Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азид ардчиллыг бэхжүүлэх тухай бага хуралд үг хэлж, Жимкана клубын гишүүдтэй уулзлаа

4-04-2015, 11:32  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 23

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 3 дугаар сарын 23- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Азид ардчиллыг бэхжүүлэх нь’ сэдэвт бага хурлын нээлтэд үг хэлэхээр Энэтхэгийн Олон Улсын төвд өнөө өглөө морилон ирэхэд тэнгэр цэлмэсэн тогтуун байлаа. Доктор Жорж Матью арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэ удаагийн бага хурлын онцлог нь Энэтхэгийн улс төрийн ахмад зүтгэлтэн Жорж Фернандесийн өвийг хамгаалахад зориулагдаж байгаад оршиж байна хэмээн тэмдэглэв. Тэр эрүүл мэндийн байдлынхаа (тэрээр Алцгеймэрийн синдром болон Паркинсоны өвчнөөр шаналж байгаа) улмаас олны өмнө гарах боломжгүй байгаа тул найз нөхөд нь түүнд зориулж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азид ардчиллыг бэхжүүлэх тухай бага хуралд үг хэлж, Жимкана клубын гишүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Олон Улсын Төвд
цугласан олон нийттэй мэндчилж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2015.3. 23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ардчиллыг Хөгжүүлэх Үндэсний сангийн ерөнхийлөгч Карл Гершман Жорж Фернандесийн амьдрал, үйл хэргийг танилцуулахын өмнө Дээрхийн Гэгээнтэн болон сикён, доктор Лувсан Сэнгээтэй мэндчиллээ. Азийн Ардчиллын Сүлжээ байгууллагыг төлөөлөн Солонгосоос ирсэн ноён Ли Анселмо хэлэхдээ, тус байгууллага анх удаа Энэтхэгийн уулзалтад оролцож байгааг тэмдэглэн хэлэв. Хүний эрхийг тодорхойлсон анхны баримт бичгүүдийн нэг Магна Карта буюу эрх чөлөөний агуу хартийн 800 жилийн ой энэ онд тохиож байгаад тэрээр олны анхаарлыг хандууллаа. Энэ онд мөн Дэлхийн 2 дугаар дайн дууссан ба НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна.

Ардчиллын төлөө Дэлхийн Хөдөлгөөн байгууллагын нэрийн өмнөөс хатагтай Мелинда Кинтос де Хесус хэлэхдээ, ардчилал тогтоох үйл явц нь тэвчээр болон тууштай байдлын аль алиныг биднээс шаардаж байна гэв. Цаашид эмэгтэйчүүд болон энх тайвны асуудалд илүү анхаарал тавина гэдэгт найдаж буйгаа тэр илэрхийлээд, 21 дүгээр зуун нь Азийн зуун болно хэмээн зарлалаа. Карл Гершман хэлэхдээ, Жорж Фернандест улс төрийн талаасаа бусад хүмүүсийн эв санааны нэгдэл ихээхэн тус нэмэр болж байсныг тэмдэглэв. Фернандес Дээрхийн Гэгээнтэнтэй андын холбоотой байсан бөгөөд Төвөдийн ард түмний тууштай дэмжигч байсан байна.

“Хүндэт ахан дүүс нар минь ээ. Энэ удаагийн уулзалт бол онцгой нэгэн үйл явдал болж байна. Энд цугласан хүн бүхэн өөрийн сайн сайхны төлөө төдийгүй бусдын төлөө санаа тавьж байгааг би үнэлж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Өнөөдөр энэ онцгой уулзалт дээр бид миний эртний анд Жорж Фернадесийг дурсан санаж байна. Тэр батлан хамгаалахын сайд байхдаа ч энгийн амьдарсан ба амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байсан. Миний зарим нөхдийн хандлага эрх мэдэлд хүрэнгүүтээ өөрчлөгдөж байсан бол Жорж тэгээгүй. Тэр эхнээсээ л Төвөдийн ард түмэн хийгээд Төвөдийн үйл хэргийг дэмжигч байсан бөгөөд тэдний төлөө үг хэлэх боломж бүрийг алдаггүй байсан. Би түүний дүр төрхийг насан эцэс болтлоо зүрх сэтгэлдээ санаж байх ба хойд төрөлдөө ч түүнийг дурсан санах болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азид ардчиллыг бэхжүүлэх тухай бага хуралд үг хэлж, Жимкана клубын гишүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Азид ардчиллыг бэхжүүлэх нь"
сэдэвт бага хурал дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2015.3. 23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ардчиллын ач холбогдлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, амьтад хүртэл эрх чөлөөнд дурладаг гэв. Түүний тэжээж байсан бяцхан хав муур хоёр хаалга онгойх бүрт гарч гүйх дуртай байсныг дурсан ярив. Бид өөрсдийн бүтээлч чадвар, оюун ухаанаа дайчлах нь туйлын чухал хэмээн тэр хэллээ. Дээрхийн Гэгээнтэн танхимд суугаа хүмүүсийг тойруулж хараад, энэ удаагийн ууүлзалтад Африк, Арабын орнуудаас төлөөлөгч ирээгүйг тэмдэглэн хэлэв. Африкийн орнуудад асар их боломж байгааг тэрээр дурдаад, цаашид тэдгээр орнуудаас төлөөлөгч урьж байхыг санал болголоо.

“Арабын ихэнх орнуудад өнөөдөр олон асуудал тулгарч байгаа ч, тэдгээр аюул заналыг буй болгоод байгаа террористууд болон цэргийнхэн ч хүн гэдгийг санаж байх нь чухал. Бид тэдэнтэй нөхөрлөж, итгэлийг нь авах ёстой. Ер нь аливаа асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэх нь буруу арга.”

“Өнөөдөр бид шашин шүтлэг, эсвэл яс үндэс гэх мэт хоёрдугаар зэргийн ялгаанд хэт их анхаарал хандуулж байна. Энд Энэтхэгт жишээлбэл кастын тогтолцоо эрх чөлөө, ардчилалд саад тотгор болж байна. 2600 жилийн өмнө Шагжамуни Будда кастын ялгаварлан гадуурхахыг эсэргүүцдэг байсан. Ардчилалд эрх чөлөө төдийгүй, эрх тэгш байдал мөн чухал ач холбогдолтой. “

“Орост больщевик хувьсгалаар цагаан хааныг сэнтийнээс нь буулгасан ч, дараа нь Ленин өөрөө хаан шигээ дарангуйлагч болсон.Үүний нэгэн адил Хятадын коммунистууд эзэн хаан болон цэргийн эрх мэдэлтнүүдийн засаглалыг амжилттай татан буулгасан хэрнээ дараа нь өөрсдөө тэдэнтэйгээ адилхан болсон. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт тоталитаризмын явцуу, хэт харалган үзэл баримтлалын эсрэг тэмцэж байгаа хүмүүсийг ардчиллын төлөө хөдөлгөөн эгнээндээ нэгтгэх ёстой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азид ардчиллыг бэхжүүлэх тухай бага хуралд үг хэлж, Жимкана клубын гишүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3. 23. Фото Тэнзин Чоежор /ДЛО
Танхимаас тавьсан асуултад Дээхийн Гэгээнтэн хариулахдаа, Энэтхэг бол дэлхийн хамгийн олон хүн ам бүхий ардчилсан, хуулийг дээдэлдэг, бүс нутагтаа хамгийн тогтвортой бодлого бүхий орон хэмээн тодорхойлов. Үүнтэй харьцуулахад, Хятад орон дэлхийн бусад орноос тусгаарлагдмал байх нь Хятадын эрх ашигт үл нийцнэ гэдгийг Дэн Сяопин олж харж чадсан. Тэр эдийн засгийг нээлттэй болгож, хэдэн сая хүнийг ядуурлаас аварсан бол одоо Хятадын улс төрийн тогтолцоо өөрчлөгдөхгүй бол эдийн засгийн ололт амжилт алдагдах магадлалтай хэмээн зарим судлаачид хэлж байна.

Хятадын ард түмэн эцсийн эцэст Лю Сяабо лугаа тоталитаризмыг эсэргүүцэх болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Гадаадад өнөө сурч байгаа Хятадын мянга мянган оюутан ч мөн өөрчлөлтийг авчирна. Лю Сяабог дурсан санасанд нь Карл Гершман Дээрхийн Гэгэнтэнд талархлаа илэрхийлээд, ирээдүйд тэр ийм төрлийн арга хэмжээнд чөлөөтэй оролцох боломжтой болохын хамт энд хуран цугласан хүмүүс түүнийг дэмжиж байгаа гэдгийг мэднэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Хэдхэн хүний гарт асар их эрх мэдэл төвлөрдгийг хүүхэд байхдаа анзаарснаа Дээрхийн Гэгээнтэн дурсаад, шинэчлэл өөрчлөлтийг хийх гэж хэрхэн зорьж байсан тухайгаа хүүрнэлээ. Гэхдээ энэ хүчин зүтгэл нь төвөдүүд цагаачилсан тэр цагаас амжилт олсон бөгөөд эцсийн дүнд улс төрийн удирдагчдыг сонгуулиар шийдэх зарим нэг арга хэмжээ авсны үр дүнд тэрээр улс төрийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн байна.

Гонг Конгоос ирсэн зүтгэлтэн Дээрхийн Гэгээнтнээс зөвөлгөө хүсэхэд тэрээр,

“Хичнээн хэцүү байсан ч, өөрийн зарчимдаа үнэнч байх хэрэгтэй. Буу, үнэн хоёрын хүчний хоорондын тэмцэлд богино хугацаанд буу илүү хүчтэй байж болох ч, алс хэтдээ үнэн хэзээд ялдаг. Өөрийн үзэл баримтлалдаа амгалан тайвнаар тууштай бай” хэмээн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азид ардчиллыг бэхжүүлэх тухай бага хуралд үг хэлж, Жимкана клубын гишүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Азид ардчиллыг бэхжүүлэх нь
"сэдэвт бага хурлын үеэр танхимаас тавьсан асуултуудад
хариулж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3. 23.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Бангладеш улсаас ирсэн эмэгтэй ардчилсан орнуудад хүртэл эмэгтэйчүүдэд тулгарч байгаа хүндрэлийн асуудлыг хөндөж асуулт тавилаа. Хүний нийгмийн хөгжлийн эхэн үед удирдагчдын гол шалгуур нь бие махбодийн хүч чадал байсан учраас тэр цагт эрчүүд нийгэмд давамгайлдаг байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Өнөөдөр боловсролын ачаар илүү эрх тэгш байдал бий болсон учраас эмэгтэйчүүдэд илүү их эрх мэдлийг өгөх нь зайлшгүй шаардлага болоод байна.

Энэтхэг болон Пакистан улсуудын хоорондох итгэлцлийг хэрхэн бэхжүүлэх тухай Пакистанаас ирсэн эмэгтэй асуухад, зориудын тараасан суртал ухуулгыг даван туулахын тулд ард иргэдийн харилцан солилцоог илүүтэй хэрэгжүүлэх нь практик алхам болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.

Карл Гершман сикён, доктор Лувсан Сэнгээг танилцуулахад, тэрээр Дээрхийн Гэгээнтний зүгээс хийж хэрэгжүүлсэн ардчилсан өөрчлөлтүүдийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Хэдийгээр Далай Лам түүнийг ‘миний улс төрийн удирдагч’ хэмээн нэрлэдэг ч, түүний алба халаатай, харин Дээрхийн Гэгээнтэн бол насан туршийн оюун санааны удирдагч хэмээн тэр тэмдэглэн хэллээ. Тэр мөн төвөдүүдэд хэдэн арван жилийн турш дэмжлэг туслалцаа үзүүлсэн Жорж Фернандест гүн хүндэтгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дараа нь доктор Аш Н Рой талархлын үг хэлсэн байна.
Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн MNB телевизийн Монголын дуу хоолой нэвтрүүлэгт ярилцлага өгөв. Энх тайван, эв зохицол нь бүх нийтийн эрх ашигт нийцнэ хэмээн тэр хэллээ. Эв зохицлыг мөнгө төгрөг, эрх мэдлээр бус, харин илүү энэрэнгүй үзлийг хэвшүүлэх замаар бий болгох ба улмаар тэр нь агуу их итгэлцэл, нөхөрлөлд хөтөлнө хэмээн тэр тэмдэглэн хэллээ. Монгол бол буддын шашинт орон бөгөөд Төвөдийн нэгэн адил Наландагийн уламжлалыг залгамжлагч гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Маргааш Дели хотноо нээгдэх шинжлэх ухааны сэдэвт бага хуралд Монголын төлөөлөгчдийг оролцоосой гэж хүсч буйгаа тэрээр илэрхийлжээ.

Ид халуу шатсан үдээс хойш Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд Жимкана клубын гишүүд халуун дотноор угтан авсан ба тэнд тэрээр халуун сэтгэл хийгээд оюун ухааны аль алиныг хөгжүүлэх шаардлагатай тухай яриа хийсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азид ардчиллыг бэхжүүлэх тухай бага хуралд үг хэлж, Жимкана клубын гишүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жимкана клубт зочлон, үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3. 23.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Бидний бүхий л мэдлэг Энэтхэгээс эхтэй. 15 дугаар зууны Төвөдийн нэрт сэтгэгч хэлэхдээ, Төвөд орон мөнх цасны хүчээр цагаан харагддаг ч, Энэтхэгээс эрдэм мэдлэгийн гэрэл тусах хүртэл мөн чанартаа харанхуй байсан гэсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

“Энэтхэгчүүд та бүхэн бидний багш гүрү бол бид та нарын шавь. Та бүхнээс хүлээн авсан эрдэм мэдлэгээ сайн хамгаалж хадгалж чадсан учраас бид найдвартай шавь гэдгээ батлан харуулсан гэж би боддог.”

Бид бүгд адил хүний төрөлтөн гэдгээ ухамсарласны үндсэн дээр иргэний замаар ёс зүйг хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар тэр ярилаа.

“Хэрвээ бид үнэнч шударга, ил тод байвал бусдын итгэлийг олох бөгөөд итгэл нь улмаар нөхөрлөлийг төрүүлдэг. Нийгмийн амьтад болох бидний хувьд нөхөрлөл маш чухал ач холбогдолтой. Энэ амьдралдаа илүү ёс суртахуунтай байж чадвал энэ нь өөртөө итгэлтэй байдал хийгээд дотоод амар амгаланг авчирна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам сонсогчдын асуултуудад хариулахдаа, Будда түүний сургаалийн тухайд эргэлзэх, учир шалтгааны үүднээс шинжлэн нягтлах эрхийг шавь нартаа олгосон тухай сануулан хэллээ. Түүний сургаалийг сонсч байгаа хүмүүсийн сонирхол хийгээд чадавхийн дагуу Будда янз бүрийн сургааль айлдаж байсан хэмээн тэр хэлэв.
Анхаарал төвлөрлийн тухай асуултад, өөрт өмчлөх сэтгэлийг сөрөхийн тулд бие махбодийн түвшинд анхаарлыг төвлөрүүлэх явдлыг ашиглах боломжтой хэмээн тэр хариулаад, гэхдээ мэдрэмжийн болон сэтгэлийн түвшинд анхаарал төвлөрүүлэх явдал байдгийг мөн санууллаа. Бодит оршихуйн хоосон чанарын тухайд, юмс огт оршдоггүй гэсэн утга биш гэдгийг тайлбарлав. 11 дүгээр зуунд амьдарч байсан сэтгэгчийн үгийг тэр эш татлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азид ардчиллыг бэхжүүлэх тухай бага хуралд үг хэлж, Жимкана клубын гишүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонч байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3. 23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
“Гар хоосон, гал хоосон, шаталт бас хоосон боловч, хэрвээ та гараа гал дээр тавибал өвдөлтийг мэдэрнэ.”

Үйлийн үрийн тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, үйлийн үр гэсэн үг нь үйлдэл гэсэн утгатай хэмээв. Зарим хүн өөрт тохиолдсон зүйлийн бурууг ‘үйлийн үрт’ зүгээр л нялзаадаг хэрнээ өөрийн үйлдлээрээ хэн энэ үйлийн үрийг буй болгосон талаар боддоггүй. Тэд өөрсдөө үйлийн үрээ боловсруулдаг. Орчин үеийн нийгэмд эртний үнэт зүйлс оршдог эсэх тухай эргэлзээнд тэрээр, нийгэмд уламжлалт эерэг үнэт зүйлсийг хамгаалах талаар хүчин зүтгэл гаргах шаардлага байгаа нь үнэн хэмээн хариулав.

Уулзалтын төгсгөлд клубын нарийн бичгийн дарга, ноён Видьяа Чиббер Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд талархал илэрхийлээд, түүнийг энх тайвны элч, хосгүй ховор хүн хэмээн үнэллээ.
Үзсэн: 2 172
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц