‘Бодь мөрийн зул’ бүтээлийн айлдвар ба насны авшиг

23-08-2016, 07:09  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сарын 13

Энэтхэг, ЖК, Ладак, Тиксей, 2016.08.11 – Тэнгэр бүрхсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тиксей хийдийг зорин машинаар хөдөлсөн бөгөөд хийдэд түүний айлдварыг сонсож, урт насны авшиг хүртэн, Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг ерөөж номын айлдварт оролцохоор хэдэн мянган хүн цугласан байв. Дээрхийн Гэгээнтэн эн тэргүүнд цугласан олны дунд Тайландын бикку ламтан оролцож байгааг, түүнтэй өчигдөр уулзсан тухайгаа зарлалаа.

“Энэ эрхэм бол Буддын сургаалийн үндэс болсон Хутагтын Дөрвөн Үнэн хийгээд Гэгээрлийн 37 хүчин зүйлийг анх пали хэлнээ буулгасан тэрхүү уламжлалыг даган шүтэгч юм. Бидэнд мөн винайн ёс буюу хуврагуудын зан үйлийн хэм хэмжээ гэх зэрэг ижил зүйл маш их бий. Үнэндээ Буддизмын пали уламжлал ч, санскрит уламжлал ч Гурван сав аймаг ном хийгээд ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүн дээр тулгуурладаг.

‘Бодь мөрийн зул’ бүтээлийн айлдвар ба насны авшиг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тиксей дэх айлдварын үеэр.
Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Тиксей.
2016.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО
Хэдийгээр эдгээр үнэт зүйлс манай шашны үндэс боловч бид ямар нэг байдлаар ядмын иогийн эрдмийг тэдгээрээс дээгүүр тавьдаг. Учир нь эл эрдэм нь тарнийн ёсны үйлийг гүйцэтгэхэд чухал үндэс болдог юм. Ямдын иогийг хийхдээ бодийн сэтгэлийг үүсгэж, хоосон чанарыг таньж мэдсэн цагт энэ нь үр дүнтэй болно.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь айлдахдаа дан ганц сүсэг бишрэлтэй байх нь хангалттай бус, Бурхан Багшийн сургаалийг дагахын тулд учир шалтгааны үүднээс ухаж ойлгох шаардлагатай, эс бөгөөс буддизм урт удаан орших боломжгүй болно гэв. Тэрээр бодь мөрийн зэргийн дарааллыг өөрчлөхийг дэмждэг бөгөөд номын багшид найдахаас өмнө мөн чанарт нэвтрэх эрдмийг эзэмших нь чухал гэж үздэгээ хэллээ. Лам багшийнхаа заавар зөвөлгөөг дагахгүй бол тамд унана хэмээх уламжлалт номлолыг дагах аваас шавь хүн өөдрөг үзлийн оронд айдас хүйдэс мэдрэх болно. Зовлон хийгээд зовлонгийн шалтгааны тухай Бурхан Багшийн сургааль нь айдас төрүүлэх зорилготой бус хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Зовлонгоос гэтлэх тухай түүний үнэн сургааль нь зөв зам мөрийг дагах тухай бөгөөд энэ нь баяр баяслын охь ажээ.

Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн,

"Би та бүхэнтэй чин сэтгэлээсээ, шулуун шудрага ярьж байна.Төвөдийн үйл хэрэг хийгээд Дээдийн номыг авч үлдэхийн тухайд бид хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа билээ. Та бүхэн Бурхан Багшийн сургаальд үнэнч гэдгээ харуулж байгаа учраас цаашид уншиж судлаасай хэмээн хүсч байна” хэмээв.

Бодийн сэтгэлийг үүсгэж, хоосон чанарыг таньж мэдэх билиг билгүүнийг төлөвшүүлснээр бид амин хувиа хичээх үзэл, бодит оршихуйн тухай ташаа ойлголтоо сөрж чадахыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэрээр дөрвөн гүн төвлөрөл буюу бие, мэдрэмж, оюун ухаан ба юмс үзэгдлийг мэдэрч төвлөрөхийг Хутагтын Дөрвөн Үнэний сургаальтай уялдуулан хийх нь тустай болохыг олж мэдсэнээ онцлон тэмдэглээд, ингэснээр тэрхүү гүн төвлөрөл нь зовлон, зовлонгийн шалтгаан, гэгээрлийн үнэн хийгээд түүнд хүрэх зөв зам мөрийн ойлголт руу хөтөлдөг хэмээв.

‘Бодь мөрийн зул’ бүтээлийн айлдвар ба насны авшиг
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа
сүсэгтнүүд. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Тиксей.
2016.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО
Юмс үзэгдлийн мөн чанарт төвлөрөхийг зөв зам мөртэй нэгтгэх нь хоосон чанарын ойлголт руу хөтлөх бөгөөд Нагаржуна гэгээн, "Юмс бүхэн хоосон чанартай" хэмээн айлдсан нь дээрх санааг агуулж байна гэж Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Хүннү лама Тэнзин Жалцан энэ санааг бүр тодруулж айлдсан байдаг. Бясалгагч иог хоосонд бүрэн нэвтрэхүй дор түүний ой тойн дохь муу бүхэн түүний оюун ухааны хоосон мөн чанарт уусахдаа хаа нэгтээ явахгүй, харин хоосны дунд замхран алга болно хэмээн Богд Зонхов мөн бичсэн байдаг.

“Өөрийн дотоод сэтгэл оюуны хоосон чанарыг бясалгах нь ямар нэг гадаад зүйл, жишээлбэл сав суулга зэргийн хоосон чанарыг бясалгаснаас хамаагүй хүчтэй бөгөөд чухал. Ингэснээр бодит ертөнцийн тухай таны ташаа төсөөлөл өөрчлөгдөнө. Хэрвээ та хоосон чанарыг таньж мэдэх эрдмээ бодийн сэтгэлтэй хослуулбал та Бурханы хутгийг олж чадна. Тиймээс ядмын иогийг үр дүнтэй болгохын тулд танд бодийн сэтгэл ч хэрэгтэй, хоосон чанарыг таньж мэдэх билиг билгүүн ч хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн дүгнэж хэллээ.

Дараа нь тэрээр ‘Бодь мөрийн зул’ номын тайлбарт эргэн ороод, гэгээрэх хүсэл тэмүүллийг төрүүлэх тухай тайлбарласан хэсэгт анхаарлаа хандуулав. Бодийн сэтгэлийг төрүүлэх ёслолын бэлтгэл болгож, Дээрхийн Гэгээнтэн долоон мөчлөгт ‘Самантабхадрагийн зан үйлийн залбирлыг’ хөтлөн уншив.

Бодийн сэтгэлийг үүсгэх зан үйлийн өмнө Дээрхийн Гэгээнтэн сонирхож буй энгийн хүмүүст увш/гэнэн санваар өгөв. Дараа нь бодьсатвын тангараг өргүүлээд, энэхүү мөрүүдийг гурван удаа давтан уншихыг хурсан олноос хүслээ.

Чухаг дээд гуравт би бээр итгэмүй
Хилэнц бүхнээ тус бүрчлэн наминчлая
Амьтдын буянд даган баясъя
Бурхан, номыг сэтгэлдээ барьмой

Дээд гэгээрлийг олох эрмэлзлийг хөгжүүлснээр
Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусыг хичээе
Бодьсатва нарын гайхамшигт эрдмийг дагая….

Энэхүү шүлгийг давтан уншсанаар бодьсатвын тангараг өргөхийн ач холбогдлыг ойлгохыг Дээрхийн Гэгээнтэн анхааруулсан юм.

Бодьсатвын тангараг өргөсөн хүн болгоомжлох ёстой үндсэн 18 унал, туслах 46 зөрчлийн тухай мэдэх ёстойг Дээрхийн Гэгээнтэн анхааруулаад, гол нь энэ бүхний мөн чанар нь амин хувиа хичээх үзлээ барих явдал гэдгийг цохон тэмдэглэлээ. Бодийн сэтгэл үүсгэх тэмүүлэлтэй болж, бодьсатвын тангараг өргөн, бодьсатвын их үйлд нэгдэх боломжийг мянга мянган хүнд олгож байгаагаараа өөрийгөө азтай хүн хэмээн үзэж буйгаа тэрээр нэмж хэлэв.

‘Бодь мөрийн зул’ бүтээлийн айлдвар ба насны авшиг
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеэр. Энэтхэг,
Жамму Кашмир муж, Ладак, Тиксей. 2016.8.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн дараа нь хүслийг гүйцэлдүүлэгч хүрдэн-Цагаан Дарь эхийн насны авшиг хүртээсэн юм. Практик түвшинд авч үзвэл урт наслах эсэх нь эрүүл ахуй болон эрүүл мэнд сайн байхаас хамаарна гэлээ. Харин сүнслэг түвшинд авч үзвэл, бодийн сэтгэлтэй байж, хоосон чанарыг таньж мэдэх нь биднийг аливаа саад бэрхшээлээс хамгаалж, оюуны хөгжил дэвшилд маань таатай нөхцлийг бий болгодог ажээ.

"Хэрвээ та олон найз нөхөдтэй болохыг хүсч байвал бодийн сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Тэднийг эрж хайх шаардлагагүй, тэд таныг хүрээлнэ. Хэрвээ тэднийг дайснаа болгохыг илүүд үзэж байвал тэдний тухай таагүй зүйл бод, аяндаа тэд таньд дайсагнах болно.”

"Хамгийн чухал нь өөрийн сэтгэл оюуныг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй болох явдал. Энэ хоёр өдөрт миний сургасан зүйлийн зорилго үүнд оршино" хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Арга хэмжээний төгсгөлд Тиксей ринбочэ Ладакийн лам хувраг, хар хүмүүсийг удирдан, 16 архадын ёслолын дагуу Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслах даншүг өргөсөн юм.

Үзсэн: 1 427
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц