Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ

17-04-2015, 03:59  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 27

Энэтэхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015 оны 3 дугаар сарын 27- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгт зохион байгуулагдаж байгаа 20 дахь удаагийн Шотон дуурийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Төвөдийн уламжлалт дуурийн баяр Төвөдөд хамгийн сүүлд 1958 онд болсон бөгөөд Дээрхийн Гэгээнтний санаачилгаар энэ уламжлалыг 1993 онд дахин сэргээсэн байна. Түүнийг өргөөнөөсөө гаран Төвөдийн Театрын Урлагийн хүрээлэнг (TIPA) чиглэн машинаар явах үед төвөд болон бусад хүмүүс зам дагуу эгнэн зогсч, гартаа цагаан хадаг барин мэндчилэхэд тэдний баясгалантай царайг нар ээн гэрэлтүүлж байв.

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг TIPA-д морилон ирэхэд төвөдийн
уламжлалт зан заншлын дагуу угтан авч байгаа нь. Энэтхэг, Химачал
Прадеш, Дарамсала, 2015.3.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг TIPA-д морилон ирэхэд захирал Ванду Цэрэн Песур болон тоглолтын хувцас бүхий жүжигчид ‘чема чанпу’ барин угтаж авав. Сикён доктор Лувсан Сэнгээ, түүний кабинетын гишүүд, Төвөдийн Ардын Депутатуудын Хурлын дарга, Хууль зүйн ерөнхий комиссар нар мөн угтагсдын дунд байв. Анд нөхөдтэйгээ мэндчилсээр тэрээр хуран бүчсэн олны дундуур өнгөрч, тагтан дээр тусгайлан зассан суудалд байраа эзэлсэн байна.

Төвөдийн үйл хэргийн төлөө амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан нэг минут дуугүй байсны дараа арга хэмжээ эхэллээ. Дараа нь Лхамо дуурийг үндэслэгч, 14 дүгээр зуунд амьдарч байсан Дандон Жалбугийн дүрийг талбайн голд зассан тавцан дээр байрлуулав. Захирал Ванду Цэрэн бүх оролцогчдын нэрийн өмнөөс арга хэмжээнд морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ.

Их наадмын эхний өдөр нийт 9 хамтлаг өөрсдийн томоохон бүтээлийн хураангуйг тус тусдаа үзүүлэх ёстой ажээ. Их наадмыг нээж Балбын Шаркумбу хамтлаг үзүүлбэрээ толилууллаа.

Их наадмын дундуур Дээрхийн Гэгээнтэн Би-Би-Си телевизэд ярилцлага өгсөн байна.

“Төвөдүүд бидний өөрийн соёл иргэншилд Энэтхэгийн соёл ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд үүнийг санскрит болон пали хэлнээс орчуулсан 300 орчим ном судар гэрчилнэ. Өнөөдөр төвөдүүд бидэнд л Наланда уламжлалын дамжлага бүрэн бүтнээрээ хадгалагдаж байна. Тэрхүү соёлыг хадгалан үлдээх нь төвөдүүд төдийгүй, хятад ахан дүүс болон дэлхийн бусад улсуудын эрх ашигт нийцнэ.”

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ
Театрын Урлагийн Төвөдийн Хүрээлэнгийн дүр зураг. Энэтхэг,
Химачал Прадеш, Дарамсала, 2015.3.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Шашин шүтэх эсэх нь хувь хүний асуудал боловч, Төвөдийн ахуй амьдрал буддын соёлыг нэвт шингээсэн байдаг. Энэ бол энх тайван хийгээд хүч үл хэрэглэхийн соёл бөгөөд өнөөдөр амар амгалангийн соёлыг төлөвшүүлэх нь хэн бүхний эрх ашигт нийцнэ. Бусдын төлөө санаа тавих нь буддын соёлын салшгүй нэг хэсэг мөн. Мөн байгаль, хүрээлэн байгаа орчин, хүмүүн биднээс илүүтэйгээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа амьтад, шувууд, шавьж хорхойд санаа тавих соёл ч үүнд багтана. Бид цагаачилсан цаг мөчөөсөө эхлэн уламжлалт үнэт зүйлсээ орчин үеийн хөгжилтэй хослуулах замаар соёл, зан заншлаа хамгаалахаар хичээн зүтгэж байна. Энэхүү наадам нь дээрх чиглэлээр бидний гаргаж байгаа хүчин зүтгэлийн нэг хэлбэр билээ.”

“Миний тухайд гэвэл би бага балчир байхдаа, ээжтэйгээ хамт байх, хичээлдээ 5 өдөр явахгүй байх боломжийг өгдөг Шотон наадамд онцгойлон дуртай байсан. Өнөөдөр залуу үеийнхэн маань энэхүү урлагийг сонирхож байгааг хараад баяртай байна.”

Энэтхэгийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа,

“Төвөдийн буддист соёлын чухал хэсэг нь шүтэн барилдахуйн тухай Наландагийн үзэл санаа юм. Энэ бол Бурхан Багшийн сургасан, Нагаржунагийн дэлгэрүүлэн тайлбарласан сургааль. Өнөөдрийн урьд урьдаас илүү харилцан хамааралтай болсон дэлхий ертөнцөд энэ үзэл санаа чухал ач холбогдолтой. Энэ үзэл санааны дагуу хүн төрөлхтний нэгэн гэр бүлийн гишүүний хувьд бид нэгдмэл байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа олон асуудал бидний хувиа хичээх үзэл хийгээд түүнээс улбаалан гарах сэтгэлийн сөрөг хандлагатай холбоотойгоор үүсдэг. Хэрвээ бид нийт хүн төрөлхтний харилцан хамаарлыг олж харж чадвал зарим нэгнийгээ дайсан гэж харах үндэс байхгүй болно. Үүний зэрэгцээ харилцан хамаарлын тухай ойлголтыг олон эрдэмтэн сонирхдог болоод байна”

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ
Бурхан Багшийн тухай дуурийн тоглолтын хэсэг. Энэтхэг, Химачал
Прадеш, Дарамсала, 2015.3.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Бидний мэдлэг Энэтхэгээс уламжлагдан ирсэн учраас тэд бидний гүрү багш, бид шавь нь гэдгийг би байнга хэлдэг. Түүний зэрэгцээ бид өвлөн авсан мэдлэг, соёлоо амьд хадгалсаар ирсэн тул итгэл даах найдвартай шавь гэдгээ бид батлан харуулсан.”

“Дуурийн зарим үзүүлбэр нь Бурхан Багшийн Бурхан болохоос өмнөх бодьсатва төрлийн үеийн үйл хэргийн тухай өгүүлдэг Бурхан Багшийн төрөл цадигаас сэдэвлэсэн байдаг. Өгөөмөр сайхан сэтгэлийн тухай үлгэр дууриалыг харахад нүдний нулимс цийлэгнэдэг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн ярилаа.

Төвөдийн янз бүрийн суурингуудад дуурийн хамтлагуудыг үүсгэн байгуулж бэлтгэсэн багш нартай уулзахдаа, дуурийн урлагийн энэ уламжлал нь өөр хаана ч байхгүй урлаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ урлагийг хөгжүүлэх амаргүй хөдөлмөрийг тэрээр үнэлж, тэдэнд баяр хүргэлээ. Төвөдөд тоглогдож байсан дууриас гадна Өрнөдийн орнуудын тоглолттой төстэй шинэлэг бүтээл туурвихыг Дээрхийн Гэгээнтэн санал болгосон байна. Энэтхэгийн өнцөг булан бүрт, цаашлаад гадаадын орнуудад тоглолт хийснээр Төвөд орон хийгээд төвөд хүмүүсийн тухай таниулах болно хэмээн тэр хэллээ.

Шотон дуурийн 20 дахь удаагийн наадам эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Массуриас ирсэн хамтлагийн
гишүүдэд хадаг барьж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дарамсалагийн энэхүү наадамд оролцохоор ирсэн дуурийн жүжигчидтэй үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн хамт зургаа тауулан, тэдэнтэй яриа хөөрөө өрнүүлсэн байна. Түүнийг наадмыг орхин гарах үед Массури мужаас ирсэн хамтлаг Кен Лоб Чосум дуурийн хэсгээс тоглоход, Дээрхийн Гэгээнтэн боломжийг ашиглан Хамба (Шантаракшита), багш (Бадмасамбава), номын хаан (Тисрон Дэцэн) гэсэн гурван гол дүрийн жүжигчдэд цагаан хадаг барилаа.

Үзсэн: 3 199
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц