Шивацал дахь номын айлдвар

3-09-2018, 12:25  |  Хэвлэх

2018 он 7 дугаар сар 30

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал ордноос гарч ойролцоо орших номын айлдварын талбай руу алхахад наран хэдийнээ дээр мандсан, дулаахан байв. Түүнтэй хамт Тиксей ринбочэ, ЛБХ-ны тэргүүн Цеван Тинлей нар явлаа. Замын туршид цугласан олон Дээрхийн Гэгээнтэнд ойртох хүслээр хашаанд наалдан зогсоцгоож байлаа. Тэрээр хааяа нэг зогсоод хүүхдүүдийн хацраас барьж, мөн настайчууд эмэгтэйчүүдэд адис өгч явав.

Шивацал дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал ордны дэргэдэх номын айлдварын талбайн зүг явган морилж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цугласан олонд аль боломжоороо харагдахын тулд Дээрхийн Гэгээнтэн тайзны хамгийн урд захад ирээд өөдөөс нь харан зогсох 20,000 гаруй хүний зүг гараараа даллан мэндчилэв. Энэ хооронд Буддизм Судлалын Төв Институтын гэлэнмаа нар тайзны өмнө эрч хүчтэйгээр дагсал хаялцаж байв. Дараа нь Ладакын дунд сургуулийн сурагчид мөн дагсал хаялцсан юм.

Суудалдаа заларсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ном хаялцаж буй сурагчдын дунд сэргэлэн цовоо Сикх хүү байгаад ихэд таашааснаа хэлсэн юм. Судалж байгаа мэдлэгээ хурцлахад номын мэтгэлцээн маш чухал болохыг тэрээр тэмдэглэж хэлээд сурагчдад талархлаа. Ном айлдахын өмнө Бурхан, ном, хувраг гурвын эрдмийг магтсан залбирал, мөн “Билгүүний Зүрхэн” судрыг уншив.

Шивацал дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхэд Ладакын дунд сургуулийн сурагч хүүхдүүд дагсал хаялцаж байв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид өмнөх жил “Бодьсадвын явдалд орохуй” номын 6-р бүлгийг дуусгасан, тиймээс 7-р хэсгээс цааш үргэлжлүүлье” гэж Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. “Шантидэва гэгээн энэ зохиолоо 8-р зуунд бичсэн гэдэг. Үүнд Майдарын гэгээнээс хутагт Асангад дамжсан агуу их явдлын дамжлага болон 2-р Будда гэж алдаршсан хутагт Нагаржунагаас дамжсан гүнзгий үзлийн онол бүгд багтсан буй.”

“Хутагт Майдарын “Илтэд онохуйн чимэг” шастирт Бурхан Багшийн билиг барамидын номлолын далд утгыг тайлбарласан бол хутагт Нагаржуна түүний ил утгыг тодруулсан бөгөөд энэ нь хоосон чанарын онол юм. Хутагт Майдарын айлдварт бурханы мөн чанарыг тайлбарлахын зэрэгцээ таван шастир нь бүхэлдээ бодьсадвын замналыг тодруулсан байдаг.”

Буддист гүн ухааны үзэл онолын ялгаатай тогтсон таалал буюу уламжлалуудыг тоймлон хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Вайбашика (Өвөрмөц өгүүлэгч) болон Саутрантика (Судрын аймагтан) нар нь хувь хүний буюу бодьгалийн би-үгүйг номлодог бол Читтаматрин (сэтгэл төдийтөн) ба Мадхамаяка (төв үзэлтэн) нар юмс үзэгдлийн би-үгүйг нэмж номлодгийг тайлбарлалаа.

“Читтаматрин үзлээр ухамсар ба сэтгэл нь мөн чанараараа оршдог боловч гадаад юмс үзэгдэл өөрийн мөн чанараар орших боломжгүй гэж үздэг. Учир нь гадаад юмс үзэгдэл зөвхөн бидний сэтгэл оюунд үлдсэн ул мөр, авъяасын үр дагавар гэж үздэг байна. Бодит байдлаараа юу ч орших боломжгүй гэх итгэл үнэмшил нь шунан тачаах гэх мэт сэтгэлийн сөрөг хөдлөлүүдийг сулруулдаг гэж үздэг зарим квант физикийн эрдэмтэд ч бий.”

“Мадхамаяка уламжлалын гол хоёр урсгал бол Сватантрика (өөрийн дамжлагат) ба Прасангика (хэтрүүлэгч) бөгөөд өөрийн дамжлагат урсгалд Иогачара буюу “иогийн явдалтан”-ны үзэл бас багтдаг болно. Сватантрика үзлээр ямар нэг мөн чанараараа оршдог зүйл байж болохыг үгүйсгэдэггүй бол Прасангика нь аливаа нэг юмс үзэгдэл бүгд мөн чанараараа бодитой, өөрийн эрхээр оршдог гэдгийг бүрэн үгүйсгэдэг.”

Шивацал дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал ордонд 20,000 гаруй сүсэгтнүүдэд номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бодьсадвийн явдалд орохуй”-н тайлбартаа эргэж ороод Дээрхийн Гэгээнтэн “Би энэ номын дамжлага, тайлбарыг Хүннү Лама ринбочэ Тэнзин Жялцэнгаас авч байсан юм. Тэрээр энэхүү номын увидас бүгдийг бодитоор нь тууштай хэрэгжүүлдэг нэгэн байсан. Бодь сэтгэлийг төрүүлэх бясалгал хийх бүртээ магтаал талархалын шүлэг зохиодог байлаа. Удалгүй эдгээр шүлгүүдийг нэгтгэн “Эрдэнийн зул” номыг гаргасан бөгөөд би анхандаа эдгээр шүлгүүдийн дамжлагыг авахыг хүсэж байсан юм. “Бодьсадвын явдалд орохуй”-н дамжлагыг дараа нь авч билээ. Бодь сэтгэлийн бясалгалыг машид чухалчилдаг байсан тул Хүннү Лама ринбочэ надаас энэ номыг аль болох олон удаа номлохыг хүссэн юм.”

“”Бодьсадвын явдалд орохуй”-н увидсыг гурван хэсэгт хуваадаг. Увидсыг хэрэгжүүлэхийн өмнөх хэсэг, гол бодит бясалгал ба бясалгалын төгсгөл үе гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж болно. Энэхүү зохиол нь саруул билиг оюунд суурилсан гэгээрэлд хүрэх замналыг өгүүлдэг бөгөөд үүнд тулгуурлан бодьсадвын явдлыг хэрхэн дадуулах арга замыг заасан билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бүлэг бүрийн гарчиг ба агуулгыг зургаан билиг барамидтай уялдуулан тайлбарлалаа. Өглөгт зориулсан тусдаа бүлэг байхгүй ч энэ ном өөрөө бүхэлдээ бие, эд эдлэл, буянаа бусдад зориулах, мөн өргөхийн тухай өгүүлсэн тул өглөгийн тухай тусгай бүлэг байх шаардлагагүй гэж тайлбарлав.

“Нийт 10-н бүлгээс хамгийн чухал бүлгүүд нь хүлцлийн тухай 6-р бүлэг ба бясалгалын тухай 8-р бүлэг юм. Хэрэв бид бусдыг өөрөөсөө илүү дээдлэхийг хүсэж байгаа бол бид уур хилэнгээ давж сурах хэрэгтэй, харин түүний ерөндөг нь хүлцэл мөн. Зөвхөн өөрийгөө дээдлэх нь бидэнд унал, зовлонг л авчирна гэдгийг 8-р бүлэгт номлосон байна. Энэ бүлэгт голчлон өөрийгөө бусдаар солих бясалгалын аргыг заасан юм.”

Шивацал дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт 20,000 гаруй сүсэгтнүүд хамрагдав. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
7-р бүлгийн эхний мөр “Хүлцлийн хүчээр хичээнгүйг хөгжүүлнэ, хичээнгүйн хүчээр гэгээрлийг олно” гэдгийг уншаад Дээрхийн Гэгээнтэн “Гэгээрлийн замналд ахиц гаргахад бодь сэтгэлээс гадна билиг билгүүн хэрэгтэй. Бодь сэтгэлийг жинхэнээр нь мэдрэх үед та бодьсадвын замд орох боловч цааш дахин хөгжих хэрэгтэй. Чуулганы мөрийн дараа найруулгын мөрийн үед амирласан, дуулгавартай сэтгэл, бас хоосон чанар дээр төвлөрсөн билгүүн, бясалгал бүгд шаардагдана. Үзэхүйн мөрийн үед та хоосон чанарыг шууд онох бөгөөд нисваанист сөрөг сэтгэлүүдээ арилгаж эхлэх болно” гэж тайлбарласан юм.

“Үзэхүйн мөрийг хөгжүүлээд сэтгэлийн муу чанаруудаа зогсоож эхэлсний дараа та бясалгалын мөрд орох ба 2-р бодьсадвын газраас 10-р газар хүртэлх эрдмийг олох болно. Эцэст нь үл суралцахуйн мөрд хүрснээр хамгийн нарийн нисваанис буюу сэтгэлийн нарийн сөрөг төлөвүүд, мөн мэдэгдхүүний түйтгэрүүдийг ч арилгаж дуусах юм. Ингээд энэ бүх нисваанис, түйтгэр бүгд арилсанаар та бурхан болох учиртай. Энэ 5-н зам мөрийг “Билгүүний Зүрхэн” судрын тарнид харуулсан байдаг.”

“Бурхан Багш “датьяата гадэ гадэ парагадэ парасамгадэ боди суха” (шууд утга нь: одогтун, одогтун, ахин одогтун, бүр чинадыг хүртэл одогтун, түүний дараа гэгээрэлд оршигтун) хэмээн айлдахдаа шавь нарт таван мөрөөр зорчихыг өгүүлсэн билээ."

Гадэ – чуулганы мөр
Гадэ – найруулгын мөр
Парагадэ – үзэхүйн мөр
Парасамгадэ – бясалгалын мөр
Боди суха – үл суралцахуйн мөр


“Гэгээрлийн замаар зорчиход хичээл зүтгэл хэрэгтэй, гэхдээ та нар эдгээр эрдмүүдийн давуу талуудыг эхлээд мэдэх хэрэгтэй. Жишээлбэл тэдний эсрэг чанарууд нь залхуурал, өөртөө итгэлгүй байх чанарууд байна. Залхуурал бол саад, түйтгэр гэдгийг ойлгоогүй цагт үүнийгээ даван туулах хичээл зүтгэл гаргаж чадахгүй.”

Шивацал дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Шивацал ордонд ном айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Үхэл мөнх бусыг бясалгах нь ач тустай байдгийг 7-р бүлгийн эхний шүлгүүд харуулж байна. Бид яг энэ мөчид эрүүл, аз жаргалтай байгаа хэдий ч маргааш бүгдээрээ ахин уулзах эсэхэд баталгаа үгүй. Үхэл ирэхэд нэр алдар, эд хөрөнгө, найз нөхөд ба гэр бүл тус болохгүй. Бидэнд туслаж чадах ганц зүйл бол бидний үйлдсэн буяны үр байх болно.”

“Өнөөдөр дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байгаа ч тэдний дийлэнх нь материаллаг олз ашгийг л хайж, маш цөөхөн нь сэтгэлийн дотоод ертөнцийн тухай бодож байна. Бурхан Багшийг дагаж буй бидний ихэнх маань ч гэгээрлийн зам мөрөөр ахиц гаргаж чадах эсэх нь бидний зүгээс хичээл зүтгэл хэр гаргахаас хамаардаг гэдгийг умартаж орхигдуулдаг. Бас бидний жинхэнэ дайсан угтаа дотор байдаг боловч ихэвчлэн гаднаас хайдаг шүү дээ. Залхуурлын хоёр дахь хэлбэр бол нүглийн үйлст татагдах, харин гуравдахь хэлбэр нь өөртөө итгэлгүй байх, шантрах, “би үүнийг хийж чадахгүй байх” гэсэн сэтгэлгээ юм. Бид бүгд ялгаагүй адил гэдгийг ойлгох үед гэгээрлийн замаар зорчих урам зориг, хичээл зүтгэл төрөх болно.”

Уйтгар алжаас бүхнийг үргээх,
Бодь сэтгэлийн ажнайг хөлөглөөд
Улам жаргал нэмэх аянаас
Ухаантан хэн бээр залхах билээ


Цааш үргэлжлүүлэн уншихдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “43, 44-р бадгууд нь буян ба нүглийн үрүүдийг гаргасан байна” гэв. Тэрээр цааш нь тайлбарлахдаа энэ бүлэгт Очироор огтлогч судрыг дурдсан нь Эшийн Эмхтгэл эсвэл Цэцгэн Эрхэт судартай холбогдож буй хэмээв.

Шантидэва гэгээний зөвлөмж нь уйдаж залхахыг арилгахын тулд тухайн бүлэгт өгүүлсэн хичээл мэрийлтийн тухай зөвлөгөөг санаад баясалтайгаар гэгээрлийн өөд замнах хэрэгтэй гэсэн байна хэмээн тайлбарлав.

Шивацал дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт 20,000 гаруй сүсэгтнүүд хамрагдав. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
7-р бүлгийг уншиж дуусаад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 8-р бүлгийг шууд эхлүүлсэн бөгөөд эхний хэсэгт төвлөрлийг хэрхэн хөгжүүлэх, үүнд тулгарах саад бэрхшээлийг хэрхэн давах тухай өгүүлж байв. Тэрээр 89, 90-р бадаг хүртэл зогсолтгүй уншсаны дараа бодь сэтгэлийг хөгжүүлэх, мөн өөрийн болон бусдын адил тэгш байдлыг бясалгах зөвлөмж хэсэг дээр хүрэв.

Өөрөө өөрийгөө хайрладгийн адил өрөөл бусдыг хамгаалъя
Учир нь бид бүгд жаргалыг хүсч, зовлонг үл хүсэхээрээ адил бөлгөө


Энэрэл нигүүлслийг хөгжүүлж бодитойгоор дадуулахын давуу талууд, ийн үл чадсаны сөрөг үр дагаварыг өгүүлсэн хэсгүүд үргэлжилсээр 104-р бадагт хүрэв.

Шивацал дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт 20,000 гаруй сүсэгтнүүд хамрагдав. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үргэлжлүүлэн 130-р бадгийг эш татаж хэрэв амин хувиа хичээсэн бол хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй гэдэг зөвлөмжийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор
Өнөд би бээр сольж үл чадваас
Саруул Бурханы хутаг олохыг бүү хэл
Сансар орчлонд ч жаргалыг эдлэхгүй


“140-р бадгаас өөрийгөө бусдаар солих бясалгал эхэлж байна. Мөн атаа жөтөө, атгаглан барьцалдах, өөрийгөө чухалчлах сэтгэлүүдийг гаргасан байна. Чамаас дээгүүр нэгнийг “тэр нэр алдартай, харин надад алга” гэж бодсоноор түүнд атаархана. Чамд барьцалдах, өрсөлдөх сэтгэл хүчтэй байдаг тул өөртэй адил нэгнийг давж, өөрөөсөө доодхийг гутаах хүсэлтэй. 155-р бүлгээс эхэлж өөрийгөө эрхэмлэн дээдлэхийн гэм алдааг тайлбарласан байна.”

“Өөрийгөө бусдаар солихын бясалгал нь бусдыг дээдлэхийн оронд өөрийгөө өргөмжлөхийн муу талуудыг бидэнд шууд мэдрүүлдэг. Хэрэв энэ болон дараагийн амьдралдаа бусдыг өөрөөсөө илүү дээдлэн хүндэлж чадвал асар их буян хурааж чадах юм.”

Дээрхийн Гэгээнтэн цагаа хараад “Өдрийн цайны цаг болжээ. Маргааш уулзацгаая” гэж зарлалаа. Тэрээр цугласан олны зүг гар даллаад номын айлдварын талбайгаас гаран өргөөндөө очиж амрав.
Үзсэн: 11 516
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц