтой тэмцэхэд энэ ухагдахуун тун ач тустай зүйл билээ.”

“Бихарын өнөөгийн засгийн газар Бурханы ном уламжлалыг сонирхож, хүндэтгэлтэй хандаж байгааг үнэлж байна” хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайдын урилгаар Патнад айлчлав.
Бихар дарь тэргүүн сайд Нитиш Кумарын өргөөнийн гадна
суулгасан бодь модыг Дээрхийн Гэгээнтэн аравнайлж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.04. Фото/Жереми Рассел/ДЛО
Тэргүүн сайд дараа нь Дээрхийн Гэгээнтнийг хөтлөн Бодь мод суулгасан цэцэрлэг рүү очлоо. Модны дэргэд уншлага уншихыг хүссэн түүний хүсэлтийн дагуу Далай лам Намжил хийдийн төвд лам нар болон Энэтхэгийн бага хөлгөний Бодгаяа дахь лам нарын хамт ном уншсан байна. Энэхүү тохиолдлын дурсгал болгож босгосон дурсгалын самбарт тэрээр мөн цагаан хадаг барилаа.

Нөхөрсөг уур амьсгалд болсон зоог өндөрлөсний дараа тэргүүн сайд Нитиш Кумар Энэтхэгийн эртний заншлын дагуу Дээрхийн Гэгээнтэнд ороолт бэлэглэв. Хариуд нь Дээрхийн Гэгээнтэн алтадсан бурхан бэлэглээд, Бихарыг амжилттай захиран удирдаж байгааг нь хүндэлж явдгаа илэрхийллээ.

Үдээс хойших үйл явдал хотоос холгүй зайд орших Бурханы Смитри хүрээлэн буюу Бурхан багшийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд өрнөсөн байна. Дээрхийн Гэгээнтэн болон Тэргүүн сайдыг явж өнгөрөхөд тэднийг харахыг хүссэн хүмүүс гудамжаар дүүрсэн байлаа. Тэд Паталипутра Нигүүлслийн Суваргад орсон бөгөөд энд мөн Дээрхийн Гэгээнтнээс ном уншихыг дахин хүслээ. Энэхүү барилгын голд найман талт шилэн шүтээн байдаг ба эргэн тойронд нь буддист бусад орноос хандивласан жижиг суваргануудыг байрлуулжээ. Эндээс хөдлөн шинээр байрлуулсан Бурханы гантиг дүрийн өмнө очих замдаа Дээрхийн Гэгээнтэн энэхүү газрыг зөвхөн мөргөлийн газар бус, илүү өргөн утга агуулга бүхий газар болгох шаардлагатайг онцлон хэллээ. Тэрээр буддистууд, эрдэмтэд болон бусад хүмүүс судалгаа хийж болох, мэдлэг боловсролоо арвижуулах судалгааны төв болгох саналыг дэвшүүлсэн байна.

Маргаашийн олон улсын бага хуралд оролцохоор ирсэн буддист олон орон, нийгэмлэгийн хүмүүс Бурханы дүр хүрэх замд эгнэн жагссан байлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдний олонхитой ярилцаж, гар барьж байв.

Далай лам болон тэргүүн сайд нар Ражастханаас авчирсан хар гантигаар бүтээсэн Бурханы дүрийн бүтээлгийг авч, нээлээ. Дээрхийн Гэгээнтэн тэнд хуран цугласан сэтгүүлчдэд хандан хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайдын урилгаар Патнад айлчлав.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарт сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.04. Фото/Жереми /ДЛО
“Буддизмын гол сургааль нь нигүүлсэл, хүлээцтэй байдал, өршөөл уучлал болон хувийн сахилга бат байдаг бөгөөд эдгээр зан чанарын хүчээр өдөр тутмын амьдралдаа амар тайван сэтгэлтэй байж чадна. Хэт их атаархал, өөрт хамаатуулан өмчлөх явдал, уур хилэн нь стрессийг бий болгодог. Тиймээс нирваан, дараа төрөл, эсвэл диваажингийн талаар ярихаа түр азнаад, харин хайр энэрэл, хүлээцтэй байдал болон нигүүлслийг түгээх нь хүмүүний хувьд сайхан амьдралаар амьдрах замд тус нэмэртэй” хэмээв.

“Сүүлийн 1000 жилийн турш дэлхийн томоохон шашнууд Энэтхэг оронд хэрхэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, хөгжин дэвжиж байгааг Буддист лам хүний хувьд би үнэлдэг. Ямарваа зөрчилдөөний шалтаг шалтгаан нь шашин болох тохиолдол өнөөдөр гарч байгаа учраас Энэтхэгийн соёл уламжлалын нэг хэсэг болсон, энэхүү шашин хоорондын эв зохицол нь өнөөдөр ч эн тэргүүний чухал асуудал мөн.”

“Эцэст нь, Наландаа уламжлалыг дагадгийн хувьд залбирч мөргөхийн хамт саруул бодол хийгээд логик дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлэх шаардлага бидэнд байна гэж би үзэж байна. Эртний Энэтхэгийн сэтгэлгээ, Наланда сэтгэлгээ нь pratityasamutpada буюу шүтэн барилдлагын үзэл санааг хөгжүүлсэн бөгөөд өнөөдөр бид үүнийг шашны гэх үүднээс бага, харин шинжлэх ухааны судлагдахуун гэх үүднээс илүү анхаарч хандах хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна.”

“Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд миний хийж ирсэн байнгын уулзалт ярилцлагын үр дүнд Төвдүүд бид сансрын шинжлэх ухаан хийгээд хагас атомын бөөмийн талаар мэдэж авсан бол эртний Энэтхэгийн сэтгэлгээнээс орчин үеийн эрдэмтэд оюун ухаан хийгээд сэтгэлийн хөдлөлөө зохицуулах их ухааныг сурсан билээ. Шинжлэх ухааны ололтоор сэтгэлийн амар амгалан бие бялдрын эрүүл мэндэд тустай гэдгийг нээсэн боловч, сэтгэл санааны бухимдлыг бие бялдрын аргаар шийдсэн шийдэл удаан насгүй байдаг . Тиймээс бидний хийх ёстой зүйл бол сэтгэл оюунаа захиран дадуулах явдал мөн. ”


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайдын урилгаар Патнад айлчлав.
Патна дахь Бурхан багшийн Смирти хүрээлэнд шинээр байрлуулсан
Бурханы сэрэг дүрийн өмнөх залбиралд Дээрхийн Гэгээнтэн нэгдлээ.
Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.04. Фото/Жереми Рассеl/ДЛО
Нар хэвийх үед Дээрхийн Гэгээнтэн Бурхан багшийн шинэ сэрэг дүрийн өмнө суун, аравнайлах богино ёслол үйлдсэн бөгөөд дараа нь сайн сайхны залбирал үйлдлээ. Бурхан багшийн Смирти Хүрээлэнгээс гарахдаа тэрээр Нитиш Кумарт хандан,

“Урьд хэлснээ давтан хэлэхэд, таны удирдлагын дор энэхүү газар нь судалгааны төв болж, хаа нэгтээ нь эртний ном судрыг үзэх боломж бүрдэнэ гэдэгт би найдаж байна. Буддын ном зохиолын түүврийг гурав хувааж болно, үүнд буддист шинжлэх ухаан, гүн ухаан, шашин бөгөөд шинжлэх ухаан, гүн ухаан нь зөвхөн буддистууд төдийгүй, бусад хүмүүсийн сонирхлыг татаж болох юм.”

“Нэмж хэлэхэд, өнөөдөр Энэтхэг болон дэлхийн бусад орнууд ёс суртахууны хямралтай нүүр тулаад байна. Цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх нь үр дүнгээ тийм ч сайн өгөхгүй байна. Ёс суртахуун, иргэний ёс зүйн үндсэн дээр хувийн сахилга батыг дээшлүүлэх шаардлага бидэнд байна. Энэтхэг уламжлалаараа олон зууны турш иргэний ёс зүйн асуудлыг дэмжиж ирсэн бөгөөд одоо энэ туршлагаа дэлхий бусад оронтой хуваалцах цаг нь болсон” хэмээлээ.
Үзсэн: 2 643
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц