Төрснөөс дүрвэх хүртэл

5-04-2010, 01:00  |  Хэвлэх

Төрснөөс дүрвэх хүртэлДээрхийн гэгээнтэн Далай лам 1935 оны долдугаар сарын 6 ны өдөр Амдо мужийн жижиг Такцэр тосгонд ядуу айлын гэрт төржээ. Түүнд Лхам Дондүв нэр өгсөн ба энэ нь угтаа "Тусыг бүтээгч бурхан" гэсэн утгатай ажээ. Такцэр (Хүрхрэгч бар) тосгон бол уулын орой дээр орших жижиг ядуувтар суурин бөгөөд уулын орой дээрээс доош өргөн хөндий цэлийн харагдана.

Олон жилийн турш энэ газар хэн ч сууршин сууж газар тариалан эрхлэж байгаагүй ба зөвхөн нүүдэлчин ардууд л бэлчээр болгон ашиглаж байжээ. Үүний шалтгаан нь энэ нутгийн цаг уур урьдаас мэдэхийн аргагүй ширүүн байдагтай холбоотой. Дээрхийн гэгээнтэн "Цөллөг Дэхь Эрх Чөлөө" номондоо өөрийн намтрын талаар: "Намайг бага балчир байх үед манай гэр бүлийнхэн энэ ширүүн газарт амь зуух гэж зориглосон хориод зоригт хүмүүсийн нэг байсан юм даа" гэж бичжээ.

Дээрхийн гэгээнтний эцэг эх арвай, гурвалжин будаа, төмс тарьж амьдардаг эгэл тариачин хүмүүс байв. Түүний эцэг дундхан нуруутай хурц ааштай хүн байжээ. Дээрхийн гэгээнтэн "Би нэг удаа түүний сахлыг жоохон угзарснаас болж маш ширүүн шийтгүүлж билээ" гэж дурссан байдаг. Гэвч тэр сайн хүн байсан бөгөөд хэнд ч хэзээ ч муу санаа хадгалж яваагүй юм. Дээрхийн гэгээнтэн ээжийнхээ тухай хэзээ нэгэн цагт уулзаж байсан хүмүүсийн дотор хамгийн сайн хүн байсан гэж дурсана. Түүний ээж нийт арван зургаан хүүхэд төрүүлсний дотроос зөвхөн долоон хүүхэд амьд үлджээ.

Дээрхийн гэгээнтний хоёр эгч, дөрвөн ах нь нялх насны хэцүү үеийг даван үлдсэн байна. Ахмад эгч Цэрэн Дулмаа Дээрхийн гэгээнтнээс 18 насны ялгаатай. "Эгч маань ээжид гэр орон, аж ахуйд туслаж, бас төрөхөд тусладаг байсан юм. Намайг төрсний дараа эгч минь намайг гар дээрээ өргөн аваад миний нэг нүдний зовхи нээгдээгүй байгааг үзээд эрхий хуруугаараа нүдний зовхийг шууд хүчээр нээж онгойлгосон бөгөөд аз болоход сүүлд ямар ч муу үр дагаваргүй өнгөрсөн юм" гэж Дээрхийн гэгээнтэн дурсан бичсэн байдаг. Дээрхийн гэгээнтэн гурван ахтайв Түвдэн Жигмэд Норов хамгийн том ах бөгөөд түүнийг хувилгаан лам Такцэр Ринбүүчи, Жалва Дондүв ба Лувсан Самдан нарын хойд дүрээр тодруулжээ. Хамгийн бага дүү Данзан Чойжалыг мөн өөр нэг хувилгаан лам Нгари Ринбүүчийн хойд дүрээр тодруулсан байна.

"Намайг хамгийн энгийн хүүхдээс өөр хүн байж болох юм гэсэн бодол хэний ч санаанд төрөөгүй нь мэдээжийн хэрэг. Нэг айлд нэгээс илүү хувилгаан төрсөн гэдэгт итгэхэд их л хэцүү, мөн намайг Далай ламын хойд дүрээр тодруулна гэж миний аав ээж хоёр төсөөлөх ч үгүй байсан юм даа" гэж Дээрхийн гэгээнтэн дурсан бичжээ. Хэдийгээр Дээрхийн гэгээнтнийг төрөх үед маш хүндээр өвдөөд хэвтэж байсан түүний аав ид шидийн адил гэнэт эдгэсэн боловч тухайн үед үүнийг хэн ч анзаарч тоогоогүй ажээ.

"Мөн надад хойшид намайг юу хүлээж байгаа бол гэх ямар нэгэн онцгой зөн совин төрдөггүй бөгөөд миний урьдах үеийн дурсамжууд ч маш энгийн байдаг. Жишээлбэл би зодолдож байгаа хүүхдүүдийн дийлэгдэж буй, хүч муу хүүхдийн талд ордог байсан юм. Би ээжийн хамт тахианы чингэлэгт өндөг цуглуулан авахаар ороод тэнд хоцрон үлдэж байсныг санана. Тахианы үүрэнд сууж эм тахиаг дууриан дугарах явдал надад их таалагддаг байсныг санаж байна. Миний бас нэг дуртай зүйл бол бага байхдаа цүнхэнд хувцсаа цуглуулан чихээд алс хол аялалд явах гэж байгаа мэт "За би Лхас орно, За Лхас орно доо" гэж үглэдэг байв. "Хожим энэхүү баримтын талаар, бас ширээний толгойд суулгаж байхыг үргэлж шаарддаг байсан зэрэг үйл явдлыг дурсацгааж, ирээдүйд агуу их үйл хэрэг бүтээх тухай өөрөө мэдэж байгаагийн зөн билгэ гэж ярицгаах болсон юм".

Дээрхийн гэгээнтэн бол Төвдийн урьдах арван гурван Далай ламуудын үе дараалсан хойд дүр (анхдугаар Далай лам мэө 1351 онд төржээ) бөгөөд цагаан бадам лянхуа барьсан энэрэнгүй бодьсадва Жанрайсиг буюу Авалокитешварын дүр мөн. Үнэн хэрэгтээ Дээрхийн гэгээнтэн нь Бурхан багш Шагжтүвийн үед амьдарч байсан бярман хүүгээс эхэлсэн Жанрайсиг бурханы далан дөрөвдүгээр дүр юм. "Үүнд та үнэхээр итгэдэг үү гэж надаас үргэлж асуудаг юм. Хариу өгөхөд тун амар биш. Гэвч 56 настай байхдаа өөрийн одоогийн амьдралын талаар тунгаан бодоод, би бурханы шашны сүсэгтэн тул урьдын арван гурван Далай лам нартай болон Жанрайсиг бурхантай, мөн Бурхан багш Шагжтүвтэй оюун билгийн гүн холбоотой болох баримтыг төвөггүй хүлээн зөвшөөрч байгаа" хэмээн Дээрхийн гэгээнтэн айлдсан байдаг.

XIV Далай ламыг тодруулсан нь



Лхам Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед Далай ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Төвдийн засгийн газраас илгээсэн ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Энэ шинж тэмдгийн нэг нь 1933 онд 53 настай байхдаа жанч халсан XIII–р Далай лам Түвдэн Жамцын занданшуулсан лагшин байлаа. Тэрхүү занданшуулсан суугаа лагшины тэргүүн өмнө зүгээс зүүн хойш эргэн харсан байсан нь нэгэн шинж тэмдэг болсон юм. Үүний дараа тун удалгүй засаг баригч ахлах лам нэгэн шинж тэмдгийг үзжээ. Төвдийн зүүн талд орших ариун Лхам Ланцо нуурын усанд түүний мэлмийн өмнө төвд цагаан толгойн "А", "Га", "Ма" гэсэн гурван үсэг маш тодорхой урган гарч үзэгджээ. Дараа нь алтан, оюу мэт дээвэртэй гурван давхар өндөр хийдийн дүрс хөвөн гарч түүнээс алслан гарах зам уулын зүг чиглэсэн байлаа. Эцэст нь тэрээр нэг хачин усны гоожууртай жижиг байшинг үзсэн байна. Тэр "А" үсэг зүүн хойд зүгийн Амдо мужийг зааж байгаа юм гэж итгэн хайгуулын багийг тийш илгээсэн байна.

Хайгуулын баг Гүмбүмд хүрмэгц зөв замаар явсан гэдэгтээ бүрэн итгэлтэй болов. Хэрвээ "А" үсэг Амдог зааж байгаа бол "Га" үсэг Гүмбүм хийдийг заасан нь үнэн болов. Яагаад гэвэл Гүмбүм хийд гурван давхар алтан, оюу шиг ногоон өнгөтэй дээвэртэй юм. Ингээд нөгөө уул болон хачин гоожууртай байшинг олох л үлдээд байв. Ойр орчмын тосгонуудад тийм байшинг хайж эхлэв. Хайгуулын баг эрж хайсаар Дээрхийн гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоов. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Кевцан Ринбүүчи зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ.

Хүүхэд түүнийг таниад "Сэрагийн лам, Сэрагийн лам" гэж хашгирсан аж. Сэра бол Кевцан Ринбүүчийн хийд юм. Маргааш өдөр нь тэд нар явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII-р Далай ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчирав. Тухай бүрт балчир хүү XIII-р Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон "энэ минийх, энэ миний юм" гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэжээ.

Удалгүй Такцэр тосгоны балчир хүүг шинэ Далай ламаар тодруулав. Эхлээд Лхам Дондүв хүүг Гүмбүм хийдэд авчирсан байна. "Энэ үеэс л миний амьдралын жоохон аз жаргалгүй үе эхэлсэн юм" гэж Далай лам ээж аавтайгаа салсан ба танихгүй газар ирснийгээ санаж дурсан бичсэн байдаг. Гэвч хийдийн амьдралд хурдан дасах хоёр нөхцөл байсны нэгдүгээрх нь түүний ах Лувсан Самдан тэр хийдэд шавилан сууж байв. Сэтгэл тайтгаруулах удаах зүйл бол түүний өндөр настай багш байсан бөгөөд өөрийн балчир шавийг жанчиндаа ороон өвөр дээрээ байнга авдаг байжээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Лхам Дондүв ээж аавтайгаа дахин уулзаж тэдний хамт Лхас орох ёстой байлаа. Гэвч энэхүү үйл явдал бүтэн хагас жилийн дараа болсон юм. Учир нь орон нутгийн ислам сүсэгтэй хятад дарга Ма Буфэн хувилгаан хүүд Лхас орох зөвшөөрөл өгөлгүй өндөр татвар нэхэж байсан юм. Дөнгөж л 1939 оны зун Лхам Дондүв түүний аав ээж, ах Лувсан Самдан, хайгуулын багийн хэсэг гишүүд болон бусад мөргөлчин хүмүүсийн хамт Лхас хот руу аялалд хөдөлжээ.

"Лхас орох аян зам гурван сарын хугацааг үдэв. Нүдэнд харагдах эргэн тойрны юм бүхэн маш их гайхал төрүүлж байснаас өөр юуг ч би санахгүй юм. Хөндий талд бэлчих зэрлэг сарлагууд, жижиг жижиг сүргээр явах зэрлэг илжиг (кьянг), энд тэнд цөөн тоогоор үзэгдэх сайга бөхөн маш хурдан хөнгөн, сүнс сүүдэр мэт давхин өнгөрнө. Мөн надад хааяа нэг тааралдсан гуаглан хашгирах галуу шувууны сүрэг их таалагдаж байсан" гэж Дээрхийн гэгээнтэн дурсан бичжээ.

Лхам Дондүвыг дээд албан тушаалтан нараас бүрдсэн засгийн газрын төлөөлөгчид хүлээн авч хотын хаалганаас хоёр бээрийн зайтай орших Догутан гэдэг газар урин залж авчрав. Маргааш өдөр нь Лхам Дондүвт Төвдийн ард түмний шашин оюун санааны удирдагчид өргөмжилсөн баяр ёслол болов. Дараа нь түүнийг ах Лувсан Самдангийн хамт Лхасаас баруун зүгт орших Дээрхийн гэгээнтний зуны ордон Норовлинд залжээ.

1940 оны өвөл Лхам Дондүвыг Ботал ордонд урин залж Төвдийн оюун санааны удирдагч мөн хэмээн албан ёсоор өргөмжилсөн байна. Үүний дараа удалгүй олонд хүлээн зөвшөөрөгдсөн Далай лам Жокан сүмд морилж сахил хүртэн даахь үргээх ёслолыг гүйцэтгэсэн юм. Энэ мөчөөс эхлэн тэр толгой халзан, хүрэн улаан лам хувцас байнга өмсөх ёстой боллоо. Эртний уламжлалын дагуу Дээрхийн гэгээнтэнд өөрийнх нь Лхам Дондүв нэрийг сольж Жамбал Агваан Лувсан Еши Данзан Жамц нэрийг хүртээжээ.

Ингээд түүний номд суралцах үе эхлэв. Сургалтын төлөвлөгөө нь бусад шавь лам нарын адил буддийн гүн ухааны докторын зэрэг хүртэх зорилгод чиглэсэн бөгөөд учир зүй, Төвдийн соёл ба урлаг судлал, санскрит, анагаах ухаан, бурханы шашны гүн ухааныг судлана.
Сүүлчийн салбар ухаан хамгийн чухал, хамгийн хүнд салбар ухаан тул таван хэсэгт хуваан судалдаг бөгөөд үүнд Пражняпарамит (билиг барамидын сургаал), Мадхьяамака (төв үзлийн ухаан); Винайн ёс (лам хүний сахил санваар, ёс суртахууны сургаал); Авхидхарма (метафизик) ба Праман (учир зүй буюу танин мэдэхийн онол) эдгээр таван хэсэг байна.

Идэр насны үе



Төрснөөс дүрвэх хүртэл1950 оны зун дуурь бүжгийн баярын нээлт болохоос нэг өдрийн өмнө Дээрхийн гэгээнтэн Норовлинд халуун усны өрөөнөөс гарч байхдаа хөлөн дор газар хөдөлж байгааг мэдэрсэн аж. Энэ газар хөдлөлт намдах үед ард олны дунд газар хөдөлсөн явдал зүгээр нэг хэрэг биш ээ, энэ бол муу ёрын тэмдэг гэсэн цуу яриа тарах болсон байна.

Уг үйл явдал болохоос хоёр өдрийн өмнө засаг баригч Татхаг Ринбүүчи Камын засаг даргаас Төвдийн хилийн харуул руу Хятадын цэрэг гэнэт цөмрөн дайрсан тухай цахилгаан бичиг хүлээн авчээ. Өнгөрсөн намраас эхлээд Хятадын коммунистууд империалист түрэмгийлэгчдийн гараас чөлөөлөх зорилго бүхий хэмээн зарлан Төвдийн хил рүү үе үе довтлох болсон юм. Ийнхүү Хятадууд өөрсдийн санааг хэрэг дээр хэрэгжүүлэхээр шийдсэнийг бүхий л зүйлс харуулж байлаа. "Төвд орон асар их аюулд тулгарч байгааг болон түүний арми ердөө 8500 офицер цэргийн тоотой бөгөөд асар олноор тоологдох Хятадын Ардын Чөлөөлөх армийн (ХАЧА) эсрэг зогсож чадахгүй гэдгийг би сайн ойлгож байсан" гэж Далай лам бичсэн байдаг.

Хоёр сарын дараа аравдугаар сард 80,000 тоотой ХАЧА-ийн цэрэг Чамдогийн зүүн зүгт орших Дричу голыг гатлан нэвтэрсэн тухай мэдээг Лхаст хүлээн авав. Чингэж зандалчны сүх цаазны давцан дээр унаж, удалгүй Лхас ч бууж өгөх үйлийн хувь заяатай болов. Өвлийн хатуу ширүүн цаг ойртох тусам ард түмэн Дээрхийн гэгээнтнээс иргэний засгийн бүрэн эрхийг өөрийн гарт авахыг улам бүр шаардаж эхлэв. Энэ түгшүүртэй цагт Төвдийн засгийн газар Найчүн чойжинтой зөвлөлдсөний эцэст Найчүн чойжин Дээрхийн гэгээнтний өвдөгт сөхрөн "Дүй-ла паб" (Түүний цаг ирэв) гэж хэлжээ.

1950 оны арван нэгдүгээр сарын 17 ны өдөр Норовлин ордонд Дээрхийн гэгээнтэн Далай ламыг Төвдийн иргэний засгийн тэргүүнээр өргөмжлөх баяр ёслол болов. Тэр дөнгөж 15 настай байлаа.

Арван нэгдүгээр сарын эхэнд Далай ламыг энэхүү албан тушаал авахаас хоёр долоо хоногийн өмнө Лхаст түүний ах ирэв. "Түүнийг харсан даруйдаа ах минь ямар их зовлон амссаныг би шууд ойлгож билээ" гэж Далай лам бичжээ. Түүний төрсөн нутаг Амдо, Гүмбүм хийд Хятадын хилтэй тун ойрхон оршдог тул коммунистуудын хяналтан дор маш хурдан оржээ. Түүнийг хийдэд бараг хоригдол шиг барьж байв. Үүний зэрэгцээ Хятадууд түүнд шинэ коммунист үзэл бодлыг үнэмшүүлэх оролдлого хийж оюун ухааны хүчин чадлыг мохоохыг хичээжээ. Үүний дараа түүнийг Хятадын засгийг надад хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Лхасруу явуулсан бөгөөд хэрэв би түүнийг эсэргүүцвэл тэр намайг алаад, үүний төлөө шагнал хүртэх ёстой байжээ".

Дээрхийн гэгээнтэн албан тушаалдаа орсонтой холбогдуулан ял хэлтрүүлэх зарлиг гаргаж бүх хоригдолыг чөлөөлөв. "Би ийм боломж олсондоо ихэд баяртай байсан боловч зарим үед энэ нь гуниг төрүүлэм байсан юм. Урьд өмнө хоригдогчдын аж амьдралыг өөрийн ордонгоос анхааралтай ажигладаг байсан бөгөөд хожим шоронгийн газрыг дурандах үед хашаан дотор хов хоосон, зөвхөн хэдэн нохой хог дээр хоолны үлдэгдэл хайн ухаж байгаа нь л харагдаж байлаа. Надад миний амьдралаас ямар нэг юм алга болчихсон мэт санагдаж билээ" хэмээн Далай лам дурсан бичжээ.

15 настай Далай лам бүрэн хэмжээт дайны үүдэнд зогсож байгаа зургаан сая ард олны маргаангүй удирдагч болсныхоо дараа нэн даруй засгийн газрын лам ба энгийн гэсэн хоёр шинэ даргыг томилов. Тэдний нэг нь лам Лувсан Даш, удаах нь хашир туршлагатай захирагч хар иргэн Лукангва байв.
"Тэд нартай болон сайд нарын танхимтай зөвлөлдсөний дараа би гадаадад–Америк, Англи ба Балба руу, эдгээр улсын засгийн газрыг бидний улсыг өмгөөлөн туслах талаар үнэмшүүлэн ятгах зорилгоор төлөөлөгчдийг илгээхээр шийдэв. Бас өөр хэсэг төлөөлөгчид Хятад руу тэдний цэргийн хүчийг гаргах тухай ярилцан тохиролцхоор явах ёстой байлаа. Эдгээр төлөөний хүмүүс энэ оны эцэст алсын замд гарцгаав. Үүний дараа тун удалгүй Хятадууд дорнод хязгаарт цэргийн хүчийг зузаатгаж эхэлсэн тул би ихэнхи том албан тушаалтнуудын хамт Төвдийн өмнө зүг рүү шилжин хэрэв нөхцөл байдал эрс муудах тохиолдолд хүрвэл хурдан хил давж Энэтхэгт зугтан гарахаар зэхсэн юм. Лувсан Даш, Лункангва хоёр үлдэж өөрсдийн албан үүргийг гүйцэтгэх ёстой байв" хэмээн Дээрхийн гэгээнтэн бичжээ.

Дээрхийн гэгээнтнийг Сиккимын хил, Дромод байх үед зөвхөн Хятад руу чиглэн гарсан төлөөлөгчид л зорьсон газраа хүрсэн ба бусад төлөөний хүмүүс яах ч аргагүйгээр буцаж ирэх болсон тухай мэдээ авлаа. Англи улс Төвдийг эзэмших гэсэн Хятадын өнгөлзлөгийг хүлээн зөвшөөрч байсанд итгэхийн аргагүй байв. Мөн Америк улс туслахад татгалзсан хариу өгсөн явдалд Дээрхийн гэгээнтэн маш их урам хугарав. "Би аймшигт их аюулд тулгарсан сэтгэлийн зовлонд автаж Төвд орон Хятадын коммунистын бүх хүчтэй цор ганцаар тулгарчээ гэдгийг ойлгож байлаа" гэж Далай лам бичсэн байдаг.

Англи, Америкийн зүгээс Төвдийн хувь заяанд хайхрамжгүй хандсан байдалд урам хугарсан Дээрхийн гэгээнтэн Хятадын бүрэн хэмжээгээр цөмрөн орох явдлыг зайлуулах зорилгоор сүүлчийн арга хэмжээг авч Бээжин рүү Хятадуудтай хэлэлцээ хийхээр Камын губернатор Нгабо Агваан Жигмэ-г илгээв. Түүний төлөөлөгч Төвдийн дэвсгэр нутагт Хятадын цэргийн ангийг оруулахгүй байх талаар Хятадын удирдлагад ятган үнэмшүүлэх ёстой байлаа. "Гэтэл нэг орой би ганцаараа сууж байтал радиогоор "Төвдийг энх тайван замаар чөлөөлөх 17 зүйлийн хэлэлцээр"-т БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид болон тэдний хэлснээр, Төвдийн орон нутгийн засгийн төлөөлөгчид гарын үсэг зурав гэж ширүүн бүдүүлэг хоолойгоор зарлалаа. Хятадын тал Төвдийн тамгийг хуурамчаар үйлдэж Нгабогийн толгойлсон төлөөлөгчдийг энэ хэлэлцээрт гарын үсэг зурахыг албадан тулгажээ. Ингэж Хятадууд хэдийгээр бууны аман дор ч Төвдүүдийн найр тавимтгай занг ашиглан төрийн эргэлт хийж чадсан юм" гэж Далай лам бичжээ. Дээрхийн гэгээнтэн Лхаст 1951 оны наймдугаар сарын дундуур буцаж морилсон юм.

Цагаачлан гарахын өмнө



Дараагийн есөн жилийг Далай лам Хятадын цэргийн бүрмөсөн эзлэх оролдогыг зайлуулах, Хятадын түрэмгийлэлийн эсрэг Төвдийн эсэргүүцлийн хүчний улам бүр өсөж байгаа дүргүйцлийг тайтгаруулах гэсэн чармайлтаар өнгөрөөжээ. 1954 оны долдугаар сард Дээрхийн гэгээнтэн 1955 оны зургадугаар сар хүртэл үргэлжилсэн энх тайвны хэлэлцээр явуулахаар Хятадад түүхт айлчлалт хийлээ. Тэр Мао Цзэдун болон Жоу Эньлай, Жу Дэ, Дэн Сяопин нарыг оролцуулсан Хятадын бусад жолоодогчидтой уулзсан байна.

1956 оны арван нэгдүгээр сараас 1957 оны гуравдугаар сарын эцэс хүртэл Дээрхийн гэгээнтэн Энэтхэгт байж Бурхан багшийн (Будда Джаянти) лагшин мэндэлсний 2500 жилийн ойд зориулсан баярт оролцов.

1958-1959 оны өвөл Далай лам Лхаст шашны сургууль төгсөх шалгалт өгч байх үеэр Хятадуудын улам даварч байгаа харгислалын тухай гайхал тасруулсан мэдээ ирсээр байв.

Цагаачлан гарав



1959 оны гуравдугаар сарын 10 ны өдөр хятадын генерал Жан Зинь Төвдийн удирдагчдыг энгийн юм шиг санагдах Хятадын бүжигчид оролцсон театрын тоглолтонд урьсан урилга ирүүлээ. Удалгүй Далай ламыг Төвдийн цэргүүд дагалдах ёсгүй, түүний бие хамгаалагчид буугүй байхыг заасан урилга дахин ирэхэд Лхасын энгийн ард олон их түгшүүрт автав. Нэн удалгүй Норовлин ордонг тойрон арван мянган Төвдүүд цугларч залуу удирдагчийн амь насанд тохиолдож болох бүхий л аюулыг тас цохох эрс шийдэмгий байдалд хүрсэн байв.

1959 оны гуравдугаар сарын 17 ны өдөр Найчүн Чойжинтой зөвлөлдөх үеэр Далай ламд нутаг орноо орхин гарахыг тодорхой заасан байна. Хэдийгээр Төвдийг орхин гарах боломж тун өчүүхэн байсан ч Дээрхийн гэгээнтний мэргэ Чойжины үгийг баталжээ.

Оройн 10 цагийн орчим Дээрхийн гэгээнтэн энгийн цэрэг хувцас өмсөөд цөөн тооны харуулын хамт бөөгнөрсөн хүмүүсийн дундуур арай гэж гарч Кьичу голын зүг хөдлөв. Энэ газар түүнтэй бусад шадар хүмүүс болон гэр бүлийн ойрын төрөл садангууд ирж нэгдэцгээв.

Цагаачлалын үед



Төрснөөс дүрвэх хүртэлДээрхийн гэгээнтэн ба түүний дагуул хүмүүс Лхасаас гараад гурван долоо хоногийн хойно Энэтхэгийн хил дээр хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн торгон цэрэг тэднийг угтан Бомдил хүртэл дагалдав. Энэтхэгийн засгийн газар Далай ламд болон түүнийг дагагчидад хорогдох газар олгох зөвшөөрөл өгч байгаагаа аль хэдийнээ урьдчилан мэдэгдсэн байлаа. Массурид Дээрхийн гэгээнтэн Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Нерутэй уулзаж Энэтхэг рүү дүрвэн гарсан Төвд хүмүүст дэмжин туслах арга хэмжээний талаар ярилцан тохирчээ.

Дээрхийн гэгээнтэн Төвд хүүхдүүдэд орчин үеийн боловсрол олгох нь чухал гэдгийг ойлгон Энэтхэгийн боловсролын яамны дэргэд Төвдийн дүрвэгсэдийн боловсролын асуудлыг шийдэх тусгай салбар нээх талаар Нерутэй ярилцаж итгүүлэв. Энэтхэгийн засгийн газар Төвд хүүхдүүдийг сургах сургууль нээх, түүний бүх эд хөрөнгийн зардлыг өөртөө хариуцан даав.

1959 оны зургадугаар сарын 20-ны өдөр Дээрхийн гэгээнтэн хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж "17 зүйлийн хэлэлцээр" хүчингүй болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Тэр мөн Төвдийн засгийн газарт чухал өөрчлөн байгуулалт хийв. Шинэ яамуудыг байгуулах захирамж гаргаж Мэдээллийн яам, Боловсролын яам, Дотоод явдлын яам, Аюулаас хамгаалах яам, Шашны хэргийг эрхлэх яам болон Эдийн засгийн яамыг тус тус байгуулав. Тоо нь 30 мянга хүртэл өссөн Төвд дүрвэгсэдийн ихэнхи нь умард Энэтхэгийн өндөр уулын хормойгоор зам даган байрлах майхан лагериудад амь зууцгааж байв. 1960 оны гуравдугаар сарын 10 нд Далай лам Төвдийн ард түмний бослого гарсны 1 жилийн ойг тохиолдуулан одоогийн үе хүртэл уламжлал болсон мэдэгдэл хийв.

"Би ард түмнээсээ Төвд дэхь байдалд ирээдүйг харсан алсын бодлогтой байх тал дээр онцгой анхаарал тавихыг хүсэв. Цагаачлан гарсан олонд манай хамгийн гол зорилго бол шинэ газар аж амьдарлыг тохинуулахыг хичээж, өөрсдийн уламжлалт зан заншлыг нандигнан хадгалах явдал гэж хэлэв. Харин ирээдүйн талаар гэвэл манай гол зэвсэг бол үнэн, шударга байдал ба чин зориг бөгөөд үүний ачаар бидний Төвдүүд эцсийн эцэст Төвд орныхоо эрх чөлөөний тэмцэлд ялалт байгуулна гэдэгт би итгэж байгаагаа илэрхийлэв."
Үзсэн: 35 269  |  Далай лам
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц