“Баярлалаа, Энэтхэг орон-2018”

6-04-2018, 16:24  |  Хэвлэх

2018 оны 3 дугаар сар 31

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Зүглаг Хан дуганы эргэн тойрны талбайг маш нарийн чимэглэсэн байлаа. Дуганы дээд хэсгийг улбар шар, цагаан, ногоон буюу Энэтхэгийн гурван өнгөөр унжлага унжуулсан байв. Талбай дүүрэн суусан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг гарч ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс гарч ирсний дараа талбайн төв хэсгээр явах зуур олон нийтийн зүг инээмсэглэж, зарим үед хүмүүстэй гар барьж байв. Тайзан дээр гарч ирмэгц хүндэт зочид болон хуралд оролцож буй хүмүүсийг танилцуулсны дараа тэрээр олон нийтийн зүг инээмсэглэсээр суудалдаа суув.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад хүндэт зочид хамтдаа Зүглаг Хан дуганд хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Төвөдийн төв захиргааны Гадаад харилцааны газрын ерөнхий нарийн бичгийн дарга, “Баярлалаа, Энэтхэг орон” үйл ажиллагааг зохион байгуулах хорооны дарга, Сонам Дагпу үг хэлж хурлыг нээв. Тэрээр 3 дугаар сарын 31-ний өдөр нь 1959 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдөөс дүрвэн гарсан өдөр гэдгийг тэмдэглэн хэллээ. Ирэх жил Энэтхэгт цаачилсны 60 жилийн ой болохыг тохиолдуулан бүтэн жилийн турш үргэлжлэх үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байгааг тэрээр мэдэгдсэн юм. Нэмж тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон хүндэт зочин, Энэтхэгийн Аялал жуулчлал, соёлын яамны сайд Махеш Шарма, Бхаратияа Жаната намын ерөнхий нарийн бичгийн дарга Рам Мадхав болон бусад зочдыг тавтай саатахыг хүсэв.

Төвөдийн соёлын институтын дуучид “Баярлалаа, Энэтхэг орон” дууг сэтгэл хөдлөм сайхан дууллаа.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Ёслолын үйл ажиллагаа эхлэхэд Төвөдийн соёл урлагийн институтын дуучин "Баярлалаа, Энэтхэг орон" дуу дууллаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Кангра мужийн ерөнхий сайд асан, өдгөө парламентийн гишүүн бөгөөд Энэтхэгийн парламент дахь бүх намын Төвөдийн төлөөх форумын дарга Шанта Кумар үг хэлэхдээ энэ өдрийг онцгой өдөр хэмээн тэмдэглэлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Энэтхэгт хүрэлцэн ирэхэд Энэтхэгчүүд гэр бүлийн өөр нэгэн гишүүнээ хүлээн авч буй мэт угтсан гэдгийг мэдэгдэв. Тэрээр Хятадын эрх баригчдын бодол санаа өөрчлөгдөж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүндэтгэлтэйгээр Төвөд нутагт нь эргэн залах болтугай хэмээн ерөөлөө.

Тэрээр “Тэр нэгэн өдөр ирэх цагт Кангра болон Химачал Прадешийн ард түмнийг бүү мартаарай.” хэмээгээд үгээ төгсгөв.

Төвөдийн төлөөх Үндэсний кор группын дарга Р.К Кримей үг хэлэхдээ сижон Лувсан Сэнгэ энэхүү ойг тохиолдуулан энх тайвны жагсаал хийх саналтай байгаагаа дуулгасан гэв. Түүний санаа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам анх хилийн дээс алхан Таваны зүг доош бууж байсан замыг санагдуулж байна гэлээ. Тэрээр цааш нь ярихдаа Дээрхийн Гэгээнтэн анх дүрвэн ирж байх замдаа хэрхэн дээш доош өгсөж, уруудсан тухай, мөн замд таарсан хүмүүс, сонин гайхамшигт, ер бусын модтой таарсан зэрэг ховор нандин түүхийг дурсан ярив.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Энэтхэгийн парламент дахь Төвөдийн төлөөх кор группын дарга Р.К Кирмей үг хэлэв. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь анх 1959 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн хилийн дээс алхан орж ирэхэд угтаж авсан Ассамын долоон цэргийн нэг, эдүгээ амьд сэрүүн буй ганц цэрэг болох Нарен Чандра Дасд баяр хүргэн урьсан юм. Дээрхийн Гэгээнтэн түүнийг дотночилон тэвэрлээ.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сонам Ванчүк Шакспугийн бичсэн “Кушок Бакула ринбочэ ба Орчин үеийн Ладакын уран барилга” номын нээлт хийв.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1959 онд түүнийг Энэтхэгийн хил дээр угтсан амьд сэрүүн буй ганц цэрэг болох Нарен Чандра Дастай дотночилон уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Мадяа Прадешийг төлөөлж улс төрч, Ражяа Сабхагийн гишүүн Сатяаврат Чатурведи хэлэхдээ энэхүү үйл ажиллагаа нь найз нөхдийг өөрсдийн сэтгэлийн үгээ хэлэх сайхан боломж бүрдүүлж байна гэв. Тэрээр Наландагийн уламжлал Төвөдөд дэлгэрснээр хоёр оронд гүн бөгөөд өнө удаан нөхөрлөл бий болсон гэлээ. Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон түүнийг дагаж ирсэн Төвөд иргэдийг цагаачид бус зочид хэмээн үздэг болохоо мэдэгдэв.

“Та нарыг бидэнтэй хамт байгаад бид баяртай байдаг. Мөн бид та бүхнийг гэртээ эргэн харина гэдэгт ч итгэлтэй байна. Та бүхэн гэртээ харьсаны дараа бидэнд ахин дахин зочилно гэдэгт ч итгэл дүүрэн байна.”

Төвөдийн соёл урлагийн институтийн дан эмэгтэй жүжигчид Энэтхэгийн уламжлалт, сонгодог Бхаратаняам бүжгийг сэтгэл хөдөлгөм бүжлээ.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Төвөдийн соёл урлагийн жүжигчид Энэтхэгийн уламжлалт сонгодог бүжиг бүжиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Үүний дараа цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга Сонам Темпел үг хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1959 онд Энэтхэгийн хил дээр ирмэгцээ Энэтхэгийн ерөнхий сайд Неругээс тавтай морилохыг хүссэн зурвас хүлээн авсан тухай дурдав. Төд удалгүй Дээрхийн Гэгээнтэн Миссуурид цагаачлал дахь Төвөдийн засгийг эмхэлэн байгуулсан байна. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн 1960 оны эхээр ардчилалыг эхлүүлж Төвөдийн анхны парламентийг байгуулсан ба 1963 онд Төвөдийн шинэ үндсэн хуулийн эхний хувилбарыг гаргажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мөн Энэтхэгийн олон газарт цагаач Төвөдийн суурин, түүндээ Төвөд сургууль байгуулжээ. Түүний хүсэл тэмүүлэл бүхэн Энэтхэгийн засгийн газар, Энэтхэгийн ард түмний дэмжлэгээр бүрэн дүүрэн хэрэгжсэн болохыг Сонам Темпел онцлон мэдэгдэв. Тэрээр үгийнхээ төгсгөлд “Төвөдийн ард түмний төлөө хийсэн бүхэнд тань талархая, Энэтхэг орон” хэмээлээ.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга Сонам Темпел үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Төвөдийн дуучин Пассан Долма өөрийн зохиосон “Ае хинд түжко салам” дуугаа дуулж цугласан олны сэтгэлийг хөдөлгөлөө.

Хүндэт зочин Рам Мадхав Энэтхэг орон үргэлж сайхан сэтгэлийн үүднээс гар сунгаж байсан тухай таатай сайхан үг хэлэв. Энэтхэг оронд еврей болон перс харилцан эв найртай байж ирсэнтэй адил Төвөдүүд ч бидэндтэй хамт нэгдэн өөрсдийн соёл уламжлалаа хадгалан авч явах боломжтой гэдгийг мэдэгдлээ. Ямартаа ч Төвөд дэх 6 сая төвөдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг эх нутагтаа эргэн ирнэ хэмээн хүлээж байна гэлээ. Наланда болон Викрамашилагийн их сургуулиас дэлгэрсэн мэдлэг боловсролын их уламжлал хоёр оронд соёлын хүчтэй холбоог бий болгосон гэв.

“Тэр цаг үед Төвөдүүд эртний Энэтхэгийн ном сургаалыг өөрийн хэлээр хадгалан авч чадсан юм. Өдгөө та бүхэн түүнийгээ Энэтхэг оронд буцаан дэлгэрүүлж, бидний буддын соёлыг сэргээн сануулж байгаад баяртай байна. Бид Энэтхэг орныг Бурхан Багшийн, Махатма Гандигийн, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын орон гэж үздэг. Гэвч өөрийн эх нутгаа эргэн харах та бүхний туйлын хүслийг хүндэтгэж байна.”

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Хүндэт зочин Рам Мадхав "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолын ажиллагаанд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Төвөдийн соёл урлагийн институт орон нутгийн Гадди уламжлалын бүжиг бүжсэний дараа сижон Лувсан Сэнгэ төвөд, англи хэлээр үг хэллээ. Энэ удаагийн үйл ажиллагаа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийслэл Лхас хотыг орхин гарсаны 60 жилийн ойн эхлэл болж байна гэв. Мөн энэ нь олон төвөд хүний амь насыг авч одсон Төвөд дэх Хятадын коммунист засгийн хууль бус эзэрхийлэл эхэлсний 60 жилийн ой болж байна гэлээ. Энэ нь эцэстээ олон төвөд иргэд өөрсдийгөө шатаахад хүргэсэн гэв. Мөн Төвөдийн унаган байгалын баялагийг бөөнөөр олборлох ажил эхэлсний 60 жилийн ой болж байна гэв.

Мөн тэрээр сэтгүүлчид Төвөдөд ажиллах нь Хойд Солонгост ажиллахаас ч хүнд байгааг тэмдэглэн хэлэв. Олон хүн Сирид хүний эрх зөрчигдөж байгааг мэдэж байхад Төвөдөд нөхцөл байдал адил байгааг тун цөөхөн хүн мэдэж байна гэв.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Сижон Лувсан Сэнгэ "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Мөн энд төвөдүүдийг өөдрөг байхыг хүссэн 60 жилийн ой тохиож байна гэлээ. Тэрээр “Төвөдүүдийн амжилт нь Энэтхэгийн ч амжилт мөн бөгөөд өнөөдөр бид Энэтхэг оронд баярлалаа гэж хэлэхээр хуран цуглаад байна.” хэмээгээд яриагаа өндөрлөв.

Хүндэт зочин Махеш Шарма үг хэлэхдээ Энэтхэг, Төвөдийн эртний уялдаа холбоог санах аваас та бүхэн “баярлалаа” гэх шаардлага үгүй хэмээв. “Та бүхэн бидний зочин, бид та нарыг тавтай саатахыг хүсч байна. Та нар өөрсдийн соёл уламжлалаа хадгалан авч яваад бид талархаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Баярлалаа, Энэтхэг орон” ойн баярын дурсгалын зүйлийг зарим хүндэт зочдод гардуулсны дараа сижон Лувсан Сэнгэ бусад хүндэт зочдод мөн адил дурсгалын зүйл гардуулав.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн соёлын яамны сайд Махеш Шармад "Баярлалаа, Энэтхэг орон" ойн дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд хандан үг хэлэх ээлж тохиов.

“Та бүхэнтэй ердийн адил ахан дүүс минь гэж мэндлэе! Бид үргэлж бусдын сайн сайхны төлөө залбирдаг. Үүнийхээ утгыг бүрэн дүүрэн ойлгохын тулд эхлээд бид бүгд хүн гэдгээрээ адилхан гэдгийг ухаарах хэрэгтэй болно.”

“Төвөдөд үүссэн маш хүнд нөхцлөөс би дүрвэн гарсан бөгөөд тухайн цаг үе жаргал, зовлон холилдсон хэцүү үе байлаа. Энэтхэгт ирсэн хойноо биднийг яг юу дайраад өнгөрсөн талаар ойлгож ч чадахгүй байсан юм. Өнөөдөр, ойролцоогоор 60-аад жилийн дараа ирээдүй ямар байх талаар бидэнд тодорхой санаа байна. Нөгөөтэйгүүр миний өмнө үг хэлсэн хүмүүс Энэтхэг хийгээд Төвөдүүд онцгой холбоотой байсныг дурдлаа. Бид Энэтхэгчүүдийг багш хэмээн хүндэтгэж өөрсдийгөө тэдний шавь гэж тодорхойлдог. Бид Энэтхэг орныг хүндэтгэж, Хутагтын орон гэдгээр нь бишрэн дээдэлдэг билээ. Бидэнд асар хүчтэй холбоос бий.”

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Төвөд дэх бидний соёл Наландагийн их багш нар, ялангуяа Шантаракшита багшийн зааж өвлүүлсэн мэдлэг дээр суурилдаг байлаа. Түүий заавар зөвлөгөөг даган төвөдүүд бид Бурхан Багшийн сургаал зарлигийг төвөд хэлэнд орчуулснаар Ганжуурын 100 боть, тэдгээрийн тайлбар болох Энэтхэгийн их багш нарын зохиол бүтээлийг орчуулснаар Данжуурын 200 гаруй боть номыг өвлөн авсан юм.”

“Учир шалтгаан хийгээд логик зарчим дээр үндэслэдэг их тав, бага таван ухааныг маш чухал гэж би үздэг. Бид шууд мухар сүжигт автахын оронд эргэлзэж үзэх хэрэгтэй. Бурхан Багш ч өөрийн шавь нартаа миний сургаалыг шууд хүлээн авах бус алтны дархан алтыг шинжих мэт нарийн сайн судлах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Наландагийн их мастерууд түүний зөвлөгөөг дагаж үнэнийг олж мэдэхийн тулд учир шалтгаан хийгээд логик зарчим дээр суурилан түүний сургаалыг судалсан байна.”

“Өнөөгийн шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй хэмээн нотолжээ. Гэтэл бид яагаад өөрөө өөртөө асар их асуудал үүсгээд байна вэ? Хэзээ нэгэн цагт бид оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг талаар тодорхой ойлголттой болж чадвал аль нь бидний оюун ухааныг үймүүлж, аль нь бидний сэтгэлийг тайвшруулдагийг ухаарах бөгөөд хэрхэн аз жаргалтай амьдрах арга замыг ч олж харж чадах юм. Тийм учраас Энэтхэгийн их багш нарын өвлүүлэн үлдээсэн сургаал номлол эдүгээ чухал үүрэгтэй болоод байна. Эртний Энэтхэгийн мэдлэг боловсролын ихэнх нь эдүгээ орхигдоод байна. Ямартаа ч дээр дурдсан олон ном зохиолоос гарсан энэхүү мэдлэгт бид академик түвшинд суралцах боломжтой. Бид хадгалж ирсэн мэдлэг боловсролоо Энэтхэг оронд сэргээн дэлгэрүүлэхэд дуртай байх болно.”

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Хүний уураг тархийг бүрэн дүүрэн ашиглах тал дээр эртний Энэтхэгийн учир шалтгаан, философи, сэтгэл судлалын ухаан нь үнэлж баршгүй билээ. Бид өөрт тохиолдсон бэрхшээлийг ашигтай хэлбэрт урвуулах чадварыг бусдад өгөхийг хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр гэж үзэж байна. Бид ойролцоогоор 60 жил цагаачлан амьдрахдаа цаг хугацааг үргүй өнгөрүүлээгүй бөгөөд Төвөдөд буй ахан дүүс нар маань ч сэтгэл зүрхээрээ зоригтой байж чадсан юм.”

“Манай Төвөд орон тусгаар тогтносон, хүчтэй улс байхад нэгдмэл байдал биднийг нэгтгэдэг байлаа. Өнөөдөр ч ялгаа үгүй бид тийм л замаар өөрсдийн хэл соёл, шашин уламжлалаа хадгалан авахын төлөө хичээх хэрэгтэй. Бид өөрсдийн алдаагаа арилгаж, цаашид хэрхэн хөгжих талаар суралцах ёстой.”

“Өнөөдөр үг хэлсэн бүх хүнд талархал илэрхийлье.”

Дараа нь Төвөдийн соёл урлагийн институтийн Төвөдийн гурван муж улсын нэгдмэл байдлыг бэлэгдсэн дуу, бүжгийн хөтөлбөр явсны дараа Мэдээлэл харилцааны газрын нарийн бичиг Дардон Шарлин талархалын үг хэлэв.

“Баярлалаа, Энэтхэг орон-2018”
Төвөдийн соёл урлагийн институтын жүжигчидийн хөтөлбөрөөр энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөв. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бүх зочид хамтдаа Энэтхэгийн уламжлалт тали хоолоор үдийн зоог барьлаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн зарим хүндэт зочид болон найз нөхөд, сүсэгтэнтэй уулзаж, ярилцан алгуур явсаар өргөөндөө морилов.
Үзсэн: 1 151
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц