Мадрас дахь Энэтхэгийн Технологийн Институтын /ЭТИ/ оюутнуудтай хийсэн ярилцлага.

19-11-2015, 15:48  |  Хэвлэх

2015 оны 11 дүгээр сарын 10

Энэтхэг, Тамил Наду муж, Чэннай. 2015.11.10. Сүүлийн 2 өдөр Ченнайд орсон хүчтэй аадар бороо Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэ өглөө хот руу машинаар хүрэлцэн ирэх үед зөөлөн шиврээ бороо болсон байлаа. Энэ удаа түүнийг Мадрасын ЭТИ лекторуудаар лекц яриа хийлгэдэг уламжлалынхаа хүрээнд оюутнуудад яриа хийлгэхээр урижээ. Оюутны хотхон өмнө нь Гуиндигийн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн нэг хэсэг байсан газар байрладаг бөгөөд өтгөн шигүү ургасан моддын доор бугын сүрэг бэлчиж байгаа нь тодхон харагдаж байв.

Мадрас дахь Энэтхэгийн Технологийн Институтын /ЭТИ/ оюутнуудтай хийсэн ярилцлага.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлчлалын дурсгал болгож
сургуулийн талбайд бодь мод суулгаж байгаа нь. Энэтхэг.
Чэннай. 2015.11.10. Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Дээрхийн Гэгээнтнийг Захирал Бхаскар Рамамурти болон оюутны төлөөлөл хүлээн авав. Дээрхийн Гэгээнтэн энэ сургуульд хичнээн оюутан суралцдаг талаар асуухад, нийт 8000 оюутнууд суралцдаг бөгөөд түүний яриаг сонсохоор 3000 оюутан хурлын танхимд цугласан байна гэв. Танхимд орохын өмнө түүний айлчлалын дурсгал болгож гадаа бодь модыг суулгахыг урив.

Дээрхийн Гэгээнтнийг танхимд байгаа хүмүүст танилцуулахдаа захирал анх 1980 онд Санта-Барбарад оюутан байхдаа түүний яриаг сонсч байснаа дурсав. Энэ нь түүний насан туршид дурсагдах үйл явдал байсан гэлээ.

“Хүндэт ахмад ах, эгч болон дүү нар аа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа хэлэв. “Энэ алдартай сургуулийн оюутнуудтай уулзаж байгаа минь том завшаан юм. Хаана ч явсан би бусад хүмүүстэй уулзахдаа өөрийгөө бусдын л адил хүн гэж боддог. Бурхан Багшийн сургаальд бид бүгдээрээ бурханлаг чанартай, гэгээрлийн хувь бидний дотор байдаг гэж тайлбарладаг. Шинжлэх ухааны судалгаагаар хүний төрөлхийн энэрэнгүй чанартай гэдгийг тогтоожээ. Жижиг хүүхдүүд хэлд орохоосоо өмнө хүүхэлдэйн киноны баатрууд нэгэндээ тусалж байгааг хараад баярлаж, бие биендээ таагүй хандаж байвал хараад жихүүрхэн буруу хардаг. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн судалгаагаар, байнгын айдас болон уур уцаар бидний дархлааны системийг эвддэг гэдгийг олж тогтоосон байна. Ийм учраас хайрлах, энэрэнгүй үзэл санааг хөгжүүлэх нь бидний эрүүл мэндэд шууд ач холбогдолтой.”

“Буддын шашинтнууд ухамсарын янз бүрийн нарийн түвшин байдаг тухай онцолдог. Мэдрэхүйн эрхтнүүд ажиллаж байгаа хэвийн нөхцөлд ухамсар харьцангуй бүдүүн хэлбэрээр оршдог. Нойрон дунд ухамсар нарийсч, гүн нойронд түүнээс ч илүү нарийн түвшинд очдог. Бид ухаан алдахад бүр нарийсч, хамгийн нарийн түвшний ухамсар үхэх цаг мөчид гардаг. Зарим хүмүүс энэ хамгийн нарийн түвшинд, клиник үхлийн дараа ч сэтгэл төвлөрлийн төлөвт оршиж чаддаг юм. Тэдний тархины үйл ажиллагаа зогсч, бие махбодь нь хэдэн өдрийн турш хөрөхгүй бүлээнээрээ байдаг. Энэ үзэгдлийг зарим эрдэмтэд судалж эхлээд байна. Хамгийн нарийн түвшний ухамсар маш цэвэр бөгөөд түүнд ямар ч сөрөг сэтгэл хөдлөл байдаггүй. Үүнийг бурханлаг чанар гэх бөгөөд гэгээрлийн мөн чанар юм.”

Мадрас дахь Энэтхэгийн Технологийн Институтын /ЭТИ/ оюутнуудтай хийсэн ярилцлага.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний ярилцлаганд хүрэлцэн ирсэн
3000 гаруй оюутнуудтай мэндчилж байна. Энэтхэг. Ченнай.
ЭТИ-ийн хурлын танхим. 2015.11.10 Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
Нэгэнт хүн төрөлхийн энэрэнгүй чанартай юм бол бусдыг хөнөөх, бусдад хор хөнөөл учруулах, бусдыг сорон мөлжих мэтийн сөрөг сэтгэлгээ нь хоёрдогч шалтгааны үр дүн болох нь. Ийнхүү хүний төрөлх чанар эерэг байгаа нь итгэл найдварын эх үндэс болж байна. Үүнээс улбаалан, хэрэв бид зорилгоо тод томруун тодорхойлоод өөртөө итгэлтэйгээр хичээл зүтгэл гаргавал XXI зууныг энх тайван ба энэрэнгүй эрин үе, жинхэнэ аз жаргалын эрин үе болгож чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Дээрхийн Гэгээнтэн, XX зуун хэдийгээр агуу их хөгжил дэвшлийн үе байсан боловч энэ нь бас маш их цус асгаруулсан цаг үе байсныг тэмдэглэн хэлэв.
“Харамсалтай нь энэ хүчирхийлэл энэ зуунд ч үргэлжилсээр байна. Эсрэгээр, Энэтхэгт бусдад хор хөнөөл учруулахгүй, хүч үл хэрэглэх, шүтлэг бишрэлгүй хүний болон бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг шашнаас ангид ёс суртахууны уламжлал урт удаан хугацааны туршид хадгалагдаж ирсэн юм.”

Тэрээр өөрийн амьдралын 3 үүргийг дурдахдаа:
“Нэгдүгээрт, хүмүүс бид бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүрхээрээ бүгд адил тэгш. Бүгдээрээ л аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ингэх ч бүрэн эрхтэй. Гэтэл бүгд сэтгэл хөдлөлд автсан байдаг. Миний эхний үүрэг бол алан хядах, бусдыг дарлан мөлжих явдлыг эцэс болгож үүний үндсэн дээр бүх хүн төрөлхтнийг нэгдмэл болгоход хувь нэмрээ оруулах билээ. Цаг уурын өөрчлөлт болон дэлхийн эдийн засаг нь улс орнуудын хил хязгаараас давжээ. Бид бүгдээрээ нэг том гэр бүлийн гишүүд гэдгээ бодож үзэхийг уриалж байна. 21-р зуунд амьдарч буй залуу хүмүүс та бүхэн сайн сайхан дэлхийг бүтээн байгуулах үеийнхэн мөн. Гэхдээ та бүхэн хариуцлага, шийдэмгий байдал, алсын хараатай байх хэрэгтэй.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь яагаад Бурхан Багш янз бүрийн сургаалийг янз бүрийн хүмүүст өөр өөр цаг үед сургаж байсан талаар ярив.
“Бурхан Багш өөрийн сургаальдаа эргэлзэж байгаагүй, тэр тусмаа бусдыг ч эргэлзүүлэхийг бодоогүй нь мэдээж. Үнэндээ бол Бурхан Багш хүмүүсийн байр байдал, чадварт тохируулан сургааль номлолоо айлддаг байжээ. Түүнтэй адилаар янз бүрийн шашны уламжлал нь янз бүрийн философын үзэл санаа агуулдаг боловч хайрын тухайд бол бүгд ижил байр суурьтай байдаг. Бүх шашин хайр оршин тогтноход хүлээцтэй байх, уучилж өршөөх, байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэйг сургадаг. Шашин бүрийн зорилго ижил, гагцхүү зорилгодоо хүрэх арга зам нь л өөр юм.”

Мадрас дахь Энэтхэгийн Технологийн Институтын /ЭТИ/ оюутнуудтай хийсэн ярилцлага.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь. Энэтхэг. Ченнай.
ЭТИ-ийн хурлын танхим. 2015.11.10 Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
“Энэтхэг нь өөрийн уламжлалт шашнаас гадна томоохон шашны урсгалууд болох зороастризм , Иудизм, Христ, Исламын шашин гэх мэт олон шашны гэр бас билээ. Энэ нь шашны уламжлалууд энх тайвнаар зэрэгцэн оршиж болно гэдгийн жишээ юм.

“Би өөрийгөө голдуу Энэтхэгийн элч гэж үздэг. Яагаад гэвэл би бусдад гэм хор учруулахгүй байх, шашин хоорондын эв нэгдлийг дэмждэг. Би бас өөрийгөө Энэтхэг орны хүү гэж үздэг. Учир нь миний тархины эд эс бүхэнд нэвчсэн мэдлэг энэтхэгийн шашны их сургууль Наландагийн уламжлалаас гаралтай. Түүнээс гадна миний бие махбодь сүүлийн 55 жилийн турш Энэтхэгийн үндэсний хоол болох будаа, вандуйн шөл, бингээр тэжээгдэж байна.
“Миний 3 дахь үүрэг бол би Төвөд хүн гэдэгт хамаарна. Төвөд оронд байгаа Төвөд хүмүүсийн ерин таван нь надад итгэл найдвар тавидаг тул би чадах бүхнээ тэдний төлөө хийх ёстой. Төвөдийн байгаль орчны байдал миний сэтгэлийг зовоож байна. Хятадын шинжээч хэлэхдээ, Төвөдийн өндөрлөг газар нутаг дэлхийн бөмбөрцгийн хойд урд 2 туйл шиг чухал гээд Төвөдийг дэлхийн 3 дахь туйл гэж нэрлэсэн байдаг.

Нэг чухал шийдвэрлэх асуудал нь улс төрийн байдал ганцхан шөнийн дотор л өөрчлөгдөж байхад Төвөдийн байгаль орчинд учруулсан хор хөнөөлийг дахин сэргээхэд урт хугацаа орох болно. Түүнээс гадна, Энэтхэгийн хойд хэсэг болон Төв ба зүүн өмнөд Азийн улс орон Гимлайн нуруунаас эх авдаг гол мөрөнгөөс хамааралтай бөгөөд энэ голын ус нь ойролцоогоор тэрбум хүнийг ундны усаар хангаж байна. Үүнтэй нэгэн адилаар Төвөдийн гол мөрний ус бусдад чухал ач холбогдолтой байдаг шиг манай энх тайвны соёл, энэрэнгүй сэтгэл болон хүч үл хэрэглэх уламжлалыг ч бас хадгалж үлдэх хэрэгтэй байна.

Асуулт хариултын цаг болоход Дээрхийн Гэгээнтэнээс ажилдаа бүрэн дүүрэн өөрийгөө зориулахыг ажилтайгаа зууралдсаар байдгаас хэрхэн ялгах талаар асуухад тэрээр хариулахдаа энэ нь санаа сэдлээс хамаарна гэв. Хэрэв та үнэн хэрэгтээ амин хувиа хичээгч бол энэ нь ажилтайгаа зууралддаг шуналтай адил.

Дараагийн асуулт нь гадаад орны удирдагчид түүнтэй уулзахаас татгалзахад урам хугардаг уу гэсэн асуулт байв. Тэрээр хариулахдаа олон нийттэй уулзахаа хамгийн чухал гэж үздэг, учир нь хүн төрөлхтний өөрчлөлт өнөөдөр түүнтэй ярилцаж байгаа хүмүүс шиг жирийн хүмүүсээс эхэлдэг гэв. Тэрээр амжилтыг бусдад аз жаргал, баяр баясгаланг авчирдаг утга учиртай амьдарсан амьдралтай адилтган тодорхойлов.

Мадрас дахь Энэтхэгийн Технологийн Институтын /ЭТИ/ оюутнуудтай хийсэн ярилцлага.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ярилцлаганд ирсэн 3000
оюутнууд болон ажилтнууд Энэтхэг. Ченнай. ЭТИ-ийн хурлын
танхим. 2015.11.10 Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
“Оюутны төлөөлөл” Бид цөмөөрөө л хэн нэгнээс үлгэр дууриалал авч даган дууриадаг, та залуу байхдаа нэг нэгнээс үлгэр дууриалал авч байв уу ” гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:
“Надад хамгийн анхны үлгэр дууриалал болсон хүн бол ээж маань байлаа. Тэр хэдийгээр боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй, тариачны эхнэр байсан боловч их сайхан сэтгэлтэй хүн байсан. Дараа нь эрдэм номд суралцаж эхлэхэд маань Бурхан Багш болон бусад их багш нарын түүх, хожим нь Махатма Ганди надад үлгэр дууриалал болж байлаа.”

Ирээдүйн Далай Лам эмэгтэй хүн байж болох талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, олон жилийн өмнө энэ талаар Парисын нэгэн сэтгүүлч анх асууж байсан. Үнэхээр ажил хэрэгт ач тусаа өгөх юм бол Далай Лам эмэгтэй хүн байх бүрэн боломжтой гэв. Түүний бодлоор эмэгтэйчүүд илүү их удирдах албан тушаалд байх хэрэгтэй, хэрэв дэлхийн олон орнууд эмэгтэй удирдагчтай бол илүү амар амгалан байхсан гэв. Тэрээр буддын шинжлэх ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны хоорондын уялдаа холбоог олж мэдсэн нь түүний хувьд агуу их нээлт болсон гэж хэлэв. Энэтхэгийн цөмийн физикч Ража Раман түүнд хэлэхдээ, квантын физикийн онолууд болон 2000 жилийн өмнө Нагаржунагийн бичсэн бүтээлийн хооронд ижил төстэй зүйл асар их байгааг олж илрүүлсэн гэжээ.

Тайзнаас буухын өмнө Дээрхийн Гэгээнтэн танхимд сууж буй хүмүүст хандаад:

“Миний яриаг тунгааж бодоорой. Хэрэв энэ нь утга учиртай санагдаж байвал түүнийг үр дүнтэй болгохыг хичээ. Хэрэв утгагүй санагдаж байвал зүгээр л орхи” гэв.

Дээрхийн Гэгээнтэн сургуулийн захирал болон бусад зохион байгуулагчидтай үдийн хоолонд орохын өмнө Ченнайд ажиллаж, сурдаг 150 гаруй Төвөдийн залуучуудтай богино хугацаанд уулзав. Тэрээр тэдэнд хэлэхдээ:

“Би олон янзын гарал үүсэлтэй хүмүүстэй уулзаж ярилцдаг. Надад орчин үеийн боловсрол байхгүй, гэхдээ Наландагийн уламжлалыг сайн мэддэг маань намайг орчин үеийн эрдэмтэдтэй ярилцахад хангалттай байдаг. Мао Зэдун шашин шинжлэх ухаан хоёр хоорондоо зөрчилдөнө гэж үздэг байсан. Тэрээр 1954-55 онд надад хэлэхдээ, намайг шинжлэх ухаанч үзэл санаатай гэж бодож байснаа хэлээд шашин бол хор гэсэн юм. Би тэр үед эвгүй байдалд орж байлаа. Би аливаа зүйл ач тусаа өгч байвал, түүнийг ашиглаж бай гэсэн Бурхан Багшийн зөвлөгөөг байнга бодож явдаг.

Мадрас дахь Энэтхэгийн Технологийн Институтын /ЭТИ/ оюутнуудтай хийсэн ярилцлага.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ченнай амьдардаг Төвөд иргэдтэй
уулзаж байгаа нь. Энэтхэг. Ченнай. ЭТИ-ийн хурлын танхим.
2015.11.10 Зургийг Тэнзин Чойжир (ДЛО)
“Олон эрдэмтэд судалгаа шинжилгээндээ буддист логик хандлагатай адил байдлаар ханддаг нь миний бодолтой адил байдаг. Нэг талаас, Тайландын хуврагуудтай ярилцаж байхад тэд Хутагтын 4 үнэнийг номлохдоо логик үндэслэлийг биш судар бичгийн эх сурвалжид түшиглэдэгээ ярьж байсан юм.”

“Хятад хүмүүс бас Наландагийн уламжлалыг судалдаг, гэхдээ бидэн шиг нарийн гүнзгий судалдаггүй. Наландагийн уламжлал бол бидний үнэт эрдэнэ мөн. Бид түүнийг судлах ёстой. Үүнийг зөвхөн сүм хийдэд лам нар судлах нь хангалтгүй, 21-р зууны Буддын шашинтан байхын тулд бид бас судлах ёстой. Хэдийгээр би 80 настай боловч одоо хүртэл сурсаар л байна. Боломжтой үе гарах л юм бол би уншиж судалдаг. Бид өөрсдийн өв соёлоор бахархах ёстой юм.

Дээрхийн Гэгээнтэн Төвөд хүмүүстэй зургаа авахуулав. Дараа нь Боше-Эйнштейны зочдын байранд үдийн хоол идээд Дели рүү нисэхээр нисэх буудал руу явав.
Үзсэн: 1 979
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц