Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгт үг хэлэн, Хятадын оюутнуудтай уулзлаа

10-11-2014, 04:14  |  Хэвлэх

2014 оны 11 дүгээр сарын 8

АНУ, Нью Йорк, 2014 оны 11 дүгээр сарын 5- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-д хийж буй айлчлалынхаа сүүлчийн арга хэмжээнд оролцохоор Жавиц Хурлын Төв рүү явах үед сааралтан нүүгэлтсэн тэнгэрийн нөлөөгөөр Нью Йоркийн гудамжнууд дүнсгэр харагдаж байлаа. Потала ордны зургийн өмнө зассан сэнтийд Дээрхийн Гэгээнтэн суудлаа эзлэх үед гял цал чимэг бүхий танхимд цугласан 5000 орчим төвөд хүний нүүрэнд баярын мишээл тодорч байв. Төвөдийн Үндэсний сүлд дуу эгшиглэх үед бүх хүн босч зогссон бөгөөд дараа нь Нью Йорк болон Нью Жерсигийн Төвөдийн Холбооны (НЙНЖТХ) ерөнхийлөгч Дээрхийн Гэгээнтэнд тайлан илтгэл тавьсан байна. Тэрээр уг холбоо 1979 онд байгуулагдсан бөгөөд бүх шашныг хүндэтгэдэг иргэний байгууллага болохыг тайлбарлан хэллээ. Холбооны зорилго нь нийт төвөд хүмүүсийн нэгтгэх, тэдний соёлын амьдралд оролцох суурийг бий болгох явдал ажээ. Мөн төвөд хүүхдүүдэд төвөд эх хэлээ сурах боломжийг нь бүрдүүлж өгөхөд анхаарлаа хандуулдаг байна. Тэдний сургалтын зардлыг холбоо даадаг ажээ. Сайн дурын хандив, өглөг өгөх замаар холбооны гишүүд Төвөдийн Төв захиргаанд жил бүр 200,000$ хандивладаг байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгт үг хэлэн, Хятадын оюутнуудтай уулзлаа
Нью Йорк болон Нью Жерсигийн Төвөдийн Холбооны ерөнхийлөгч
Сонам Жамц Төвөдийн нийгэмлэгийн нэрийн өмнөөс Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламд уламжлалт цагаан хадаг барьж байгаа нь.
АНУ, Нью Йорк, 2014.11.5. Гэрэл зургийг Сонам Зогсан
Холбооны гишүүд Дээрхийн Гэгээнтнийг Төвөдийн төдийгүй, дэлхий дахины удирдагч хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүний зөвөлгөөг даган биелүүлэхээ амлахын хамт урт удаан наслахыг хүслээ.

“Эрхэм төвөд ахан дүүс минь! Та бүхэнтэй уулзах энэ завшаан тохиох үед би эргээд Төвөддөө очсон мэт, эсвэл Өмнөд Энэтхэгийн томоохон сууринд байгаа мэт сэтгэгдэл хоромхон зуур надад төрлөө. Та нар бүгдээрээ Төвөд хүний өвөрмөц шинж, үзэл санааг хадгалах талаар нөр хичээн зүтгэсээр ирсэнд тань талархлаа илэрхийлье. Энд шинэ газар та бүхэн маш олон хүүхэдтэй болжээ! Тэднийг төвөд хүн болгон хүмүүжүүлэх талаар хичээгээрэй. Тэд аврал одуулах залбирлыг сурч болох ч, энэ хангалттай бус. Тотийг хүртэл давтан хэлж сургаж болдог шүү дээ. Норовлин ордонд толгойгоо тааламжтай гэгч нь дохингоо маань хэлдэг нэгэн тоть байж билээ. Дээдийн ном юуны тухай болохыг хүүхдүүд судалж мэдэх хэрэгтэй. 21 дүгээр зууны буддистууд суралцах шаардлагатай. Мөргөх, маань унших, гороо хийх нь сайн ч, эдгээр нь гол зан үйл биш юм. Сэтгэлийг хэрхэн сайжруулах талаар та бүхэн мэдэх шаардлагатай” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Наландагаас эхтэй Төвөдийн буддизм гайхалтай болох талаар тэрээр үргэлжлүүлэн ярив. Энэ бол өрсөлдөөн хийгээд зөрчилдөөнаас болж таран бутарсан өнөөгийн дэлхийд хувь нэмрээ оруулж чадах энх тайвны соёл мөн. Өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаархи мэдлэгийг сонирхдог болсон тухай мөн айлдлаа. Сэтгэлийн амар амгалан бол чухал зүйл бөгөөд маань унших төдийхнөөр түүнийг хадгалах боломжгүй.

Ганжуур Данжуурыг шинжлэх ухаан, гүн ухаан ба шашны чиглэлээр дахин ангилах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Хутагтын Дөрвөн Үнэн нь гагцхүү буддистын сонирхлыг татах бол Сэтгэл төдийтөн, Төв үзлийн онол болон квантын физикийн хандлагад байдаг нийтлэг зүйл нь олон хүний сонирхлыг татах сэдэв хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ. Дээрх эх сурвалжаас түүвэрлэсэн шинжлэх ухааны хоёр ботийг саяхан төвөд хэлнээ хэвлэн гаргасан бөгөөд удахгүй англи, хятад, болон бусад хэл дээр орчуулах боломжтой болох ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгт үг хэлэн, Хятадын оюутнуудтай уулзлаа
Жавиц төвд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 5000 гаруй
хүн сонслоо. АНУ, Нью Йорк, 2014.11.5. Гэрэл зургийг Жереми Рассел
Төвөдөд буддизм дэлгэрснээс хойш нигүүлсэхүй үзэл нь Төвөдийн нийгмийн үнэ цэнэт зүйл болсон. Төвөдүүд өөрийн гэсэн ярианы ба бичгийн хэлтэй бөгөөд энэ хэл бол буддист зам мөрийг, түүний дотор тарнийн ёс, учир шалтгааны ухаан хийгээд танин мэдэхүйн онолыг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой хэл билээ. Сүм хийдүүд урьд нь үйл ажиллагаагаа зөвхөн хурал ном хурахаар хязгаарладаг байсан бол сүүлийн үед буддын сонгодог ном судрыг судлах ажилд анхаарч байгааг Дээрхийн Гэгээнтэн сайшаан магтлаа. Орчин үед эмэгтэй лам нар сайн суралцаж, гэвш-маа цол авахад дөхөж ирсэн байна. Бурханы шашныг сонирхож байгаа хувь хүн ч сурч судлах шаардлагатай. Ладакт хар хүмүүс энэ чиглэлээр мэтгэлцээний бүлэг байгуулсан бөгөөд Төвөдөд ч тийм хүмүүс байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн сонссон ажээ. Заавал лам хүн оролцох албагүй. Энэ бол Төвөдийн шашин, соёлыг хадгалан үлдэх нэг арга зам мөн.

“Би үндэснийхээ уламжлалт боловсролыг эзэмшсэн хүн бөгөөд хэнтэй ч уулзсан, хаа ч явсан би үүгээрээ бахархаж, өөртөө итгэлтэй байдаг. Би дэлхийн томоохон бүх шашныг хүндэтгэдэг боловч, шашны агуу их сэтгэгчдийн дотроос гагцхүү Бурхан Багш л өөрийн хэлсэн заасныг нягтлан шинжлэхийг өөрийн шавь нартаа зөвлөсөн гэдгийг мэднэ.”

Ярианыхаа сэдвийг өөрчлөн, Төвөдөд юу болж байгаа талаар тэрээр,

“Төвөдөд байгаа 6 сая төвөд хүн бидний жинхэнэ багш нар мөн. Төвөдөд явуулж байгаа Хятадын албаныхны хатуу бодлогын уршгаар тэд маш хүнд бэрх үеийг туулж байна. Тийм хэдий ч төвөд хүмүүс үзэл санаандаа үнэнч байж, сэтгэлээр унаагүй. Хятадууд өөрийн соёлоороо бахархаж, түүндээ үнэнч байдаг бол төвөдүүд бид ч мөн адил. Төвөдийн гурван мужийн ард түмэн нэгэн үндэстэн гэдгээ хатуу ойлгодог бөгөөд гадаадад байгаа бид тэднийг дэмжих ёстой” хэмээн өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгт үг хэлэн, Хятадын оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жавиц төвд Төвөдийн олон
нийтэд хандан үг хэлж байгаа нь. АНУ, Нью Йорк, 2014.11.5.
Гэрэл зургийг Сонам Зогсан
“Боломжтой газар бүртээ би хятад хүмүүстэй уулздаг. Олон жилийн өмнө Хятад-Төвөдийн найрамдлын бүлэг байгуулахыг би дэмжсэн бөгөөд тэдгээр бүлгүүд үр бүтээлтэй ажиллаж байна. Өнөөдөр 400 сая хятад хүн өөрийгөө буддист хэмээн үздэгээс олонх нь Төвөдийн буддизмыг сонирхож байна. Зарим нэг нь Төвөдийн байгаль орчин болон экологийг хамгаалах асуудалд санаа тавьж байна. Энгийн хятад иргэдтэй харилцах харилцаа сайжирч байна. Төвөдийн асуудал нь буу зэвсгийн эсрэг үнэний тэмцэл болж байна. Ойрын хугацаанд буу зэвсэг үр дүнтэй мэт харагдаж болох ч, эцсийн дүндээ үнэн ялна.”

“Намайг залуу Лхаст байх үед манай үйлчлэгчид намайг мэдээ мэдээллээр хангадаг байсан. Хэт их эрх мэдэл хэтэрхий цөөн гарт төвлөрөхийн дутагдлыг би олж мэдсэн. Танилаас бүх зүйл хамаарч байсан. Би байдлыг өөрчлөхийг хүссэн боловч, миний хүчин чармайлт талаар болсон. Бид ардчиллыг 1960 онд эхлүүлж, шинэ удирдлага 2011 онд сонгогдох үед би албан тушаалаа өгсөн. Үүнд хугацаа шаардагдсан боловч эцсийн эцэст удирдлагыг сонгодог болох тэр өндөрлөгт бид хүрч чадсан.”

Винайн ёс буюу сүм хийдийн сахилга бат нь мөн адил ардчиллын үндсэн дээр хэрэгжих ёстойг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Үүний нэг жишээ нь эмэгтэйчүүдийн сахил хүртэх асуудал бөгөөд үүнийг бүрэн дэмжиж буйгаа тэр илэрхийлэв. Маш олон хүн, ялангуяа Өрнөдийн хүмүүс энэ асуудлаар захирамж гаргахыг түүнээс хүсдэг бөгөөд үүнийг хийгээгүйгээрээ саад болж байна гэж үзэх хүн ч байдаг ажээ. Үнэн хэрэгтээ винайн ёсыг өөрчлөхөд дор хаяж мэргэжлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй багийн шийдвэр хүчинтэй байдаг байна.

Дээрхийн Гэгээнтэн Шүгдэнгийн асуудлыг тайлбарлахад нилээд хугацааг зориулав.

“Намайг Дромод очиход Найчун болон Гадон надтай хамт яваагүй бөгөөд хэдийгээр бичиг үсэггүй ч, зөн билгээрээ нэрд гарсан нэгэн амьдардаг байсан. Эндээс миний Шүгдэнтэй холбогдох явдал эхэлсэн. Би бас Пабонха уламжлалыг дагагч учраас 1950-70 онуудад Шүгдэнг шүтдэг байлаа. 60-аад оны үед хэрмэл сахиусыг шүтэх нь онцгүй хэмээн Найчун сахиус надад сануулсан юм. Би түүнд дуугай явахыг сануулснаар тэр ахиж дуугараагүй бөгөөд би ч үргэлжлүүлэн шүтсээр байсан.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгт үг хэлэн, Хятадын оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа төвөд
эмэгтэй. АНУ, Нью Йорк, 2014.11.5. Гэрэл зургийг Сонам Зогсан
“Дараа нь “Шар ном” гарсан бөгөөд түүнд гэлүгбагийн сүсэгтэн өөр урсгалыг шүтэх аваас Шүгдэнгийн хорлол ирнэ хэмээн бичсэн байсан. Би энэ талаар Найчунтай зөвлөлдөхөд тэр надад урт түүх ярьж өгсөн юм. Эцэст нь би Балдан Лхамд тусгай өргөл өргөн мэргэ буулгасан бөгөөд үүнд Намжил хийдийн хамба лам оролцсон билээ. Тэр юун тухай мэргэ болохыг мэдээгүй бөгөөд түүнд тэр талаар хэлэх үед тэрээр энэ бол маш хүчтэй зан үйл хэмээн хэлсэн. Энэ шүтлэгийг би болих ёстой эсэх, болих болбол одоо шууд, эсвэл аажмаар уу гэсэн асуултыг би тавьсан. Тэгээд би шууд больсон юм. Шүгдэнтэй холбогдсон миний байдалд урьд нь дурамжхан байдаг байсан Лин ринбучид өөрийн шийдвэрийг хэлэхэд тэр баяртай байсан. Мөн энэ талаар Трижан ринбучид хэлэхэд, тэрээр Балдан Лхамын өмнө хийсэн мэргэ алдаа мадаггүй хэмээн надад хэлсэн юм. Тэр энэ талаар огт эргэлзээгүй бөгөөд Найчун сахуист найдаж болно хэмээн мөн хэлсэн. Ийм шийдвэр гарсанд ямар нэг шалтгаан байгаа байх хэмээн түүнийг хэлэхэд, таагүй сэтгэгдэл түүнд төрсөн шинж харагдаагүй.”

“Шүгдэнгийн талын жагсагчид шашны эрх чөлөөний тухай ярьдаг ч, харин ч би тэрийг шүтэж байхад миний шашин шүтэх эрх чөлөө боогдож байсан. Би Куну Лама ринбучигаас “Гүхяагарба”-ын увидас авахыг хүсч байсан боловч Куну Лама ринбучи Шүгдэнд болгоомжтой ханддаг байсан учраас энэ бодлоо орхихыг Лин ринбучи надад зөвлөсөн билээ. Шүгдэнгээс хагацсаныхаа дараа л би жинхэнэ эрх чөлөөтэй болж, Дилго Чинзэ ринбучигаас олон номын сургаал увидас хүртэх боломжтой болсон юм.”

“Шүгдэн бол ертөнцийн сахиус. Зарим хүмүүс Шүгдэнг Манзушир Бурханы хувилгаан хэмээн баталдаг ч, Найчун сахуисыг бид дээд тэнгэрийн бурхан хэмээн бас хэлж чадна. Шүгдэнтэй холбогдсоноор Лам гурван эрдэнэд одуулах авралаа зөрчих эрсдэл хийж байгааг Пабонха ринбучид 13 дугаар Далай Лам сануулж байсныг ринбучи өөрийн намтартаа бичсэн байдаг. Шүгдэн бол тангараг буруудсанаас бий болсон чөтгөр бөгөөд түний үйл нь бусдад хор хүргэх явдал хэмээн 5 дугаар Далай Лам хэлсэн. Дричан Агваан Чогдэн зэрэг гэлүгбагийн олон том багш нар Шүгдэнг эсэргүүцдэг байсан. Эдгээр жагсагчид мэдэхгүйн гайгаар алдаж байгаа учраас би тэдэнд уур тээдэггүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгт үг хэлэн, Хятадын оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа хүүхдүүд.
АНУ, Нью Йорк, 2014.11.5. Гэрэл зургийг Сонам Зогсан
“Tэд, ‘Худал бүү хэл, худал бүү хэл’ гэж хашгирцгаадаг, харин та бүхэн намайг дэмжиж байгаад талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ бол хор хөнөөлтэй зүйл, гэхдээ миний үгийг сонсох эсэх нь хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Ямар ч тохиолдолд миний үүрэг бол хүмүүст анхааруулах, нөхцөл байдлыг тодорхой тайлбарлах явдал билээ. Намайг сонсох ёстой гэж би хэнд ч, хэзээ ч хэлж байгаагүй.”

Сургуулиудад иргэний ёс зүйг заах талаар Ванкувер болон Бритиш Коламбиад хийж байгаа ажлын талаар Дээрхийн Гэгээнтэн мөн ярилаа. Тэрээр Бурхан Багш, Жанрайсиг, Манзушир, Очирваань, Дарь эх, Хаянхирва, Важракилая болон Манал бурханы тарнийн лүнг өгснөөр арга хэмжээ өндөрлөлөө. Тэр Энэтхэгээс гараад 20 хоног өнгөрсөн ч, түүний биеийн байдал сайн байгаа хэмээн хэллээ.

“Аз жаргалыг хүсье, Таши Дэлэг” хэмээн тэр хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн зочид буудалд үдийн зоог барьсныхаа дараа, нисэх буудал явахын өмнө Нью Йорк болон ойролцоох газруудад сурч байга хятад оюутнуудыг хүлээн авч уулзлаа. “Ахан дүүс ээ” хэмээн тэдэнтэй мэндчилээд, Төвөд болон Хятадын түүхэн урт харилцаа нь ихэнхдээ сайн хөршийн харилцаа байсан ч, зарим үед хүнд хэцүү байсныг Дээрхийн Гэгээнтэн дурдан ярив.

“Бидний дунд үүсч байгаа асуудлын нэг нь мунхгийн харанхуйгаас үүдэлтэй. Хэтэрхий урт хугацааны турш, хэтэрхий олон хүн төвөдүүдийг хоцрогдсон, бүдүүлэг хэмээн бодсоор ирсэн. Харин өнөөдөр олон хятад хүн Төвөдөд бишрэн хүндэтгэхээр зүйлс байгааг олж харах боломжтой болж байна. Оюун санааны хувьд хятад ба төвөд хүмүүс ойр дотно байдаг. Өнөөдөр Хятадад 400 сая хүн өөрсдийгөө буддист хэмээн үзэж, тэдний олонхи нь Төвөдийн буддизмыг сонирхож байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгт үг хэлэн, Хятадын оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятадын оюутнуудтай уулзав.
АНУ, Нью Йорк, 2014.11.5. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Тэрээр оюутнуудын асуултад хариулахдаа, сүүлийн 50 жилийн хугацаан дахь Хятад Төвөдийн харилцааг, шийдлийн нааштай уур амьсгал хэрхэн буй болж, тэр нь хэрхэн замхардаг байсан үйл явцыг тоймлон ярилаа. Тэрээр шинэчлэлийг Төвөдөд хийхээр оролдсон ч, олон төрлийн саад бэрхшээлтэй учирсан бөгөөд хожим нь тэрхүү шинэчлэлийг бусад хүмүүс хүч хэрэглэн хэрэгжүүлсэн хэмээн тэмдэглэн хэллээ.

Төвөдүүд материаллаг хөгжлийг мөн хүсч байгаа учраас БНХАУ-ын нэг хэсэг байснаараа үлдэх нь тэдний ашиг сонирхолд нийцэж байгааг тэр нэмж хэлэв. Тэрээр Европын Холбоонд сайн дурын үндсэн дээр элсэх Европын орнуудын арга замыг, нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж байгааг биширч буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Энэтхэгт олон төрлийн соёл цэцэглэн хөгжиж байгаа ч, тус улсын нэгдмэл байдал алдагдах эрсдэл байхгүй байгаад тэр анхаарал хандууллаа. Тэрээр мөн Утай ууланд мөргөл хийх хүсэлтэй буйгаа хэлсэн байна.

Зочид буулаас гаран JFK нисэх буудлыг зорьсон тэрээр Франкфуртаар дамжин Энэтхэг орох болно.
Үзсэн: 3 290
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц