Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай” арга хэмжээний үдийн зоогон дээр үг хэллээ

8-02-2015, 05:13  |  Хэвлэх

2015 оны 2 дугаар сарын 5

АНУ, DC, Вашингтон, 2015 оны 2 дугаар сарын 4 - Өдрийн нарны өнгөлөг туяа Дээрхийн Гэгээнтний зочид буудлын өрөөг нэвт гэрэлтүүлсэн энэ өглөө тэрээр хэд хэдэн уулзалтыг хийж амжлаа. Эн тэргүүнд машид хүсэн хүлээж байсан “Оюун Ухаан ба Амьдрал” (MLI) хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзав. Цэцэрлэгээс их сургууль хүртэлх боловсролоор дамжуулан хүүхэд залуучуудад хүний үндсэн үнэт зүйлийг ойлгуулахад чиглэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлаа тайлагнахаар эрдэмтэд ирсэн байна. Тэдэнтэй мэндчилэн хэлсэн үгэндээ Дээрхийн Гэгээнтэн,

“Бид амьдралынхаа хугацаанд гарч байгаа өөрчлөлтүүдийг олж харахгүй байж болох ч, өнөөдөр Ойрхи Дорнодод үйлдэгдэж байгаа аймшигт хүчирхийлэл, түүний улмаас эрүүл ухаан дутагдсан, сэтгэл сэртхийлгэм уур хилэн буцалж байгаа ийм нөхцөлд амьдралын өөрчлөлтийг таниж мэдэх оролдлого гаргах шаардлагтай болоод байна. Хэрвээ боловсролыг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал бид илүү аз жаргалтай дэлхий ертөнцийг байгуулах боломжтой болох юм” хэмээн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай” арга хэмжээний үдийн зоогон дээр үг хэллээ
Дээрхийн Гэгээнтэн “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн
эрдэмтэдтэй уулзаж байгаа нь. АНУ, DC, Вашингтон, 2015.2.4.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Нийгмийн бүтээгдэхүүн болсон бидэнд найз нөхөд хэрэгтэй гэдгийг тэр тэмдэглэн хэлэв. Биднийг нэгтгэх нөхцөл байдал хэрэгтэй бөгөөд амин хувийн ашиг сонирхолтойгоо зууралдах нь үүнд саад болж байна. Хүний үндсэн мөн чанарыг харуулахыг зорьж хийсэн Ричи Давидсон болон бусад эрдэмтдийн судалгаагаар бага насны хүүхдүүд бусдад саад хийхээс илүү туслах хандлагатай байдаг нь харагдсаныг Дээрхийн Гэгээнтэн эш татан ярилаа. Тиймээс бусдын төлөө санаа тавих нь хүний үндсэн мөн чанарт байдаг зүйл юм.

“Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн боловсруулж байгаа боловсролын судалгааны санаачилга нь “Анхаарал халамжийн дуудлага” хэмээн нэрлэгдэж байгааг хүрээлэнгийн захирал Артур Зайонц тайлбарлан ярив. Халамж авах, өөрийгөө халамжлах, халамж түгээх гэсэн гурван загварын хүрээнд асуудлыг дэвшүүлж байгаа ажээ. Боловсрол, хөгжлийн шинжлэх ухаан, нарийвчлан тунгаах эрдэм мэдлэгийг хамруулах замаар энэхүү төсөл нь нийтлэг бүтэц бүхий нэгдсэн хөтөлбөрөөр дамжуулан багш, сурагчдын аль алинд анхаарал хандуулах ажээ. Одоогийн байдлаар багш нар үүнд туйлын нааштай хандаж байна. Багш, сурагчдад зориулсан гарын авлагыг ямар нэг хэмжээгээр 8 дугаар анги хүртэл боловсруулж дууссан. Бутан, Израил болон Вьетнам улсуудад төслийн туршилтыг хийж байгаа гэв.

Боловсролын ийм тогтолцооны хүрээнд оюун сэтгэлийн тухай мэдлэгийг олгоосой хэмээн хүсч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, сурагчид 6-7 дугаар ангиасаа эхлэн сэтгэл хөдлөлийн талаар мэдэж эхэлбэл зүгээр хэмээн үзлээ. Сэтгэлийн сөрөг хандлагын талаар сурагчид мэдээлэлтэй байх ёстой хэмээн тэр үздэг байна. Тэрхүү сэдэв нь төсөлд тусгагдсан бөгөөд үүнийг саад тотгор хэмээн нэрлэсэн тухайгаа “Анхаарал халамжийн дуудлага” хөтөлбөрийн ажилтан Катрин Бернс тайлбарлав. Өнөөгийн боловсролын тогтолцоонд хүний хүчин зүйл үгүйлэгдэж байгаатай санал нийлж буйгаа тэр өгүүлэв. Тархи толгойд хэт их анхаарч байгаа энэ цаг үед зүрх сэтгэлд ч мөн анхаарах шаардлагатай байна.

Диана Чапман-Уолш хэлэхдээ,

“Хэт их амлалт өгөхгүйгээр, гэхдээ шинжлэх ухааны үнэт зүйлсийг зөрчилгүйгээр энэ үзэл санааг урагш хөгжүүлэх талаар хариуцлага хүлээх ёстой хэмээн Артур Зайонц хүрээлэнгийн ажилтнуудад зааварчилсан. Гэхдээ бид энэ үзэл санааг дэлхийд түгээх ёстой түүхэн цаг үед ирсэн мэт санагдана” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн,

“Тиймээ, энэ бол зөвхөн суртал ухуулга бус гэдэгт бид итгэлтэй байх ёстой бөгөөд үүнийгээ нийтэд мөн түгээх ёстой. Бидний хандлага хүн бүрт нийцсэн бөгөөд хүн бүр хүлээн авах боломжтой байх ёстой” хэмээн хариуллаа.

Уулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн ойрхон зуур машинаар яван жил бүр зохион байгуулагддаг “Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга” хэмжээний хүрээнд болж байгаа олон улсын үдийн зоог дээр үг хэлэхээр Вашингтон Хилтон зочид буудалд очсон байна. Энэхүү арга хэмжээ нь улс төр, нийгэм, бизнесийн элит хүрээнийхэн цугларч, харилцаа холбоо тогтоодог уулзалт хэлбэрээр явагддаг. Дээрхийн Гэгээнтэн үг хэлэхийн өмнө Конгрессын хэд хэдэн гишүүн христосын шашны номлолоос уншив. Хүндэт зочдын дотор Косовогоос АНУ-д суугаа элчин сайд Акан Исмаили, Олон Улсын Хөгжлийн Америкийн Агентлагийн зохион байгуулагч Ражив Шах, Израилын Кнессетийн дарга Юли-Иоэль Эдельштэйн нар байлаа.

Конгрессын гишүүн Жим Слаттери Дээрхийн Гэгээнтнийг хурсан олонд танилцуулж, түүнийг үг хэлэхийг урилаа. Тэрээр заншил болсон үгээрээ мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай” арга хэмжээний үдийн зоогон дээр үг хэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон улсын үдийн зоогийн
үеэр үг хэлж байгаа нь. АНУ, DC, Вашингтон, 2015.2.4.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Ахан дүүс нар аа, бид бүгд оюун санааны хувьд ч, бие бялдрын хувьд ч, сэтгэл хөдлөлийн хувьд ч өөр хоорондоо ялгарах юмгүй хүний төрөлтөн билээ. Хаан, хатан, гуйлгачин байхаас үл хамааран бид бүгд ижил замаар төрж, ижил замаар үхдэг. Нийт 7 тэрбум хүн бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд ийнхүү амьдрах ч эрхтэй. Хэрвээ бид энэ утгаар нь бие биенээ авч үздэг бол бидний дунд хэрүүл тэмцэл үүсэх үндэс байхгүй болно. Миний ирээдүй бусдаас, бусдын ирээдүй надаас хамаардаг учраас бид бие биендээ туслах ёстой.”

Уур амьсгалын өөрчлөлт нь бидэнд нэг гариг ертөнцтэй гэдгийг сануулж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Хүн хүндээ хандах хүний үнэт зүйлийг ойлгохын тулд үлгэрлвээс элсэн цөлд амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа хүнийг төсөөлөн бодох хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэнтэй тэнд учирвал тухайн хүний яс үндэс, сүсэг бишрэл, боловсрол болон нийгмийн байдлыг үл тоон, өөртэй нь адил хүн гэдэг утгаар нь хүлээн авна. Үүнтэй нэгэн адилаар тэр өөрийгөө бусадтай адилхан хүн гэж үздэг ба Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай Лам хэмээх онцгой нэгэн гэж боддоггүй хэмээн хэллээ.
Тэрээр өөрийгөө хүний нийгмийн нэг хэсэг гэж үздэг учраас хэзээ ч ганцаардлыг мэдэрдэггүй хэмээв. Хүн болж төрсний хувьд түүний эн тэргүүний үүрэг бол аз жаргалтай амьдрахад нь бусад хүмүүст туслах явдал хэмээн тэр айлдлаа. Энэ бол нөхөрлөлийн үндэс мөн.

Дэлхийн бүх том шашин хайр, уучлал, хүлээцтэй байдлыг номлодог тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив.

“Аль нэг шашныг дагах эсэх нь хувь хүний сэтгэлийн асуудал боловч нэгэнт та дагасан бол шүтэж буй шашиндаа нухацтай хандах ёстой. Шашнуудын гүн ухааны үзэл баримтлал зөрүүтэй байдаг ч, эцсийн зорилго нь зөв хүнийг төлөвшүүүлж, илүү аз жаргалтай болгоход оршдог. Энэ л үүднээс шашнууд харилцан бие биенээ биширч, бие биендээ хүндэтгэлтэй хандах ёстой. Тэдний нийтлэг зорилго нь эв зохицлын үндэс суурь билээ.”

“Саяхан би Калькуттын их сургуулийн урилгаар тэнд очихдоо Тереза эхийн төвд очихоор шийдсэн юм. Надтай уулзахаар ирсэн Калькутта хотын хамба лам болон Тереза эхийн залгамжлагчдад би Тереза эхийг бишрэн шүтдэг сэтгэлээ, мөн түүний шавь нар ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүст туслах түүний үйл хэргийг үргэлжлүүлэхэд амь биеэ зориулж байгаад хүндэтгэл илэрхийлэхийн тулд өөрийн хүслээр ирж буйгаа хэлсэн.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай” арга хэмжээний үдийн зоогон дээр үг хэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдийн зоогийн үеэр үг хэллээ.
АНУ, DC, Вашингтон, 2015.2.4. Гэрэл зургийг Кайдор Аукацан
/АНУ дахь Төвөдийн офис
Баян ядуугийн хооронд үүссэн ан цав улам томорсоор байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Мөргөл залбирал нь хэдийгээр өөртөө итгэх итгэлийг бий болгож болох ч, асуудлыг шийдэхэд хангалттай биш гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Бид үйл хөдлөл хийх хэрэгтэй.

Лалын шашны асуудлыг хөндөхдөө, жихад гэсэн үгийг нийтээрээ ташаа ойлгож байна гэдгийг тэрээр цохон тэмдэглэв. Энэ нь бусад хүмүүстэй тулалдахын тухай бус, харин өөрийн сөрөг сэтгэлтэй тэмцэхийн тухай юм. Лалын шашинт найз нөхөд нь түүнд хэлэхдээ, бусдын цусыг урсгаж байгаа хүн жинхэнэ мусульман байхаа болино хэмээсэн ажээ. Урьдчилан бодсон төсөөлөл таамаглалаар асуудалд хандахын оронд бид шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх хэрэгтэй байна.

Тэрээр Иерусалимд нэгэн багштай уулзсан тухайгаа хүүрнэлээ. Тэр хүн палестин болон израил оюутнууддаа хэрцгий, эсвэл хилэгнэсэн хэн нэгэнтэй тааралдвал хэсэг зуур амьсгаа авсныхаа дараа тэр хүнийг ‘Эзэн’-ий дүрээр төсөөлж бод хэмээн зөвлөдөг ажээ. Дараа нь аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэг дээр хэрцгий хандахад багшийнхаа хэлснийг хэрэгжүүлсэн нь маш үр дүнтэй байсан тухай зарим оюутан хожим нь багшдаа ярьсан байна. Энэ нь нөгөө хацраа тавьж өгөх тухай Исусын зөвөлгөөтэй нийцэж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Эцэст нь нэг шашин, нэг үнэн байдаг гэж хэлж болох эсэх талаархи асуултыг Дээрхийн Гэгээнтэн хөндөв. Хувь хүний хувьд нэг шашин, нэг үнэн байж болох ч, олон нийтийн хувьд, бидний амьдарч байгаа даяарчлагдсан дэлхийд яах аргагүй хэд хэдэн шашин, хэдэн үнэн байна хэмээн тэр хэлэв. Янз бүрийн үзэл бодол нь нааштай өөрчлөлтөд хүч нэмдэг ч, тэдгээрийг илэрхийлэхдээ бие биенээ харилцан хүндэтгэх ёстой хэмээн Далай Лам зөвлөлөө. 80 дөхсөн настай хүний үгийг сонссон хүмүүст түүнийг талархлаа илэрхийлэхэд хуран цугласан олон халуун алга ташилтаар хариу талархал илэрхийлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай” арга хэмжээний үдийн зоогон дээр үг хэллээ
Төвөдийн цагаачдын Цэрэн Донден суурингийн ивээн тэтгэгчид
болон Конгрессын гишүүдтэй Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзав.
АНУ, DC, Вашингтон, 2015.2.4. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Энэхүү арга хэмжээний дараа төвөдүүдийн олон жилийн анд нөхөр Дуг Коу Дээрхийн Гэгээнтнийг эхлээд ивээн тэтгэгч захирлуудтай, дараа нь Энэтхэгийн Ражпур дахь төвөдийн цагаачдын Цэрэн Донден сууринд дэмжлэг туслалцаа үзүүлдэг Конгрессын гишүүд болон бусад хүмүүстэй уулзууллаа. Дээрх төслийг анх сенатор Клейрборн Пелл асан санаачилсан байна. Дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэд энх тайван хийгээд хүчирхийллийн бус соёл болох Төвөдийн соёлыг хадгалж хамгаалах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Конгрессын гишүүн Вольф уулзалтыг хааж залбирлын үг хэлсэн байна. Тэрээр Төвөдийн ард түмэн болон Дээрхийн Гэгээнтнийг Бурхан ивээж, Төвөд эрх чөлөөтэй орон болохын ерөөлийг дэвшүүлж залбирлаа.

Дээрхийн Гэгээнтэн ирсэн зочдод өөрийн ‘Сайхан Сэтгэл’ номыг бэлэглэсэн бөгөөд Жон Мейн семинар дээр түүний хэлсэн үгийн эмхэтгэл болох уг номонд “Шинэ Гэрээ”, тухайлбал уулан дээрх номлолын тайлбар орсон ажээ.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Үндэсний Мөргөлийн Өглөөний Цай арга хэмжээнд оролцох ба уг арга хэмжээнд заншлын дагуу ерөнхийлөгч Обама үг хэлнэ.
Үзсэн: 2 327
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц