Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Капитол Хиллд морилсон ба үдээс хойш “Төвөдийн андууд”-тай уулзав

19-06-2016, 18:49  |  Хэвлэх

2016 оны 6 дугаар сар 15

АНУ, Вашингтон хот. 2016.06.14 – Гэгээн зуны өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вашингтон хотын өргөн чөлөөгөөр явсаар засгийн газрын төв байр Капитол Хиллд морилон ирэв. Түүнийг ирсэн даруй хуучин анд, цөөнхийн бүлгийн дарга хатагтай Нанси Пелоси болон сенат Патрик Лихи нар хүлээн авч сенатын гадаад харилцааны бүлгийн хурлын танхим хүртэл дагалдан явлаа.

Дараа нь засвар хийж буй дугуй ордонд байрлах хатагтай Нанси Пелосигийн албан өрөөнд зочилсон бөгөөд тэнд өрөө дүүрэн хүндэтгэл бүхий хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг хүлээн сууж байв.

Америкийн конгрессийн гишүүдтэй уулзах үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Капитол Хиллд морилсон ба үдээс хойш “Төвөдийн андууд”-тай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Капитол Хиллд морилох үеэр
конгрессийн гишүүдтэй уулзав. АНУ, Вашингтон хот.
2016.06.14. Гэрэл зургийг Сонам Зогсан
“Конгресс бидэнд баттай дэмжлэг үзүүлэхээ байнга илэрхийлдэг. Бид хятад ахан дүүс нартай зөрчилдөхгүйн улмаас заавал тусгаар тогтнолоо олно гэж чармайхгүй байна. Хятадын түүхэн баримтуудаар IX зууны үед Төвөд, Хятад, Монголын эзэнт гүрэн гурвуул тусгаар тогтнолтойгоор зэрэгцэн оршиж байсныг нотолж байна. Өдгөө бидний хүсч буй зүйл бол бидний дунд үүссэн асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдэх явдал юм. Төвөд болон Хятадад бурханы шашны Наландагийн уламжлал Энэтхэгээс шууд дэлгэрсэн байдгаас Төвөдөд бүр нарийн бөгөөд бүрэн гүйцэд өвлөгдсөн юм. Тиймээс энэхүү уламжлалыг хадгалан авч үлдэх нь үнэ цэнэтэй асуудал мөн. Мөн бид Төвөдийн өндөрлөгийн байгаль экологи дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтний дэргэд доктор Лувсан Сэнгэ сууж байсан тул тэрээр:

“Энд сижон хүрэлцэн ирсэн байна. Тэрээр ирэх таван жилийн хугацаанд цагаач төвөдийн засгийг тэргүүлэхээр ахин сонгогдоод байгаа билээ. Бид цагаачлан байх үедээ ардчилалын зарчмыг хэрэгжүүлж, ардчилал гэж юу болохыг Бээжингийн удирдлагуудад харуулж байна.”

“Бид өөрсдийн газар нутагтаа эзэн болж амьдрахыг хүсч байна, гэхдээ мөн л тусгаар тогтнолыг чухалчлаагүй. Дашрамд дурьдахад Төвөд орон бол үнэндээ Хятадын нэг хэсэг яавч биш ээ. Цаашид ч бидэнд тус дэмжлэгээ үзүүлнэ үү. Бид маш ихээр талархан хүлээн авах болно.”

Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн дэлхий дахинд хүний үнэ цэнэ, жинхэнэ аз жаргалыг дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг улам батжуулах, төвөд хүнийхээ хувьд төвөдийн шашин соёлыг хадгалан авч үлдэх гэсэн өөрийн гурван их үүргийн тэмдэглэн хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Капитол Хиллд морилсон ба үдээс хойш “Төвөдийн андууд”-тай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам спикер Пол Райантай ярилцаж
байгаа нь. Америк улс, Вашингтон хот. 2016.06.14.
Гэрэл зургийг Сонам Зогсан
Спикер Пол Райн болон цөөнхийн бүлгийн дарга Нанси Пелоси нар хоёр нам хамтарсан үдийн зоогийг Дээрхийн Гэгээнтэнд зориулан бэлдсэн байлаа.
Хатагтай Пелоси:

“Бидний үдийн зоогонд спикер Пол Райн чухал ач холбогдол өгсөн бөгөөд тэрээр Дээрхийн Гэгээнтний дэлхий дахинд энэрэн нигүүлсэх, энх тайван, аз жаргал, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага зэргийг түгээж байгаад гүн хүндэтгэлтэй байдаг билээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Капитолд зочлох болгондоо “Өөрчлөлт бол үйл хөдлөлөөр ирнэ” гэж сануулдагчлан Төвөдийн ард иргэдийн шашин, хэл соёлоо хадгалан авч үлдэхийн төлөө тэмцэж буй тэмцэлд Конгресс бодитой хувь нэмэр оруулах хэрэгтэй.” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Америкийн хоёр танхим хоёул бидний итгэл найдвар, урам зоригийн эх ундрага юм. Залуу бөгөөд чадварлаг спикер ажиллаж байна. Нанси Пелосиг би олон жилийн өмнөөс танина. Бидний найз нөхдийн холбоо үргэлж хэвээр байгаа билээ.” хэмээн онцлов.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Төвөдийн Андууд” олон улсын байгуулгын хуралд оролцлоо. Энэхүү байгуулага төвөд иргэдийн эрх, ардчилсан эрх чөлөөний төлөө 1988 онд анх байгуулагдсан байна. Уг байгуулагын тэргүүн Ричард Гир Дээрхийн Гэгээнтнээс түүний амьдралыг сонирхон асуулаа.

“Би анх таван настайдаа Лхас хотод ирсэн бөгөөд хоёр жилийн дараа эрдэм номд суралцах ажил маань эхэлсэн юм. Би багадаа хурц ухаантай боловч залхуу сурагч байлаа. Ингээд намайг 16 нас хүрч байх үед Ардын чөлөөлөх арми Төвөдийн зүүн хэсгээр нэвтрэн орох үед засгийн эрх барьж байсан хүмүүс надад бүх эрх мэдлийг шилжүүлсэн юм. 1954 онд би Хятадад айлчилсан бөгөөд тухайн үеийн Хятадын бүхий л томоохон улс төрчидтэй уулзаж билээ. Тэр үед би 5-6 сар Бээжинд байхдаа Мао даргатай гуч гаруй удаа уулзсан юм. Би тэр үед Марксизмд суралцаж социализм болон интернационализмын олон санаа надад таалагдаж байлаа.”

“1956 онд Энэтхэгт хүрэлцэн ирэхэд байдал эрс өөр байсан юм. Энэтхэгийн хажууд Хятад улс хаалттай нийгэм байв. Неругийн зөвөлсний дагуу би Төвөдлуу эргэн очсон бөгөөд 1959 онд Энэтхэгт цагаачлан эргэж ирсэн билээ. Энэ нь надад маш олон хүнтэй уулзаж учрах боломж олгосон юм.”
“Би Төвөдөд байхдаа бурханы шашин хамгийн шилдэг шашин гэж боддог байв. Би өргөн хүрээнд учир шалтгаан болон логик зарчмыг баримталдаг Наланда уламжлалыг дагагч мөн. Би цагаачилсан хойноо өөрсдийн итгэл үнэмшил дээр суурилан өөрсдийгөө бусдын сайн сайхны төлөө зориулсан олон шашны янз бүрийн хүмүүстэй уулзаж билээ. Тиймээс бүх шашин хайр энэрлийн тухай номлодог тул ямар ч шашин тухайн хүндээ илүү тохиромжтой байх ажээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Капитол Хиллд морилсон ба үдээс хойш “Төвөдийн андууд”-тай уулзав
Дээрхийн Гэгээнтэн "Төвөдийн андууд" байгуулгын хурлын үеэр.
Америк улс, Вашингтон хот. 2016.06.14.
Гэрэл зургийг Сонам Зогсан
“Би бага байхаас л шинжлэх ухаан, технологит маш сонирхолтой байв. Хятадад байхдаа усан цахилгаан станц үзэж сонирхох үед багш нарт маань сонирхолгүй байсан бол миний хувьд үнэхээр гайхалтай байсан юм. Миний шинжлэх ухаанд сонирхолтой байдгийг мэдсэн Мао дарга надтай сүүлийн удаа уулзахдаа “Шашин бол хар тамхитай адил” гэж билээ. Хэрэв тэр өдгөө амьд байсан бол шашныг мөн л зөвхөн хязгаарлагдмал сүсэг бишрэлийн хүрээнд дүгнэх байсан байх. Магадгүй Наланда уламжлалын шинжлэх ухааны салбарыг хүлээн зөвшөөрч ч болох юм.”


“1959 онд анх Энэтхэгт дүрвэн ирэх үедээ төвөдүүдийн юун дээл илүү их анхаарч байв?” хэмээн Ричард Гир асууулаа.

“Бид анх 4 дүгээр сард Энэтхэгт ирсэн юм. Тиймээс аль болох сэргүүн газар, ууланд гарах хэрэгтэй болсон юм. Бидэнд олдсон ганц ажил бол зам тавих байлаа. Төвөд иргэдээ авч үлдэхийн тулд өөрдсийн суурин газар байгуулах хэрэгтэй гэдгийг тооцоолж байсан.”


Гир ахин “Өнгөрсөн жилүүдэд та ямар нэгэн боломжийг алдаж байсан уу?” хэмээн асуухад:

“Бараг үгүй. 1960 оны үед зарим нэг албаны хүмүүс Энэтхэгт дүрвэн гарсан нь зөв эсэх дээр эргэлзэж эхэлсэн юм. Гэвч удалгүй соёлын хувьсгал гарч эвдэж сүйтгээд эхлэх үед дүрвэн гарсан нь зөв шийдвэр байсан гэдгийг ойлгож билээ.”

“Би 1973 онд анх удаа европт хөл тавьсан бөгөөд тэр үеэс эхлэн дэлхий нийтийн хариуцлагын тухай ярьж эхэлсэн юм. Би шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн эмэгтэйчүүдийн хийдүүдэд буддын гүн ухааны хичээл заах ажлыг эхлүүлсэн, өдгөө үр дүн гарч анхны эмэгтэй гэвшмаа нар төрөн гарч байна.”

“Тэр үед оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн талаарх эрдэм мэдлэг нь дэлхий нийтийг улам бүр өргөн цар хүрээтэй болгох боломжтой гэдгийг ойлгож эхэлсэн билээ. Тиймээс би төвөд хэл дээрх Ганжуур, Данжуурын олон боть номыг шинжлэх ухааны, гүн ухааны, шашны гэсэн гурван хэсэгт хувааж шинжлэх ухааны болон гүн ухааны хэсгийг тусгайлан эмхэтгэсэн бөгөөд өдгөө өөр өөр улсын олон хэл дээр орчуулж байна.”

“Мөн би одоогийн боловсролын тогтолцоонд хүний үнэ цэнэ, дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгох системтэй сургалт хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Буддын лам хүн өдөрт таван цаг бясалгалд сууж, ерөөл тавьдаг. Ерөөл тавих нь хэдийгээр онцгой ач холбогдолтой ч ерөөл тавьсан төдийхнөөр илүү сайн дэлхий ертөнц бий болохгүй. Бид бодит үйлдэл хийх хэрэгтэй.”

Ричард Гир түүнээс Хятадын удирдлагуудтай хэлэлцээр хийх талаар сонирхов. Дээрхийн Гэгээнтэн түүнд:

“Сүүлийн уулзалт 2010 онд болсон. Тэр уулзалтаас хойш Хятадын тал бидэнтэй хэлэлцээр хийх төдийлөн сонирхолгүй гэдэг нь тодорхой болсон юм. Зарим мэдээллээр 2008 оны бослогын дараа Ху Жин Тао Далай Лам эргэн ирэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж шийдсэн байдаг. Бид 57 жилийн турш хүлээж байна, ахиад хүлээх шаардлагтай бол хүлээж чадна. Төвөд ард иргэдийн хүсэл зориг дундраагүй байна.” гэж хариуллаа.

Ричард Гир түүнээс: “Та энд маш олон найз нөхөдтэй. Төвөд нутагтаа болон цагаачлан амьдарч төвөдүүдэд хэрхэн туслах вэ? Бид таньд хэрхэн туслах вэ?” гэж асуулаа.

Дээрхийн Гэгээнтэн:

“Юу чаддагаараа тусалж болно. Миний чухалчилдаг гурван зүйл болох хүний үнэ цэнийг улам дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг улам хөгжүүлэх, төвөдийн шашин соёл, хэл, байгалийг хамгаалах эдгээрийг аль чадлаараа гүйцэлдүүлэх хэрэгтэй. Та бүхний тус дэмжлэгт гүн талархал илэрхийлэе. Баярлалаа.” хэмээн хариулаад яриагаа өндөрлөв.
Үзсэн: 1 439
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц