Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт

27-12-2014, 21:02  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 13

Итали, Ром, 2014 оны 12 дугаар сарын 12- Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн уулзалт болох Парко делла Мусика танхимд Дээрхийн Гэгээнтнийг өглөө эртлэн морилон ирэхэд түүний шагнал нэгт андууд хараахан ирж амжаагүй байлаа. Зочид аажмаар цугларах үед тэрээр эн тэргүүнд Ром хотын дарга Игназио Маринотой мэндчилсний дараа хуучин анд Жоди Уиллиамс, Шрин Эбади, Майрид Магьюр нартай уулзаж, дараа нь Леймах Гбови, Таваккол Карман нартай танилцав.

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн Энх тайвны шагналтнуудын
14 дэх удаагийн уулзалтын өмнө Нобелийн Энхтайвны шагналт
Жоди Уилиамс болон Ром хотын дарга Игназио Марино нартай хамт.
Итали, Ром, 2014.12.12. Гэрэл зургийг Паоло Тости
Энэ удаагийн уулзалт Нелсон Манделагийн дурсгалд зориулагдаж байгааг Ром хотын дарга тэмдэглэн хэлээд, Мандела бүр шоронд байх үедээ буюу 1987 онд Ром хотын хүндэт иргэн болсон тухай дурсан ярив. Тэрээр “Ялагч гэдэг бол хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй жирийн нэг мөрөөдөгч” хэмээн хэлсэн Манделагийн үгнээс эш татлаа. Өчнөөн жил зовсон ч тэр хэзээ ч өширхөж байгаагүйгээр үл барам харин “Шаналлыг анагаах цаг ирдэг” хэмээн зөвөлж байсан ажээ.

Хүний эрхийг даяаршуулахад, мөн чин сэтгэлээсээ энх тайвны төлөө үүрэг хүлээн ажиллах нөхцөл байдлыг залуу үеийнхэнд бүрдүүлж өгөх хэрэгтэй хэмээн уулзалтад оролцогсдод хандан хотын дарга, профессор Марино уриалав. Мөн тэрээр энэ жилийн шагналтнаар Малала Юсафзай болон Кайлаш Сатьярти нар тодорсныг сануулан хэлэв. “Энх тайван үгүй эрх чөлөө бол жинхэнэ эрх чөлөө биш” хэмээсэн Нелсон Манделагийн сургааль үгийг тэр давтан хэллээ.

Энх тайвны шагналтнуудын нэрийн өмнөөс үг хэлэхээр Майрид Магьюр индрийн зүг явахын өмнө уулзалтыг хамтран даргалагч, Ром хотын дарга асан Волтер Велтрони зарим зүйлийг тэмдэглэн хэллээ. Энх тайван бол хүн бүрийн эдлэх ёстой хүний эрх, бусад эрхийн хувьд бүрдэх ёстой урьдчилсан нөхцөл хэмээн хэлэв. Мөн “Хүн бүр алуулахгүй байх эрхтэй ба хүн алахгүй байх үүрэгтэй” гэв. Тэрээр “Хүчирхийлэл бол дандаа буруу байдаг бөгөөд хэзээ ч зөвтгөх боломжгүй” хэмээн хэлсэн Дээрхийн Гэгээнтний үгийг эш татаад, ‘шударга дайн’ гэсэн онолыг энх тайвны онолоор солих хүсэлтээ Ромын пап ламд хандан илгээлт болгож илгээхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Алберт Швайцер хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, профессор Дэвид Айвз хэлэхдээ, Кейптаунд хийхээр төлөвлөж байсан уулзалт хэдийгээр цуцлагдсан боловч, дэлхийн нийтийн нэгдэл дэх олон янз байдал хэлэлцүүлэгт нилээд оюутныг хүрээлэнгийн өмнөөс оролцуулахаар болсон тухайгаа ярилаа. Ийнхүү оролцохдоо тэдгээр оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын төлөө зогссон хэмээн хэлэв. Тэрээр өөрсдийн үзэж харснаасаа хуваалцахыг оюутнуудын төлөөллөөс хүссэн байна.

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Парко делла Мусика танхимд болж буй Нобелийн Энтайвны
шагналтнуудын 14 дэх удаагийн уулзалтын эхний өдрийн
арга хэмжээнд оролцогсод. Итали, Ром, 2014.12.12.
Гэрэл зургийг Брайн Лука Бианко
‘Энх тайвнаар амьдрахуй, ардчиллаар амьдрахуй-Өмнөд Африкийн ардчиллын 20 жилийн талаар бодохуй: хүрсэн амжилт хийгээд шийдэгдээгүй бэрхшээлүүд’ сэдэвт анхаарлаа хандуулсан эхний хуралдааныг Индипендентийн ахмад сэтгүүлч Петер Попхам нээж, илтгэгч нарыг танилцуулав. Илтгэгчид нь Либерийн Леймах Гбови, Хойд Ирландын лорд Девид Тримбл, АНУ-ын Жоди Уиллиамс, Кейптаун хотын дарга Патрисиа де Лилл, Амнести Интернэшнл байгууллагын төлөөлөл Колм О Куаначейн нар ажээ. Энх тайвны арга зам бол хамгийн үр дүнтэй арга байх байсныг Нелсон Мандела эцсийн эцэст олсон тухай Попхам дурсан ярив. Өмнөд Африкаас энэ уулзалтад оролцох боломжтой байсан цорын ганц хүн болох Патрисиа де Лиллийг тэрээр индэрт урьж, Өмнөд Африк хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ярихыг хүслээ.
Энэхүү уулзалт болох газар өөрчлөгдөн Ром хот болоход хүргэсэн Өмнөд Африкийн засгийн газрын үйлдлийн төлөө ард түмнийхээ нэрийн өмнөөс уучлалт гуйснаар тэрээр яриагаа эхэллээ. Дэлхий дахин Нелсон Манделаг алдаад нэг жил, нэг долоо хоног болж байгааг тэмдэглэн хэлэв. Мандела өөрийн орны энх тайван замаар шилжих үйл явцыг удирдсан ажээ. Шударга ёсгүй энх тайван байдаггүй гэдгийг хатагтай Патрисиа батлан хэлээд, Манделагийн хүчин зүтгэж байсан үйлсийг үргэлжлүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Хойд Ирландын төлөөлөгчдийг Өмнөд Африкт урьснаар Нелсон Мандела Хойд Ирландад энх тайван тогтоход хувь нэмэр оруулсан тухай лорд Девид Тримбл ярилаа. Түүний үзүүлж харуулсан олон зүйлийн дотор хангалттай зөвшилцөл дээр үндэслэн шийдвэр гаргах тухай асуудал байсан. Мандела ерөнхийлөгч болсныхоо дараа түрүүчийн засгийн газар нь цөмийн зэвсэг хийх хөтөлбөрийг бараг хэрэгжүүлж дуусч байсныг олж илрүүлээд, тэр даруй зогсоосон гэдгийг тэр тэмдэглэлээ. Цөмийн зэвсэгтэй байснаа тусгаар тогтнолоо олсны дараа цөмийн хамгааллаа халсан өөр нэг орон бол Украйн хэмээн хэлэв. Хөрш зэргэлдээ орнууд нь дэмжлэг, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгч байгаа боловч амжилт одоохондоо гараагүй байна.

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Нобелийн Энхтайвны шагналтан Лейман Гбови Нобелийн
Энхтайвны шагналтны 14 дэх удаагийн уулзалтад үг хэлж
байгаа нь. Итали, Ром, 2014.12.12. Гэрэл зургийг Оливер Адамс
Либерт өөрийн үзэж туулснаа Леймах Гбови хүүрнэхдээ, тэндэх нөхцөл байдалд тэрээр ууртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэр уур хилэнг Дээрхийн Гэгээнтний хэлсэнчлэн хүчирхийллийн бус бумба руу цутгах шингэн, эсвэл Чарлз Тейлорын нэгэн адил шоронд орсноор төгсөх хүчирхийллийн сав руу цутгах шингэнтэй зүйрлэсэн байна. Гэхдээ тэрээр ууртай байгаа үедээ хойшоо нэг алхам ухрах ёстой гэдэгт суралцсан хэмээв. Либерит болсон энх тайвны хэлэлцээрийн үед тэр болон түүний эмэгтэй нөхөд хэлэлцээрийн өрөөний гадаа хүлээж байхдаа зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Либерийн төлөөлөгчид явахыг зөвшөөрөхгүй хэмээж байснаа тайлбарлан ярилаа.

Явган цэргийн эсрэг газрын минийг төгсгөл болгох тухай кампанит ажилд ТББ-уудыг татан оролцуулсан талаараа Жоди Уиллиамс ярив. Энэ кампанит ажил нь түүний нөхцөл байдлыг өөрчлөхөд зориулагдаагүй хэмээн тэр нэмж хэллээ. Энэ бол хийж чадах зүйлээ хийх талаар нь засгийн газруудад шахалт үзүүлсэн иргэний нийгмийн байгууллагын жишээ байсан. Засгийн газрууд эрх мэдлээ буцаан авахын тулд тэмцэх байх хэмээн тэр хэлэв. Ерөнхийлөгч Клинтон ерөнхийлөгч Нелсон Манделагаас АНУ-ын байр суурийг дэмжихийг хүсэхэд, Мандела оронд нь ийм зэвсгийн золиос болсон ахан дүүс нарынхаа талд зогсохыг хүсч буйгаа хэлээд татгалзсан тухай тэр дурсан ярилаа. Тэрээр Хятадын дарамтад орсон хүмүүстэй түүний эр зориг ба зарчмыг харьцуулсан юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бол шашны тэргүүн хэмээн тэр тэмдэглэн хэлээд,

“Шашны тэргүүнтэй уулзаж Хятадын удирдагчдын бухимдлыг төрүүлэхийг илэрхий хүсэхгүй байгаа шашны өөр нэгэн тэргүүн энэ хотод байгаа. Энэ юу гэсэн үг вэ?” хэмээв.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, зарим хүн, зарим засгийн газар босч зогсох, эвгүй байж болох зүйлийг хэлэх эр зоригтой байдаг бөгөөд ийм эр зориг гаргасан Ром хотын захиргаанд талархал илэрхийллээ.

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн Энхтайвны шагналтнуудын
14 дэх удаагийн уулзалтын эхний өдрийн хуралдаанд оролцож
байгаа нь. Итали, Ром, 2014.12.12. Гэрэл зургийг Паоло Тости
Нелсон Манделагийн Өмнөд Африкт нэвтрүүлсэн агуу чанаруудын нэг нь хүлээцтэй байдал хэмээн де Лилл түрүүчийн үг хэлсэн хүний үгэн дээр нэмж хэлээд, бие биедээ хүлээцтэй хандаж, харилцан бие биенээ хүндэтгэхийг тэр хүмүүст заасан гэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг өөрийн оронд морилон ирэхийг дахин урилаа. Петер Попхам түүнээс залуучуудад хандан зөвөлгөө өгөхийг хүсэхэд,

“Хэрвээ та зөвийг буруугаас ялгаж, түүнийгээ илэрхийлэх, тэр чиглэлд хөдлөх чадвартай бол та амжилттай удирдагч болно” хэмээн хэлэв.

Үүнийг дэмжиж лорд Тримбл мөн хэлэхдээ, бүх зүйл эцсийн эцэст олон талт ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд хүргэдэг хэмээлээ. Амнести Интернэшнлийг төлөөлж Колм О Куаначейн хэлэхдээ, өөрийн зарчимдаа үнэнч байж, үйл хөдлөл хийхийг зөвлөсөн байна. Өмнөд Африкт Шарпевиллийн хийсэн аллагыг НҮБ дээр шүүмжилсэн эхний орон нь Бирм байсныг тэрээр дурсан ярив. Хожим нь Бирмэд дээрхтэй ижил төстэй эмгэнэлт явдал өрнөх үед Аюулгүйн зөвлөл дээр Өмнөд Африк тэр орныг зэмлэхээс зайлсхийж байсан байна. Засгийн газруудтай хүний эрх, ардчиллыг хамгаалах талаар хариуцлага тооцох шаардлагатай хэмээн тэр хэллээ.

Эхний болон хоёр дахь хуралдааны дундуур Holy See-гийн илгээлтийг хуралд оролцогсдод уншиж танилцуулсан байна. ‘Хүний хөгжлийн төлөө энх тайвнаар амьдрах нь – Хүний тогтвортой хөгжилд учрах аюул занал’ сэдэвт хоёрдугаар хуралдааныг BBC World-ийн сэтгүүлч Ялда Хаким удирдлаа. Энх тайван бол дайнгүй байснаас илүү том зүйл гэдгийг тайлбарлахыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн байна. Нобелийн шагналт бусад хүмүүс өөрөөс нь илүү туршлагатай хэмээн бодож буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд,

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн Энхтайвны шагналтнуудын
14 дэх удаагийн уулзалтын хоёрдугаар хуралдаан дээр үг хэлж
байгаа нь. Итали, Ром, 2014.12.12. Гэрэл зургийг Паоло Тости
“Энх тайван хийгээд хүчирхийлэл нь эцсийн эцэст бидний сэтгэл хөдлөлтэй холбоотой. Хүчирхийлэл ба эс хүчирхийллийн зааг бидний зүрхэнд байдаг. Хэрвээ бид бусдын төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг бол мэдээж бусдын эрхийг хамгаалж, бидний үйл хөдлөл хүчирхийллийн бус болно. Хэрвээ бид уур хилэн, айдас хүйдэсдээ автагдвал дээрхийн эсрэг зүйл болно. Долоон тэрбум хүн үндсэндээ бүгд ижил учраас хүн төрөлхтний нэгдмэл чанарыг мэдрэх мэдрэмжийг бид хөгжүүлэх ёстой. Бидний дунд байгаа нийтлэг зүйлээс илүү хоёрдогч чанартай, өнгөц ялгаа, тухайлбал үндэстэн, арьс өнгө, баян ядуу, боловсролтой боловсролгүй эсэх зэрэгт хэт их анхаарал хандуулж байна” хэмээн айлдлаа.

“Боловсролын тогтолцоог өөрчлөх замаар бид сэтгэлгээгээ өөрчлөх боломжтой. Өнөөдөр манай боловсролын тогтолцоо хийгээд бидний амьдралын хэв маяг хэт материаллаг болж, дотоод үнэт зүйлээ тун бага анхаарч байна. Дотоод үнэт зүйл, эсвэл ёс суртахууны зарчмын талаар бодох болоход бид шашин руу ханддаг. Гэвч шашин бүх хүний сэтгэл ханамжийг буй болгож чадахгүй. Нэг тэрбум хүн өнөөдөр өөрийгөө аль нэг шашин шүтдэггүй хэмээн баталж байгаагаас гадна шашин шүтдэг хэмээн үздэг хүмүүсийн дотор ч итгэл бишрэл нь гажуудсан, эсвэл тийм ч туйлбартай биш байх явдал байна. Тиймээс хүний үндсэн үнэт зүйлийг хөгжүүлэх иргэний хандлага бидэнд шаардлагатай. Бүх шашин шүтлэг хийгээд шашингүй үзэлт хүмүүст ялгаваргүйгээр хандах гэсэн утгаар нь буюу Энэтхэгт хэрэглэдэг утгаар нь би иргэний гэдэг үгийг хэрэглэж байна.”

“Учир нь би урьд хэлсэнчлэн үнэт зүйлс маань бидний сэтгэл хөдлөлтэй холбоотой бөгөөд биеийн эрүүл мэндийг сахихын тулд бид эрүүл ахуйг хангадаг шигээ эрүүл ухаан, эрүүл хандлагатай байхын тулд бид сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйг хангах ёстой. Дашрамд хэлэхэд уур хилэн болон айдас нь бидний дархлааны тогтолцоог эвддэг гэсэн нотолгоо байдаг. Айдас хүйдэс нь бидэнд тохиолдож байгаа ихэнх асуудлын эх сурвалж байдаг бол түүний сөрөх зүйл нь нөхөрлөлийн үндэс болсон итгэл юм. Нийгмийн амьтад болохын хувьд бид бие биенээсээ хамаардаг учраас бид оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлөө дадуулах шаардлагатай.”

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Нобелийн Энхтайвны шагналтнуудын 14 дэх удаагийн уулзалтын
2 дугаар хуралдааны үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон
бусад илтгэгчид. Итали, Ром, 2014.12.12.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Өнгөрөн одсон 20 дугаар зууны үеийнхэн болон өнөөдөр залуу байгаа 21 дүгээр зууны эрин үеийнхний ялгаанд Дээрхийн Гэгээнтэн анхаарлаа хандууллаа. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, ирээдүйг бүтээж чадна хэмээн тэр хэлэв. Тиймээс 21 дүгээр зууны иргэд илүү сайхан дэлхий ертөнцийг байгуулах боломжтой бөгөөд тэгэх ч үүрэгтэй. Хэрвээ залуу үеийнхэн энэ ажлыг одоо хийж эхэлбэл энэ зууны сүүл гэхэд дэлхий илүү амар амгалан газар болох болно хэмээн тэр хэллээ. Эрүүл ухаан, хамтын туршлага хийгээд шинжлэх ухааны нотолгоон дээр суурилсан иргэний хандлагыг буй болгохын чухлыг тэрээр дахин зөвлөсөн байна. Тууштай боловсролоор дамжуулан өөрсдийгөө, сэтгэлгээгээ, дэлхийтэй холбогдох харилцаагаа бид өөрчилж чадна хэмээн тэр айлдлаа. Үүнээс өөр гарц үгүй учраас түүний үгийг идеализм гэж үл тоомсорлох бус, харин амьдралд хэрэгжүүлж болохуйц зүйл хэмээн нухацтай хүлээн авахыг зөвлөснөөр тэрээр яриагаа өндөрлөв.

Ялда Хаким тогтвортой хөгжлийн тухай асуултыг Жозе Рамос-Хортад тавив. Тэр хариулахдаа, зүүн Тиморт 70-аад онд зөвхөн 700000 хүн байсан ч, тэд бууж өгөөгүй хэмээлээ. Тэд индонез хүмүүсийг дарангуйлагчид, лалын шашинтнууд хэмээн буруутгаагүй учраас одоо тэдний хооронд найрсаг харилцаа тогтсон ажээ.

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 удаагийн уулзалтын
2 дахь хуралдааны үеэр Нобелийн шагналт Таваккол Карман
үг хэлж байгаа нь. . Итали, Ром, 2014.12.12.
Гэрэл зургийг Оливер Адам
Энх тайван гэдэг бол ядуурлыг арилгаж, охид эмэгтэйчүүдийг хамгаалан, цэвэр усаар хангах явдал гэдгийг Таваккол Карман гал дөлтэй тайлбарлалаа. Энх тайван бол авилгалд төгсгөл тавих гэсэн үг. Хүн бүр мэдээлэл авах эрхтэй гэсэн утга. Энх тайван гэдэг бол хүн бүрт иргэний тэгш эрх, эрх тэгш байдлыг хүртээнэ гэсэн үг.Өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг дэмжихийг тэр хүмүүст уриаллаа. Сири болон Иракт нүүрлэж байгаа хямралын тухайд тэрээр яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэсэн асуултыг тавив. Учир нь бид эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа хүмүүсийг сонсохгүй байна. Эрх чөлөөний төлөө та үнэ төлөх ёстой, тэгвэл үр дүн гарна хэмээн тэр хэллээ.

Дарангуйлагч нарт буулт хийх ёстой юу гэсэн Ялда Хакимын асуултад Рамос-Хорта “Дээрхийн Гэгээнтнээс асуусан нь дээр” хэмээн хариулав.

“Зөрчилдөөнд оролцож байгаа хоёр тал аль аль нь хүмүүс бөгөөд тэдэнд тулгарч байгаа хүндрэл нь ахархан бодлын үр дагавар юм.Ирак болон Сирид болж байгаа гай зовлон бол өнгөрсөн үед хийсэн алдааны илрэл бөгөөд шийдэхэд амаргүй байх болно. Гэхдээ тэдгээр хүндрэл нь хүмүүсийн асуудал учраас харилцан яриа хэлцэл хийх замаар, хүмүүний хандлагаар хандах замаар шийдэх шаардлагатай. Хэрвээ бид хүчирхийллийн үйл явцад оролцож байгаа хүмүүстэй хамтдаа сууж, тэд үнэхээр зорилгодоо хүрч чадаж байгаа эсэхийг асуусан бол асуудлыг шийдэхийн тулд хүч хэрэглэх нь буруу гэдгийг тэд харж чадах байсан гэдэгт би итгэлтэй байна. Нэг шийдэл нь боловсролын тогтолцоогоо сайжруулах, нөгөө нэг шийдэл нь илүү олон эмэгтэйчүүд удирдагчдын эгнээнд нэгдэж хариуцлага хүлээх явдал.200 орчим улс гүрнийг эмэгтэйчүүд удирдаад эхэлбэл дэлхий илүү амар амгалан болохгүй гэж үү?” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Өөрийн эрхийг хамгаалахдаа тархиа ажиллуулах нь чухал хэмээн Рамос-Хорта хэлэв. Өөрийн боломжийг хэтрүүлж, өрсөлдөгчийнхөө боломжийг дутуу үнэлэхгүй байхыг тэр зөвлөлөө. 8 жил үргэлжилсэн Иран-Иракийн зөрчил хэн нэгэн хөндлөнгөөс оролцсон учраас бус, харин хоёр тал хоёулаа цөхөрсөн учраас төгссөн гэдгийг тэр сануулав. Тэр байдал Сирид болж байгаа гэдэгт харамсаж байгаагаа хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Италийн парламентын депутатуудын танхимын дарга Лаура Болдринитэй уулзахаар хуралдаанаас гарах үед Нийгмийн идэвхийн төлөө Энх тайвны дээд уулзалтын медалийг Итали дахь дүрвэгсдийн асуудлыг таниулахын төлөө ажилласан Тареке Брханед олгож байлаа.

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Италийн парламентын депутатуудын танхимын дарга хатагтай
Лаура Болдрини үдийн зоогийн үеэр Дээрхийн Гэгээнтэн болон
Нобелийн бусад шагналтнуудын хамт.. Итали, Ром, 2014.12.12.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Хатагтай Болдрини Нобелийн шагналтнуудыг үдийн зоогт урьсан ажээ. Тэрээр зочдыг хүндэтгэн мэндчилсний дараа Таваккол Караман урам зоригтой үг хэлж, ‘хүн төрөлхтөн’ гэсэн шинэ үндэстний талаар бодох цаг болсон хэмээн мэдэгдлээ.

Дээрхийн Гэгээнтэн буудалдаа буцаж ирээд, Рай телевизийн сурвалжлагч Франко де Маре-д ярилцлага өгсөн байна. Дээрхийн Гэгээнтэн Пап лам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж чадахгүй байгаа нь хачин санагдахгүй байна уу гэсэн асуултаар сурвалжлагч ярилцлагыг эхлүүллээ.

“Надад жаахан гунигтай байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “Учир нь би хэд хэдэн шинэ Пап ламд хүндэтгэлтэй хандаж байсан бөгөөд одоогийн пап ламтай уулзах сонирхолтой байсан. Гэхдээ одоо энэ нь тохиромжгүй байгааг ойлгож байна. Байдлыг улам хүндрүүлэхийг би хүсэхгүй байна. Бидэнд ёс суртахууны үнэт зүйлсийг хөгжүүлэх, шашны эв зохицлыг бэхжүүлэх, ядуурлыг арилгах гээд нийтлэг сонирхол бий. Би түүнийг биширдэг, ингээд л болоо.”

Хятадын дарамтан дор Өмнөд Африкийн засгийн газар Дээрхийн Гэгээнтэнд виз олгоогүйгээрээ үнэт зүйлсийн дээр бизнесийг тавьсан уу хэмээн де Марко асуулаа. Материаллаг үзэл бодлын хүрээнд мөнгө тэргүүн эгнээнд тавигддаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Гэвч мөнгө дотоод амар амгалангийн баталгаа болж чаддаггүй. Туту хамба лам түүнийг 80 насныхаа төрсөн өдөрт урихад тэрээр очихыг хүсч байсан ажээ. Нелсон Манделатай дахин уулзахыг хүсч байсан ч виз олгох боломжгүй байсан хэмээн хэллээ.

“Төвөдийн тусгаар тогтнолыг би хүсээгүй гэдгийг бүх дэлхий мэдэж байгаа. Бид хятадууаас Үндсэн хуулиндаа заасан тодорхой эрхүүдийг хэрэгжүүлэхийг хүссэн. Буддын баялаг соёл, хэлээ хадгалах, байгаль орчноо хамгаалах эрх бидэнд бий.”

Энх тайвнаар амьдрах нь. Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дэлхийн уулзалт
Рай телевизийн сурвалжлагч Франко де Маре Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламаас ярилцлага авч байгаа нь. Итали, Ром, 2014.12.12.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Баян ядуугийн заагийн тухайд тэрээр, тэр үзэгдлийг дуусгахын тулд баян нь ч, ядуу нь ч ажиллах ёстой хэмээн хэллээ. Баян нь ядуудаа урам зориг өгч, байр сав, боломжоор хангах ёстой бол ядуу нь хүчин чармайлт гаргаж, өөртөө итгэлтэй болох ёстой. Төвөдийнхөө юуг илүү санаж байгаа тухай асуултад, өөрийгөө дэлхийн иргэн хэмээн боддог гээд, “Сайхан дулаан уур амьсгалыг мэдэрсэн газраа өөрийн гэр мэт бодож болно” хэмээн төвөдүүд хэлдэг гэв. Эрх чөлөө болон өөрийн хүмүүний бүтээлч чанараа хэрэгжүүлэх боломж нь юу юунаас илүү чухал хэмээв. Энэтхэгт борооны улирал болох үед заримдаа Лхаст байсан сайхан дурсамжаа сэргээж боддог хэмээн эцэст нь хэллээ. Италийг юуг хамгийн их үнэлсэн тухай хамгийн сүүлчийн асуултаа де Маре тавихад,

“Миний эхний сэтгэгдлээр бол италичууд уужуу тайван хүмүүс, асуудлыг гүнзгийрүүлдэггүй, стресс бухимдалд ордоггүй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулсан байна.

Энх тайвны уулзалт маргааш үргэлжилнэ.

Үзсэн: 1 957
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц