Бомдила дахь насны авшиг ба хийд дэх айлчлал, олон нийтийн уулзалт

13-04-2017, 10:29  |  Хэвлэх

2017 оны 4 дүгээр сар 5

Энэтхэг, Аруначал Прадеш, Диран – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Тхүбчок Гацел Лин хийдээс хөдлөхийн өмнө номын мэтгэлцээн өрнүүлж буй хийдийн бага залуу хуврагуудтай уулзсан юм. Мөн хийдийн дэргэдэх бурханы шашны сургалтыг төгссөн энгийн хүмүүстэй богино уулзалт хийлээ. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр хүмүүсийн идэвх чармайлтыг магтаад цаашид ч бурханы шашны ном сургаалыг тасралтгүй үзэж судлахыг зөвлөв. Дараа нь хийдийн шинэ дуганы шав тавьж ёслол үйлдлээ.

Бомдила дахь насны авшиг ба хийд дэх айлчлал, олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бомдила хотын Бурхан Багшийн
цэцэрлэгт хүрээлэнд цугласан 15,000 гаруй хүмүүстэй
мэндэлж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш, Бомдила.
2017.04.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам машинаар явж Бомдила хотын Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэнд морилон очлоо. Тэрээр цугласан 15,000 гаруй хүмүүстэй мэндлээд сэнтийндээ залрав. Цагаан Дарь Эхийн насны авшиг хүртээхийн өмнө богино хэмжээний хувийн зан үйл хийх ёстойгоо олон нийтэд дуулгаад энэ хооронд цугласан хүмүүс Цагаан Дарь Эх бурханы зүрхэн тарнийг уншиж байхыг хүслээ.
Ингээд номын айлдвар эхлэв.

“Бид өнөөдөр Бурханы ном сургаал сонсохоор энд цугласан билээ. Эрт дээр үед хүмүүс нар, саранд залбирч өөрсдийгөө даатгадаг байжээ. Хожим гүн ухааны үзэл онол бүхий олон шашин дэлгэрч эхэлсэн юм. Тэдгээр шашнууд бүгд хүн төрөлхтнийг илүү амар амгалантай болгох адил зорилготой байлаа. Бүгд энэрэл хайр, тэвчээр, уучлал, өнө удаагийн ашиг тусыг номлодог юм.”

“Дэлхийн томоохон бүх шашин Энэтхэгт дэлгэрчээ. Үүнд Энэтхэгийн уугуул шашин болох самхяа, мимамса, ведантагийн сургууль, жейн, бурханы шашин хийгээд сикийн шашин багтах бөгөөд бусад улс орноос дэлгэрсэн шашнууд ч мөн адил үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ бүх шашин Энэтхэгт эв найртайгаар зэрэгцэн оршиж байна. Эдгээр шашин хүний үндсэн чанар болох хайр энэрлийг номлодог бөгөөд энэ нь ч хүн төрөлхтөнд амин чухал байсаар ирсэн билээ. Бид нийгмийн амьтад тул нэг нэгнээ хайрласан сэтгэл байхгүй бол аз жаргалтай байж яахин чадах билээ. Шашин шүтсэн ч, эс шүтсэн ч бидэнд, манай дэлхийд энэрэл хайр хэрэгтэй.”

Бомдила дахь насны авшиг ба хийд дэх айлчлал, олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бомдила хотод ном айлдаж
байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш, Бомдила.
2017.04.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би Бурханы айлдсан сургаалын талаар ярина. Бурханы шашин нь бусад шашнаас үзэл онолоор ялгаатай. Зарим шашин бүтээгч Эзэн тэнгэрт итгэдэг. Харин жейн, самкяа, буддын шашинд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Таатай болон таагүй зүйлийг амсаж байгаа нь урьд өөрийн үйлдсэн үйлээс хамааралтай гэж үздэг. Мөн бурханы шашинд “би үгүй”-н онолыг номлодог. Энэ нь “би” хэмээгчийг огт байхгүй гэсэн бус дангаараа бие даасан, өөрийн эрхтэй, мөнхийн бөгөөд бидний бие, сэтгэлээс тусдаа “би” хэмээгч байхгүй гэдгийг нотлодог юм.”

“Би бурханы шашинтан бөгөөд буддын гүн ухаанд суралцсан. Гэвч би үүнийг хамгийн сайн нь гэж хэлэхгүй. Шашин нь хувь хүнд ямар ач тустай байна гэдгээсээ хамаарч байдаг тул хамгийн сайн шашин гэх нэгэн зүйл шашин байдаггүй билээ. Жишээлбэл ганц эм бүх өвчинд тустай байдаггүйтэй адил юм. Мөн нөгөөтэйгүүр бүх хоол хүнс тэжээл болдог боловч энэ нь хамгийн сайн хоол гэх зүйлийг хэлэх боломжгүй билээ.”

Бурхан Багш анх гэгээрэлд хүрсэний дараа өөрийн мэдсэн зүйлийг ойлгож ухаарах хүн маш ховор байгааг мэдээд ном номлохгүй аглагт суухыг хүссэн байна. Төдөлгүй “би үгүй”-н онолыг илүү хурдан ойлгох чадвартай, урьд нь өөрийн шадар бараа болж байсан таван шавьд Хутагтын дөрвөн үнэний сургаал буюу зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос салсан гэгээрэл үнэн, үүнд хүрэх арга зам нь ч үнэн гэдгийг айлджээ.

“Зовлонгийн үнэнг танихын тулд зовлон нь мөнхийн бус, зовлонгийн чанартай, хоосон, би үгүй гэх дөрвөн ойлголтыг ухаарах хэрэгтэй. Зовлонгийн шалтгааныг танихын тулд шалтгаан болдог, зовлонг гаргадаг, зовлонгийн нөхцлийг бүрдүүлдэг, зовлонг машид төрүүлэгч гэх дөрвөн онцлогийг ойлгох хэрэгтэй. Гэгээрлийн үнэнг танихын тулд гэгээрэл, амирлангуй, тансаг, зовлонгоос машид гарсан гэх гэгээрлийн дөрвөн онцлогийг ойлгох хэрэгтэй ба мөрийн үнэнг ойлгохын тулд гэгээрлийн зам мөр, ухаарал, бүтээгч, хүргэгч гэх гэгээрэлд хүрэх зам мөрийн дөрвөн онцлогийг мэдэх хэрэгтэй болно.”

“Дөрвөн үнэний сургаал нь үйлийн үрийг гаргадаг. Учир нь, зовлон зовлонгийн шалтгаанаас бий болдог, харин гэгээрэл нь гэгээрлийн зам мөрөөс бий болдог юм. Тиймээс дөрвөн үнэний эхний хоёр нь зовлонг хэрхэн бий болдгийг, удаах хоёр нь түүнээс хэрхэн хагацах арга замыг номлосон билээ. Бурхан Багш “Зовлонг таних хэрэгтэй, зовлонгийн шалтгааныг арилгах хэрэгтэй, гэгээрэлд хүрэх хэрэгтэй, гэгээрэлд хүргэх зам мөрийг хөгжүүлэх хэрэгтэй” гэж айлдсан билээ.”

“Гэгээрлийг бүрэн гүйцэд таньж мэдэхийн тулд мунхаг гэж юу болох, түүнийг хэрхэн давах талаар мэдэх хэрэгтэй болно. Үүний тулд хоосон чанарын ойлголтыг зайлшгүй олох хэрэгтэй болдог. Бурхан Багш хоосон чанарын сургаалыг хоёр дахь номын хүрдийг эргүүлэх үедээ айлдсан билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цагаан Дарь Эхийн авшиг хүртээхийн эхэнд Бурхан Багш мунхагийг арилгах арга замыг номлож, бодит үнэнийг танихад тусласан тухай ярьлаа. Мөн сансрын хүрдийн зургийг тайлбарлав. Үүнд мунхагийг гахайгаар, хүсэл шуналыг тахиагаар, уур хилэнг могойгоор дүрсэлсэн байдгийг тайлбарласан юм.

Насны авшиг хайрлах үеэр Дээрхийн Гэгээнтэн номын айлдварт сууж буй хүмүүст бодь сэтгэл үүсгэн зан үйлийг хийсэн юм. Төгсгөлд нь тэрээр ирсэн хүн бүрийг аль чадлаараа буддын ном сургаалд суралцахыг зөвлөв.

Бомдила дахь насны авшиг ба хийд дэх айлчлал, олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гонцэ Равжайлин хийдэд
морилон ирж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш,
Бомдила. 2017.04.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь Гонце Равжайлин хийдэд морилон ирэхэд энд сурдаг лам хуврагууд замын хоёр талаар эгнэн зогссон байлаа. Тэрээр дуганд морилон ороод хийдийн нандин шүтээнүүдэд мөргөн залбирсаны дараа суудалдаа суув.

Хийдийн хамба лам үг хэлэхдээ уг хийд нь 5-р Далай Ламын үед Төвөдийн харъяанд байсан гэлээ. Мөн энэхүү хийд нь Брайбун Лосолин дацантай холбогддог уламжлалтай тул тэндээс 4 гэвш багшийг залж хичээл заалгаж байгаа талаар мэдэгдэв. Энэ хийд нь орчин үеийн сургалтыг уламжлалт сургалттай холбосон шинэлэг сургууль байгуулсан байна. Хамба лам төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ахин дахин морилон ирэхийн ерөөл тавиад Цона ринбочийн талаар асуусан юм.

Дээрхийн Гэгээнтэн:

“Цона ринбочэ миний багш Лин ринбочэтэй нэгэн цагт номын мэтгэлцээн өрнүүлж хамтдаа ном үзэж байсан гэдэг. Лин ринбочэ багш маань надад Цона ринбочийн талаар ярихдаа Винайн ном үзэхийг хүртэл тэрээр маш сайн эрдэмтэн байсан гэсэн юм. Энэтхэгт цагаачлан ирсэний дараа Лин ринбочэ, Тижан ринбочэ, Цона ринбочэ нар дотны сайхан найзууд байж билээ.”

“Цона ринбочийн хойд дүр нь багадаа үнэхээр онцгой хүүхэд байсан. Маш хурц ухаантай, ном сайн үздэг байсан боловч цаг бусаар насан эцэслэсэн билээ. Тэрээр сэрүүн заларч байхдаа энэ хийдийг өргөжүүлэх нэлээдгүй ажил хийсэн бөгөөд түүний ажлыг үргэлжлүүлэн авч явах нь та нарын үүрэг юм шүү. Та нар лам нарын сурч боловсрох тал дээр анхаарал хандуулж байгааг сонсоод би баяртай байна. Зан үйл голлодог хийдүүдийг буддын гүн ухааны ном үзэж судлах хэрэгтэй гэсэн зөвөлгөөг минь дагаж олон хийдүүд гүн ухааны сургалттай болсон. Үүний нэг жишээ нь эмэгтэйчүүдийн хийд сургалттай болж эдүгээ 20 гаруй эмэгтэй хуврагууд гэвшмаа цол хамгаалаад байна.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн тус хийдийн залуу хуврагуудын сүр жавхаатай номын мэтгэлцээнийг үзэж сонирхоод хийдэд үдийн зоог барьсан юм.

Бомдила дахь насны авшиг ба хийд дэх айлчлал, олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийттэй уулзаж байгаа нь.
Энэтхэг, Аруначал Прадеш, Бомдила. 2017.04.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бомдила хотын нэр нөлөө бүхий 300 гаруй хүмүүстэй ахлах сургуулийн талбайд уулзсан юм. Тэрээр цугласан хүмүүст өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагын талаар танилцуулав. Нэн тэргүүнд хүний үнэ цэнийг таниулах, хүн төрөлхтний нэгдмэл байдлыг бий болгох, бусдын сайн сайхны төлөө анхаарал хандуулах явдал хичнээн чухал байгааг мэдэгдлээ. Мөн тэрээр шашин хоорондын эв нэгдлийг бий болгохын төлөө хичээж байгаагаа дурдсан юм. Төвөд хүнийхээ хувьд, улс төрийн бүх үүрэг хариуцлагаа хүлээлгэн өгсөн учир өдгөө Төвөдийн шашин, соёлыг хадгалан авч үлдэх, мөн Төвөдийн хүрээлэн буй байгал орчинг илүү их хамгаалахын төлөө ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Мөн сүүлийн 58 жилийн турш Энэтхэгт амьдарсны хувьд энэтхэгчүүд эртний Энэтхэгийн мэдлэг боловсрол, ялангуяа сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг боловсролыг илүү их анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөв.

Тэрээр хүмүүсийн сонирхсон асуултанд хариулсан юм. Бурханы шашинтан заавал цагаан хоолтон байх ёстой юу гэсэн асуултанд Шриланкийн нэгэн ламын яриаг дурдсан юм. Тэрхүү лам хэлэхдээ Шриланкийн лам нар бадар барьж хооллодог бөгөөд хүний өргөсөн хоолыг махтай, махгүй гэж ангилдаггүй тухай ярьжээ. Сургалтын талаарх асуултанд хүүхдийг хайрлаж, тэдний сонирхолыг хүндэтгэх үүднээс сургалтаа явуулах нь чухал гэлээ.

Шашин өдгөө асуудлын шалтгаан болж буй энэ үед хүн хэрхэн шашинлаг байх вэ гэсэн асуултанд тэрээр Пап ламын саяхан мэдэгдсэн үгийг эш татав. Пап лам сайн хүн байх нь галзуу христийн шашинтан байснаас илүү дээр гэж хэлсэн байна. Үүнтэй адил Дээрхийн Гэгээнтэн ч галзуу бурханы шашинтан байснаас зүгээр л сайн хүн байсан нь дээр гэж хэллээ. Хэрхэн амар тайван үхэх вэ гэсэн асуултанд нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах, үхэл нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг, үүнд санаа зовох зүйлгүй гэж хариулав.

Дээрхийн Гэгээнтэн Бомдилагаас Диран хотын зүг хөдөллөө. Диран хотод хүрэлцэн ирэхэд нутгийн ард олон замын хоёр талаар эгнэн зогсож, гартаа хадаг, хүж барин угтав. Уулын оройд байрлах Түбсан Даржайлин хийдэд морилон ирэхэд уламжлалт зан үйлийн дагуу угтлаа. Хийдэд ирсэн даруйдаа шинэ дуганы нээлтийн тууз хайчилж үүд хаалгыг нь нээсэн юм.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн үдээс өмнө “Оюун судлахуйн найман бадаг” номыг тайлбарлан айлдаж, үдээс хойш Жанрайсиг бурханы авшиг хайрлах болно.
Үзсэн: 1 497
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц