Кембриджэд сэтгүүлчидтэй уулзаж, Лондонд хүүхдүүдтэй уулзав

4-10-2015, 14:55  |  Хэвлэх

2015 оны 9 дүгээр сарын 19

Англи, Лондон, 2015.09.18 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кембриджээс хөдлөхийн өмнө хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөв. The Times сэтгүүлийн сурвалжлагч Фиона Вилсонд “Миний сурсан эрдэм” сэдвээр ярилцлага өгөв. Сэтгүүлчийн асуулт хувийн болон улс төрийн олон сэдвийг хөндсөн юм. Европт нүүрлээд буй дүрвэгсэдийн тухай асуусанд Далай Лам: “Хэд хэдэн улс цагаачдыг өөрийн нутагтаа авахаар болсон нь үнэхээр сайшаалтай хэрэг. Гэхдээ хамгийн гол нь тэдний дүрвэн зугатсан өөрсдийн нутаг оронд нь энх тайвныг бий болгох хэрэгтэй. Бид энх тайвныг бий болгохын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гэв.

Кембриджэд сэтгүүлчидтэй уулзаж, Лондонд хүүхдүүдтэй уулзав
Фиона Вилсон Далай Ламаас ярилцлага авч байгаа нь. Их Британи,
Кембридж. 2015.09.18. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Шашны нэрийн өмнөөс хүчирхийллийг зөвтгөж болох уу” хэмээн асуусанд тэрээр “Хэзээ ч үгүй” гэж хариуллаа.
“Тэгвэл дайныг ер нь зөвтгөж болох уу?” хэмээн асуусанд “Үүнд хариулах хэцүү. Дэлхийн II дайн нь фашизмийн дэглэмийг нурааснаараа ашигтай байсан бол Солонгосын дайн нь Өмнөд Солонгосыг авч үлдсэн. Харин Вьетнамын дайныг дүгнэж хэлэхэд төвөгтэй.” хэмээн хариулав.

Багын дурсамжаасаа хуваалцахыг хүсэхэд тэрээр аль хоёр настай байхдаа л эхийн их хайрыг мэдэрдэг байснаа одоо хүртэл санадаг хэмээлээ.

Шашнаас тусгаарлах үзлийн нөлөөгөөр шашны сургаалын хүч суларч байгаа эсэхийг асуусанд “Хэрэв Бурхан Багш өдгөө сэрүүн заларч байсан бол шашнаас ангид ёс суртахууныг зайлшгүй номлох байсан” гэв. Аль шашны удирдагчийг бишрэн хүндэтгэдэг вэ гэсэн асуултанд II пап Жон Паулыг нэрлэлээ. Тэрээр II пап Жон Паулын шашин хоорондын эв нэгдэлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг ажээ.

“Та ер нь уурладаг уу?” гэсэн хатагтай Вилсоны асуултанд “Тиймээ, миний албаны хүмүүс алдаа гаргах үед би уурладаг. Гэхдээ энэ нь дандаа хамгийн сүүлийн шатанд бий болдог” хэмээн хариулав.

“Та хэзээ хамгийн их жаргалтай байдаг вэ?” гэсэн асуултанд “Би өдөр бүр бусдад туслахын төлөө залбирдаг. Энэ үед жаргалтай байдаг.” гэлээ.

Кембриджэд сэтгүүлчидтэй уулзаж, Лондонд хүүхдүүдтэй уулзав
Фиона Вилсон Далай Ламаас ярилцлага авч байгаа нь. Их Британи,
Кембридж. 2015.09.18. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
The Big Issue сэтгүүлийн сурвалжлагч Стевен Макензи Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг дэлхий дээрх хамгийн алдартай цагаач хэмээн тодорхойлов. Далай Лам түүнд “Манай төвөдүүдийн дунд “Өөрийн гэр шиг жаргалтай газар үгүй, өөрийн эцэг эх шиг ачлалтай хүн үгүй” гэсэн үг байдаг” гэлээ.

Макензи мөн эх орондоо байгаа төвөд иргэдтэй хэрхэн холбоотой байдаг талаар асуусанд тэрээр анх Төвөдөөс дүрвэн гарсан 1959 оноос 1979 он хүртэл цагаачлан гарах хүсэлтэй олон иргэд төвөдөөс гарч чадаагүй бөгөөд Дин Сиао Пиний өөрчлөлтийн дараа буюу 1979, 1980 оноос эхлэн иргэд Төвөдөөс Энэтхэгт цагаачлах, мөн буцаж очих боломжтой болсон тухай ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь өөрсдийгөө “Шинэ Гаадамбын урсгалыг хадгалагчид” хэмээн нэрлэсэн бүлгэмийн хэсэг гишүүдтэй уулзав. Тэд өөрсдийгөө гаадамбын шинэ урсгалынхан гэж байгаа аж. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хэд хэдэн шийдвэрийг тэд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүний айлчлалын үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулдаг билээ. Гол нь тэд Должал буюу Шүгдэнгийн тал дээр санал зөрөлддөг юм. Дээрхийн Гэгээнтэн:

“400 гаруй жил үргэлжилсэн Должалын түүхийг та бүхэн мэдэх байх. Нэг хэсэг би өөрөө ч шүтдэг байлаа. Надад сахил хайрласан миний гол багш Лин ринбочэ Должалыг огт шүтдэггүй байсан, харин туслах багш Тижан ринбочэ шүтдэг байв. 1970 аад оны үеэс эргэлзээтэй асуудлууд гарч эхэлсэн тул би Должалын талаар нарийн судалгаа хамтарч хийхийг хэсэг эрдэмтдээс хүссэн юм. улмаар бид “Должал нь буруу ерөөлийн эрхээр тангарагаасаа няцсан чөтгөр болов.” хэмээх V Далай Ламын тодорхойлолт байдгийг олж мэдсэн юм.” хэмээн яриагаа эхлэв.

V Далай Ламын дараа VII Далай Ламын багш, гэлүгбийн шашны тэргүүн буюу Гандан Ширээт Агваанчогдонгийн үед зарим нэгэн хамба лам нар Должалыг шүтээд зогсохгүй Гандан хийдэд тусгайлан сахиусны сүм байрьжээ. Үүнийг Гандан Ширээт Агваанчогдон буруушаан сахиусны сүмийг нураалгаж, Должал шүтэхийг хориглосон байна. Тэрээр гэлүгбийн шашныг үндэслэгч Богд Зонхов сэрүүн заларч байхдаа өөрийн нутгийн сахиусыг Гандан хийдийн хүрээн дотор оруулдаггүй байсныг онцолдог байжээ.

Кембриджэд сэтгүүлчидтэй уулзаж, Лондонд хүүхдүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Шинэ Гаадамбын урсгалыг
хадгалагчид” бүлгэмийн гишүүдтэй уулзав. Их Британи,
Кембридж. 2015.09.18. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Дараа нь XIII Далай Лам ч гэсэн Должал шүтэхийг хорьсон бөгөөд энэ тухайгаа Павонха ринбочэд сануулсан байна. Ер нь намайг шүтэж эхлэхийг хүртэл нэг ч Далай Лам Должалтай орооцолдож байгаагүй гэдгийг би хожим мэдсэн. Хэрэв V болон XIII Далай Лам нар эдүгээ дахин гарч ирвэл намайг гэрт минь буцаах биз ээ.”

“Эхлээд зөвхөн би өөрөө шүтэхээ зогсоосон юм. Гэвч төд удалгүй Энэтхэг дэхь Гандан Жанзэ дацанд өлзий бус зүйлүүд удаа дараа гарах болсон тул уг дацангийн лам нар энэ талаар Тижан ринбочэд айлтгасан байна. Тижан ринбочэ мэргэлж үзээд Гандан Жанзэ дацангийн сахиус Балдан Лхам хилэгнэсэн байна гэжээ. Үүний дараа дацангийн удирдлагууд надаас хэрхэх тухай асуусан юм. Ингээд би уламжлалын дагуу үрлээр мэргэлж үзсэн. Эхний асуултыг “Гандан Жанзэ дацанд өлзий бус зүйл гарч байгаа нь Балдан Лхамыг хилэгнүүлснээс болсон уу?” гэж асуухад “тийм” гэсэн хариулт гарав. Ингээд би цааш нь “Балдан Лхам хилэгнэсэн нь шинэ сахиуснаас болсон уу?” гэж асуухад “тийм” гэсэн хариулт гарсан. Үүнийг Гандан Жанзэ дацангийн гол лам нарт танилцуулаад хэрхэх тухай хэлэлцэж билээ. Удалгүй энэ явдал алгуур олны дунд мэдэгдэж эхэлсэн юм. Тэгээд ч Төвөдөд буй Должал шүтэгч зарим хүмүүс Далай Лам нинмава нарт тал засахын тулд ийм алхам хийсэн гэж ярих болсон тул би олон нийтэд тайлбар хийхээс өөр аргагүйд хүрсэн юм. Бүр миний ахмад багш Лин ринбочэ ч миний нинмавын увидас хүртэх ажил маань Должалаас болж бүтэлгүйтэхийг хүртэл болгоомжтой ханддаг байсан. Би Должал шүтэхээ зогсоосноос хойш хувьдаа шашин шүтэх эрх чөлөөгөө олсон бөгөөд улмаар шашны урсгалаар явцуурахыг хориглож байсан XIII Далай Ламын үйл хэргийг үргэлжлүүлсэн билээ.”

“Энэ бүгдийн эцэст Должалыг дэмжигч хэсэг хүмүүс Дели хотод бэлтгэл базааж байгаад Лувсанжамц ламыг хоёр шавийн хамт егүүтгэсэн юм. Химачел Прадеш мужийн цагдаагийн газрын мөрдлөгөөр гэмт хэрэгтнүүд Төвөд рүү зугатсан болохыг мэдсэн бөгөөд тэднийг Хятадын албаны хүмүүс угтаж авсан байдаг.”

“Үнэн бодит байдлыг танилцуулах нь миний үүрэг. Харин миний хэлснийг хүлээж авах эсэх нь хувь хүний хэрэг мөн. Ямартаа ч би тэдний хойд насанд санаа зовниж байна. Жагсагчид надад ууртай байгаа харагддаг. Би тэднийг харах бүртээ тэдэнд санаа зовнидог юм.”

“Бурханы шашинтай хүн Наландагийн 17 бандида нарын адил бодит сургаалыг дагадаг байх ёстой. Далдын хүчийг шүтэх нь бурханы шашны ном сургаалыг сурч мэдэхэд саад болж байна.”

“Нууц тарнийн номд суралцаж буй хүн “Гүрү ёога” буюу багшийн айлдвар сургаалыг сайтар дагаж байж амжилтанд хүрдэг. Гэсэн ч Бурхан Багш өөрийнх нь сургаалыг шүтэж бишрэхээс өмнө сайн нягталж, судлах хэрэгтэй гэж айлдсан. Буддын ном сургаалыг илүү өргөн хүрээнд үүзэж судлах хэрэгтэй. Нагаржуна, Чандракирти, Шантидева нарын ном сургаалыг судалж үз. Мөн Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номыг судлах хэрэгтэй. Должалыг шүтэж алдаа хийлээ гэж бүү санаа зов. XIV Далай Лам ч гэсэн Должалыг шүтэж байлаа.”

“Би Галсанжамц ламыг танина. Тэр гэвш биш, гэхдээ эрдэм мэдлэг сайтай хүн. Намайг Мүссирид байх үед Гүнтан ринбочийн ховор зохиолыг өгч байсан юм. Лама Сойпа ринбочэ түүнийг Англид ном айлдуулахаар урьсан боловч хожим тэдний дунд үл ойлголцол үүссэн билээ. Би тэднийг эвлэрүүлэхийн тулд албаны хүн томилж зуучлуулсан боловч тус болоогүй. 1981 онд надаас Мадисон Висконсинд Дүйнхорын ван айлдахыг хүссэн бөгөөд би түүний багш Лама Сойпа ринбочийн зөвлөсний дагуу Дүйнхорын ван тавьсан юм. Тэр намайг, мөн өөрийнхөө багшийг эсэргүүцэж байна. Өөрийн шавь нараас зөвхөн өөрийг нь дагахыг шаарддаг. Цаашид та нар түүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй боловч Бурхан Багшийн болон Богд Зонховын үнэн бодит сургаалыг дагаж байна уу, үгүй юу гэдгээ анхаарах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдэнтэй уулзсандаа баяртай байгаагаа дуулгав. Тэрээр дахин Должал шүтэж алдаа хийлээ гэж санаа зовохгүй шаардлаггүй, хэрэв санаа зовних үе гарвал Далай Лам ч гэсэн шүтэж байгаад больсон гэдгийг санаарай гэлээ.

Кембриджэд сэтгүүлчидтэй уулзаж, Лондонд хүүхдүүдтэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Лондонгийн Невтоны бэлтгэл сургуульд
хүүхдүүдийн үзүүлбэрийг сонирхов. Их Британи, Лондон.
2015.09.18. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лондон руу морилсон бөгөөд тэнд Невтоны бэлтгэл сургуульд зочлов. Кембриджэд хоёр өдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан хамт олон энэхүү уулзалтыг мөн зохион байгуулсан ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уг уулзалтанд лорд Виллиамын хамт оролцсон бөгөөд тэд сургуулийн үүдэнд захирал, хатагтай Алисон Флемингтэй уулзав. Хатагтай Алисон Флеминг тус сургуулийн урлагтын тоглолт үзүүлэх хүүхдийн дэргэд тэднийг урьлаа.

Лондонгийн ерөнхий боловсролын долоон сургуулаас хүрэлцэн ирсэн хүүхдүүд хүний эрх, эрх чөлөө ба тэднийг өсөж өндийх үед эх дэлхий ямар байх тухай бэлтгэн ирсэн өөрсдийн үзүүлбэрийг сонирхууллаа. Хүүхдүүдийн зарим нь дуу дуулж, зарим нь бүжиглэсэн бөгөөд мөн зарим нь шүлэг уншив. Мөн зарим хүүхдүүдүүд богино хэмжээний жүжиг тавьсан юм. Эцэст нь тэд Далай Лам болон лорд Виллиамс нарын дэргэд суугаад харилцан яриа өрнүүлэв.

Үдээс хойш хөтөлбөр дууссан бөгөөд Невтоны бэлтгэл сургуулийн захирал, хатагтай Алисон Флеминг, Камерон Тайлор, лорд Рүми Вержее нар Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлснээр үйл ажиллагаа бүрэн өндөрлөсөн билээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хананд өлгөөтэй байсан “энх тайван” гэсэн үгтэй самбарыг заагаад:
“Энх тайван бол бидний зорилго мөн. Энх тайван нь бидний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлаар ирдэг. Хэрвээ дэлхий дахинд энх тайван тогтвол бид бүхэн жаргалтай байх болно. Бид шудрага, үнэнч, цэвэр итгэл дүүрэн амьдарч чадвал аз ажаргалыг мэдэрч чадна. Намайг урьсанд баярлалаа.” гээд яриагаа өндөрлөсөн юм.
Үзсэн: 2 135
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц