Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр

3-07-2018, 08:58  |  Хэвлэх

2018 оны 6 дугаар сар 17

Латви, Рига – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг зочид буудлаас Сконто ордны зүг хөдлөхийн өмнө ойролцоогоор 200 гаруй сүсэгтнүүд зочид буудлын үүдний танхимд түүнийг хүлээж байлаа. Тэдний олонх нь гартаа ойр дотны хүмүүсийн зургийг барьж, мөн бусад адислуулах зүйлсийг барьсан байв. Хамгаалалтын алба энэ үеэр нэлээдгүй өндөр ачаалалтай ажилласан юм.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордны зүг хөдлөхийн өмнө сүсэгтнүүдтэй уулзаж байгаа нь. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа заларсны дараа Бурхан Багш бидэнд оюун санаагаа хэрхэн удирдах тухай заасан хэмээгээд энэ өдрийн номын айлдвараа эхэллээ.

“Өөрийн сэтгэлийг номхон дөлгөөн болгохын тулд юуны түрүүнд аливаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь сайн судлах нь чухал байдаг. Биднийг зовлонд унагадаг сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулах чадвартай болох хэрэгтэй. Үүний тулд сахилга батгүй, догшин буруу сэтгэлийн хор уршигийг сайн таних хэрэгтэй. Хэрэв та өөрийн сэтгэлээ номхон дөлгөөн болгож чадвал илүү аз жаргалтай болно. Иймийн тул Бурхан Багш догшин буруу сэтгэлийг номхоруулж, сэтгэл санаагаа удирдаж чадах арга замыг номлосон нь түүний сургаалын гол охь шим нь болсон юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь номлохдоо дан ганц ерөөл залбирал нь бидний дотоод сэтгэлийн амар амгаланг авчирахад хангалттай биш гэлээ. Тэрээр оюун ухаан хэрхэн ажилдаг талаар болон сэтгэл санааны зовлон шаналалыг арилгах арга замыг сайн судалж мэдэх хэрэгтэй хэмээн айлдав.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь өдрийн номын айлдварын үеэр. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин Чойжор
Тэрээр цугласан олонд хандан “Бодьсадвын явдалд орохуй” номыг уншиж судлахыг зөвлөв. Ингэхдээ тэсвэр тэвчээрийн тухай номлосон 6-р бүлэг, бодь сэтгэлийг хөгжүүлэхийн тулд өөрийгөө бусдаар солих увидсыг номлосон 8-р бүлэг, саруул оюун ухааныг хөгжүүлэх арга замыг заасан 9-р бүлгийг онцгойлон үзэх хэрэгтэй гэлээ.

“Бурханы шашинтан бус хүн ч “Бодьсадвын явдалд орохуй” номын 6, 8-р бүлгийг уншиж судлах боломжтой. Учир нь энэ бүлгүүдэд гарч буй сургаал хүн бүхэнд хэрэгтэй. Жишээлбэл тэсвэр тэвчээр бид бүхэнд хэрэгтэй. Гэгээрэл, хойд нас гэхээсээ илүү өнөөдрийн уур хилэнгээ хэрхэн тэвчих тухай ярих нь чухал байна. Тэсвэр тэвчээр болон энэрэн нигүүлсэхүйн тухай сургаал бусад шашны номлолд ч байдаг.”

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр
Хоёр дахь номын айлдварын өдөр. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Очироор огтлохуй” судрыг үргэлжлүүлэн уншиж төгсгөөд:

“Бурханы шашны уламжлалгүй нутаг орны хүмүүст бурханы шашны тухай номлоход надад хэцүү байдаг. Харин энд ихэнх нь эцэг өвгөдөөсөө бурханы шашныг уламжлан авсан хүмүүс байх тул энэ тухай тайлбарлан номлоход надад амар байна.” гэлээ.

Номын айлдварын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тусгай хүндэт зочидтой хамт үдийн зоог барьсан бөгөөд дараа нь Швейд, Латви улсыг хариуцсан Энэтхэг улсын элчин сайдтай уулзлаа.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр
Техникийн ажилчид номын айлдварын үеэр өндөр ачаалалтай ажиллаа. Латви, Рига. 2018.07.15. Фото зургийг Тэнзин Чойжор
Тэрээр зочид буудлын зүг хөдлөхийн өмнө Европын олон орноос хүрэлцэн ирж энэ удаагийн номын айлдварт хамрагдаж буй 75 төвөд иргэдтэй уулзлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан буддизмд сайн суралцах хэрэгтэй гэж зөвлөсөн бөгөөд ялангуяа төвөдүүд бурханы шашинд хэрхэн, ямар нөлөөтэй байсан тухай сайн мэдэх хэрэгтэй гэж захилаа.

Мөн тэрээр өөрийн Дундаж Хандлага үзлийн талаар тайлбарласан юм. Төвөдүүд бид тусгаар тогтнолыг хүсэхгүй, харилцан ашигтай хувилбарын үүднээс бид БНХАУ-ын бүрэлдэхүүнд байж болох тухай тайлбарлав.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр
Европын олон улс орноос хүрэлцэн ирсэн Төвөд иргэдтэй уулзаж байгаа нь. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин Чойжор
Эцэст нь тэрээр төвөдүүд бид өөрсдийн соёл уламжлалдаа сэтгэлээ хангалуун байх хэрэгтэй гэв. Тэрээр тэнд цугласан төвөд залуучуудад хандан хэзээ нэгэн цагт Төвөдөд эргэн очино гэсэн итгэл найдвараа алдахгүй байхыг захилаа. Үүний зэрэгцээ ирээдүйд өөрийн эх нутгаа хөгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн талаар сайн суралцах хэрэгтэй гэв.
Үзсэн: 915
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц