Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив

30-08-2018, 11:49  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 29

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Шивацал ордноос холгүй орших Тиксей хийдэд мориллоо. Хоёр талаар ургасан модыг гоёмсог зассан замаар явсаар олон суврага бүхий Тиксей хийдэд хүрэлцэн ирсэн юм. Түүнийг Ража Сабхагийн гишүүн асан Тиксей ринбочэ угтан авч, Тиксей хийдийн номын айлдварын талбайд урин залав. Дээрхийн Гэгээнтэн дуганд морилон орж Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө зул өргөж, залбирлаа.

Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тиксей хийд дэх шинэ номын сан болон сургалтын төвийн төслийн самбарыг нээж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Тиксей ринбочэ хүсэлт тавьсаны дагуу тус хийдийн номын сан болон сургалтын төвийн шавь тавих ажил эхэлсэн ба уг төслийн самбарыг нээлээ.

Дараа нь нэгэн дор цугласан 2500 гаруй хүмүүсийн өмнө суудалдаа суусан даруй Тиксей ринбочэ түүнд мандал, бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөж ёслол үйлдэв. Тэрээр удиртгал үг хэлэхдээ эхлээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон хүндэт зочид, оюутан сурагчид, мөн бусад хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Дараа нь хүн төрөлхтний үнэ цэнийг нэмэгдүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг дэлгэрүүлэх, Төвөдийн соёл хийгээд унаган байгалыг хамгаалах, эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг ахин сэргээх зорилго бүхий Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үүргийн тухай товч дурдлаа. Энэ бүхэн өнөөгийн дэлхий ертөнцөд чухал хэрэгтэй зүйл болж буйг тэмдэглэн хэлээд энгийн хүн бүхэн Дээрхийн Гэгээнтний эдгээр үйл хэрэгт хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой гэдгийг онцоллоо.

“Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зорилго нь шашнаас ангид замаар ёс суртахууныг хөгжүүлэх, мөн энэ замаар Наландагийн уламжлалыг хадгалан авч үлдэх явдал юм. Үүнд бид хувь нэмэр оруулж энд номын сан болон сургалтын төвийг байгуулах гэж байна. Бид шашнаас ангид ёс суртахууны хичээлийн хөтөлбөр бэлдэж үүнийгээ Ладакын сургууль, дацан хийдүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидэнд биеийн эрүүл мэндийг сахьдаг шиг сэтгэл санааны эрүүл мэндийг ч сахих шаардлагатай гэж байнга захидаг.”

Тиксей ринбочэ үгийнхээ төгсгөлд Ладакын Уулын хөгжлийн консул энэхүү төсөлд дэмжлэг үзүүлж байгааг мэдэгдэв.

Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив
Тиксей ринбочэ номын сан болон сургалтын төвийн шав тавих ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Ладакын бүх сүм хийдийн холбооны тэргүүн гэвш Шэдүб Жамба хэлэхдээ бидний хуран цугласан энэхүү газар нь лозова Ринчин Занбу бээр энэ газар нутагт лам хуврагууд сахил санваараа цэвэр ариунаар сахиж, дээдийн ном дэлгэрэх ерөөл тавьсан ба мөн энэ нутгийн анхны хийд болох Тиксей хийд байгуулагдсан ариун дагшин газар нутаг юм гэдгийг онцлон мэдэгдлээ. Тиксей хийдийг Богд Зонховын шавь Жансэм Шераб Санбу анх байгуулсан бөгөөд одоогийн Тиксей ринбочэ нь түүний 9-р хувилгаан дүр ажээ.

Тэрээр Тиксей ринбочэ Лехээс холгүй орших энэ хийдэд сургалтын төв байгуулах зорилго тавьсан нь энд бурханы шашныг таниулах, учир шалтгаан хийгээд логик сэтгэлгээг хөгжүүлэх, дагсал хаялцах, мөн бясалгалын хичээл явагдах зорилготой гэдгийг мэдэгдэв. Энэхүү сургалтын төвд хүн бүхэн суралцах боломжтой. Саяхан Бригүн Чэзан ринбочэ шашны урсгалаар ялгаварлах, кастаар гадуурхахын эсрэг мэдэгдэл хийснийг дурдав.

Ладакын буддын холбооны ерөнхийлөгч Цэван Тинлей үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцсон өнөөдрийн үйл ажиллагаанд урьсанд талархал илэрхийлээд Ладакын буддын холбоо бүхий л чадлаараа энэхүү төсөлд оролцож, хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай ирэх жил Ладакт эргэж морилох талаар ярилцсан гэв.

Ладакын Уулын хөгжлийн консулын дэд дарга Дорже Мотүб үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакын буддын хийгээд бусад шашны хүмүүстэй уулзаж, энэ нутаг дахь шашин хоорондын эв нэгдэлд анхаарал хандуулж байгааг магтлаа. Энэхүү сураглтын төв нь чухал үр дүнтэй төсөл болж буй тул уг төслийн бүхий л асуудлыг шийдэж ажиллах болно гэдгээ мэдэгдэв.

Ладакын парламентийн гишүүн Түбтен Цэван үг хэлэхдээ Хималайн бүс нутгийн сүм хийдүүд сургалтын төв болон өөрчлөгдөж байгааг онцоллоо. Тэрээр хэрэв хүмүүсийн мэдлэг боловсролыг хөгжүүлэхгүй бол тэд аливааг үл ойлгох ба үүний улмаас олон сөрөг үр дагавар, ялангуяа шашин хийгээд шашны урсгалаар явцуурах сөрөг нөлөө байсаар байх болно гэдгийг нэмж мэдэгдсэн юм.

Ригзин Жора үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай удаа дараа хамт байж, түүний айлдвар сургаалыг олон дахин сонсох хувь тохиосон Ладакын ард түмэн үнэхээр хувьтай гэлээ. Мөн дээр нь Бакула ринбочэгийн оролцоо, дэмжлэгээр олон олон лам хуврагууд Өмнөд Энэтхэгт шинээр байгуулагдсан Төвөдийн томоохон хийдүүдэд суралцах боломж олдсон гэдгийг хэллээ. Үүний үр дүнд бүрэн боловсорсон эрдэмтэн лам хуврагууд Ладакт эргэн ирж байгааг дурдав. Тэдгээр лам хуврагууд уламжлалт Наландагийн сургалтыг сэргээж, ард олны танин мэдэхүй ба сүсэг бишрэлийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.

Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив
Ригзин Жора шав тавих ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цэрин Доржэ үг хэлэхдээ хийдүүд Ганжуур, Данжуур гэх мэт олон ном судартай, номын сантай боловч Тиксей хийд нь орчин үеийн үлгэр болох номын сан байгуулах гэж байгаад баяртай байна гэв. Тэрээр олон түмэнд хандан энэхүү номын сан байгуулагдаж дууссаны дараа олноороо ирж, ашиглах хэрэгтэй гэлээ. Төгсгөлд нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахыг хүсэн ерөөж, ахин дахин Ладак нутагт морилон ирэхийг хүсэв.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үг хэлэх ээлж тохиов.

“Тиксей ринбочэгийн хүсэлтээр шинэ номын сан, сургалтын төвийн шав тавих ёслолд хүрэлцэн ирлээ. Олон жил би Ладакт ирж буй бөгөөд ирэх бүртээ сургууль, цэцэрлэг байгуулах зэрэг бүтээн байгуулалт ихээхэн явагдаж, хүмүүсийн амьдралын түвшин ч нэмэгдэж байгааг харж байна. Сүүлийн үед Өмнөд Энэтхэг дэх манай томоохон дацан хийдүүдэд суралцсан лам хуврагууд олноороо эргэн ирж буй тул буддын гүн ухааны талаарх хүмүүсийн мэдлэг ч нэмэгдсэн байна.”

“Материаллаг хөгжил явагдаж байгаа ч энэ нь дангаараа бидний хүслийг гүйцээж чадахгүй. Өндөр хөгжилтэй АНУ, Европ, Япон гэх зэрэг оронд олон хүн аз жаргалгүй, амар тайван байж чадахгүй байна. Амин хувиа хичээх нь ашиг тусгүй, харин бусдын төлөө санаа тавиж чадвал тэд таны найз нөхөр болно. Иймээс бүх шашин хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэлийг номлодог.”

Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тиксей хийдийн шинэ номын сан, сургалтын төвийн шав тавих ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Саяхан Дели хотод зохион байгуулагдсан буддист орнуудын уулзалтанд би оюун санааны дадлага үнэхээр бидэнд хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг асуусан юм. Дэлхийн олон газарт, материаллаг өндөр хөгжлөөс үл хамаарч олон хүмүүс сэтгэлийн амар амгаланг олох арга замаа мэдэхгүйн улмаас архи уух, мансуурах зэрэг гаж буруу зүйлд автаж байна. Япон гэх мэт зарим оронд амиа хорлолт өндөр байна.”

“Ёс зүйгүй сөрөг сэтгэл хүмүүсийг доройтуулж, нэг нэгэндээ атаархах, тэмцэх, өрсөлдөх зэрэг олон буруу явдлын үндэс болдог. Бидний өдөр тутмын амьдралд сайхан сэтгэл хэрэгтэй тул Тиксей ринбочэ үүнд анхаарал хандуулж, шашнаас ангид замаар ёс суртахууныг хөгжүүлэх зорилго тавьсан байна. Хайр энэрлийн сайхан сэтгэл бидний эрүүл мэндэд тустай, харин уух хилэн, үзэн ядах гэх мэт сөрөг муу сэтгэл хорлолтой байна. Сэтгэл судлал хийгээд учир шалтгааны ухаанд суралцаж чадвал өргөн үр дүнг авчрах болно.”

“Шашин хоорондын эв зохицол нь улс нийгмийг хамарсан эерэг үр дүнг өгнө. Хэдхэн хоногийн өмнө би Занскарт очихдоо буддын болон муслимын үл ойлголцлыг даруй шийдэх нь маш чухал байна гэж захисан. Өнөө өглөө зарим төлөөлөл ирж шашин хоорондын эв нэгдлээ хадгалах, асуудлыг даруй шийдвэрлэх зөвшилцөлд хүрсэн шийдвэрийг үзүүллээ. Үр дүнд хүрэхийн тулд “би”, “минийх” гэх богино бодлоо даван туулах хэрэгтэй. Энэ шийдвэрийг хүлээн аваад би их баяртай байна.”

“Зарим үед үл ойлголцол нь улс төрийн нөлөөгөөс, зарим үед цаг үеэ өнгөрөөсөн үзэл суртлыг зан заншил мэтээр хүлээн авсантай холбоотой байдаг. Жишээлбэл доод каст гэж ялгаж байна. Энэ мэт ялгааг эдүгээ халах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр шашны уламжлалууд уур хилэн, үзэн ядах зэрэг сөрөг муу сэтгэлийг арилгах арга замыг заадаг болохоос үүнийг дэмждэггүй.”

Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив
Тиксей хийд дэх шав тавих ёслолд 2,500 гаруй хүмүүс оролцов. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бурханы шашин нь адил бус үзэл бодолтой олон хүнд тааруулсан олон янзын сургаал номлолтой билээ. Жишээлбэл Наландагийн уламжлал нь адил бус гүн ухааны онолыг агуулсан 13 номыг үндсэн сурвалж болгон судалдаг. Тэдгээр ном зохиолд сүсэг бишрэлээр хандах бус, академик хандлагаар хандах хэрэгтэй. Дарааагийн хоёр өдөр номын айлдвар байгаа тул энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих болно.”

Тиксей хийдийн захиргаанаас талархалын үг хэллээ.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакын Уулын хөгжлийн консулын урилгаар ойролцоо орших хурлын танхимд үдийн зоог барихаар явав. Уулын хөгжлийн консулын төлөөлөгчид түүнийг угтлаа. Зоог эхлэхийн өмнө Ладакын уламжлалт соёл урлагийн үзүүлбэр үзүүлж, бишгүүр, лимбэ, бөмбөр зэрэг уламжлалт хөгжим тоглов.

Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив
Дээрхийн Гэгээнтэн үдийн зоог барих үед Ладакын үндэсний дуу бүжиг бүжлээ. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Энэ удаагийн айлчлалд гар бие оролцсон Ладакын Уулын хөгжлийн консулын ажилчид бүгдэд нь Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийллээ.

“Би аль залуу үеэс нөхөрлөж ирсэн хуучны анд Бригүн Чэзан ринбочэ энд ирсэн байна. Тэрээр 1959 оноос хойш Төвөдөд байхдаа асар их бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд хожим Энэтхэгт дүрвэн гарсан юм. Дараа нь хэсэг зуур Барууны орнуудад үйл ажиллагаа явуулж, эдүгээ Энэтхэгт суурин амьдарч өөрийн уламжлалт шашны урсгалаа хөгжүүлэн ажиллаж байна. Мөн Лама Лубсантай анх 1956 онд анх уулзаж билээ.”

“Одоо миний гэдэс үдийн хоолны цаг боллоо гэдгийг хэлээд байна.”

Тиксей хийдэд номын сан, сургалтын төвийн шав тавив
Ладакын Уулын хөгжлийн консул Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд үдийн зоог барьлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Лехийн дэд дарга Авни Лаваса Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ.

“Бидэнд зөвлөсөн таны зөвлөгөө үнэхээр чухал байлаа. Ялангуяа бүх нийтийн эв нэгдэл юу юунаас чухал болохыг бид ойлгож, үүний төлөө хичээх л үлдлээ. Таныг эргэн ирэхийг хүлээх болно.”

Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал ордонд эргэн ирж амрав.
Үзсэн: 8620
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц