Тонми Самбодагийн ойг тэмдэглэж, Чогламсарт төвөд иргэдтэй уулзлаа

14-08-2016, 17:36  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сар 8

Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.07 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн Шивацал ордноос холгүй орших Зандок Палрид зочиллоо. Тэрээр уулын оргилд шинээр байгуулсан ловон Бадмасамбхавагийн сүмийн нээлт хийсэн юм. Энэ сүмийн дэргэдээс Лех хот үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Дээрхийн Гэгээнтнийг Хималайн буддын нийгэмлэгийн удирдлага хүлээн авав. Уг нийгэмлэг төвөд үсэг зохиосон Тонми Самбодагийн 1372 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Тонми Самбодагийн ойг тэмдэглэж, Чогламсарт төвөд иргэдтэй уулзлаа
Зандок Палри хийдэд Тонми Самбодагийн ойг тэмдэглэж байгаа нь.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.07. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Ойн нээлтийг эхлүүлж Таши Равжай болон Цэрэн Доржэ нар үг хэлсэн бөгөөд тэд буддын гүн ухааны ном шастрыг төвөд үсэгт буулгасан Тонми Самбодагийн гайхамшигт үйлсийг магтан байлаа. Ганжуур, Данжуурын олон ном судрыг төвөд хэл, үсэгт хөрвүүлсэн нь Төвөд болон Хималайн бүс нутагт зуун зуунаар дамжин асар их өв соёлыг үлдээж чадсан байна. Мөн Цэрэн Дорж Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт цагаачлан ирснээсээ хойш орон нутагт бурханы шашныг улам хүчтэй хөгжүүлсэнд талархал илэрхийлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюун санааны болон соёлын нөр их түүхэн холбоо Төвөд, Ладакуудад байдгийг онцолсон түүний үгэнд талархал илэрхийлсэн бөгөөд мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тэдэнд гүн талархал илэрхийлэв.

"Хэдийгээр Тонми Самбода хэл бичгийн найман дүрэм зохиосон боловч өнөөдрийг хүртэл сүмжүба, дагжүгба гэх хоёр дүрэм бидэнд өвлөгдөж үлдсэн. Үүнийг төвөд бичиг гэж нэрлэсэн ч, эсвэл бхоти гэсэн ч ялгаагүй, энэхүү бичгийн хэл нь буддын гүн ухааныг бүрэн гүйцэд илэрхийлж чадахуйц хэл бөгөөд буддын соёлыг хадгалан, бусдад түгээж байгаа онц чухал бичиг юм. Өнөөгийн эрдэм мэдлэгийн их ертөнцөд эртний Энэтхэгийн Дигнага болон Дармакирти тэргүүтэй их эрдэмтдийн танин мэдэхүйн ном шастир гагцхүү төвөд хэл дээр сайтар хадгалагдаж, судалгааны эргэлтэнд байна. Тэрхүү судар номын ачаар бид буддын гүн ухаанд суралцаж, бодит үнэнийг ухаарах боломжтой билээ.

Тонми Самбодагийн ойг тэмдэглэж, Чогламсарт төвөд иргэдтэй уулзлаа
Тонми Самбодагийн ойн баярын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам
үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
"Бид буддын шашныг зөвхөн шашин гэдэг талаас нь авч үзэх ёсгүй. Буддизм нь мэдлэг боловсролын үндэс юм. Буддын гүн ухаан дахь сэтгэл судлал нь уур хилэн, хүсэл шунал зэрэг сөрөг муу сэтгэлийг хэрхэн арилгах арга замыг заасан байдаг. Энэ нь дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгох бөгөөд хувь хүн, гэр бүл, улс орон, бүр цаашлаад дэлхий дахинд ач тусаа өгөх болно. Хэрэв буддын гүн ухааны номлол дахь шүтэн барилдахуйн онолыг олон нийтээрээ ойлгож чадвал хүн төрөлхтөн ахан дүүс нарт маань хүчирхийлэл, дайн самуун үүсэх ямар ч боломж гарахгүй билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номуудыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин гэсэн гурван хэсэгт хуваах боломжтой гэлээ. Буддизмын шинжлэх ухаан, гүн ухааны цуврал бүтээлүүдийг хэвлэн олны хүртээл болгох ажлын төсөл явагдаж байгааг тэрээр тэмдэглэн хэлэв. Шинжлэх ухааны товч хураангуй бүтээл төвөд хэл дээр гарсан бөгөөд англи, хятад, япон, хинди, герман, монгол, орос, вьетнам хэл дээр орчуулагдаж дууссаныг дурьдсан юм.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн:

"Энэхүү хурал Тонми Самбодагийн ойг тэмдэглээд өнгөрөх төдийд хязгаарлагдаж болохгүй. Сургуулийн сурагч нар, тэдний эцэг, эхүүдэд Ганжуур, Данжуур бичигдсэн тэрхүү чухал хэл бичгийг сурах боломжийг олгох хэрэгтэй.” гэж айлдсан юм.

Тонми Самбодагийн ойг тэмдэглэж, Чогламсарт төвөд иргэдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөдийн суурин дахь ахмадуудтай
уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь төвөдийн тосгоны хөл бөмбөгийн талбайд Дээрхийн Гэгээнтнийг Ладакийн иргэдийн хурлын дэд дарга, Чогламсар дахь төвөд суурингийн дарга угтан авлаа. Тэрээр төвөд уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтнийг угтав. Дээрхийн Гэгээнтэн тайзан дээр Гандан Ширээт Ризон ринбочэтэй мэндлээд суудалдаа суулаа. Тэрээр хуран цугласан 5000 гаруй төвөд иргэдэд Цастын орны төвөд хүн гэдгээ байнга санаж, өөрсдийн үнэт өв соёлоо хадгалан авч үлдэхийн төлөө хичээх хэрэгтэйг айлдав. Хятад улс өөрсдийн түүх соёлоороо бахархадаг лугаа төвөдүүд бид ч өөрсдийн хэл, шашин зэрэг баялаг соёлоо хамгаалан авч үлдэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

“Харамсалтай нь Хятадын хатуу чиг шугам баримтлагч зарим албаны хүмүүс бидний төвөд чанараа хадгалан авч үлдэхийн төлөөх үйл хэргийг салан тусгаарлах ажил мэтээр үзэж байна. Тиймээс төвөдийн хэл соёлыг устгахыг оролдож байгаа билээ.”

Тонми Самбодагийн ойг тэмдэглэж, Чогламсарт төвөд иргэдтэй уулзлаа
Төвөдийн сууринд зочлох үеэр сурагч хүүхдүүд үндэсний дуу,
бүжгийн тоглолт үзүүлэв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.08.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
VII зуунд төвөдийн эзэнт гүрний их хаан Сронзон Гамбу бээр Тонми Санбодад төвөд бичиг зохиох зарлиг буулгасан байна. Түүний дараа Тисрон Дэзан хаан Хятадаас Энэтхэгийг илүүд үзэж Наланда хийдийн их багш Шантаракшита гэгээнийг Төвөдөд урин залжээ. Үүний үр дүнд Наландагийн шинжлэх ухаанч уламжлалыг шингээсэн Төвөдийн буддизм цэцэглэн хөгжсөн билээ. Өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд, мэдлэг боловсрол бүхий Энэтхэгийн олон залуучууд буддын гүн ухааныг маш ихээр сонирхон судалж байгаа бөгөөд төвөд хэлийг ч буддын гүн ухааны утга агуулгыг гүйцэд илэрхийлж чадахуйц хэл гэж үзэж байна.”

Тэрээр ладак хүмүүст хандан:

“Нерүгийн үеэс Энэтхэгийн засгийн газар Төвөдүүдэд маш өгөөмөр хандаж эхэлсэн юм. Ладакийн хувьд Бакула ринбочэ болон Сонам Норбү нар төвөд, ладакийн харилцааг улам хөгжүүлсэн билээ. Бид энд өөрсдийн суурин, сургууль барьсандаа баяртай байдаг. Та бүхэнд гүн талархал илэрхийлэе.”

Тонми Самбодагийн ойг тэмдэглэж, Чогламсарт төвөд иргэдтэй уулзлаа
Орон нутгийн хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг
сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Төвөдүүдэд эрх чөлөө байхгүй тул төвөдийн шашин, соёл хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч Энэтхэгт, ялангуяа Хималайн бүс нутгийн Ладак, Мон зэрэг нутаг орон эрх чөлөөтэй тул буддын их өв соёлыг хадгалан авч үлдэх боломж байсаар байгаа билээ.” гэсэн юм.

Тэрээр төгсгөлд нь:

“Төвөдүүд бид нэгдмэл байх нь маш чухал байна. Үүний төлөө бид хичээх хэрэгтэй. Бид өөрсдийгөө зоригжуулж, энэ цаг үед ямар боломж байна түүнийг бүрэн дүүрэн ашиглахын төлөө хичээх хэрэгтэй. Манай төвөдийн соёл бол амар амгалан, хүч үл хэрэглэх, энэрэн нигүүлсэх соёл мөн. Энэ соёл дэлхий нийтийн 7 тэрбум хүнд хэрэгтэй. Тийм учраас төвөдүүд бид өөрсдийн үнэт өв соёлыг дэлхий нийтэд түгээж чадна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Үзсэн: 2 136
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц