Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делид Төвөд оюутнуудад яриа хийлээ

31-01-2015, 18:38  |  Хэвлэх

2015 оны 1 дүгээр сарын 26

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 1 дүгээр сарын 25 - Өнөө өглөө 9 цагт Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дели хотын Рохини дүүрэгт байрлах Төвөдийн Залуучуудын нийтийн байранд оюутан, багш, ажилчдаас бүрдсэн 300 хүний өмнө товч үг хэллээ. Байрны захирал, хатагтай Цэрэн Дулмаа Дээрхийн Гэгээнтэнд цагаан хадаг барьсныхаа дараа түүнийг танилцуулав. “Намайг сонсохоор ирсэн хүмүүс болон бид бүгд ижилхэн хүмүүний төрөлтөн гэдгийг би очсон газар бүртээ тэмдэглэж хэлдэг заншилтай. Хэрвээ би өөрийгөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэмээн танилцуулбал энэ дэлхий ертөнцөд цорын ганц Далай Лам байдаг учраас та бидний дунд орон зай үүснэ. Гэтэл үндсэндээ 7 тэрбум хүн бүгд ижил, бидэнд ижил оюун ухаан, хайр нигүүлсэхүйг хүртэх, хүртээх ижил боломж заяасан. Ангир уургаа хөхүүлсэн эх хүнээс бүгд төрсөн, үхэх төөрөг ч бүгдэд адил тохионо” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делид Төвөд оюутнуудад яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн Залуучуудын нийтийн
байранд амьдардаг оюутнуудад яриа хийлээ. Энэтхэг,
Шинэ Дели, 2015.1.25. Гэрэл зургийг Тэнзин Жамбал/ДЛО
Долоон тэрбум хүн бүгд зовлонгоос ангижирч, жаргал олохыг хүсдэгээс гадна ийм зорилгод хүрэх ижил эрхтэй гэдгийг тэрээр тайлбарлан ярив. “Төвөд хүнийхээ хувьд та бүхэн намайг Эрхэн Хаан Эрдэнэ, Чандмань Эрдэнэ мэт онцгой нэгэн хэмээн шүтэн биширвэл та бүхэнтэй нэгэн адил хүн хэмээн намайг харж чадахгүй. Гэтэл төвөд хүнийхээ хувьд ч та бид бүгд адил” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн, төвөд хүний гарал үүслийг тодорхойлсон чулуун зэвсгийн үе буюу одоогоос бараг 30 мянган жилийн өмнөх хүний бие, багаж зэвсгийн археологийн олдвор дээр үндэслэн Төвөдийн түүхэнд сонсогчдын анхаарлыг хандууллаа. Төвөдийн шашин соёлын уламжлалыг хойч үедээ үлдээх боломжийг олгосон Төвөд хэл бичгээрээ ихэд бахархдаг тухайгаа тэрээр илэрхийлсэн байна. Төвөд хэл соёл бол Латин Америкийн уугуул иргэдийн бичиг үсэггүй соёлтой адил биш гэдгийг тэр тэмдэглээд тэдгээр хүмүүст хандан, бусдын үлгэр жишээгээр ром латин хэл дээр суурилан бичиг үсэг зохиохыг зөвлөж байснаа дурсан ярилаа.

Будда Шагжамунигийн сургаалийг бүхэлд нь багтаасан Төвөдийн буддист уламжлал нь хэрхэн гүн гүнзгий агаад өргөн агуулгатай болох талаар тэмдэглэн хэлэв. Ялангуяа Шантаракшита гэгээний буянаар Төвөдийн буддистууд учир шалтгааны ухаан дээр суурилсан эртний Энэтхэгийн гүн ухааны төрөл бүрийн тогтолцооны баялаг уламжлалыг эзэмшиж чадсан байна. Төвөдийн буддист уламжлалын баялаг, гүн гүнзгий агуулгын ачаар өнөөгийн нэрт эрдэмтэд хүртэл сэтгэл хөдлөл хийгээд сэтгэлийн тухай мэдлэгийг эзэмших тухайд анхаарлаа хандуулж, ингэснээр сэтгэл санааны асуудлыг даван туулахад нь хүмүүст туслах шинжлэх ухааны судалгаанд асар их тус нэмэр болох билээ.

Ийм замаар Төвөдийн залуу үе болсон оюутнуудад хандан, буддын шашин шүтэх эсэхээс үл хамааран хөгжлийн ийм хандлагын талаар мэдээлэлтэй байж, хойч үедээ үлдээхийн тулд өөрийн уламжлалт соёлыг илүү сайн ойлгох тал дээр анхаарахыг Дээрхийн Гэгээнтэн зөлөлөв.

Төвөдөд хийгдэж байгаа Төвөдийн соёлыг системтэйгээр устгах оролдлогын тухайд хэлэхдээ, “Өнөөдөр Төвөдөд бидний шашныг устгаж, төвөд хэлнээс илүү хятад хэлийг заах зорилтыг эн тэргүүнд тавьж байна” хэмээв. Төвөдийн буддизм дэх сэтгэл судлалын баялаг мэдлэг, санскрит хэлнээс нягт нямбай орчуулсан орчуулгын талаар дурдаад, Дээрхийн Гэгээнтэн оюутнуудад хандан, “Та нар Төвөдийн залуу үе учраас өөрийн соёлын өв уламжлалд анхаарлаа хандуулах ёстой. Шашнаа шүтэх эсэх нь мэдээж хувь хүний асуудал. Гэхдээ та бүхэн зан заншил, соёлоо сайн судлах ёстой. Соёл, өв уламжлалаа сайн мэдсэний үндсэн дээр түүгээрээ бахархацгаа. Төвөдийн буддизмын шинжлэх ухаан, гүн ухааныг судлах нь чухал ач холбогдолтой бөгөөд үүний тулд та нар лам болох албагүй” хэмээн айлдлаа. Тэрээр залуучуудад дахин хандаж, “Өөрийн соёл, өв уламжлал, хэлээрээ бид бахархах ёстой. Бид бол агуу ард түмэн” хэмээн уриалав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делид Төвөд оюутнуудад яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ярианы үеэр оюутнууд
түүнээс асуулт асуулаа. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.25.
Гэрэл зургийг Тэнзин Жамбал/ДЛО
Энэ үгээр Дээрхийн Гэгээнтэн албан ёсны яриагаа өндөрлөж, оюутнуудын асуултад хариулсан байна. Тэдний асуултууд өргөн хүрээг хамаарсан байсан бөгөөд маанийн үрэл үнэхээр тустай эсэх (тохиолдлоор ярианы дундуур хэн нэг нь маанийн үрэл тараасан), тухайн гэр бүлийн санхүүгийн болоод сэтгэл санааны хүнд байдлын улмаас хүнд өвчтэй нэгнийг хурдан үхээсэй хэмээн бодох нь хэр нүгэлтэй болох тухай асууж байлаа. Мөн зохиолч, эрдэмтэн Гэднүн Чоймпэлийн зүүдэн дэх сайн ба муу зөн, яагаад буддизмд орчлонд аливаа зүйлст эхлэл гэж үгүй хэмээн үздэг тухай асуултуудыг тавьсан байна. Сүүлийн асуулт сэтгэлийн сөрөг хандлагыг халж, дотоод сэтгэлээ өөрчлөх арга замын тухайд байлаа.

Тэдгээр асуулт бүрт Дээрхийн Гэгээнтэн нилээд дэлгэрэнгүй хариулт өгч, төгсгөлд нь өөрийн зохиосон “Наландагийн 17 их бандида нарын магтаал” ба “Будда Шагжамунигийн сургаалийг дэлхий дахинд түгээх залбирал” хэмээх хоёр бүтээлийн талаар тайлбарлан ярилаа. Наландагийн 17 их бандида тус бүрийн талаар, тэдний оруулсан хувь нэмрийн талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Хоосон чанар хийгээд бодь сэтгэлийг бясалган бодсоноор үнэхээр түүний дотоодод өөрчлөлт гарсан тухай, улмаар үнэн оршихуй болон өөрийгөө хэт дээдлэх хандлагын талаархи хуурамч бодолтой зууралдахаас хамгаалдаг талаар тайлбарласан байна.

Бурхан Багшийн сургаальд дан ганц сүсэг бишрэлээр бус, харин учир шалтгааныг ухаж ойлгосны үүднээс итгэл үнэмшил бий болгох нь чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Үүний тулд тэрхүү сургаальд дүн шинжилгээ хийж, судлан шинжлэхийн тулд эхэндээ сониуч зангаар, үл итгэх үзлээр хандах нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ л үндсэн дээр итгэл үнэмшилтэй болж, сургааль номлолд гүнзгий нэвтэрч бид чадна. Бид аливаа зүйлийг нягтлалгүйгээр хүлээн авах ёсгүй бөгөөд үүнийг Бурхан Багш доорхи байдлаар илэрхийлсэн байна.

“Лам хуврагууд аа, Надад үнэнч гэдгээ харуулахын тулд бус, харин алтыг шатааж, тасалж, үрж зүлгэж шинжилдгийн адил миний үгийг нягтлан судалсны дараа хүлээн аваарай!”


Үзсэн: 2 316

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинди коллежийн сурагчдад “Хүний үндсэн мөн чанар бол нигүүлсэл” сэдвээр үг хэллээ
  • Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн нэрэмжит эмнэлэгт зочилж, эмнэлгийн ажилтнуудад яриа хийлээ
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бахайн Бадамлянхуа сүмд энх тайван ба нигүүлсэхүй сэдвээр яриа хийв
  • Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц