Неругийн дурсгалын музей, номын санд уригдав

10-05-2018, 06:45  |  Хэвлэх

2018 оны 4 дүгээр сар 22

Энэтхэг, Шинэ Дели – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийттэй уулзахын өмнө шашнаас ангид ёс суртахууны талаар сонирхсон хүмүүстэй уулзлаа.

“Бидний туйлын зорилго бол манай гариг дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүст өөрчлөлт олгох явдал юм. Тэрхүү өөрчлөлт нь хүн төрөлхтөн дотоод сэтгэл хөдлөлөө удирдан амар амгаланд хүрэхэд оршино. Материаллаг хөгжилд төвлөрч, урьд өмнө байгаагүй хүчирхэг зэр зэвсэг бэлдэх нь хүн төрөлхтөнд гагцхүү аюул, аймшигийг л авчирах болно. Харин эртний Энэтхэгийн сэтгэл төвлөрөл болон саруул оюун ухааныг хөгжүүлдэг уламжлалт арга зам нь сэтгэл хөдлөлийн хямралд өртөж буй өнөөгийн дэлхий дахинд нэн чухал болоод байна.”

“Бага хүүхдүүд бусдын гарал угсаа, улс, үндэс, шашин шүтлэгийг тоодоггүй. Цаад хүүхэд инээмсэглэж байвал тэд хамтдаа баяр баясгалантайгаар тоглон нааддаг. Гэтэл бид өсөн том болж, орчин үеийн сургалтанд хамрагдахын хэрээр бусдын хоёр дахь түвшний ялгааг анхаарч эхэлдэг. Өнөөгийн сургалтын систем материаллаг хөгжилд голлон анхаарч байгааг залруулж дотоод ертөнц буюу оюун санаанд илүү анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Ийм учраас би эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг Энэтхэг оронд эргүүлэн сэргээхийг хичээж байна. Сэтгэлийн бат төвлөрөл болон саруул оюун ухааныг хөгжүүлснээр бидний оюун ухаан хүчирхэгжиж, энэрэн нигүүлсэхүйн сэтгэл ямар нөлөөтэй болохыг ухаарч чадна.”

Неругийн дурсгалын музей, номын санд уригдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Неругийн нэрэмжит номын сан болон дурсгалын музейд айлчлах үеэр. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хэсэг зуур машинаар явсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрх чөлөөт Энэтхэг улсын анхны ерөнхий сайд асан Жавахарлал Неру агсаны амьдран суусан гэр буюу өдгөө Неругийн дурсгалын музей, номын санд хүрэлцэн ирлээ. Түүнийг номын сангийн эрхлэгч Шакти Сингха, мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй Антар Раштряа Сахаёог Паришадыг төлөөлж Вирандра Гупта нар угтав.

Хурлын танхимд ахмад сэтгүүлч, зурагчин Вижей Кранти түүнийг угтан авч танхимд цугласан 300 гаруй хүмүүст танилцууллаа. Ноён Шакти Сингха үг хэлэхдээ эртний Энэтхэгийн Таксила, Наланда, Одантабури гэх мэт томоохон хийдүүдийн мэдлэг боловсролын уламжлалыг Төвөдүүд өнөөг хүртэл хадгалан ирсэн тухай дурьдаад энэхүү уламжлалын гол утга учир нь энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг амьдрал ахуйдаа бодитоор хэрэгжүүлэхэд оршдог хэмээн тайлбарлав.

“Ахан дүүс минь, би та бүхэнтэй энд уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэнтэй үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд баярлалаа” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн энэ удаагийн “Энх тайван хийгээд эв нэгдлийг хөгжүүлэхэд соёл, ёс суртахууны оруулах хувь нэмэр” сэдэвт илтгэлээ эхэлсэн юм."

“Цаг уур гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалсан хүний амьдрах олон арга замаар соёлын хөгжил явагдаж ирсэн. Түүхэнд соёл иргэншилийн томоохон улс орон болох Египт, Энэтхэг, Хятад зэрэг улс орнууд агуу их сэтгэгчид, оюун санааны томоохон төлөөлөгч нарыг төрүүлсэн билээ. Би өөрийгөө эртний Энэтхэгийн Наланда уламжлалын агуу их филосифичид болох Нагаржуна, Чандракирти, Буддапалита, Бхававивека, учир шалтгааны ухааны их мастер Дигнага, Дармакирти нарын шавь гэж үздэг.”

Неругийн дурсгалын музей, номын санд уригдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нери агсаны дурсгалын ордонд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“8 зуунд Төвөдийн их эзэн хаан Наландагийн оройн дээд эрдэмтэн Шантаракшита гэгээнийг Төвөдөд урин залсан бөгөөд Шантаракшита гэгээн ч өөрийн гол шавь Гамалаишла гэгээнийг Төвөдөд урьснаар Наландагийн уламжлал дахь буддын сургаалыг учир шалтгааны үүднээс хэрхэн дадлага болгох тухай номлол Төвөдөд бий болсон юм.”

“Энэтхэгийн цөмийн физикч Ража Рамана надад нэгэн удаа “Орчин цагт квантын физик шинэ ойлголт болон гарч ирсэн боловч үүнтэй ижил төстэй ойлголтууд эртний Нагаржуна гэгээний номлолд бий” гэж билээ. Энэ талаас нь авч үзвэл би Бурхан Багшийг дан ганц шашны удирдагч байгаад зогсохгүй агуу их сэтгэгч, гарамгай шинжлэх ухаанч байжээ гэж дүгнэдэг.”

“Бурхан Багш юмс үзэгдлийн мөн чанарыг тодорхойлохын зэрэгцээ хамаг амьтдыг энэрэн хайрлах их нигүүлсэнгүй сэтгэл машид чухал болохыг онцлон номлосон юм. Бидэнд өвлүүлэн үлдээсэн түүний айлдвар сургаал өнөөгийн хүн төрөлхтөнд нэн чухал болж байна. Бурхан Багшаас өмнө Энэтхэгт оронд баттай төвлөрөл, саруул оюун ухааныг хөгжүүлэх арвин их уламжлал байсан тул үүнийг улам боловсронгуй болгохын тулд тэрээр зургаан жилийн турш аглагт даянчилж суусан билээ.”

Неругийн дурсгалын музей, номын санд уригдав
300 гаруй зочид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонслоо. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа дэлхийн бүх том шашнууд Энэтхэг оронд эв найртай зэрэгцэн оршиж буйг биширч явдгаа мэдэгдэв. Мөн энэрэнгүй үзэл дээр суурилсан хүчирхийллийн бус арга замыг эрхэмлэдэг Энэтхэгийн хуучин уламжлалыг магтлаа. Энэтхэгийн шашнаас ангид ёс суртахууны ойлголт үүн дээр үндэслэдэг болохыг тайлбарлав.

“Нөгөөтэйгүүр хүчирхийлэл болон дайн тулааны эрин үе өнгөрсөн. Ардчилалын цаг үед бид хүн бүхний эрхийг дээдлэх ёстой. Дэлхий дээр 7 тэрбум хүн оршин сууж байна. Хуучин цагт хүмүүс, улс үндэстэн салангид оршиж байсан бол өдгөө бид нэг нэгэнтэйгээ салшгүй холбоотой болсон. Ялангуяа цаг уурын өөрчлөлт гэх зэрэг томоохон асуудалд бид хамтран ажиллахаас өөр арга зам байхгүй. Юмс өөрчлөгдөж байна. Төвөдийн өндөрлөгт цас багасаж байна. Урьд өмнө Дарамсалад цас нэлээдгүй ордог байсан боловч өдгөө маш бага ордог боллоо. Үүний улмаас бид цэвэр усны дутагдалд орж байна.”

“Энэ байдал Африкт ч ялгаагүй бөгөөд тэнд баян, ядуугийн ялгаа хэдийнээ бий болжээ. Энэ ялгаа социалист Хятадад улсад ч байна. Энэ нь нэг нэгнийхээ сайн сайханд анхаарал хандуулах явдал дутагдсаных билээ. Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан гэдгийг сайтар ойлгож чадвал энэ байдал арилна. Бид нийгмийн амьтад бөгөөд бусдын сайн сайханд анхаарал хандуулах замаар хувийн ашиг сонирхолыг бүрдүүлэх учиртай. Энэрэнгүй сайхан сэтгэл биднийг олон найз нөхөдтэй учруулахын зэрэгцээ бидний эрүүл мэндэд ч тустай. Үүн дээр нэмээд та чин шудрага байж чадвал бусдын итгэл найдварыг олоод зогсохгүй тэдний жинхэнэ анд найз нь болж чадах юм.”

Неругийн дурсгалын музей, номын санд уригдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нери агсаны дурсгалын ордонд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Манай гариг дэлхийд өдрөөс өдөрт хүчирхийллийн бус арга зам, энэрэнгүй сэтгэл, шашнаас ангид ёс суртахуун улам чухал болсоор байна. Бид дан ганц мөргөл залбиралаар үүнийг бий болгож чадахгүй. Бид бодит алхам хийх хэрэгтэй. Материаллаг хөгжилд голлон анхаарсан орчин үеийн боловсролын системийг хүчирхийллийн бус арга зам, энэрэнгүй сайхан сэтгэл, мөн оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг талаарх өргөн ойлголттой холбох хэрэгтэй. Бид эрүүл саруул байхын тулд биеийн эрүүл мэндийг сахидагтай адил эрүүл оюун ухаантай байхын тулд сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг сахих хэрэгтэй. Энэтхэг орон нь эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх өргөн ойлголтыг орчин үеийн материаллаг боловсролтой холбож чадах цорын ганц улс гэдэгт би итгэдэг.”

Асуулт хариултын үеэр тэрээр материаллаг хандлага нь зөвхөн мэдрэхүйн тааламжийг өгөх бөгөөд энэ нь сэтгэл оюуны амар амгалангаас богино байдаг гэдгийг тайлбарлав.

Неругийн дурсгалын музей, номын санд уригдав
Уулзалтын үеэр асуулт хариулт явагдаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хүйсийн эрх тэгш байдлын талаарх асуултанд тэрээр энэрэл хайрын сэтгэл үгүйлэгдэж буй энэ цаг үед эмэгтэйчүүд илүү их удирдах түвшинд хүрэх ёстой болж байна гэлээ. Түүнд энэрэл хайрыг анх заасан багш нь түүний эх байсантай адил бид бүгдийн ихэнх нь энэрэл хайрыг анх өөрсдийн эхээс мэдэрсэн байдаг хэмээв.

Тэрээр Ромд болсон цөмийн зэвсгийн эсрэг Нобелийн шагналтнуудын уулзалт дорвитой үр дүн өгөөгүй болохыг тэмдэглэн хэллээ.

Нарийн бичгийн дарга Шяам Пасанде талархалын үг хэлснээр энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөв. Дээрхийн Гэгээнтнийг гадагш гарахад төвөд иргэд олуулаа цугласан байх тул тэдэнтэй хэсэг зуур ярилцаад зочид буудлын зүг буцав.
Үзсэн: 1 317
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц